Зураач, “Марзан” хэмээх Б.Шаравын амьдрал, уран бүтээлийг 46 дахь жилдээ судалж буй зураач, барималч, сийлбэрч Ч.Хишигчулуунтай ярилцлаа. Тэрбээр Монголын түүхийн музейгээс эрхлэн гаргадаг “Нүүдэлчдийн өв судлал” сэтгүүлд “Марзан Шаравын бүтээсэн хоёр хөрөг зургийн тухайд” нийтлэл хэвлүүлснээр судалгааныхаа ажлын түүхийг баяжуулаад байхад нь таарч, ярилцлагад урьсан юм.
Тэрбээр Дүрслэх урлагийн дунд сургуулийн монгол зургийн ангийг 1981 онд төгсжээ. Анги удирдсан багш нь Б.Чинтогтох. Тухайн үед уг сургууль монгол зургийн чиглэлээр 10-хан оюутан элсүүлж, төгсгөсний нэг нь. Ардын зураач Д.Амгалан багшийнхаа “Хүүхдүүд минь хос морьтой явцгаах юм шүү. Монгол зургийг Өрнийнхтэй хослуулж сураарай” гэсэн захиасыг санаж, Репиний академийн төгсөгч, Төрийн шагналт Б.Пүрэвсүх багшийнхаа түүхийн сэдэвт бүтээлд хэрхэн ханддаг арга барилаас шимтэн суралцаж байснаа зураач аз жаргалтайгаар дурсан ярилаа. Түүхч зураач гэж тодорхойлж болох тэрбээр уран бүтээлийн анхны үзэсгэлэнгээ сийлбэрээр 1994 онд Японд, харин 15 дахь удаагийнхыгаа өнгөрсөн оны наймдугаар сард “Мишээл экспо”-д гаргажээ. Монгол зургийн бүтээлүүдээ Францад хамгийн анх үзэгчдэд хүргэсэн уран бүтээлч юм байна. Туурвих их ажлын хажуугаар “Марзан” Шараваа байнга судалсаар, баримт сэлт цуглуулсаар, мэдээллийн мөрөөр мөшгөсөөр ирсэн хайгуулч ажгуу.
-“Марзан Шаравын бүтээсэн хоёр хөрөг зургийн тухайд” нийтлэлийнхээ ач холбогдлын талаар тодруулна уу.
-Цорж лам Лувсандондов, Балдан гачин Лувсанцэрэн нарын хөрөг зураг эдүгээ Богд хааны ордон музейд байдаг. Эдгээр нь манай улсын хосгүй үнэт дурсгал. Эх сурвалжуудад дурдсанаар зураач “Марзан” Шарав 20-30 настайдаа Цорж лам Лувсандондовынд, харин түүнээс хойш буюу цорж багш нь өөд болсны дараа Балдан гачин Лувсанцэрэнгийн дэргэд амьдарч, туурвиж байсан юм билээ. Эхний хөргийг багшаа насан эцэслэснээс хойш дурсан санаж, бүтээжээ. Урлаг судлаач, доктор Л.Батчулуун энэ зургийн тухай “Уг хөргөөс тухайн лам нягт нямбай, үг цөөтэй боловч жинтэй буурь суурьтай хүн болох нь харагдаж байна. Дээл хувцасны нугалаа атирааг уран гоёор, бүр бурхны зургийн тиг хэмжээний сударчлан гүйцэтгэдэг онцлогийг тусган зурсан нь Шаравын ур чадварыг илтгэнэ” гэж хэлсэн нь бий.
