Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр маргааш тохионо. Энэ өдрийг угтан “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын зөвлөх Х.Номингэрэлтэй ярилцлаа. Манай улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 гаруй жил өнгөрсөн ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сул хэвээр байна. Үүний шалтгаан, засаж сайжруулах боломжийн талаар тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм.
-Монголын нийгмийн дунд түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй сайн мэт харагддаг. Гэтэл улстөрд эсрэгээрээ, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал тун тааруу байгаа. Ер нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо яагаад ийм байна вэ?
-Ардчиллын болон жендерийн тэгш байдлын дэлхийн хэмжээний судалгаануудын үр дүнд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо сул байгааг манай улсад анхааруулсан нь бий.
Дотоодод ч сонгууль бүрийн өмнө судалгаа хийдэг. Эдгээр судалгааны дүнгээс харахад, эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд манлайлж чаддаггүй нь гурван шалтгаантай байна. Нэгдүгээрт, нийгмийн хэвшмэл сэтгэлгээ нөлөөлдөг. Эцгийн эрхт ёсонд суурилсан хэвшмэл сэтгэлгээнээс улбаатайгаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тодорхой түвшинд ялгаатай үнэлэмжээр дүгнэдэг хэвээрээ. Бас манлайлагч, нийгмийн зүтгэлтэн, улстөрчийг ихэвчлэн эр хүйсийн шинжүүдээр тодорхойлдог хэвшмэл сэтгэлгээ бий. Эмэгтэйчүүд өөрийнхөөрөө байя гэхээр тэрхүү манлайлагчийн хэвшмэл дүр төрхөд нь нийцдэггүй. Хоёр дахь асуудал бол нийгмийн бүтэц. Ажил хөдөлмөр эрхлэх орчин, орлого олох хөрөнгийн суурь нөхцөл зэрэг нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувьд тэгш бус. Мэдээж биологийн талаасаа эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгаа бий. Жишээ нь, эмэгтэйчүүд хүүхэд төрүүлдэг. Гэтэл биологийн энэ ялгааг нь манайхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгмийн амьдралыг тодорхойлогч хүчин зүйл мэтээр хардаг. Нөгөө талаас хүүхдээ асарч, хүмүү жүүлэх зэрэг гэр ахуйн хүрээний, бодитоор үнэлэгддэггүй асар их ажлыг эмэгтэйчүүд нуруундаа үүрч байна. Энэ нь тэдний нийгмийн амьдралын оролцоонд сөргөөр нөлөөлнө. Манлайлахад цаг, энерги, хөрөнгө, сүлжээ харилцаа хэрэгтэй. Гэтэл эмэгтэйчүүдэд энэ бүхэнд гаргах цаг бодит байдалд маш бага. Хэдийгээр эмэгтэйчүүдийн боловсрол өндөр ч нийгэмд эрх мэдэл олж авахад хэрэг болдог ажлын байруудад ажилладаггүй. Тэд голчлон цалин багатай, үйлчилгээний салбарт, дундаас доош түвшинд ажиллаж байгаа. Үндэсний статистикийн хорооноос гарсан судалгаагаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж цалингийн зөрүү ойролцоогоор 15-20 орчим хувьтай байна. Түүнчлэн орлогоос гадна хөрөнгө чухал. Нийгмийн ихэнх баялаг, хөрөнгө аж ахуйн нэгжүүдэд төвлөрдөг. Тэдгээр аж ахуйн нэгжийн эзэмшигч, өмчлөгч хэн бэ гээд харвал жендерийн асар их ялгаа гарна. Энэ нь улс төрийн оролцоонд шууд нөлөөлнө. Улс төрийн оролцоо оргүй хоосноос эхлэхгүй, нийгмийн суурь бүтэц дээр л бий болно шүү дээ. Гурав дахь шалтгааныг нь улс төрийн өрсөлдөөний орчин гэж томьёолж болно. Үүнд намын соёл ямар байна, эмэгтэйчүүдэд хэр боломж олгодог, тэднийг улс төрд татан оролцуулдаг уу зэргийг хамааруулна. Мөн улс төрд хэр их нөөц буюу санхүүжилт шаардаж байгаа нь чухал нөлөөтэй. Эдгээрээс гадна сүлжээ харилцаа буюу нийгэмд танигдсан байдал, хүрээлэл, сонгуулийн тогтолцоо зэрэг өрсөлдөөний орчин нь эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд манлайлахад тодорхой хэмжээнд саад учруулж байгаа. Ялангуяа сонгуулийн тогтолцоо ээлгүй, санхүүжилт асар их шаарддаг. Энгийн иргэн улстөрч болъё гэвэл төсөөлөхийн аргагүй их мөнгө хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст гарааны тэгш байдал байхгүй гэсэн үг. Гарааны тэгш бус байдлыг арилгаж, ижил түвшинд авчрах нь чухал гэж олон улсад үздэг.
