ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Технологийн эрдэс судлал, инновацын төвийн захирал, профессор С.Жаргалантай ярилцлаа. Тэрбээр “Халзан Бүрэгтэй” төслийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж буй бөгөөд сар шинийн өмнө шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол хүртсэн билээ.
-Уул уурхай, тэр тусмаа геологийн шинжлэх ухааны салбартай та хэрхэн холбогдов. Ямар сургууль төгсөж, аль байгууллагад ажиллаж байсан бэ?
-Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын сургуулийг 1980 онд төгсөөд, хуучнаар Политехникийн дээд сургуулийн ашигт малтмалын ордын хайгуулч инженерийн ангид элссэн юм. Дээд сургуулиа 1985 онд дүүргэн, одоогийн Дархан-Уул аймгийн алтны экспедицэд геологичоор томилогдож байлаа. Тухайн үед аймгууд дахь геологийн экспедицүүд эрдэс баялгийг төрөлжүүлэн судалдаг байв. Манай хамт олны хувьд “алдарт” Заамарын ордод 1991 он хүртэл хайгуул хийсэн. Олон хэсэгт өрөмдөн, далайцтай ажилласан бөгөөд тэр үед алтны 200 гаруй тонн нөөцтэй хэмээн тогтоон, улсын эрдсийн санд материалаа хүлээлгэн өгч байлаа. Геологийн экспедицдээ зургаа орчим жил ажиллаад Геологи, уул уурхай, үйлдвэр шинжилгээний институтэд шалгалт өгч (одоогийн ШУА-ийн Геологийн хүрээлэн) эрдэм шинжилгээний ажилтан болсон. Тэгээд 1994 онд ЖАЙКА-гаас хэрэгжүүлсэн төслийн багт багтан, Баянхонгорын металлогений бүсийн геологи, структур, хүдэржилтийн (алтны судалгаа) судалгааг мөн хийлцсэн. Японд суралцах шалгалт өгөн, 1997-2002 онд тусулсынТохоку их сургуульд байгалийн ухааны чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалж ирээд 2003 оноос ШУТИС-д багшилсан.
-Газрын ховор элементийн судалгааны ажлыг хэдэн жил хийв. Өдгөө “Халзан Бүрэгтэй” төслийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж буй гэсэн. Уг төслийнхөө талаар тодруулна уу.
-2005-2007 онд мөн л докторын дараах судалгааны ажилд (пост доктор) оролцох боломж гарч, тэр хугацаандаа Япон Улсын Геологийн албатай хамтран газрын ховор элементийн талаар гүнзгийрүүлж судалсан. Дэлхий дахинд 1990 оноос критикал минерал буюу газрын ховор элементийн судалгаа эрчимжин, олон улсад хайгуул хийн, ийм элементүүдийг олборлон, үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлсэн. Газрын ховор элемент гэдэгт Менделеевийн үелэх системд лантанойдын бүлгийн элементүүд болон иттрийг оруулан 17 элементийг багтаадаг. Эдгээр нь цахилгаан автомашин, электрон тоног төхөөрөмж зэрэг өндөр технологийн түүхий эд болдог, эрэлт хэрэгцээ нь өдрөөс өдөрт нэмэгдэж буйг хүмүүс мэдэх байх. Дэлхий дахинд газрын ховор элементийн 120 сая орчим тонн нөөц бийг АНУ-ын Геологийн албанаас мэдээлсэн. Үүний 60-70 хувь нь БНХАУ-д байдаг бөгөөд нийт үйлдвэрлэлийн 80 хувийг урд хөрш нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, тэдгээр элементийн олборлолт, боловсруулалтын хамгийн том тоглогч нь хятадууд бөгөөд үнийг нь өсгөх, нийлүүлэлтээ танах зэрэг бодлого хэрэгжүүлдэг. Тиймээс технологи хөгжүүлэгч улсууд, цахилгаан автомашин, электроникийн компаниуд газрын ховор элемент хайх, олборлохоор шаргуу ажиллаж буй. Тээврийн хэрэгслийн зарим томоохон үйлдвэрлэгч 2030 он гэхэд турбо хөдөлгүүрээ бүрэн халж, цахилгаан автомашин нийлүүлэх талаар ч яригдан, газрын ховор элементүүдийн эрэлт улам бүр өсөх нь тодорхой болсон.
