Өнгөрсөн сарын 20-ны даваа гаригийн өглөө биднийг битүүлэхээрбэлтгэж байхад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден урьдчилан мэдэгдэлгүйгээр Киевт айлчлав. Уг айлчлалд маш нууц байдалд бэлтгэсэн аж. Төрийн тэргүүнээ Украинд очхоор төлөвлөж буйг Цагаан ордон үгүйсгэж байсан ч дипломат сувгаар энэ тухай Оросын талд анхааруулжээ. Марийн ордонд болсон Жо Байден, Владимир Зеленский нарын уулзалт Украины хувьд билэг дэмбэрлийн ихээхэн ач холбогдолтой үйл явдал байв. Тэгэхдээ тэдний яриа хөөрөө дайны талбар дээрх Украины байдалд ямар нөлөө үзүүлэх нь тодорхой бус байгааюм.
Хоёрдугаар сарын 19-ний ням гаргийн үдэш Жо Байдений ажил хэргийн хөтөлбөрийг Цагаан ордон олон нийтэд ил болгосноор бол тэрбээр Вашингтонд байсан бөгөөд Польш руу явахаар зэхэж байжээ. Тэнд очоод зүүн жигүүр дэх НАТО-гийн аюулгүй байдлын талаар холбоотнуудтайгаа ярилцана гэж нотолж байсан юм. Гэтэл зарим мэдээлэл олон түмэнд хүрэх үед Жо Байден хэдийнээ Варшавт оччихсон, Украины хилийг галт тэргээр нэвтрэхэд бэлэн болчихсон, тэнд очоод хийх ажлыг нь хэд хэдэн хувилбараар түүнд танилцуулчихсан байв. Түүгээр бол Польш-Украины хил дээрх Львов хотод Зеленскийтэй уулзахаар төлөвлөж байсан ч Жо Байден Киевт уулзах нь чухал хэмээн үзэж байлаа. Энэ айлчлалыг ихэд нууцалсан шалтгаанаа Цагаан ордон аюулгүй байдлыг хангах гэдгээр хожим нь тайлбарласан юм. Чухам энэ ч үүднээс Америкийн дипломат ажилтнууд Оросын албаны хүмүүстэй нууцаар холбогдож удахгүй болох уулзалтын талаар дуулгасан байна. “Associated Press” агентлагийнхны тайлбарласнаар айлчлал хийхээр Жо Байдений гаргасан шийдвэр тун ховор тохиолдол гэнэ. АНУ-ын Агаарын цэргийн хүчин хяналтаа тогтоогоогүй байгаа дайн болж буй газарт Америкийн Ерөнхийлөгч ер нь очдоггүй аж. Одоогоор Киев дэх ЭСЯ-ыг хамгаалж буй цөөн тооны тэнгисийн явган цэргээс өөр Америкийн зэвсэгт хүчнийхэн Украинд байхгүй юм. Киевийн төвд зам, талбайг хамгаалалтад авснаа ОУВС-гийн захирал Кристалина Георгиевагийн айлчлалтай албан ёсоор холбон тайлбарлаж байв. Гэвч энэ нь худал мэдээлэл болохыг, АНУ-ын Ерөнхийлөгч айлчлах гэж буйг сэтгүүлчид олон түмэнд түгээв. Жо Байден Киевт ирснийг харуулсан дүрс бичлэг дээд хэмжээний уулзалт нэгэнт дууссан байхад буюу тухайн өдрийн үдээс хойш телевизийн дэлгэцнээ гарчээ. Владимир Зеленскийн хамт Америкийн Ерөнхийлөгч Оросын дайралтаас сэрэмжлүүлсэн агаарын түгшүүрийн дохион дор Михайловын талбайгаар зугаалж явах нь уг бичлэгээс харагдаж байв.
