Анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоноос эхлээд хожим нь эрх зүйн хэм хэмжээ болтлоо тогтсон уламжлал Америкт байдаг нь Төрийн тэргүүнээр нэг хүн хоёр бүрэн эрхийн хугацаанд (найман жил) ажиллах хязгаарлалт юм. Америкийн түүхэнд энэ журмыг ганц хүн зөрчсөн нь Цагаан ордонд дөрвөн удаа дараалан улирч суусан Франклин Делано Рузвельт аж. Түүхэнд тохиолдсон их хямралын дараа Америкийн эдийн засгийг сэргээх, Дэлхийн II дайныг даван туулж, ялалтаар төгсгөх хүчир үүрэг энэ жилүүдэд түүнд оногдсон байна. Ерөнхийлөгчийн сонгуульд анх нэрээ дэвшүүлж ялалт байгуулахдаа Рузвельт саа өвчний улмаас тэргэнцрээс салахаа больсон байв.
1932 онд америкчууд улсынхаа эдийн засгийг аврах Ерөнхийлөгчийг олж сонгох зайлшгүй шаардлагатай байлаа. Гурван жил үргэлжилсэн эдийн засгийн хямрал санхүүгийн тогтолцоо, аж үйлдвэрийг нь бүрэн сүйрүүлсэн юм. Тухайн үед сөрөг хүчин байсан Ардчилсан намын хувьд энэ сонгууль засгийн эрхэд эргэж ирэх боломж байв. Гол нь зөв хүнээ олж нэрийг нь дэвшүүлэх хэрэгтэй байлаа. Намын доторх өрсөлдөөн Альфред Смит, Франклин Делано Рузвельт хоёрын дунд болж, ахмадууд нь Смитийг, залуус нь Рузвельтийг дэмжиж байсан аж.
Өрсөлдөгчид мөрийн хөтөлбөрөө өөрийн биеэр танилцуулахыг Смит эрс хатуу шаардаад байсан нь 10 жил тэргэнцэр дээр суусан Рузвельтийн нэр хүндийг сонгогчдын өмнө унагах зорилго агуулсных бололтой. Олон түмний өмнө тэргэнцэртэй гарч ирэхгүйг Рузвельт хичээсэн ч Смитийн шаардлагыг хүлээж авч, санал хураах өдөр хоёр хүүгээрээ түшүүлэн 12 мянган төлөөлөгчтэй уулзсан байна. Хожим хөвгүүдийнх нь дурссанаар аавынх нь гарын хуруунууд тэдний мөр лүү шигдээд орчих шиг болж, Рузвельт дагжтал чичирч байсан гэдэг. Энэ нь хөл дээрээ тогтохын тулд гаргасан тэсвэр тэвчээр, өвчин шаналалтай нь холбоотой байсан нь ойлгомжтой. Ингээд тэрбээр нам дотроо ялж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болжээ.
Франклин Делано Рузвельт АН-ын нэр хүндтэй, нөлөө бүхий гишүүн, бизнесмен Жеймс Рузвельтийн гэрт 1882 онд төржээ. Эцэг, эх нь XVII зуунд Америкт ирсэн Голландын цагаачдын удмын улс байв. Франклин Харвардын их сургуулийн хууль зүйн салбарт элссэн ч шинжлэх ухаанд ч, спортод ч гялалзсан амжилт гаргаж байсангүй, харин нийгэм-улс төрийн амьдралыг илүүтэй сонирхдог байж. Түүний холын хамаатан, үлгэр дуурайл болгож байдаг Теодор Рузвельт 1901 онд АНУ-ын Ерөнхийлөгч болов. Рузвельт их сургуулиа төгсөөд Элеонора гэдэг эмэгтэйтэй амьдралаа холбосон нь улс төрийн зорилготой ч байх магадлалтай, гэхдээ энэ нь эв найртай гэр бүл бүтээж, зургаан хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд нь саад болсонгүй. Цаашдаа Элеонора нөхрийнхөө улс төрийн гол хамтран зүтгэгч нь болсон байдаг.
