Зурагт харж суусан 90 настай эмээ музейн нээлттэй өдрүүдийн тухай мэдээлэл сонсоод “Энэ олон хүн нэг дор цуглахаар үзсэн болох уу” гэв. Соёлын яамны бодлого, менежментийг ийм ганц өгүүлбэрээр онож шүүмжиллээ гэхээс яах вэ. Учир нь “Музейн нээлттэй өдрүүд” кампанит ажлыг эдүгээ төр, засгийн эрх баригчдыг пиардсан шинжтэй бусад арга хэмжээнээс ялгаагүй хөөрцөглөл боллоо гэж үзэхээс өөр аргагүй байна.
Энэ сарын 1-5-нд нийслэлийн төрийн өмчийн музейнүүдэд юу болсон бэ. Тухайлбал, Байгалийн түүхийн музейг өдөрт 4000 гаруй том хүн, 1500 орчим хүүхэд үзжээ. Ялангуяа сүүлийн хоёр өдөрт музейнхэнд ажлаа явуулахад тун хүндрэлтэй байсан аж. Цэцэрлэг, сургуулиуд хүүхдүүдээ, сурагчдаа автобусаар авчирсан байна. Энэ тухайд музейн ажилтан “Цэцэрлэг, сургуулиуд заавал энэ өдрүүдэд багачуудыг зохион байгуулалттайгаар зөөх ямар хэрэг байсан уу. Уг нь хуулийн дагуу 0-16 насны хүүхдүүд хэдийд ч үнэ төлбөргүй үзэх ёстой. Тэгэхээр болсон үйл явдлыг анзаараад цэцэрлэг, сургуулийн багш нар өөрсдөө үнэгүй үзэх гэсэн юм болов уу. Өөр тайлбар олдохгүй байна. Өмнө нь захиалгаар үйлчлүүлж байсан байгууллагынхан хүртэл дахин ирцгээсэн.
Байгалийн түүхийн музейг том хүн 9000 төгрөгөөр үздэг. Хэдүүлээ үзэхээс үл хамаараад 10000 төгрөгийн, эр бүлийн багц гэж бий. Оюутан бол 2000 төгрөгөөр ордог. Тэгэхээр багш нар хүүхдүүдээ зохион байгуулах нэрээр 9000 төгрөг хэмнэх гэж зүтгэсэн гэж үү. Аль ч өдөр үзэгчдийн олонх нь замбараагүй байсан. Хоёр, гуравхан сартай хүүхдээ тэвэрсэн хүмүүс ирсэн. Нярай хүүхэд уйлаад л. Хэт олуулаа байсан тул тайлбартай үзүүлэх аргагүй. Уг нь жирийн өдрүүдэд тайлбарлагч үйлчилдэг юм. Бид дарга, “цэрэг”-гүй үзмэрүүдээ хамгаалах, бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө тэмцсээр байгаад таарсан” гэж ярилаа.
“Музейн нээлттэй өдрүүд”-ийн хүрээнд Үндэсний түүхийн музейг 28 596 хүн үзжээ. Энэ нь жирийн өдрүүдийнхээс 5-6 дахин их ачаалал аж. Тус музей есөн танхимтай бөгөөд энэ удаа үзэгчид “Гоёл”, “Хувцас чимэглэл” гэсэн танхимд нэлээд тогтож саатсан аж. Нэг дор олон хүн цуглах үед 5-10 минут хүлээлгэж байгаад оруулсан гэнэ. Бага насны хүүхдээ дагуулсан эцэг, эх жин дарж байжээ. Жаалууд нь үзмэр гэмтээгээгүй ч шилэн хоргод гар хүрч байснаас бохирдуулсан гэсэн. Эднийх нэгдүгээр давхартаа кофе уух булантай болохоор нялх болон 2-3 астай хүүхдүүдтэй хүмүүс энд саатаж, бие биеэ хүлээж байсан нь давуу тал гэхээр. Музейн олон нийттэй харилцах ажилтнаас үзэгчид кампанит ажлын сургаар хүү олноор нэг дор ирэх нь эерэг болон сөрөг ямар талтайг асуулаа. Тэрбээр “Соёлын яамнаас зарласан энэ ажлын мэдээлэл сайн түгсэн гэж ойлгож байна. Гэр бүлээрээ ирсэн хүмүүс дунд “Угаасаа хүүхэд үнэ төлбөргүй үзэх ёстой юм байна шүү дээ” гэж хэлсэн хүн олон. Тэгэхээр эндээс олон нийт хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж буй Музейн тухай хуульд 0-16 асны хүүхэд төрийн өмчийн музейнүүдийг үнэ төлбөргүй үзнэ гэж заасныг мэддэггүй юм байна гэсэн дүгнэлт хийхээр. Манай музейг том хүн 20, оюутан 10, харин гэр бүлээрээ яваа бол 15 мянган төгрөгөөр үзэх боломжтой. Гэр бүлийн багцыг 7500 төгрөг хүртэл хөнгөлөөд байгаа. Хүмүүс энэ тухай мэддэггүй юм байна. Бид байгууллагын вэб сайтаараа мэдээлэл байнга өгдөг. Гэсэн ч хүмүүст төдийлөн хүрдэггүй бололтой. Үүний зэрэгцээ манай улсад музей үзэх, ялангуяа амралтын өдрүүдээ музейд өнгөрүүлэх соёл түгээмэл биш, тогтмолжоогүй нь энэ өдрүүдэд ажиглагдлаа” гэсэн юм.
