МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхбаттай ярилцлаа.
-Юуны түрүүнд та нийгмийн давхраажлын талаар товч тайлбарлаж өгөхгүй юү?
-Ямар ч нийгмийн үед давхраажил байдаг. Энгийнээр хэлбэл, нийгмийн гишүүд эд хөрөнгө, боловсрол, боломж, гарал, язгуур зэргээрээ ялгарч, тодорхой хэсгүүдэд хуваагдаж байгаа нь давхраажил юм. Нийгмийн тогтолцоо нь ямар вэ гэдгээс хамаараад давхраажил нь өөр өөр л дөө. Жишээ нь, Энэтхэгт хүмүүс гарал үүсэл, яс үндсээсээ хамаардаг, төрөхдөө л тодорхой кастын гишүүн байдаг. Ер нь язгууртан нь дээд, харц дорд хүмүүс нь доод давхраанд хамаардаг явдал хүн төрөлхтний түүхэнд аль эртнээс л байсан. Улмаар капиталист нийгэм бий болсноор хөрөнгөтөн, ажилчин гээд ангийн бүтэц рүү шилжсэн түүхтэй. Бас л нийгмийн давхраажлын бүтэц гэсэн үг. Монголын хувьд ч социалист нийгмийн үед ажилчин болон малчин анги, сэхээтний гэсэн тодорхой давхраажил байсан.
Өнөөдрийн манай нийгмийн хувьд 1990- ээд оноос социалист тогтолцоо задрахад давхраажлын систем ч дагаад бүхэлдээ нурсан. Тухайн үеийн ажилчин болон малчин анги, сэхээтний давхраа нь нэлээд хялбарчлагдсан бүтэц юм. Ингээд өмчийн олон хэлбэрийг зөвшөөрснөөр ажилчин, малчид нь хувийн аж ахуй эрхлэх боломж бүрдэн, бүлгүүдэд хуваагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Монголын нийгмийн шинэ давхраажил 1990 оноос бүрдсэн юм.
Ер нь дээд, доод, дунд давхраа аль ч нийгэмд байдаг. Гэхдээ энд нийгмийн тэгш байдалтай холбоотойгоор шударга, шударга бусын тухай ойлголт бий. Нэг талаас нийгмийн гишүүд тэгш эрхтэй байх ёстой. Нөгөө талаас тэгш байж болохгүй. Жишээ нь, илүү их хөдөлмөрлөсөн, давуу мэдлэгтэй, боловсролтой, ур чадвартай нь өндөр цалин хөлс авч, байр суурь, эрх мэдэл нь тэр хэрээр тэлдэг. Харин бүгдийг нь тэгшитгэчихвэл шударга ёсны зарчим алдагдчихна. Өөрөөр хэлбэл, нийгмийн давхраажлын хувьд хүмүүс тэгш биш. Нэгл зүйлээр ижил тэгш. Тэр нь хуулийн өмнө адил тэгш байх ёстой гэсэн зарчим юм.
-Манайд сүүлийн 30 гаруй жилд бий болсон давхраажлын онцлог нь юу вэ?
-Монголд ч дээд, дунд, доод давхраа бий. Давхраа бүр нь олон бүлгээс бүрддэг. Жишээ нь, доод давхраанд зөвхөн орлого төдийгүй бусад боломж нь хомс хүмүүс багтаж байна. Эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүс нь дээд талын давхраанд хамаарах жишээтэй. Гэхдээ дунд давхраа нь аль ч нийгэмд илүү олон хүнийг хамруулсан байх ёстой. Ялангуяа бидний байгуулж буй ардчилсан нийгэмд дунд давхраа нь хамгийн өргөн, хүн амын олонхыг хамардаг, бүр ангийн шинжтэй байдаг. Боловсролтой, чадалтай, идэвхтэй, санаачилгатай, өөрийн гэсэн үзэл бодолтой, бусдын нөлөөнд автдаггүй, хамгийн ихийг хийж, бүтээдэг хэсэг нь дунд давхрааг бүрдүүлж байж нийгэм нь хөгждөг. Тиймээс ч дунд давхраагаа дэмждэг. Харин зөвхөн баян, ядуу гээд хуваагдаад эхэлбэл нийгэм ерөнхийдөө сүйрэл рүүгээ явж байна гэсэн үг. Гэтэл манайд эрх мэдэл дагасан орлогын ялгаа үүсэж байгаа нь том асуудал юм. Ингэснээр дээд, доод давхрааны хооронд асар их ан цав үүссэн. Өөрөөр хэлбэл, ардчилсан нийгмийн давхраажил ромбо хэлбэртэй буюу дунд хэсэгнь өргөн, дээд, доод хэсэг нь бага байх ёстой ч манайх гурвалжин маягтай болчихсон. Дээд хэсэгт цөөн баян, доошоо ядуучууд нь том байр суурь эзэлж, дунд анги нь бүр нарийсчихаж байгаа юм. Манайд дунд давхраанаас дээшээ явахгүй, доошоо унаад байгаа нь олон учраас нарийсаж буй. Дундчуул нь ядуусынхаа эгнээг өргөтгөж байна гэсэн үг. Уг нь доод давхраа нь хумигдаад, дунд анги нь өргөжих ёстой.