-Үнэлэгддэггүй хөдөлмөрөөс эмэгтэйчүүдийг чөлөөлөх арга замуудыг бусад улс оронд хэрхэн тодорхойлдог вэ. Энэ талаарх туршлагаас жишээ дурдаж болох уу?
-Нийгмийн үйлчилгээнүүдийг сайжруулах замаар эмэгтэйчүүдэд илүү боломж олгодог. Нөгөө талаар эрэгтэйчүүд ахуйн хүрээний ажил хөдөлмөрт оролцвол эмэгтэйчүүдийн боломж нэмэгдэнэ гэсэн үг.
-Өнөөгийн байдлаас харахад улс төрдэх эмэгтэйчүүдэд олон нийт, нийгмээс маш их дарамт ирдэг. Харин эрэгтэй улстөрчдийн хувьд буруу зүйл хийсэн ч хариуцлага хүлээдэггүй, нийгмээс ирэх дарамт нь ч бага. Ийм тохиолдолд зарим эмэгтэй улстөрч халшрах, ухрах замыг сонгодог. Эмэгтэйчүүд зоригтой тэмцэх үү, эсвэл хэвшмэл ойлголт, хандлага өөрчлөгдөхийг хүлээх үү?
-Харзнасаар байвал хэн бидэнд хаалгаа нээж өгөх вэ. Тиймээс урагшлах л ёстой. Гэхдээ стратеги, бодлогын хүрээнд хамтын үйл хэрэг өрнүүлж урагшлах шаардлагатай. Түүнээс биш эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оч гээд ямар ч дэмжлэггүйгээр нэг нэгээр нь түлхэх ёсгүй. Ингэхээр л эмэгтэйчүүд эмзэг нөхцөл байдалтай тулгараад буй юм. Монголчууд эмэгтэйчүүдийг нэг бол ариун гэгээн, Дарь-Эх зэргээр бурханчлан өргөмжилдөг. Гэтэл тэр дүрд нь нийцэхгүй бол шууд л шулам гэх мэтээр хэлэх нь бий. Энэ хоёрын дунд үнэлэмж байхгүй. Уг нь хүн бүр л алдаа, оноотой шүү дээ. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ч ялгаагүй. Тэгэхээр ямар ч ажил, албан тушаал эрхэлж байгаа хүмүүсийг эрэгтэй, эмэгтэй гэж биш, ерөөсөө л хүн гэдэг өнцгөөс нь харах хэрэгтэй. Ер нь манай улс төрийн орчин эрчүүд, эмэгтэйчүүдийн аль алинд нь хатуу. Гэхдээ эмэгтэйчүүд рүү ирэх дайралт нь дийлэнхдээ хүйсээр ялгаварлах хэлбэртэй. Жишээ нь, хувь хүнийх нь алдаа дутагдлыг ярихаасаа илүү ер нь эмэгтэйчүүд гэдэг нийтлэг өнгө аясаар дайрах нь элбэг. Ийм хандлага олон эмэгтэйг хашрааж байгаа нь үнэн. Судалгаа хийхээр хүмүүс “Эмэгтэйчүүд зориггүй, өөрсдөө улс төрд өрсөлддөггүй” гэж хариулах нь бий. Нийгэм, эдийн засгийн суурь нөхцөл, орлогын ялгаа их байхад эмэгтэйчүүд гэр бүлийн ачааллаа нуруундаа үүрчихээд, нэр хүнд, хөрөнгөө золиослоод шийдвэр гаргах түв шинд хүрэхэд хэцүү. Тиймээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг зөвхөн хувь хүний зоригтой холбон ойлгох нь маш хөнгөн дүгнэлт болно.