Харин Балдан гачин Лувсанцэрэнгийн хөргийг бол гэрэл зургаас харж бүтээсэн нь илт байдаг. Балдан гачин нь VIII Богд таван настайдаа тодорч Ар Монгол руу ирэхэд бараа болсон хүмүүсийн нэг юм билээ. “Марзан” Шарав Богдод “Лхас хот” зургийг зурж өгсний дараа гачингийн сэтгэл хөдөлж нутагтаа очоод ирэх зөвшөөрлийг хаанаас хүсжээ. Богд хаантан болгоосноор Балдан гачин Төвөдөд гурван жил болоод Монгол руу буцаж явах замдаа хүндээр өвдөж өөд болж л дээ. Үүний дараа “Марзан” Шарав уг бүтээлийг гэрэл зургаас нь харж туурвисан түүхтэй. Б.Шарав 1921 онд Ардын хувьсгал ялах хүртэл Балдан гачингийн гэрт амьдарч байжээ. Энэ хоёр хөргийг бусдаас нь ялган авч үзэж буй нь Б.Шарав ямар нэгэн захиалга, хутагт дээдсийн хүсэлтээр бус, зөвхөн өөрийн чин сэтгэлийн дуудлагаар бүтээдэг байсныг онцлох гэснийх. Ямар ч бүтээлд нь илэрхийлэн зурах хүндэтгэл нуугдаж байдаг. Зургуудаас нь Их хүрээний урчууд болон тухайн үеийн шашны урлагийн бурханчлан зурах арга барил ажиглагддаг боловч чөлөөт зохиомж ашиглаж байсныг харж болно. Товчлон ярьж байна л даа. Энэ хоёр хөргийн талаарх тайлбар олон нийтэд төдийлөн хүрээгүй гэж үзээд, уг сэтгүүлд нийтлүүлсэн юм.
-Ер нь “Марзан” Шарав судлалын тань ажил хэр үр дүнтэй байна вэ?
-Маш их мэдээлэл, баримт цуглууллаа, эмхэтгэлээ. Сайн бичүүлэх санаатай Б.Лхагвасүрэн гуай болон бусад зохиолчийг туслаач гэхэд “Өөрөө хий” гээд буцааж өгөөд байлаа. Тэр үед Т.Галсан гуай “Миний дүү, өөрөө л гүйцээ. Бид мэтийн улс бол гаднаас нь харна. Харин чи дотроос нь хандана. Яагаад гэхээр чөмгөн дотор чинь монгол зураг гэсэн ойлголт гүн бат суусан шүү дээ” гэсэн юм. Тэгэхээр нь ухаантнууд юу гэх гээд байсныг ойлгосон. Зарим хүн намайг энэ сэдвээрээ эрдмийн зэрэг горилж суралцаач гээд байгаа. Тэр ч яамай. Энэ бүхнийгээ биежүүлж, мэдээлэл, судалгаа, соён гэгээрлийн төв байгуулах гэсэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үлдээд байна. Томоохон ажил тул төрийн болон бусдын дэмжлэггүйгээр чадахгүй л дээ.
-Та судалгаандаа их хугацаа зарцуулжээ. Зураач Б.Шарав 1869 онд төрж, 1939 онд өөд болсон юм билээ. Тэр чухам хэн байв?
-“Марзан” хэмээх Балдуугийн Шарав бол Монголын дүрслэх урлагийг дэлхийд төлөөлөгч. Монгол зураг гэдэг ойлголт байдаг л бол түүний эхлэлийг тэрбээр тавьсан. Дэлхийн уран зургийн холбоо болон ЮНЕСКО хамтарч дэлхийн шилдэг зураачдыг нэрлэхдээ “Марзан” Шаравыг багтаасан. Дээрх хоёр байгууллага хамтарч, өөд болсон дэлхийн шилдэг зураачдын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэнг Грект 2017 оны дөрөвдүгээр сард гаргасан юм. Түүнд Шаравын “Өвлийн ордон”, “Монголын нэг өдөр” хоёрыг нь залсан түүхтэй. Хүмүүс энэ талаар ер мэддэггүй.
Цорж лам Лувсандондов Балдан гачин Лувсанцэрэн
-Монголын талаас нэр дэвшүүлсэн гэж ойлгож болох уу?