-Төр, засгаас дунд давхрааныхныг дэмжихгүй байна гэсэн үгүү. Дундчуулын эгнээ хумигдаад байгаагийн шалтгаан нь юу бол?
-Уг нь бодлого бий. “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт гэхэд л дунд ангийнхныг 80 хувьд хүргэнэ гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, 10 хүний найм нь дунд давхраанд хамаардаг болох нь. Гэтэл шударга ёс алдагдаад эхлэхээр орлогын дахин хуваарилалт ч шударга бус болчихоод байгаа юм. Баячууд нь ядуусаасаа тасраад, алга болж байна гэсэн үг. “Монголыг 30 гэр бүл бүхэлд нь хянаж байна” гэж яриад байгаа нь ийм л учиртай. Ядуурлын түвшнийг дунджаар 29 хувьтай байна гэх албан ёсны тоо байгаа ч бие даасан, хараат бус судлаачид үүнээс өндөр дүн хэлдэг. Бараг 10 хүн тутмын дөрөв нь ядуу байгаагийн сацуу дунд давхрааныхан доошоо унах магадлал ч нэмэгдсэн.
Үүнд нөлөөлсөн гадаад хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ дунд ангийнхныг дэмжих төрийн бодлого доголдсоноос ядуурал өсөөд байна. Мөнгөний ханш нь унаж, төр нь татварын бодлогоор дундчуулаа боомилох болсон. Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нэмэгдлээ. Үүнээс гадна утаа, агаарын бохирдлын, нийслэлд амьдарсны гээд асар олон татварыг нөгөө л ажил хийж, бүтээж байгаа хүмүүс нь төлж байна. Нөгөө талаас хувийн хэвшлийнхнээ төрөөс асар ихээр, аймшигтайгаар шахах болсон. Төр нь хамгийн том ажил олгогч болчихсон учраас хувийн өмчийг хуулиар хамгаалах зарчим нь утгаа алдаж байгаа юм. Гадаад, дотоод гэлтгүй хувийн хэвшлийнхнийг төр нь хяхаж, хавчин, шахаж, хөрөнгийг нь дээрэмдэн, луйвардаж байна шүү дээ. Үнэндээ одоо яагаад татвар нэмээд байгааг би лав ойлгохгүй байна. Ажилгүй хүн татвар төлдөггүй. Харин ажиллаж, бүтээж байгаа, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гээд хичээж яваа хэсэгл татвар төлдөг. Харамсалтай нь, тэд сөхөрчихөөд, бууж өгөхдөө тулчихлаа.
Мөн тархи угаалт маш хүчтэй байна. Жишээ нь, 10 сая төгрөгөөс дээш орлоготой хүмүүсээс өндөр татвар авна гэж ярьсан. Үүнийгээ тайлбарлахдаа “Ийм хэмжээний орлоготой хүн цөөхөн, мянга гаруй л бий. Чи бага орлоготой учраас татвар авахгүй. Санаа зоволтгүй” гээд ярихаар таван сая төгрөгийн орлоготой хэсэг нь “10 саяыг олж байгаа хүмүүсээс илүү татвар авах нь зөв. Би төлөхгүй юм чинь” хэмээн бодож байна. Энэ нь тэдэнд хэзээ ч 10 сая төгрөгийн орлоготой болохгүй гэсэн итгэл үнэмшил бий болгож, хүсэл эрмэлзлийг нь унтраачихаж байгаа юм. Тархиа ингэж угаалгасан хүмүүс “Тамын амьтан тамдаа жаргалтай” гэдэг шиг өсөхгүй, дэвжихгүй. Уг нь төр таван сая төгрөгийн орлоготой хүмүүстээ “Чамайг ингэж дэмжье. Орлогоо найм, арван сая болгочих” гэж хэлэх ёстой. Ард түмнээ сайн сайханд уриалах, урам зориг өгөх, хүсэл эрмэлзлийг нь өдөөх, өөдрөг үзэлтэй байлгах, тийм орчин нөхцөл бүрдүүлэх нь төрийн нэг үүрэг шүү дээ.