Америк, Украины дээд хэмжээний хэлэлцээр Днепр мөрний баруун эрэгт байх Марийнын ордонд өглөөний 08.30 цагт албан ёсоор эхэлжээ. Америкийн Ерөнхийлөгчийг дагалдаж яваа төлөөлөгчид тун цөөн хүнтэй, эмч, хамгаалагч, фото зурагчдын багахан баг байснаасгадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Украинд суугаа Элчин сайд Брижит Бринк нарын албаны хүмүүс багтжээ. Яриа хөөрөө бусдын нүд, чихнээс далдуур болсон гэнэ. Тэд фронтын тэргүүн шугамын байдал, Өрнөдөөс үзүүлэх зэвсгийн тусламжийг үргэлжлүүлэх талаар ярилцжээ. Ярианы тодорхой агуулгыг олон нийтэд хүргэсэнгүй. Ярианы төгсгөлд хоёр тал зэвсэг барин Москваг сөрөн зогсоход бэлэн гэдгээ илэрхийлж товч мэдээлэл хийснээс хэтэрсэнгүй. “Сүүлийн 15 жилд Украинд хийж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн анхны энэ айлчлал хоёр улсын харилцааны түүхэнд их чухал үйл явдал боллоо. Энэ үе бол манай орон бүх европ, эрх чөлөөт ертөнцийн нийт хүний эрх чөлөөний төлөө тулалдаж буй хамгийн хүнд хэцүү цаг юм” гэж уулзалтын төгсгөлд Владимир Зеленский хэлээд түүний үр дүнг дайны талбарт удахгүй харуулна хэмээн амлав. Украинд их буу, агаараас болон танк эсэргүүцэн хамгаалах систем HIMARS пуужин зэрэг 500 сая ам.долларын зэвсэг нийлүүлэх, тусламжийн шинэ багц өгөх, “Оросын дайны машинд” ямар нэг хэлбэрээр тусалж буй хувь хүн, компани болон Оросын дээдсийн эсрэг шинээр хориг тавихаа Жо Байден амлалаа. Түүнчлэн “Reuters”-т мэдээлснээр бол Пентагон урьд өгөхөөс түдгэлзэж байсан холын тусгалтай пуужингаа Украинд нийлүүлэх талаар Ерөнхийлөгч ярьсан бололтой. Энэ талаар харин хэн нь ч ам нээсэнгүй.
“Украинд хөрөнгө хулгайлагчдын араас хөөцөлдөх нь АНУ-ын Ерөнхийлөгчийн хийх ажил биш. Энэ айлчлал юуны урьд сурталчилгааны алхам байлаа. Жо Байден хоёр сарын өмнө Владимир Зеленскийтэй уулзсан болохоор бие биедээ хэлэх шинэ юм тэдэнд байгаагүй” гэж улс төр судлаач Максим Семёнов үзэж байна. Украинд гэртээ байгаа юм шиг байхаа л АНУ хамгийн өндөр түвшинд харуулсан болохоос Жо Байден өглөөний аяга цай уух гэж энд ирнэ гэж үү. Тэрбээр Киевийн гудамжаар чөлөөтэй алхаж, Украиныг дэмжихээ, шинэ зэвсэг, техник өгөхөө илэрхийлж буй нь нэг ёсондоо Оросыг өдөж буй хэрэг. Оросууд та нар цэргийн тусгай ажиллагаагаа төлөвлөгөөний дагуу явж байна гэж яриад байгаа бил үү? Тэгтэл Америкийн Ерөнхийлөгч Киевийн гудамжаар сэлгүүцэж явахад та бүхэн яаж ч чадахгүй байна шүү дээ” гэж хэлж буй юм гэж Максим Семёнов дүгнэв. Жо Байден Марийны ордноос 14.00 цагийн орчимд гарч шууд Польшийг зорьжээ. Хоёрдугаар сарын 21-нд тэрбээр Варшавт ирэхэд Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда угтаж авлаа. Жо Байден олон мянган польш хүний өмнө хэлсэн үгэндээ Украиныг дэмжиж зэвсэг нийлүүлэх юм уу, ямар нэг дипломат алхам хийх талаар ярьсангүй. “Эрх чөлөөг хамгаалахад ердөө нэг өдөр, нэг жил хэрэгтэй биш. Украин өөрийгөө хамгаалсаар, украинчууд үүнд бэлэн байна. Бид Украиныг дэмжинэ, өөрийгөө хамгаалахад нь тусална” гэж мэдэгдэв. АНУ болон НАТО-гийн гишүүн бусад оронОрос руу довтлох юм уу, түүнийг өөр бусад аргаар сүйтгэхээр төлөвлөөгүй хэмээн тэр бас хэллээ. Израилын тусгаар тогтнолын төлөөх дайны үед гарч ирсэн “Арабууд дайтахаа байвал дайн зогсоно, харин еврейчүүд байлдахаа байвал Израил байхгүй болно” гэсэн хэллэгийг Жо Байден цаг үеийн байдалд нийцүүлэн, “Орос довтлохоо зогсоовол дайн яг одоо дуусна, украинчууд хамгаалахаа зогсоовол Украин байхгүй болно” хэмээн хэлсэн байна. Байдений энэ айлчлал холбоотнуудынхаа дунд АНУ-ны байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн төдийгүй түүний өөрийнх нь дотоод улс төрийн байр суурийг илэрхийлэхэд зориулагдлаа гэж хэлж болно. Тэрбээр өөрийгөө “чөлөөт ертөнц”-ийн удирдагч гэдгийг харуулах төдийгүй Украиныг дэмжихэд зарцуулж буй мөнгө чинь гарын салаагаар урсчихаж байгаа хөрөнгө биш, мөнгийг бас АНУ төдийгүй түүний Европ дахь холбоотнууд гаргаж байгаа шүү гэдгийг америкчуудад нотлох нь Жо Байденд чухал байв.