Монгол цэргийн музейн нөхцөл байдлын талаар асуулаа. “Музейн нээлттэй өдрүүд”-ийн хүрээнд эднийд таван өдөрт насанд хүрэгсэд болон хүүхэд 7038-уул зочилжээ. Жирийн өдрүүдэд 20-30 үзэгчтэй байдаг уг байгууллагынхан хэт ачааллыг дийлэхгүй сандарчээ. Цэргийн музей археологийн олдвор, түүх, соёлын эд өлгийн зүйлсээр баялаг. Олны хөл, гарын нөлөөгөөр даавуун үзмэрүүдээс сэмэрч, мөн урагдсан нь бий гэнэ. Цэргийн зэвсэг, техниктэй холбоотой үзмэрүүдийн тасагт байдаг, түүхэн үйл явдлын гэрч болсон нэгэн мотоциклын бариулыг мулталчихсан байж. Хаалга эвдэрч, жорлон бөглөрчээ. Музейн олон нийттэй харилцах ажилтан “Хүмүүс хүүхдүүддээ содон, сонирхолтой зүйл үзүүлчих юм сан гэж зорьж ирцгээжээ. Бараг бүгд 0-16 насны хүүхэд музейг үнэ төлбөргүй үздэг гэдгийг мэдэхгүй байсан. Энэ талаар тайлбарлахад “Тийм гэж үү. Тэгвэл хэзээ ч үзүүлж болох юм байна шүү дээ” гэж байсан. Үүний зэрэгцээ иргэдийн дунд үнэгүй юманд “нугасгүй” ханддаг сэтгэлгээ давамгай юм шиг. Манай тариф уг нь хямдхан. Том хүн 5000, оюутан 2000 рөгөөр үздэг. Хүмүүс хүүхэд үнэ төлбөргүй үздэгийг мэдээгүй. Тийм болохоор хоёр ба түүнээс олон хүүхэдтэй хос мөнгө хэмнэх гэж бүх хүүхдээ дагуулж ирсэн бололтой байсан. Гэхдээ хүрээд ирсэнд нь талархаж байгаа. Манай музейн зорилго бол олон нийтийг Монгол Улсын цэрэг, армийн түүхтэй танилцуулах, улмаар хүүхэд, залуус эх оронч төлөвшилтэй болж өсөж, хөгжихөд туслах юм шүү дээ. Тэгэхээр хүрч ирээд өмнө нь төсөөлж байгаагүй үзмэрүүдтэй танилцаж, мэдээлэл аваад, аль нэгийг нь ч болов сонирхоод харсан бол бидний ч, тэр хүмүүсийн ч хэрэг бүтэж байгаа нь тэр” гэлээ.
Чингис хааны музейн тухайд “Музейн нээлттэй өдрүүд”-ийн хүрээнд эхний өдөр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 17, 18 астай хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилсэн. Бусад хүн жирийн өдрүүдийн адил 30 мянган төгрөгөөр үзсэн. Мэдээж энэ журам 0-16 асны хүүхдүүдэд хамаараагүй. Харин дараагийн өдрөөс бүх хүнд үнэ төлбөргүй үйлчилж эхлэхэд музейн гадна урт гэгчийн дараалал үүссэн байсан юм. Бусад музейд ачаалал хэрээс хэтэрсэн байсанчлан эднийхийг зорьсон хүмүүсийн цуваа дориун урт болсон байв.