-Манайд эрх мэдэл дагасан орлогын ялгаа үүсэж байгаа нь том асуудал дагуулж буйг та хэллээ. Энэ тухайгаа тодруулахгүй юу?
-Ялангуяа төр, эрх мэдлийг дагасан цөөн хэсэг нь дээд давхраа руу орж, бусад нь доошоо унаж байна. Энэ нь баян, ядуугийн ялгаагасар ихээр нэмэгдүүлэхээс гадна бие биеэ хүлээж авахгүй, зөвшөөрөхгүй байхад хүргэж буй. Өөрөө хөдөлмөрлөөд, шударгаар баяжсан бол хэн ч хүлээн зөвшөөрнө шүү дээ. Гэтэл төрийн албанд ажиллаж, сард сая хүрэхгүй төгрөгийн цалинтай атлаа хэдэн арван тэрбумын хөрөнгөтэй болчихсон хүн бишгүй байна. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаад, авлига, хээл хахууль, луйвраар авсныг нь мэдэж байгаа учраас хүмүүс үзэн ядаад байгаа юм. Ядуучууд нь баян хэсгээ үзэн ядах явдал аль ч нийгэмд байдаг. Ялангуяа Орост большевикуудын хийсэн хувьсгалын үед энэ үзэл бүр гаарсан түүхтэй. Харин өдгөө манайд ийм байдал газар авч, өмч хөрөнгөтэй хүмүүсээ үзэн ядах хандлага илүүтэй нэмэгдэж байна. Баян, эрх мэдэлтэй хүмүүсийг төв талбайд дүүжилнэ, ална гээд аймаар зүйл ярьж байгаа биз дээ. Нийгэмд байдаг энгийн эсэргүүцэл нь дургүйцэл, дургүйцэл нь үзэл ядалт, үзэн ядалт нь аллага, хядлага, хувьсгалд хүргэж, цус урсгадаг. Хямрал, сүйрлийн урьдчилсан нөхцөл ингэж л бүрддэг. Монголын нийгмийн уур амьсгалыг харахад ийм байдалд хүрэхийг үгүйсгэхгүй, аюултай нөхцөл зарим талаар илэрч буй.
-Иймд үед ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Ер нь дунд ангийнхнаа дэмжих нь л хамгийн зөв. Учир нь юмтай хүнд л айдас байдаг. Тэр нь юмаа алдах вий гэсэн айдас юм. Тиймээс тэд тогтвортой байдаг, худалдагддаггүй. Жишээ нь, тэд хэвийн боов авсныхаа хариуд сонгуулиар саналаа худалддаггүй. 50 мянган төгрөгөгөхөөр нь үзэл бодлоосоо ухардаггүй хүмүүс нь дунд давхрааныхан байдаг. Тэднийг дэмжиж, давхрааг нь өргөтгөснөөр эдийн засагч сэргэнэ. Улмаар улс орон тогтвортой хөгжинө.
Манайх шигхүн ам багатай, их баялагтай улсад энэ байдлаас богино хугацаанд гарах боломжтой. Шударга ёс тогтож, үндэслэлгүйгээр баяжаад, хөрөнгөжөөд байгаа явдлыг таслан зогсоож, баялгаа зөв хуваарилсан цагт ядуусыг дунд анги руу оруулах боломж бий. Тэгээд ч монголчууд боловсрол өндөртэйд тооцогддог, нүд нь нээгдсэн хүмүүс. Боловсролтой иргэд дунд давхрааны том илэрхийлэл болдог шүү дээ. 1990-ээд оноос хойш монгол хүн бүр хилийн дээс алхсан байх. Тиймээс одоогийн нөхцөл байдлаас гарах гэж 20, 30 жил хүлээх шаардлагагүй. Хамгийн гол нь дундчуулаа дэмжих бодлого нь туйлбартай, тасралтгүй, тодорхой үр дүнг баримжаалсан байх ёстой. Хууль нь шударга, хүн бүрт тэгш үйлчлэх учиртай. Гэтэл өнөөдөр зүүн гараар бичсэн зүйлээ маргааш нь баруун гараараа арилгаж буй мэт бодлогын тогтворгүй байдал манайд газар авчихаад байна шүү дээ.
-Ер нь дээд давхраанд хамааруулдаг гол шалгуур, хүчин зүйл нь юу байдаг юм бол?