Рузвельтийг улс төр татаад байсан ч холын садан Теодорынхоо Дэвшилт намд орсонгүй, аавыгаа даган ардчилагчидтай нэгдэв. Тэр үед БНН-ынхан Америкийн улс төрд ээлж халаагүй эрх дархтай байлаа. АН хагас зууны хугацаанд төлөөний хүнээ ердөө хоёр удаа л Цагаан ордонд хөл тавиулсан байна. Эрч хүчтэй, олныг өөртөө татах чадвартай, хамгийн гол нь сонгуулийн сурталчилгаа хийхдээ бусдын гар харахааргүй хөрөнгөтэй залууг ардчилагчид талархалтай хүлээж авав.
1920 онд Рузвельт анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, гэргий Элеонорагийн хамт улс орноо тойрсон ч БНН-ын өрсөлдөгч хавьгүй давуу саналаар яллаа. Энэ ялагдлыг тэрбээр тайван хүлээж авч, цаг заваа гэр бүл, хууль эрхийн үйл ажиллагаанд зориулах болов. 1922 онд Сенатын сонгууль болоход энэ далимаар улс төрийн амьдралд буцаж орохоор шийджээ. Харамсалтай нь, энэ хүсэл нь биелэх учиргүй байж. 1921 оны наймдугаар сард Франклин Рузвельт гэр бүлийнхнээ эргэхээр Мэн муж улсад байх Кампобело гэдэг арал руу явж байхдаа далайн хүйтэн усанд унав. Маргаашаас нь бүсэлхийгээр нь өвдөж, эмч нар арав хоногийн дараа саа өвчин гэсэн онош тавьсан байна. Ингээд бүсэлхийнээс доош мэдээгүй болж, хүний тусламжгүйгээр хөл дээрээ зогсож, хөдөлж чадахаа больжээ. 1922 оны сонгуулийг мартахаас аргагүй боллоо. Гэхдээ энэ байдал түүний төлөвлөгөөнд зарим өөрчлөлт оруулснаас биш, улс төрөөс татгалзахад хүргэж чадсангүй. Харин эрхтэн дутуу хүн гэдгээ бусдад харуулахгүйг хичээж, олны өмнө гарахдаа хөлөндөө тусгай тулгуур хийж, туслахаа юм уу, хүүхдүүдийнхээ нэгийг нь түшиж зогсдог байв. Үг хэлэхдээ өөрт нь зориулж тусгайлан төхөөрөмжилсөн индэр ашиглана. 1930-аад онд Европын орнуудын удирдагчдын олонх нь Рузвельтийн бие бүсэлхийнээс доош мэдрэлгүй болсныг анзаараагүй байсан гэж Америкийн сэтгүүлч Жон Гюнтер ярьсан нь бий.
1928 онд Нью-Йорк мужийн амбан захирагчийн сонгуульд АН тэндхийн ардчилагчдын удирдагч Эрвин Корнигийн нэрийг дэвшүүлэхээр төлөвлөж байтал түүний эрүүл мэнд эрс муудаж, улс төрийг орхихоос аргагүй болов. Санал хураахад нэг сар үлдээд байхад АН-ын удирдагчдын санаанд Делано Рузвельт ороод ирэх нь тэр. Удам сайтай гэр бүлээс гаралтай, тус мужийн Сенатын гишүүн байхдаа өөрийгөө хэн болохыг сайн харуулсан, намынхаа дээд удирдлага дахь хээл хахуультай тэмцэж олны талархал хүлээсэн энэ хүнийг тун тохирох нэр дэвшигч гэж үзэв. Рузвельт болохоор их улс төрд эргэж ирэхэд өөрийгөө бэлэн гэж үзэхгүй байсан тулэнэ саналаас татгалзах бодолтой байж. Гэтэл найз, зөвлөгч Луис Хау нь сонгуульд оролцохыг ятгаж дөнгөв. Энэ сонгуульд ялсан нь намын гэхээсээ илүү Рузвельтийн хувийн амжилт байлаа. Тэрбээр Засгийн газрыг өөрчлөн байгуулалтад уриалж, хямралын үр уршгийг арилгах тэмцлийг Нью-Йоркт өрнүүлэв. Түүний хүчин чармайлтыг сонгогчид дэмжиж байснаас амбан захирагчийн албанд 1930 онд улиран сонгогджээ. Ажилгүйдэлтэй тэмцэх, фермийн аж ахуй эрхлэгчдэд туслах, тэтгэврийн даатгалын тогтолцоо бий болгох зэрэг тодорхой зорилго дэвшүүлж энэ сонгуульд оролцсон аж.