Жо Байден “Оросыг устгах” гэж хүсэхгүй байгаа гэсэн нь “аюулгүй байдал” гэдэгт Москва, Вашингтон хоёр өөр өөрөөр хандаж буйтай холбоотой гэж үзэж болно. “Устгана” гэж юуг хэлэх тухайд Америк, Оросын ойлголт адилгүй юм. НАТО-гийн бий болгохыг хүсэж буй тэр байдал нь Оросын удирдлагын үзэж буйгаар нөгөө “устгах” гэгч нь. Тэгвэл 1991 он бий болгосон Оросын хилийг Украины цэргүүд гатлах гээгүй, Москвад хүрч Оросыг удирдлагыг ч унагах гээгүй гэж Байден хэллээ. Жо Байден Украинд очихоор шийдсэн нь энд болж байгаа зөрчил тэмцлээс НАТО-гийн гишүүн орнууд залхах нь нэмэгдсэнээс үүдэлтэй гэж Оросын шинжээч Алексей Наумов үзэж буйюм. Тэрбээр “Украиныг дэмжих ажиллагаа дайны эхний үе шатанд байсан тэр эрч хүчээ хадгалж чадна гэдэгт Цагаан ордон одоо хэр нь итгэхгүй байна. Украины асуудлаарх нэгдэл нягтралаа Өрнөдийн орнууд хадгалаасай гэж Вашингтон хүсэж буй” гэж дүгнэв. Жо Байдены өгөхөөр амласан зэвсэг, техник байлдааны явцад нөлөөлөх нь эргэлзээгүй ч нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилж яагаад ч чадахгүй. Бий болоод байгаа нөхцөл байдалд Орос ямар үйлдэл хийх нь ойрын үед тодорхой болно.
Энэ үйл явдлаас нэг их хоцролгүй Хятад аюулгүй байдлын санаачилгаа олон нийтийн сонорт хүргэж, тус улсын гол дипломатч гэгддэг, ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн Ван И Москвад хүрэлцэн очлоо. Мюнхенд аюулгүй байдлын асуудлаарх бага хурал болж Ван И Хятадын байр суурийг илэрхийлэн, Украин дахь нөхцөл байдлыг даамжруулж, гал дээр тос хийхээ болихыг АНУ-д уриалав. Гадаадын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаас үзвэл, Өрнөдөд сэтгэл дундуур байх болж буй дэлхий дахинд Хятад гэх шинэ лидер гарч ирж буй нь Мюнхенд харагджээ. Өөрсдийн эхлүүлсэн холимог дайны улмаас АНУ дэлхийд ноёрхогч байхаа больж, энэ байдал Бээжинд шилжиж буй гэцгээх болов. Лидер гэх давуу байдлыг Бээжин өөр рүүгээ татан ойртуулж байна ч гэмээр юм уу. Энэ үйл явдалд АНУ хэрхэн саад хийх нь ойрын үеийн дэлхийн бодлогын гол асуудал болох төлөвтэй. “The New York Times”-т тэмдэглэснээр агаарын бөмбөлөгтэй холбоотой Америкийн гаргаж буй араншинг Ван И “хийрхэл” гэж нэрлээд, Украин дахь дайн үргэлжлэх ёсгүй гэж хэлсэн байна.
Өрнөдийн довтолгооны цорын ганц, тэр ч бүү хэл гол бай нь Орос биш, Хятад болох нь одоо нэгэнт тодорхой болов. Тайваньтай хамт Хятад улс бас нэг Украины дүрийг бүтээх нь. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ зун Хятадад айлчилна. АНУ-аас ч том албаны хүмүүс Бээжин рүү “бэлчих” сураг бий. Харж л байцгаая. Ямар ч байсан дэлхийн анхаарлын төвд Хятад ороод ирлээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант