“Бүргэдийн баяр-2023” энэ сарын 4, 5-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо. Хаврын улирал, Наурызын баярыг угтсан эл баярыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монголын бүргэдчид холбоо” ТББ хамтран зохион байгуулав. Баярын гол зорилго нь гадаад, дотоодын жуулчдыг татах, нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх аж.
Газар газрын морьтон эрчүүд бүргэдээ мөрөн дээрээ буулган, салхи сөрөн, уулын уруу халгиулж явав. Тэд бол “Бүргэдийн баяр-2023”-т оролцохоор ирсэн залуус юм. Тэдний урд нь Монгол Улсын Төрийн далбааг өндөрт өргөсөн морьтон залуус, бүсгүйчүүд, багачууд ч давхилдаж байлаа. Гадаа зассан нээлтийн тайзыг хүрээлэн зогссон зочин, жуулчин цөөнгүй байв. Сэлэнгэ, Төв, Баян-Өлгий аймгаас ирсэн 19 бүргэдчиний нэг нь халх, бусад нь казах аж. Тэдний дунд олон улсын Бүргэдийн тэмцээний аварга ч бий, үндэсний тэмцээний ялагч ч бий. Анх удаагаа тэмцээнд оролцохоор ирсэн нь ч байлаа.
Парадад оролцогчдын тэргүүн магнайд өдгөө 69 насыг зооглож буй А.Тургынбек гарч ирлээ. Казах үндэстний зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилго тээсэн ахмад бүргэдчин тэрбээр эл баярт тогтмол оролцдог аж. Харин хамгийн залуу оролцогч Е.Дамысбек 17 настай. Тэрбээр дөрвөн улиралд цаст уул, цавчим өндөр хаданд авирч, бүргэдээр ан хийх урлагт суралцаад долоон жилийн нүүр үзэж буй. Өв тээгч энэ залуу 10 настайгаасаа аавыгаа дагаж бүргэдийг ан авд гаршуулан суралцаж эхэлснийг наадмын зохион байгуулагчид онцоллоо. Бүргэдчид үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолоор гоёжээ. Мөн хамгийн хурц хараатай, хурдан шалмаг бүргэдээ авчирчээ. Бүргэдчид “Нисэж буй тэнгэрлэг амьтныг барьж, гаршуулж сургах амар биш. Бүргэд ойролцоогоор 30 насалдаг амьтан. Бид бүргэд барьж, 2-3 сар сургаад, 4-5 жил ан ав хийлгэсний дараа тэнгэрт нь буцааж тавьдаг” хэмээн ярилаа.
Баярын хоёр өдөрт бүргэдтэй парад зохион байгуулж, хамгийн сайхан хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой оролцогчийг шалгаруулсан. Мөн үе удам дамжсан бүргэдчидийг танилцуулж, алдаршуулсан юм. Хамгийн үзүүштэй нь бүргэдээ хэрхэн сайн сургасныг шалгаруулах үзүүлбэр, бүргэдээр ан бариулах тэмцээн байв. Бас морин дээрээс олз шүүрэх, сээр хугалах, тулам булаалдах зэргийг зочид, жуулчдад үзүүллээ. Түүнчлэн казах үндэсний тоглоом болох көкбар буюу тулам булаалдах, газраас зоос шүүрэх зэргийг сонирхуулсан юм. Энэ жилийн Бүргэдийн баярын дийлэнх үзүүлбэрийг “Намнаа” академийн дайчид бүрэн бүрэлдэхүүнээрээ толилуулав. Тус академийн сургалтын талбай нь “Чингис хааны хүрээ” цогцолбортой залгаа орших хээр тал бөгөөд тэд хүүхдүүдийг морь унах, харвах зэрэгт жилийн дөрвөн улирал харгалзахгүй сургадаг байна. Хурдан морины эрчит давхиан дунд нум сум харвахыг намнаа гэдэг бөгөөд энэ утгаар нь академийнхаа нэрийг сонгожээ.
“Бүргэдийн баяр-2023”-ыг сонирхсон хүмүүсийн хувьд энэ удаа морьтон баатрын шоу, шонхор шувуудын шоу тоглолт үзэх боломжтой байлаа. Мөн тэмээ унан, бүргэд болон тэмээтэй зураг авхуулж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг сонирхон, худалдан авч, галын наадам, тойром бүжгийн үзүүлбэр үзэв. “Бүргэдийн баяр”-ыг эхний өдөр 1600, удаахад 1500 хүн үзжээ. Өчигдөр 15.00 цагийн байдлаар тэмцээний дүн гараагүй байлаа.
Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлалт соёлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг анх 1999 онд Баян-Өлгий аймгийн Бугат сумд зохион байгуулсан түүхтэй. Харин нийслэлд 15 дахь жилдээ зохион байгуулсан нь энэ. “Бүргэдийн баяр” нь эдүгээ Монгол Улсын аялал жуулчлалын томоохон арга хэмжээнүүдийн нэг болоод буй билээ. Казахуудын ан хийх уламжлал 6000 жилийн тэртээ Төв Азийн нүүдэлчдийн дунд үүссэн ч хамгийн сайн хөгжүүлж, уламжлалаа хадгалж үлдсэн нь Монгол Улс аж. Тиймдээ ч ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад уг өв соёлыг 2010 онд бүртгэсэн аж.