1932 оны Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам түүнд оролцох талаар Рузвельт улам бүр бодох болов. Эдгар Гуверийн Засгийн газар эдийн засгийн хямралын эсрэг үр дүнтэй тэмцэл хийж чадахгүй байсан бол түүнд энэ талаар тодорхой төлөвлөгөө нэгэнт бэлэн байлаа. Сонгуульд 57.4 хувийн санал авч, 48 мужийн 42-т нь өрсөлдөгчөөсөө илүүрхжээ. Тэр үед “Рузвельтийг санал нэгтэй сонгосон болгохгүйн тулд ядаж өөрөө өөрийнхөө төлөө саналаа өг” гэсэн үгтэй захидлыг Гувер нэг дэмжигчээсээ авчээ гэсэн шог яриа Америкт гарсан гэдэг. Ингээд Рузвельтийг Ерөнхийлөгчийн албаа хашиж эхлэхэд Америкийн эдийн засаг ёроолдоо орсон байжээ. Хөдөлмөрийн насны хүмүүсийн дөрөвний нэг нь ажилгүй, хоёр сая хүн орон гэргүй, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 1929 оныхоос 50 хувиар буурчихсан байв. Их хямралын жилүүдэд АНУ-д 16 мянган банк дампуурчээ. Рузвельтийн баг санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, хөрөнгө оруулагчдыг банкны дампуурлаас хамгаалах арга сүвэгчлэв. Эрсдэлтэй хөрөнгө оруулахыг банкуудад хориглолоо. Ажилгүйдэлтэй тэмцэж эхэллээ. Конгресст хоёр намын төлөөллөөс бүрдсэн шинэ бодлогыг хэрэгжүүлэх эвсэл байгуулсан нь Америкийн түүхэнд байгаагүй тохиолдол байв. Ингэснээр Рузвельт улс төрийн ялалт байгуулж, Конгрессоос хүчирхэг дэмжлэг авч, эдийн засгаа аврах шийдвэрүүд гаргалаа. Эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хангах чиглэлд Рузвельтийн засаг захиргаа дорвитой алхам хийлээ. Түүнийг Ерөнхийлөгч байх эхний хугацаанд АНУ-ын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Засгийн газрын гишүүн болсон нь Хөдөлмөрийн сайд Флоренс Перкинс аж. Холбооны шүүгчийн суудалд ч мөн анхны эмэгтэй очлоо. Түүгээр ч барахгүй үндэстний цөөнх, өнгөт арьстнууд төрийн алба хаших болжээ.
Рузвельт дараагийн сонгуульд өрсөлдөнө гэдэгт түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний хугацаа дуусах дөхөх тусам намын нөхөд нь эргэлзэхээ больж байв.