Манай орны хувьд одоогийн байдлаар газрын ховор элементийн зургаан ордыг бүртгэсэн. Үүний нэг нь буюу хамгийн том нь Ховд аймгийн Мянгад сумын нутагт илрүүлсэн Халзан Бүрэгтэй уулын орчим дахь орд юм. Тус ордод үйл ажиллагаа явуулах лицензийг “Моннис”, MNREC гэсэн хоёр компани эзэмшдэг бөгөөд MNREC нь “Халзан Бүрэгтэй” төслийг хэрэгжүүлдэг. Халзан Бүргэтэй ордын газрын ховор элементийн нийлбэр ислийн нөөцийг барагцаалбал 1.4 сая гаруй тонн гэж тооцоолсон. Энэ нь дэлхийн нийт нөөцийн нэг хувиас илүү гэсэн үг бөгөөд багад тооцогдохгүй. Гэхдээ дунд зэргийн агуулгатай гэж үнэлэгдэж буй. Хэрвээ өмнө нь өрөмдсөн хайгуулын цооногуудыг нягтруулан ойртуулж, 500-600 метр, түүнээс ч илүү гүнд хайгуул хийвэл нөөц өсөх бүрэн боломжтойгоос гадна ордын нөөц, цар хүрээ илүү тодорхой болж, олборлолтын үеийн эрсдэл багасах юм.
-Хайгуулын ажлын явц хэр байна. Танай төслийнхөн газрын ховор элементийн баяжмал гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа гэж ойлгож болох уу. Бүтээгдэхүүнээ боловсруулж экспортолбол илүү үнэд хүрч, нэмүү өртөг шингэх байх.
-Тийм ээ, урьдчилсан техникийн туршилтаар баяжмал гаргах бололцоотой гэж тооцсон. Боловсруулах үйлдвэр барихад өндөр зардалтай учраас одоогоор байгуулах боломжгүй л болов уу. Баяжмалаа боловсруулахын тулд чамгүй их хөрөнгө оруулж, хугацаа ч нэлээд зарцуулна. Баяжмал үйлдвэрлэхийн тулд ч нөөцийн хэмжээг баталгаатай тогтоох хэрэгтэй. Ашигт малтмалын нөөцийг баттай, бодитой, боломжтой гэж ангилдаг. Баттай нөөцийг ордын нийлмэл байдлаас шалтгаалж 50-60 м хүртэл нягтруулах шаардлагатай байдаг. Одоогоор Халзан Бүрэгтэйд баттай ангиллын нөөц бий, эсэх нь тодорхойгүй. Харин бодитой болон боломжтой ангиллын нөөцийг тооцоолсон байна. Цаашид судлан нийт нөөцийн 10-аас багагүй хувийг баттай ангилалд оруулж байж үйлдвэрлэл эхлүүлэх ёстой. Гэтэл хайгуулын ажил үнэндээ ахицгүй байна. Энэ нь орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой. Иргэд, малчид Халзан Бүрэгтэй хэмээх хүндэлж, сүсэлж явдаг уулыг нь ухаж төнхөх нь, мөн уран үүсэн байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь гэсэн ойлголттой юм билээ. Уг нь Халзан Бүрэгтэй хэмээн нэрлэгддэг уулын орой хэсгээс 2.5 орчим км-ийн зайд, хойд талын салбарласан хэсэгт хайгуул, ашиглалтын ажил явагдах юм. Газрын ховор элементийн баяжмалд уран зохих хэмжээгээр үүсдэг ч Халзан Бүрэгтэйн ордын ураны агууламж бага. Олон улсын стандартад газрын ховор элементийн нэг тонн баяжмалд 100 грамм уран байж болно гэдэг бол манай төслийн хувьд 30-40 грамм л байх юм. Баяжуулах үйлдвэрийн туршилтаар баяжмалд уран агуулагдах нь тогтоогдсон тул баяжмалтайгаа хамт гадагшаа зарагдана гэсэн үг юм. Ураны орц бүхий баяжмал экспортлох компани нь торгуулиа төлөөд нийлүүлнэ гэсэн үг. Дорноговь аймагт ураны шар нунтаг гаргаж буй. Нэг тонн баяжмалд нь 500-700 грамм уран байдаг гэдэг. Тэгвэл газрын ховор элементийн баяжмалын тонн тутамд 30 орчим грамм л уран агуулагдана. Ураны шар нунтгийг ч байгальд илт сөрөг нөлөөгүй гэж үздэг юм л даа.
-Орон нутагт хайгуул, өрөмдлөг хийхэд тэнд ямар сөрөг нөлөө үүсэж болох вэ?
-Хайгуул хийж өрөмдөн, техник, тоног төхөөрөмж ажиллуулж, тээвэрлэнэ. Тээврийн хэрэгсэл бараг зорчоогүй газарт зам тавина гэсэн үг. Тиймээс тоосжилт үүснэ. Мөн нөлөөллийн бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлэх, эсэх асуудал хөндөгдөнө. Харин уран үүсэн, агаар болон хөрс, усыг бохирдуулж, улмаар хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж ойлгож болохгүй. Мөн өрмийн хошуу их халдаг учраас Ховд голоос ус зөөж хөргөх шаардлагатай. Хайгуулын ажлыг сайн хийж нөөцөө баталгаажуулсны дараа техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. ТЭЗҮ-д үндэслэн ямар эрсдэл үүсэх, эрсдэл үүсвэл ямар арга хэмжээ авч, ажлаа хэрхэн үргэлжлүүлэхээ нарийн тооцвол асуудал тулгарахгүй.
-Газрын ховор 17 элементээс манай улсад аль аль нь байгаа бол. Хэдэн жил ашиглах нөөцтэй гэсэн үг вэ?
-Манайд газрын ховорт тооцогддог 17 элемент нэгдмэл, баяжмал хэлбэрээр байдаг. Тэдгээрийг нэг нэгээр нь ялган олборлох боломжгүй. Мөн уран тодорхой хэмжээгээр байгаа гэсэн үг. 1990-ээд оны үеийн геологи, хайгуулын судалгаагаар Халзан Бүрэгтэй уулаас баруун хойш чиглэлд 40 орчим км урт Халзан-Цахирын хүдэржилтийн бүс, түүнээс гадна 30 орчим хэсэгт газрын ховор элементийн илэрц байгааг тогтоосон. Тиймээс бид Халзан Бүргэтэй ордоо сайн судлан, нөөцөө тогтоож баяжуулах үйлдвэр баривал дараа дараагийн ордуудыг хайгуул хийж улмаар үйлдвэрээ түүхий эдээр хангаад байх боломжтой. Нөөцөө баталгаажуулахын тулд дээр хэлсэнчлэн илүү өргөн хүрээнд хайгуул хийж, өрөмдөн, судалгаагаа тасралтгүй л явуулах учиртай. Ер нь манай оронд байхгүй элемент, эрдэс бодис гэж үгүй. Цеолит, лити, кобальт гээд ховор элементийн илэрцүүд ч цөөнгүй газарт байдаг. Гол нь хайж олж, нөөцийг нь тогтоож, бүртгэх л хэрэгтэй.
-Халзан Бүрэгтэйд өрөмдлөг хийсний улмаас байгаль сүйдсэн, хүн, малд сөрөг нөлөө үзүүлсэн гэх баримт байдаг уу?
-Дээрх ордыг 1980-аад оны сүүлчээр илрүүлж, эрэл, эрэл болон үнэлгээний ажлыг 1990-ээд оны эхээр хийж эхний нөөц, баялгийн хэмжээгтооцоолсон байдаг. Түүнчлэн 2012 оноос хойш хайгуулын зорилгоор 40 гаруй хэсэгт өрөмдсөн юм билээ. Бид нутгийн иргэдтэй уулзан, айлуудаар орсон. Уруул нь сэтэрхий хүүхэд төрсөн, энэ нь өмнө нь хайгуул хийсэнтэй холбоотой гэж зарим малчин ярьсан тохиолдол бий. Лавлавал, Мянгад сумын төвд хэдэн жилийн өмнө сэтэрхий уруултай хүүхэд төрсөн бөгөөд ямар шалтгаантай нь тодорхойгүй гэж ойлгосон. Мөн малын уушги гэмтээд байна гэсэн нь ч Халзан Бүрэгтэй дэх хайгуулын ажилтай холбоотой гэх баталгаа алга. Ер нь орон нутагт цөөнгүй мал өвчилдөг бөгөөд шалтгааныг нь тодруулж, уул уурхайнашиглалтаас үүссэн, эсэхийг тогтоох нь зүйтэй.
-Халзан Бүрэгтэй төслийн үйл ажиллагаа зогсоох шийдвэр гаргасантай нь холбоотойгоор Ховд аймгийн Засаг даргыг танай компани захиргааны хэргийн шүүхэд өгчээ. Хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй компанийн үйл ажиллагааг орон нутгийн удирдлага зогсоох шийдвэр гаргах эрхтэй юү. Мөн ийнхүү төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа нь хөрөнгө оруулагчид, компанийн ажилчид, улмаар уул уурхайн салбарт ямар нөлөө үзүүлнэ гэж та бодож байна вэ?