Соёлын яамнаас уламжлал болгосон “Музейн нээлттэй өдрүүд” таван өдрийн ажиллагаа иймэрхүү дүр зурагтай болж өнгөрлөө. Тус яамнаас уг хөтөлбөрийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит 35 музейд улс даяар 174 512 үзэгч хамрагдсан тухай албан ёсны хуудсандаа бичсэн байлаа. Тоо бол өндөр. Харин чанар ямар юм бол. Аль нэг музей үзсэн, эсвэл хэд хэдээр ороод амжсан хүн мэдээлэл сайтар авч чадсан уу. Үзмэрүүдээр дамжуулан түүх, соёлын талаарх мэдлэгээ санасандаа хүртэл нэмэв үү.
Соёлын сайд Ч.Номин “Монгол орон даяар үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, эх орныхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Музейн нээлттэй өдрүүд” болж өнгөрлөө. Нийт 174 512 иргэн музейнүүдэд зочилж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвт үзэсгэлэн, арга хэмжээ болон боловсролын хөтөлбөрт хамрагджээ. Музей үзэх соёлыг дэлгэрүүлж, соёлын өвөө өвлөн уламжлуулсан бүх музейчдэдээ баярлалаа” гэж захим хуудсандаа бичсэн байв.
Сайдын бичсэнийг уншсан хүн “Сайхан үйл явдал болжээ. Яам сайн ажиллажээ” гэхээр. Гэтэл бодит байдалд музейнүүдийн ачаалал хэтэрч, ажилтнууд нь үзмэрүүдээ бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө тэмцэж байв.
Музей үзэх соёлыг дэлгэрүүлэх бодлогыг нь дэмжүүштэй. Гэхдээ наад зах нь хуулийн хүрээнд 0-16 насныхан төрийн өмчийн ямар ч музейг үнэ төлбөргүй үзнэ гэсэн мэдээллийг иргэдэд өгч чадалгүй хэдэн жилийг үдсэн байна шүү дээ. Хэрвээ энэ мэдээлэл зохих ёсоор хүмүүст хүрсэн сэн бол тав хоногт амжих гэж нялх “нойтон” хүүхэдтэйгээ хаврын хавсарга сөрөн зүтгэхгүй байх байсан болов уу. Музей үзэх соёл гэдэг нь үнэ төлбөргүйгээр ороод гарахын нэр биш, үүний төлөөх тэмцэл бус, эмх замбараагүй байдал бүр ч биш байлтай.
Зах зээлийн харилцаат нийгэмд шилжих нэрийн доор он жилүүдийг өлөн зэлмэн шахуу өнгөрөөх явцад бий болсон “үнэгүйд нугасгүй” сэтгэлгээ “Музейн нээлттэй өдрүүд”-ээр л гарч буй ч гэхээр. Үзэгчид ийнхүү сүрэглэн багшрахыг нь тооцоолж, санаа сэтгэлийг нь хоморголон татах гэсэн пиарын шинжтэй энэ кампанит ажлын ард орлогын алдагдал үүссэн үү. Тухайлбал, Монгол цэргийн музейг өдөрт 20-30 хүн үздэг юм байна. Уг музейг хэзээ нэгэн цагт зорино доо гэж төлөвлөсөн хүмүүс энэ кампанит ажлын үеэр үнэ төлбөргүй үзсэнээр музейн үзэгчдийн тоо алсуураа буурахгүй юу. Энэ мэт асуулт байна. Үнэн хэрэгтээ Соёлын яам “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ зохион байгуулснаар музейнүүдэд болон үзэгчдэд ус болоод байна уу, эсвэл “хорлоод” байна уу гэхээр.
Музей үзэх соёл, төлөвшил бол хувь хүн, гэр бүлийнхний боловсрол, хөгжлийн илтгүүр билээ. Иргэд сонирхвол, хэрэгтэй гэж үзвэл өөрсдөө хэн нэгнээр шаардуулж, шахуулалгүй үзнэ. Тэр цагт нь харин үзэх музей, үзмэрүүд байлгаж байх нь төрийн, яамны үүрэг гэлтэй. Түүнээс биш төр, засгийн зүгээс үнэгүй нэрийн доор “шахаж”, үнэ, хүндийг нь унагаж болохгүй байх. Гагцхүү яам ч, музей тус бүр ч сан хөмрөгт буй үзмэр, үзүүлэнгүүдийн талаарх мэдээллийг үзэгчдэд оновчтой, сонирхолтойгоор, тодорхой давтамжтайгаар хүргэх шаардлагатай болов уу. Тэгвэл иргэд мэдээлэлгүйн ядууралд авталгүй, цаг “нар”, зардал мөнгөө тооцоод музей тийш зорьсоор байх буй за.
“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ нэг л биш байгааг зурагт харж суусан 90 настай эмээ яг л хэлсэн шүү.