-Тэр том байгууллагууд улс орнуудаас санал авдаггүй. Өөрсдөө шүүж, “шүүрдэж” гаргаж ирдэг. Нэрсийг жил бүр гаргадаг ч үгүй. Хэдэн жил судалж байж жагсаадаг. Улсуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өөрийн орны зураачдын нэрийг багтаах гэж хөөцөлдөөд, талаар болсон тухай мэдээлэл бий. Гэтэл Монголд энэ уран бүтээлчийн талаарх ойлголт тун тааруу байх юм. Би саявтархан банканд үйлчлүүлэхээр дугаарлаж суухдаа тэнд байсан залуусаас энэ хүнийг хэр мэдэх талаар асуулаа. Нэг залуу “Сонсож байсан нэр аж. Улсын баатар бил үү, ах аа” гэж байсан. Тэгэхээр манай улсын дүрслэх урлагийн хөгжилд түүхэн тод байр суурьтай энэ хүний тухай сайтар таниулж сурталчилмаар. “Марзан” Шарав гэж хэн бэ. Намайг судалж эхэлж байхад түүний гарын зургаан шавь нь бүгд энх тунх байсан юм. Дамдинсүрэн гуайгаас бусад нь манай Дүрслэх урлагийн сургуульд багшилж байлаа. Тэр зургаагийн гурав нь буюу А.Сэнгэнцохио, Л.Гаваа, Ү.Ядамсүрэн нар Ардын зураач болсон. Соён гэгээрүүлэгч Б.Ринчен, Ардын зураач Л.Гаваа нарын дурсамж, дурдатгалд Б.Шаравын тухай хэлсэн эшлэлүүд байдаг. Би энэ мэтийн эх сурвалжийг үндэслэж л ярина. Монгол зургийн түүхэн дэх анхны гэсэн бүх юманд “Марзан” Шаравын оролцоо бий. Манай улсын анхны мөнгөн тэмдэгт, Д.Нацагдоржийн хөрөгтэй, тоонолжин хээтэй марк, жанжин Д.Сүхбаатарын буюу анхны хөрөг, бас элдэв шог зураг гээд олныг дурдаж болно.
-“Өглөө” кинонд жанжин Д.Сүхбаатар зураач лам Шараваар Лениний хөргийг зуруулдаг тухай гардаг. Энэ болсон үйл явдал уу?
-Тэгж зуруулсан тухай Б.Ринчен гуайн дурсамжид бий. Энэ уран бүтээлч чухам хэн байсан юм бэ гэдгийг олон түмэнд дэлгэрэнгүй мэдээлж, ойлгуулахаас нааш санаа амрахгүй бололтой (инээв). 1996 онд Берлиний уран зургийн академийн захиралтай санамсаргүй танилцаад нэгэн бүтээлээ бэлэглэсэн юм. Тэгэхэд тэр захирал “Та ингэж зурдаг хүн юм бол манай академийн хаалга таны өмнө нээлттэй шүү” гэсэн. Тэр үед надад Б.Шаравын тухай мэдээлэл, зураг сэлт, цаасны хэлтэрхий сонин, үнэ цэнтэй байсан болохоос биш, бусдаас ямар ч мэдээлэл хүлээж авахааргүй байв. Сэтгэл тэгж хөглөгдсөн байлаа. Уг нь Репин, Суриковын академид монголчууд явахаа больсон тэр үед очоод сурчихсан бол хэрэгтэй л байсан юм билээ. Нэг талаар тэнэг хүн шүү, би. Гэхдээ яах вэ, Б.Шарав судлалаа өдий зэрэгт хүргэсэндээ сэтгэл хангалуун байдаг. Ямар сайндаа соёлын шилдэг бүтээлч үйлдвэрлэгчдийн чуулганы үеэр Соёлын сайд Ч.Номинтой уулзахдаа “Би үхчихвэл “Марзан” Шарав зогсоно шүү” гэж хэлж байх вэ дээ. Тэр хавьд байсан хүмүүс “Муу амтай юм бэ” гэж байна лээ. Угтаа бол үнэн юм. Хугацаа өнгөрөх тусам дэлхийд Монголын дүрслэх урлагийг төлөөлдөг түүхэн уран бүтээлч “Марзан” Шарав Монголын урлагаас холдсоор байх уу. Дэлхий мэдээд, үнэлээд байхад бид тоодоггүй, дурсдаггүй хэвээр байх уу. Бид улсынхаа ч, урлагийнхаа ч түүхийг тод томруунаар мэдэж байх ёстой бус уу.