-Шийдвэр гаргах түвшиндэх эмэгтэйчүүдийн манлайллыг сайжруулах ямар боломжууд байна вэ. Хууль, эрх зүйн зохицуулалт шаардлагатай юу. Эсвэл нийгмийн ойлголт, хандлагыг өөрчлөх нь чухал уу?
-Улс орнуудын туршлага, жишээнээс харахад голчлон бодлогын хүрээний буюу хууль тогтоомжийн өөрчлөлтүүд хийсэн байдаг. Энэ чиглэлээр сүүлийн 10 гаруй жил ажилласан туршлагаасаа харахад, нийгмийн ойлголт, хандлага өөрчлөгдөж байна. Ялангуяа залуучуудын хувьд жендерийн ялгаварласан хандлага багасаж, гэр бүлийн ахуйн үүргийг эрэгтэй, эмэгтэйчүүд хуваалцах нь нэмэгдсэн. Гэсэн ч бид үүнд найдаад, нөхцөл байдал сайжирна гээд хүлээж суух нь оновчгүй. Яагаад гэвэл жендерийн тэгш байдал нь эрх мэдлийг хуваалцах тухай ойлголт. Нэгэнт эрх мэдэлд хүрчихсэн бүлэг тийм ч амархан бууж өгөхгүй, зүгээр л хаалгаа дэлгээд эмэгтэйчүүдийг угтаад авна гэж байхгүй. Ийм учраас хууль тогтоомжийн өөрчлөлт хийх нь чухал. Үүний хамгийн ойлгомжтой хэлбэр нь сонгуулийн квот, тогтолцоо. Ялангуяа пропорционал тогтолцоо эмэгтэйчүүдэд ээлтэй. Мөн сонгуулийн ямар ч тогтолцоотой байсан тэнд эмэгтэйчүүдэд хэдэн хувийн квот өгсөн нь чухал. 100 хувь пропорционал тогтолцоотой болсон ч эмэгтэйчүүдэд квот өгөхгүй, эсвэл дараалал нь ямар байхыг хуульдаа тодорхой заахгүй бол үр дүнгүй. Эмэгтэйчүүдийг жагсаалтын сүүлийн 20-д оруулчихвал тэдэнд боломж байхгүй л гэсэн үг шүү дээ. Зарим улсад үүнээс сэргийлэхийн тулд цахилгаан шатны зарчим ашигладаг. Тодруулбал, эрэгтэй, эмэгтэй, эрэгтэй, эмэгтэй гэсэн дарааллаар жагсаалтаа гаргах, эсвэл гурван хүн тутмын нэг нь өөр хүйсийнх байх гэх мэтчилэн шийддэг. Манай улсын хувьд сонгуулийн мажоритар тогтолцоондоо эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь гэж заасан. Одоо эмэгтэй гишүүд 17.1 хувийг эзэлж байна. Тэгэхээр уг үзүүлэлт квотдоо бараг тулчихсан байгаа юм. Нэг л хүн нэмэгдэхэд 20 хувьд хүрэхээр байгаа биз дээ. Судалгаагаар сонгогчоос “Та эмэгтэй хүнийг сонгох уу” гэхэд “Сонгоно” гэж хариулдаг. “Яагаад сонгоогүй вэ” гэхээр “Нэр дэвшигч дотор байгаагүй” гэдэг. Өөрөөр хэлбэл, сонголт дотор нь эмэгтэйчүүд алга шүү дээ. Ийм байдлыг өөрчлөх ёстой.
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд намуудын санхүүжилтийн тодорхой хувийг эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт нийгмийн бүлгийг дэмжихэд зарцуулахаар тусгасан гэсэн. Энэ нь улс төрдэх эмэгтэйчүүдийн манлайллыг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх боломжтой юу?