Түүнтэй БНН-ын Альфред Лендон өрсөлдөх нь ч тодорхой боллоо. 1936 оны Ерөнхийлөгчийн сонгууль Рузвельтэд бас нэг ялгуулсан ялалт авчирч, сонгогчдын 60.8 хувийнх нь дэмжлэгийг хүлээв. Хоёр дахь удаагаа сонгогдоод Рузвельт төрийн аппаратыг өөрчлөх ажлаа үргэлжлүүлэв. Гэтэл гол ажил дотоодод биш, гадаад бодлогод өрнөхөөр хүлээж байсан юм санж. 1936 онд Этиопийг Итали улс эзэлж, 1937 онд Хятад руу Япон довтолж, 1938 онд Австрийг Герман өөртөө нэгтгэж, Судет болон хүн амынх нь үлэмж хэсэг герман байсан Чехословакийг нэгтгэлээ. Их дайны үнэр ханхалж эхэллээ. Удахгүй эхлэх үйл явдалд Британи, Францыг, I дайны холбоотнуудаа дэмжих ёстой гэдэгт Рузвельт эргэлзсэнгүй. Гэтэл дайнд шууд татагдаж орох нь Америкт сайн юм болохгүй учраас Европ дахь зөрчил тэмцлээс хөндий байхыг хүсэгчид хоёр нам дотор гарч ирсэн төдийгүй консерватив үзэлт зарим улстөрч Германыг дэмжих байр суурьтай байлаа. Нацист дэглэмийн арьс өнгөөр ялгаварлах, коммунизмын эсрэг үзэл нь тэдэнд илүү ойр санагдсан хэрэг.
Ийм нөхцөлд Рузвельт улс төрийн цэцэн цэлмэг ухаан гаргаж, америк үнэт зүйлээ хадгалж үлдэхийн тулд өөрийгөө хамгаалах ёстой хэмээн үзэж байв. Конгресс ч арми, флотдоо зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх түүний бодлогыг дэмжлээ. Гитлерийг эсэргүүцэж буй европчуудад тусалснаар дайн гаргуулахгүй, үгүй ядаж түүнийг Европ тивээс халиулахгүй байхад тус болно гэж Рузвельт үзэв.
1939 оны есдүгээр сарын 1-нд Европт дэлхийн II дайн эхэллээ. Германыг Польш руу довтолмогц Британи, Франц Берлинд дайн зарлалаа. Америкийн нийгэм дэх Германыг дэмжигчид тэр дороо алга болж, нацист дэглэмтэй энх тайвнаар зэрэгцэн орших бодолтой хүмүүс эрс цөөрөв. Британи, Францад зэвсэг нийлүүлэх анхны гэрээг АНУ байгууллаа. 1940 онд Рузвельтийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа дуусаж байв. Тухайн үед нэг хүн гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлдэггүй уламжлал Америкт хадгалагдаж байсан болохоор нам нь хүсэхгүй бол дахин өрсөлдөх алхам хийхгүй гэж Рузвельт шийдлээ.
АН дотор Рузвельтийг эсэргүүцэгчид байж л байв. Тэгтэл намын их хурал дээр Рузвельтийг дэмжигчдийн нэг нь дуу чангаруулагч руу давхиж очоод “Бид Рузвельтийг дэмжиж байна, дэлхий ч түүнийг дэмжиж байгаа” хэмээн хашхирч орхитол танхим тэр аяараа алга нижигнүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Төрийн тэргүүнийхээ нэрийг дэвшүүлчих нь тэр. БНН-аас урьд нь сонгуульд алба ер хашиж байгаагүй, хуульч Уэндел Уилки өрсөлдөх болжээ. Тэрбээр хоёроос илүү бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилладаггүй Америкт нэгэнт хэвшил болсон уламжлалыг зөрчиж байна гэж Рузвельтийг шүүмжлэв. Уилкитэй маргалдахын оронд нийгмийн хүрээнд явуулах бодлогодоо ач холбогдол