-Би инженер, шинжлэх ухааны зүтгэлтэн хүн, эрх зүйн талаарх асуудлыг сайн мэдэхгүй. Гэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй төслийн ажлыг орон нутгийн Засаг дарга зогсоох, халдах нь буруу биз. Шүүхээс үнэн мөнийг нь тогтоож өгөх байх. Иймэрхүү тохиолдол, орон нутгийнхан уул уурхайн компани хоорондын маргаан, зохисгүй үйлдлээс шалтгаалж манай улс дахь гадаадын хөрөнгө оруулалт тэг зогссон нь үнэн. Одоо бидэнтэй хамтарч, бидэнд итгэж хөрөнгө оруулах гадаадынхан бараг байхгүй болсон. Улсын бодлогоор хэрэгжүүлж буй уул уурхайн чиглэлийн томоохон төсөл, хайгуулын ажлыг улдан чангаах, буруу ойлголт төрүүлэх, байнга эсэргүүцэх зэрэг нь эх оронч бус үйлдэл шүү дээ.
Манай улс нийт газар нутгийнхаа нэг хүрэхгүй хувийг уул уурхайн чиглэлээр ашигладаг. Энэ бол маш бага дүн. Айлаар бодоход өрхийн гишүүд авдартаа юу байгааг мэдэхгүй суугаатай адил. Тиймээс геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцөө тогтоох хэрэгтэй. Нөөц тогтоогоод л ашиглаад эхэлнэ гэж ойлгож бас болохгүй. Металлын хэрэглээ, ашиглалтын дэлхийн чиг хандлагатай холбоотойгоор ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага гарвал бэлэн байлгах учиртай юм. Нөгөөтээгүүр, иргэд, малчид уул уурхайн ордуудыг ашиглах, геологи хайгуул хийхтэй холбоотой буруу ойлголттой байх нь түгээмэл болжээ. Геологи бол судалгаа. Судалгааны үр дүнд тулгуурлан уул уурхайн чиглэлийнхэн гүнзгийрүүлэн ажилладаг. Өрөмдлөг, геохими, геофизикийн судалгаа ч тун чухал. Эдгээр судалгааны онцлог, үр дүнгийн талаар орон нутгийнханд мэдээлж, нэгдмэл ойлголттой болох нь хамгийн чухал байна.
-Технологийн эрдэс судлал, инновацын төв ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Монгол, Японы Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд ШУТИС, МУИС-дхэрэгжүүлж буй “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд бид хүдрийн бодисын найрлагыг судлах орчин үеийн, цөөнгүй тоног төхөөрөмж оруулж ирэн, ШУТИС-ийн дэргэдэх инновацын төв буюу лабораторийг байгуулсан. Би Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүнээр 10 орчим жил ажиллахдаа манай орны энд, тэнд олон орд, янз бүрийн эрдсийн илрэл олдлоо гэдэг ч ашиглаж буй нь цөөн байгааг анзаарсан. Энэ нь хүдрийн бодисын найрлагын судалгааг дутуу хийн, баяжуулалтын үе шатанд алдаа гарах, ашигт металл нь хаягдах зэрэг асуудал тулгардагтай холбоотой. Хэрэв хүдрийг бүрэн судалж, шинжилж чадвал илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж, хайгуул хийх, ашиглах, эсэхээ шийднэ гэсэн үг. Тиймээс л Японы дэмжлэгтэйгээр судлаачид, оюутнууд, багш нар ажиллах боломжтой төв, лаборатори байгуулсан. Энэхүү лаборатори нь геологийн шинжлэх ухааны салбарт Монгол, Японы хамтын ажиллагааны гүүр болж буй гэхэд болно.
-Уул уурхайн чиглэлээр суралцах оюутны тоо цөөрсөн хэмээн ярих боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Би өнгөрсөн нэгдүгээр сараас гавьяаныхаа амралтад гарсан. Одоо бол Технологийн эрдэс судлал, инновацын төвийн захирал бөгөөд “Халзан Бүрэгтэй” төслийн зөвлөх. ШУТИС-д багшилж байхад геологич мэргэжлээр жилд 120-150 оюутан суралцаж байсан үе бий. Харин 2012 оноос геологи, уул уурхайн мэргэжлийг сонгох суралцагчийн тоо цөөрсөн. 2022 онд дөнгөж 20 орчим хүүхэд л суралцсан байгаа юм. Ийнхүү мэргэжилтэн цөөрсөөр буй нь таван жилийн дараа гэхэд л сөрөг үр дагаврыг бий болгон, салбар бүхэлдээ ажиллах хүчгүйдэх аюултай. Үүнд төрөөс анхаарч, уул уурхай, геологи хайгуулын салбарын талаарх эерэг мэдээллийг түгээн, мэргэжилтнүүдээ тасралтгүй бэлтгэх шаардлагатай.