-Уг хуулийн төслийг үзэхэд, эмэгтэйчүүд, ер нь улс төр дэх дуу хоолой нь бага төлөөллийн бүлгийг нэмэгдүүлэх механизмуудыг тусгасан байна. Улс төрийн намын санхүүжилтийг төр буюу төсвөөс хариуцахаар болсон нь хуулийн төслийн гол заалт. Намуудын санхүүжилт ил тод бус, хэнд ч тайлагнадаггүй. Улс төрийн нам Монголд ер нь хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй. Тиймээс санхүүжилт өгөх замаар төсвийн хяналтыг сайжруулах зорилготой харагдсан. Санхүүжилтийн 30 хүртэлх хувь нь дуу хоолой нь хангалтгүй бүлэг буюу эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдана гэж байгаа юм. Мөн дээрх бүлгүүдийг квотоос давуулан нэр дэвшүүлбэл улс төрийн нам илүү санхүүжилт авах хувилбар оруулсан байсан. Энэ нь харьцангуй шударга хуваарилалт гэж харж байгаа. Нөгөө талаар хоёр том намаас бусад улс төрийн хүчинд боломж олгох давуу талтай. Санхүүжилттэй холбоотой эдгээр заалт нь Монголд цоо шинэ бөгөөд маш хэрэгтэй. Түүнчлэн жендерийн мэдрэмжтэй байдал, жендерийн сэтгэлгээг өөрчлөх үүргийг намын зарчим болгосон. Намын дотоод шийдвэр гаргах бүтцэд эмэгтэйчүүдийн болон дуу хоолой нь хангалтгүй байгаа бусад бүлгийн оролцоог нэмэхэд чиглэсэн заалтууд бас бий. Энэ чигээр нь баталбал маш сайн байна.
-Эмэгтэйчүүдийн манлайллын тухай ярихаар олонх хүн амбицтай хүүхнүүд гэж ад үздэг. Үндсэн дээ эрх мэдэлд шуналаа гэх өнцгөөс хандах нь бий. Ер нь улс төрд жендерийн тэгш байдлыг хангахын ач холбогдол юу вэ?
-Хоёр үндэслэл бий. Эхнийх нь хүний эрхийн үндэслэл. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхээ эдлэх гээд байгаа юм. Сонгогдохтой хамт улс төрийн дуу хоолойгоо илэрхийлэх, өөрийн үзэл бодолтой байх, эвлэлдэн нэгдэх зэрэг олон эрхээ хэрэгжүүлнэ. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах эрхээ эдэлж чадахгүй байна. Үүнийг хангахын тулд төр, засгаас сургуульд санхүүжилт нэмж олгох, багш нарын ур чадварыг сайжруулах зэргийг бодлогоор хэрэгжүүлдэг. Үүнтэй адил эмэгтэйчүүдэд эрхээ эдлэх нэмэлт боломж олгох гээд байгаа хэрэг. Монголын нийгэмд олон асуудал ужгирчихлаа. Зарим шинэчлэлийг огт хийхгүй байгаагаас харахад хаанаас нь эхлэхээ ч мэдэхээ больчихсон юм шиг. Ийм тохиолдолд эмэгтэйчүүдийн амьдралын туршлага, мэдлэг хувь нэмэр оруулна. Өөрөөр хэлбэл, бид нийгмээ хөгжүүлэх гээд байгаа нь хоёр дахь үндэслэл. Улс орныг хэрхэн хөгжүүлэхийг олон талаар судалсан байдаг. Тэдгээрт нийтлэг ажиглагддаг нэг зүйл бол орхигдсон бүлгийг шийдвэр гаргахад оролцуулах юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн, гэр бүлийн хүчирхийллийн, боловсрол, эрүүл мэндийн олон асуудлыг нуруундаа үүрч яваа эмэгтэйчүүдийн амьдралын туршлага шийдвэр гаргах түвшинд хэрэгтэй. Үүнийг нотолсон олон судалгаа бий. Тухайлбал, эмэгтэйчүүд шийдвэр гаргахад оролцсоноор ардчиллын чанар, төрийн хүлээн зөвшөөрөгдөх чадвар сайжирч, авлига буурдаг юм байна. Жишээ нь, сургууль, цэцэрлэгт орох, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах зэрэгт авлига өгөхөөс өөр аргагүй болдгийг иргэд ил, далд ярьдаг. Тэгвэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор ажилласнаар нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, түүнийг дагаад авлига буурдгийг гадаадын улс орнууд нотолсон байдаг. Бас нэг чухал үр дүн бол эмэгтэй манлайлагч олон байх нь бусдадаа эерэг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, илүү олон эмэгтэй манлайлагч төрөх суурь нь болдог.