өгснөөр Рузвельт 54.7 хувийн санал авч, Америкийн түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн суудалд гурав дахиа суулаа. Тухайн үед Франц нэгэнт Германд эзлэгдээд, Британи л ганцаар эсэргүүцэж тэмцэж байсан тул түүнд туслах ажлыг Рузвельт далайцтай өрнүүллээ. Төвийг сахих тухай хуулийг хүчингүй болгосноор Англид зээл олгож, зэвсэг нийлүүлэх боломж бүрджээ. Герман улмаар ЗХУ руу довтолж, Рузвельтийн хөтөлбөр Москва тийш тэлэв. Ингээд Германтай худалдааны харилцаагаа зогсоож, түүний холбоотон Японд нефть нийлүүлэхэд хориг тавив. 1941 оны арванхоёр дугаар сарын 7-нд Япон эхэлж АНУ-д дайн зарлаж, Пёрл-Харбор (Хавай) дахь тэнгисийн цэргийн бааз руу нь дайрч, Номхон далайн флотод нь ихээхэн хохирол учруулав. Дөрөв хоногийн дараа Америкт Герман дайн зарлалаа. Дайны эхний өдрөөс өөрийн болон цэргийнхнийхээ бүрэн эрхийг нарийн тодорхой зааглав. Цэрэг, дайны тактикийг армийнхаа удирдлагад бүрэн хариуцуулж, өөрөө стратегийн шийдвэр л гаргах болжээ. Дайны дараах дэлхий дахины ирээдүйг төлөвлөх үүргийг Ерөнхийлөгчид хүлээлгэлээ. Дэлхийн II дайныг Делано Рузвельт хүн төрөлхтөнд заналхийлсэн түрэмгий дарангуйллын эсрэг явуулж буй загалмайтны аян хэмээн тунхаглаж, түүний тэргүүлсэн Засгийн газар холбоотон орнууд, юуны түрүүнд Британи, ЗХУ-тай ажлаа зөвлөлдөж эхэлсэн байна. 1942 оны нэгдүгээр сарын 1-нд Нэгдсэн үндэстний тунхаглалд холбоотнууд гарын үсэг зурж, Германыг бууж өгтөл нь тэмцэхээр тохиролцов. “Нэгдсэн үндэстэн” гэдэг нэрийг Рузвельт санал болгожээ. Энэ баримт бичиг НҮБ-ыг бий болгох үндэс суурь болсон аж. Дэлхий дахинд тогтвортой байдлыг бэхжүүлэх, шинэ дайн гаргахгүй байх үйл хэрэг АНУ-ын идэвхтэй оролцоогүйгээр амжилт олохгүй гэдэгт Рузвельт итгэлтэй байх болов. Мөн гурав дахь бүрэн эрхийн хугацаа нь дуусах 1944 онд АНУ-ыг дайны ялалтад хүргэх хүн нь байх ёстой гэж бодох болжээ. Түүний нэр хүнд өсөхөд Нормандад болсон үйл явдал, Номхон далайд япончуудын эсрэг явуулсан үйл ажиллагаа нөлөөлжээ. Тэгээд ч дайнтай цаг үед улс орныхоо удирдлагыг солих нь төрийн удирдлага, улсын аюулгүй байдалд сайн нөлөө үзүүлэхгүй гэж сөрөг хүчин ньч үзэж байснаас Ерөнхийлөгчийн сонгуульд Рузвельт 53.4 хувийн санал авч дөрөв дэх удаагаа ялав.
Ялтаас буцаж ирэхдээ Франклин Делано Рузвельт хүндээр өвчилсөн байлаа. Энд болсон Бага хурлын талаар Конгресст танилцуулга хийхдээ тэрбээр тэргэнцэр дээр суухаас аргагүй болж. Урьд нь ер ингэж байсангүй. Ерөнхийлөгч нь ихэд хөгширсөн харагдсан нь Парламентын гишүүдийн гайхлыг төрүүлжээ. 1945 оны дөрөвдүгээр сарын 11-ний орой түүний толгой ихэд өвдөж, ухаан алдав. Эмч нь цус харвасан гэсэн онош тавьжээ. Маргааш нь Делано Рузвельт амьсгал хураав. Тавдугаар сарын 8-нд Герман бууж өглөө.
Бэлтгэсэн Р.Жаргалант