-Уг нь онолын хувьд, дэлхий нийтийн нийтлэг жишгээр боловсрол, мэргэшсэн байдал нь маш чухал шалгуур байдаг. Ардчилсан улс орны төрийн өндөр, дээд албан тушаал хашиж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь “Forbes”-ийн жагсаалтад багтаж байгааг хараарай, маш бага хувь нь баян байдаг.
-Тэгвэл манайд дээд давхраанд ороход шаардлагатай гол үзүүлэлт нь юу болж байна вэ?
-Манайд эсрэгээрээ л дээ. Монголын нийгмийн нийт баялгийн 90 гаруй хувийг хүн амын нэг хүрэхгүй хувь нь эзэмшиж, хянаж байгаа гэдэг. Өмнөх нийгмийн үед 70, 80 жилийн турш социалист чиг баримжаатай байсан учраас уламжилж, залгамжилж авсан өв хөрөнгө гэхээр зүйл өдгөө бидний хэнд нь ч барагүгүй. 1990 оноос хойш л иргэд эд хөрөнгө хуримтлуулж эхэлсэн юм. Тиймээс ч өнөөдөр өөрийн хөдөлмөр, хүчээр өмчтэй болж, түүнийгээ арвижуулан баяжуулж, хөрөнгөжсөн хүн манайд маш цөөн. Ихэнх нь улс төр, төрийн албаар дамжуулан баяжсан, олигархи бүлэглэлүүд үүсгэсэн. “Төрөөс төрсөн тэрбумтнууд” гэж яриад байгаа чинь энэ шүү дээ. Ганц ч өдөр бизнес хийгээгүй атлаа хөрөнгө, орлогоо хэдэн тэрбумаар мэдүүлж байгааг харж буй биз. Өөрөөр хэлбэл, манайд дээд давхраанд багтах хамгийн том гишгүүр, өргүүр нь төрийн, тэр дундаа улс төрийн нам, эрх баригч хүчнээр дамжиж очдог өндөр албан тушаал болчихоод байна. Улмаар төрийн албыг нам бүрэн хянах болсон. МАН-ын “цагаан ордон”-д төрийн бүх өндөр, дээд албан тушаалын томилгоог хийж байна. Монголын төрийн хүний нөөцийн бодлогыг Тусгаар тогтнолын ордноос хэрэгжүүлж байгаа нь нууц биш. Нам дагаж төрд ажилладаг, төр дагаж хөлждөг явдал эндээс л эхлэлтэй. Тиймээс хүмүүсийн мэдлэг, чадвар, боловсрол зэргийг бүр хойш тавьчихаж байгаа юм.
-Монголын дээд давхрааг бүрдүүлж байгаа хүмүүсийн үр хүүхэд, тойрон хүрээлэгчид нь ч үе дамжих боллоо. Тэд боловсрол, эд хөрөнгө гээд бүхий л зүйлээрээ ялгарч, өөр хоорондоо ураг төрөл, бизнесийн харилцаа тогтоон, өөрсдийгөө “элитүүд” хэмээн тодорхойлж байна. Энэ нь аль ч нийгэмд байдаг үзэгдэл үү?
-Ер нь нийгмийн давхраа бүрт гишүүдийн үнэлэмж, амьдралын хэв маяг, ертөнцийгүзэх үзэл зэрэг нь ойролцоо, нэгхэм хэмжээ мэт болсон байдаг. Үүгээрээ ч нэг давхраа нөгөөгөөсөө ялгардаг. Ердийн л зүйл. Харин Монголын нийгмийн тухайд таны хэлдэг үнэн л дээ. Төрийн эрх мэдлээр дамжин дээд давхраанд орсон хүмүүс дахин “үйлдвэрлэл” явуулж, бидний дээр байсан хэвээр үлдэж буй. Энэ нь феодалын, кастын зэрэгхуучин систем рүү орж, нэгбус алхмаар ухарч байгаагийн илрэл юм. Түүнээс биш нийгмийн элит хэсэг нь заавал төртэй холбогдох албагүй. Уг нь элит гэдэг нь эдийн засгийн, урлагийн, оюун санааны гээд олон талтай ойлголт. Харин манайд элит гэдэг нь зөвхөн төрийн эрх мэдлийг тойрсон цөөн хүн, олигархи бүлэглэлийн шинжтэй болоод байгаа юм. Одоо тэдний үр хүүхдүүд, ойр дотнынхон нь дахиад л төрийн албанд орж, өндөр, дээд албан тушаалд томилогдож байна. Энэ нь сонгогдох эрх, чадахуйн зарчмаар дээш гарч ирэх дунд, доод давхрааны урсгалыгхааж, вакумжсан ангийг бий болгож буй хэрэг.