-Эмэгтэйчүүдийн манлайлал сайжирдаггүйд өдгөө шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй бүсгүйчүүд нөлөөлөөд байх шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, тэд манлайлал гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж чадахгүй, харинч нийгэмд эмэгтэйчүүдийнн эрх үнийг илүү унагаад байх шиг. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Бид эмэгтэйчүүдийг “нэг уутанд хийчихээд”, яг адилхан хүмүүс гэж ойлгоод байна. Бодит байдалд тийм биш шүү дээ. Хүйсээс гадна нийгмийн гарал, хөрөнгө чинээ, боловсрол зэрэг биднийг тодорхойлдог олон хүчин зүйл бий. Тиймээс хувь хүний алдаа, амжилтыг хүйстэй нь холбон ойлгох нь утгагүй. Бид нэг эрэгтэй улстөрч авлига авахаар “Эрчүүд ер нь авлигач, тэднийг сонгохоо больё” гэж ярьдаггүй. Харин эмэгтэйчүүдийг алдаа гарахаар хүйсээр ялгаварлаад эхэлдэг. Улсын хүн амын тал хувийг нэг хүнээр төлөөлүүлэн доромжилж болохгүй. Цаашид мэдээж өөрчлөгдөх байх.
-Монголын өнөөгийн нөхцөл байдалтай адил замыг даван туулж, амжилтад хүрсэн туршлага олон улсад бий юү. Тухайлбал, манай улс туршлага болгон хэрэгжүүлэхээр ямар жишээнүүд байна вэ?
-Бидэнтэй ижил гараанаас эхэлсэн гэхээр ихэвчлэн пост-социалист орнуудыг дурддаг шүү дээ. Манайх Азийн соёлтой улс. Өмнө дурдсанаар эцгийн эрхт ёстой, насны эрэмбийг чухалчилдаг. Ахмад болон залуу хүмүүсийн нийгмийн байр суурь нэлээд ялгаатай. Судлаачийн хувьд бусад оронтой харьцуулах гэхээр манайх онцгой кэйс болчихоод байдаг. Ер нь пост-социалист орнууд буюу Балтын тэнгисийн гурван улс, төв Европынхтой харьцуулбал эмэгтэйчүүдийн оролцоо нь манайхаас хамаагүй илүү. Тэдний биднээс ялгарах гол онцлог нь ерөөсөө л ардчиллын чанар сайн байдаг. Хэрвээ манайх улс төрийн намаа цэгцлээд, улс төрийн өрсөлдөөний тэгш гараа бий болговол эмэгтэйчүүдийн боломж нэмэгдэнэ. Зөвхөн эмэгтэйчүүд ч биш, тодорхой бүлэглэл, эрх ашигт нэгдэж чадаагүй эрчүүдэд ч боломжууд нээгдэнэ шүү дээ.
-Манай улс уг нь ардчилсан нийгэмд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн ч эмэгтэй Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг сонгож байгаагүй. Тэр байтугай нийслэл, аймгийн түвшинд эмэгтэй Засаг дарга тун цөөн. Өнгөрсөн оноос л аймгийн Засаг даргаар анх удаа эмэгтэй хүн ажиллалаа. Ийм байдлыг өөрчлөхөд хэдий хугацаа шаардлагатай бол?
-Мэдээж таамаглахад хэцүү. Гэхдээ надад бол ойрхон юм шиг санагддаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс дуу хоолойгоо тэнцвэртэй илэрхийлснээр шийдвэр нь хүн бүрт хүртээмжтэй болдгийг ойлгодог хүн нэмэгдсэн. Хамтын удирдлагын системд буюу компанийн Удирдах зөвлөлд ч юм уу, эмэгтэйчүүд байх ёстой, тэдний оролцоог нэмэгдүүлэх, эрэгтэйчүүдтэй тэнцүүлэх хэрэгтэй гэдэг хандлага нэлээд бий болчихлоо. Хэдий тийм ч нэг л хүн ажилладаг, том албан тушаалтан, жишээлбэл, Ерөнхийлөгчийг сонгохдоо бид улсын “эцэг” гэх мэтээр бэлгэдлийн утгад нь ач холбогдол өгсөн хэвээрээ л байгаа. Түүнчлэн нийгэм, соёлын ойлголт, хандлага харьцангуй өөрчлөгдсөн ч улс төрийн бүтцийн бугшмал асуудлууд хэвээр байна. Ардчиллын чанар, сонгуулийн тогтолцоогоо сайжруулаад, намууд өөрчлөгдчихвөл эмэгтэйчүүд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болох боломж бий. Энэ нь хууль тогтоомж, бодлогын шинэчлэлээр хийж болох зүйл. Тийм ур чадвартай, чадалтай эмэгтэй олон бий. Харин мөнгөнөөс хамаарсан тогтолцоогоо өөрчлөхгүй бол эмэгтэйчүүд улс төрд шударга өрсөлдөх боломжгүй.
-Жендерийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх чиглэлээр ажиллахад нас, үе хоорондын ялгаа хэр ажиглагддаг вэ. Ялангуяа эмэгтэйчүүдийн манлайллыг сайжруулахад нас насныханд ойлголтын зөрүү гардаг уу?
-2021 оны судалгаагаар нас бага байх тусам илүү сайн үр дүнгүүд гарсан. Мэдээж залуу үедээ найдлага тавьж байгаа. Гэхдээ 100 хувь итгэх аргагүй. Учир нь залуу байхад өрсөлдөөнд оролцох нь харьцангуй бага. Харин яг ажлын талбарт, эсвэл хөрөнгө баялаг булаацалдах, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн рүү орохоор нөхцөл байдал ширүүсэж, хэвшмэл сэтгэлгээ, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ялгадаг үзлүүдээ ашиглаад эхэлдэг. Нөгөө талаар үе болгон дараа үеэ хүмүүжүүлж, зааж сургаж байгаа. Идэвхтэй заахгүй ч үйлдлээрээ үлгэрлэдэг. Түүнийг нь залуус хараад, энэ хүн шиг байвал ахиж дэвшин, орлого олж, сайхан амьдрах юм байна гээд л суралцаад явна шүү дээ.
-Олон нийтийн ойлголт, хэвшмэл хандлагыг өөрчлөх чиглэлээр “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд”-ээс ямар ажлууд хийж байна вэ. Хэр өргөн хүрээг хамруулан үйл ажиллагаа явуулдаг бол?
-“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагаас сүүлийн 10 орчим жил энэ чиглэлээр ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын хөтөлбөрийг ес дэх жилдээ хэрэгжүүлж буй. Түүнчлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд “Монфемнет” үндэсний сүлжээ байгууллагынхантай хамтран ажиллаж байгаа. Үүний хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон КОЙКА-гийн хамтарсан төслийг хэрэгжүүлэхэд оролцож, шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг нэмэгдүүлэхийг дэмждэг иргэний нийгмийн томоохон хөдөлгөөн өрнүүлэхээр улс даяар Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ бий болголоо. Аймаг бүрт дугуйлан байгуулж, эмэгтэйчүүдийг дэмжих бүлэг, нэр дэвшигч нарыг бэлтгэх ажил хэрэгжүүлдэг. Олон эмэгтэй нэр дэвших тусам тэд олноороо сонгогдох магадлал нэмэгдэнэ шүү дээ. Тиймээс нэр дэвшигчдийг бэлтгэх сургалт явуулж байгаа. Мөн улс төрийн намын гишүүн эмэгтэйчүүдийг сургагч багшаар бэлдэж байна.
-Орон нутгийн эмэгтэйчүүд үүнд хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?
-Тэд маш идэвхтэй хамрагдаж, ахиж дэвших, хөгжих боломжуудыг байнга л эрэлхийлдэг. Харин шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаар эрчүүд өөрсдөдөө хамаагүй юм шиг ойлгох нь бий. Энэ бол эрчүүдийн амьдралыг ч сайжруулахтай холбогдоно шүү дээ. Сүүлийн үед, ялангуяа нэг жил хагасын хугацаанд нэлээд өргөн хүрээтэй ажлууд хэрэгжүүлсний үр дүнд эрэгтэй манлайлагч нар, шийдвэр гаргах түвшний эрчүүд зөв хандлагатай болж эхэлсэн. Тиймээс 2024 оны сонгуулиар нэлээд ахиц гарах болов уу гэж найдаж байна.