Хотын хөгжил, залуу үеийн хүмүүжил, боловсролд хувь нэмэр оруулж буй эмэгтэйчүүдийг алдаршуулах “Их хотын бүсгүйчүүд” хүндэтгэлийн ёслолыг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр зохион байгууллаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан уг ёслолыг дөрөв дэх жилдээ зохион байгуулсан нь энэ. “Монгол эмэгтэйчүүд спорт, урлаг, бизнес, нийгэм, хүмүүнлэг, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарт тэргүүлж буй. Тухайлбал, нийслэлд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 48 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ нь хотын хөгжилд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн оролцоо тэнцүү байгааг илтгэнэ” гэж нийслэлийн Засаг дарга хэлэв. Түүнчлэн ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ түүчээлсэн эмэгтэй манлайлагчдыг шалгаруулж, шагнал гардууллаа. Тухайлбал, “Энхийн төлөө” шагналыг бригадын генерал Г.Болор, “Алдарт эх” шагналыг өндөр настан, 15 хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн Б.Бадамханд хүртсэн юм. Нийгмийн салбарын шилдэг эмэгтэйн шагналыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Энэрэл” төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломж бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан Г.Энхмөрөн, бизнесийнхийг “Ханбогд кашмер” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ч.Ганцэцэг, хэвлэл мэдээллийн салбараас ub.life сайт, “Гэрэг” сэтгүүлийн тоймч Б.Энхцэцэг, спортын салбарын шилдгээр “Moon dance” хамтлагийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч О.Саранхүү шалгарлаа. Боловсролын салбарын шилдэг эмэгтэйн шагналыг ерөнхий боловсролын I сургуулийн багш Н.Оюунчимэг, эрүүл мэндийн салбараас Улсын гуравдугаар төв эмнэлгийн их эмч Л.Арьяасүрэн, соёл урлагийн салбарын шилдгээр уртын дуучин Б.Батцэцэглэн нар тодров.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эхийн алдар” одонт эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулав. Уг ёслолд оролцсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Амар амгалан, аз жаргалтай гэр бүлээс аливаа улс орны өөдлөн дэвжиж, өсөн мандахын эхлэл тавигддаг. Айл гэрийн аз жаргал эцэг хүний ноён нуруу, эх хүний элбэрэл хайр дээр эвлэн тогтдог жамтай. Иймээс эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж эх хүн, эмэгтэй хүн, үр хүүхдээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай. Энэ бол эр хүний ёс жудаг, нэр төрийн хэрэг бөгөөд эр хүн, эцэг хүний эрхэм үүрэг гэдгийг ямагт санаж явах учиртай. Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад минь эрчүүд биднийг энэрэл хайраараа түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ” хэмээн онцолсон юм.
Зүүн гар талаас “Алдарт эх” шагнал хүртсэн Б.Бадамханд. Тэрбээр 15 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд өдгөө дөрөв дэх үеэ үзжээ. Хүүхдийн хувцасны үйлдвэр, автокомбинат зэрэг газар нэхмэлчин, оёдолчноор ажиллаж байгаад гавьяаны амралтдаа суусан тэрбээр өдгөө 87 настай.
УИХ-ын дарга Г.Занданшатар парламентад сонгогдож байсан болон одоо ажиллаж буй эмэгтэй гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ-аас энэ жил “Инновац, технологиор хүйсийн тэгш байдлыг хангах нь” уриан дор тэмдэглэж буй тул цахим орчин дахь эмэгтэйчүүдийн гадуурхалт, аюулгүй байдалд анхаарал хандуулахыг УИХ-ын дарга уриаллаа. Мөн тэрбээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд УИХ онцгой анхаарч, энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж буй Улс төрийн намын болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд жендерийн тэгш байдлыг хангахтай холбоотой илүү дэвшилт зохицуулалтыг оруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ-ын даргын дэргэд Эмэгтэй парламентчдын зөвлөл байгуулагдсаныг дуулгав.
“Хөөрхөн зүрхнүүд” төрийн бус байгууллагаас өчигдөр төв талбайд “Нэг тэрбумаараа тэмцье” хөдөлгөөн өрнүүллээ. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоохыг олон нийтэд уриалсан эл хөдөлгөөнд орон нутгийн иргэд ч нэгдэж, Орхон, Говь-Алтай, Дундговь аймгийнхан төв талбайдаа жагсаал зохион байгуулсан аж. Дэлхий дахинд гурван эмэгтэй тутмын нэг нь жендерт суурилсан хүчирхийлэлд өртдөг гэнэ. Хэрэв тэд нэгэн зэрэг тэмцвэл нэг тэрбум хүн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлнэ гэсэн үг аж. Тиймээс “Нэг тэрбумаараа тэмцье” гэж уг хөдөлгөөнийг нэрлэжээ. Жендерт суурилсан хүчирхийллийн талаар олон нийтэд таниулах, улмаар таслан зогсоох шаардлагатайг зохион байгуулагчид онцолсон. Түүнчлэн нэг өдөр л тэмцээд өнгөрөх бус, хүчирхийллийн эсрэг байнга дуу хоолойгоо илэрхийлэхийг иргэдэд уриалав.