-Ингэхэд манай шинэ үеийн давхраажлын талаарх даацтай судалгаа юу байна вэ?
-Яг энэ сэдвээр дөрөв, таван хүн докторын зэрэг хамгаалсан байдаг. Тэдний нэг нь би л дээ. Манай судлаачдын олон ч ном, зохиол бий. Суурь судалгааг МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхим, Нийгмийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологийн сектор, Удирдлагын академийн зарим судлаач хийж байгаа. Эдгээр судалгааны үр дүнгээр дунд анги хумигдаж байгааг баталдаг. Гэхдээ монголчуудын сэтгэлгээ их сонин. Нийгмийн ямар давхраанд харьяалагддагийг нь асуухаар манайхны ихэнх нь дунд ангид өөрийгөө хамруулж хэлдэг. “Хоосон хонохгүй, хоёр идэхгүй” гэдэгчлэн өөрийгөө хэзээ ч бусдаас дор тавьдаггүй, бас дээшээ өргөмжлөөд байдаггүй монгол хүний уламжлалт сэтгэхүй энд илэрч байгаа юм. Судалгааны асуулгад ийм асуулт оруулахаар бараг 70 хувь нь өөрийгөө дунд давхрааных гэж хэлдэг. Гэтэл орлого, хэрэглээгнь аваад үзвэл дунд давхраанд хамаарах хүний тоо 2-3 дахин буурдаг. Хэрэглээ, орлогод нь тулгуурлаж үнэлэх нь илүү бодитой шүү дээ. Эндээс харвал хүн амын 30 гаруй хувийг нь л дунд давхраанд хамруулж болохоор байгаа юм. Цаашлаад боловсрол, албан тушаал гэсэн шалгуур үзүүлэлтийг нэмээд үзвэл дунд ангийнхны хувь хэмжээ улам л хумигдаж, доод давхрааныхан өсөх магадлалтай.
-Гадаад улсад ажиллахаар явагсдын тоо нэмэгдэж, эх орноосоо дайжиж байна хэмээн ярих боллоо. Тэдний олонх нь боловсролтой, эрүүл чийрэг, ид хийж бүтээх насныхан, дунд давхрааныхан байна гэдэг нь хэр ортой бол?
-Санал нийлнэ. Ер нь гадагшаа хөдөлмөр эрхлэхээр явж буй хүмүүсийн олонх нь дээд боловсролтой, тодорхой ажил төрөл эрхэлсэн байдаг. Тэгээд ч орчин нөхцөлөө өөрчилье гэсэн эрмэлзэлтэй, өөртөө, одоо байгаадаа шүүмжлэлтэй хандаж чаддаг, ямар нэгэн зүйл эхлүүлээд, хийгээд үзчихсэн, нийгмийн хамгийн идэвхтэй хүмүүс хилийн чанадыг зорих нь элбэг. Европт боломжийн амьдарч байсан ч илүү ихийг эрэлхийлж очсон хүмүүс Америкийг бүтээсэн гэж ярьдаг шүү дээ. Энэ зүй тогтол манайд ч ажигладаж байна. Америк, Солонгос, Японоос манай иргэдийг авч ажиллуулах сонирхол, шалгуур нь ч тийм. Өөрөөр хэлбэл, Монголд гудамжинд лааз өшиглөөд явж байгаа, ажилгүй хүнийг авах сонирхолгүй гэдгээ нас, эрүүл мэндийн шалгуур тавиад илэрхийлчихэж байна. Гэтэл тэр хүмүүсийг бий болгохын тулд асар их баялаг зарцуулсан байдаг. Ингэж бэлэн болгосон “бүтээгдэхүүн”, баялгаа гадаад руу алдаж байгаа нь харамсалтай. Яах вэ, тэр хүмүүс гадаадаас ах дүү, хамаатан садандаа хэдэн төгрөг илгээдэг. Харин манай улс хөгжихгүй. Тэдний оюун санаа, хүч хөдөлмөр тухайн улсдаа л шингэнэ. Солонгосын хөгжилд тэнд хараар ажиллаж буй 50 мянган монгол иргэн багагүй хувь нэмэр оруулж байгаа гэдэг нь үнэн. Монголд чадалгүй хэсэг нь үлдэж байгаа гэж хэлэх нь хаашаа юм, гэвч нийгмийг хөдөлгөгч гол хүч нь гадаад улсыг зорьж байна шүү дээ.