Эх сурвалж: “Varieties of democracy” (V-Dem) байгууллагын “Ардчиллын тайлан-2023”
Олон улсын судлаач, шинжээчдийн “Varieties of democracy” (V-Dem) байгууллагаас “Ардчиллын тайлан-2023”-ыг өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Зургаан индексээр үнэлдэг тус тайланд энэ удаа 179 орныг хамруулжээ. Харин манайх бүх үзүүлэлтээрээ өмнөх оноос 3-16 байраар ухрав. Эл тайланг сүүлийн долоон жилийн турш танилцуулж буй бөгөөд энэ хугацааг бүхэлд нь харсан ч Монгол Улсын үнэлгээ үндсэндээ 2018 оноос буюу сүүлийн таван жил тасралтгүй уруудсаар өнөөдөртэй золгож байгааг графикаас харж болно.
Тодруулбал, сонгуулийн болон сонгуулийн бус үеийн гээд улс төрийн бүхий л үйл явц дахь иргэдийн идэвхийг онцолдог оролцооны индекс (participatory component index)-ээр манай улс 124 дүгээрт жагссан байна. Өмнөх жилд нь үүгээр 121 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бөгөөд гурван байраар ухарсан гэсэн үг. Ер нь сүүлийн жилүүдэд манайх эл үзүүлэлтээр 120-иос хойш “зогсож” байна. 2018 оны тайланд оролцооны индексээр 74 дүгээрт бичигдсэн нь бидний хувьд хамгийн өндөр үнэлгээ бөгөөд өдгөө өмнөхөн талдаа Фижи, ердөө ардаа Марокко улстай зуузай холбож явна. Иргэний нийгмийн байгууллагууд, шууд ардчиллын механизм, орон нутгийн болон дээд шатны засаг захиргааны байгууллага дахь иргэдийн оролцоо, бас төлөөллийг харгалзан үнэлдэг эл индекс бидэнд нэлээд асуудал буйг илчилж байна гэлтэй.
Харин эзэлсэн байраараа хамгийн дээгүүр буюу 73 дугаарт эрэмбэлэгдэж байгаа нь зөвлөлдөх индекс (deliberative component index) аж. Гэхдээ л энэ ньөмнөх жилийнхээс таван байраар ухарсан үзүүлэлт юм. 2020 оны тайланд дурдсанаар манай улс дээрх индексээр 30 дугаарт жагсаж байсан удаатай. Мөн 2017 оны буюу анхны тайланд 36 дугаарт эрэмбэлэгдэж байв. Зөвлөлдөх ардчиллын сонгодог хэлбэр нь зөвлөлдөх санал асуулга юм. Жишээ нь, өнгөрсөн сард орон даяар явуулж, Цагаан сарын өмнөхөн дүнг нь гаргасан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг нэрлэж болно. Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулсан нь энэ. Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар 2017 онд явуулсан түүхтэй. Ингэхдээ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталж байлаа. Юутай ч анхдугаар санал асуулгын үр дүнд нь үндэслэн боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ 2019 онд баталсан билээ. Сая явуулсан санал асуулгын дүн ч Үндсэн хуулийн айсуй нэмэлт, өөрчлөлтийн суурь болчихоод буй. Үндсэндээ эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зорилгодоо хүрэх нэг хэрэгсэл нь зөвлөлдөх санал асуулга болсон юм. Мөн парламентын сонгуулийг 100 хувь мажоритар биш, хувь тэнцүүлсэн буюу мажоритар хувилбартай хослуулан, холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг дээрх санал асуулгын дүгнэлтэд дурдсан. Үүнийгээ эрх баригчид “тогтолцооны өөрчлөлт” хэмээн тодорхойлж буй. Юутай ч улс төрийн шийдвэр гаргах үйл явцад ард түмэн, олон нийт үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэн, нийтээрээ зөвлөлдөх боломжийг үүгээр бий болгосон юм. Магадгүй энэ жил “Зөвлөлдөж шийдье” санал асуулга явуулсан нь “Ардчиллын тайлан-2024”-т манай улс ямар үнэлгээ авах вэ гэдэгт тодорхой хэмжээгээр нөлөөлөх биз ээ.
“Ардчиллын тайлан- 2023”-т дэлхий дахинаа улс орнуудын ардчиллын дундаж үнэлгээ 1986 оны түвшинд хүртлээ буурсан, тэрч бүү хэл Ази, Номхон далайн бүс нутагт 1978 оны хэмжээнд очтолоо ухарсан “айл” бий, дарангуйлагч нарын эгнээ өргөжсөн гэх мэт таагүй дүгнэлт, статистик олон аж
Тэгвэл өмнөх оноос хамгийн олон буюу тус бүр 16 байраар ухарсан хоёр үзүүлэлт нь либерал ардчиллын (liberal democracy index) болон сонгуулийн ардчиллын (electoral democracy index) индекс болж байна. Либерал ардчиллаараа 77 дугаарт бичигдэн Сьерра Леон улсын ард яваа манайх “сонгуулийн ардчилал”- аараа 81 дүгээрт жагсаж, Хондурасыг урдаа оруулжээ. Уг нь гурван жилийн өмнө эл хоёр индексээрээ 57 дугаарт эрэмбэлэгдэж байжээ. Чөлөөт, шударга сонгууль явуулж, иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалж байгаа, эсэхийг үнэлэхдээ 70 гаруй үзүүлэлтэд үндэслэн тооцдог юм байна. Ингэхдээ сонгуулийн ардчиллын болон либерал (liberal сomponent index) индексийн зарим үзүүлэлтийг нэгтгэн “либерал ардчилал”-ыг үнэлдэг аж. Тухайлбал, зөвхөн сонгогдсон албан тушаалтнуудтай холбоотой 16, хуулийн өмнө эрх тэгш байх болон хувь хүний эрх чөлөөнд хамаарах 20 үзүүлэлтийг либерал ардчиллын индексийг тооцоход ашигласнаа тайланд дурджээ. Тиймээс энэ нь агуулгын хувьд баялаг, голлох индекс байдаг гэсэн үг. Гэвч Монгол Улс үүгээр олон байр ухарсаар байгаа нь Монголын ардчилал, үнэт зүйлсэд нь аюул дагуулахыг үгүйсгэхгүй.
Либерал индексийн хувьд 13 байраар ухарч, 74 дүгээрт жагссаныг анхаарлын гадна орхиж боломгүй. Энэ нь хуулийн өмнө эрх тэгш байх болон хувь хүний эрх чөлөөнөөс гадна засаглал, институц хоорондын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангаж байгаа, эсэхийг үнэлдэг аж. Тэр дундаа гүйцэтгэх засаглал, Засгийн газраас хараат бус байж чадах, бие даасан шүүх, хүчтэй парламент ажиллаж буй, эсэхэд анхаарал хандуулдаг юм байна. Хэдийгээр тус тайланд улс орон бүрийн авсан үнэлгээ, оноо нь өссөн, буурсан шалтгааныг тайлбарлаагүй ч бидний хувьд байр ухрах том шалтгаан бий гэж хэлж болно. Тодруулбал, “давхар дээл”-ийг дахиулсан өөрчлөлт байж мэднэ. Учир нь гурван жил гаруйн өмнө баталж, гурван оны өмнөөс мөрдсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өнөөгийн эрх баригчид өнгөрсөн жил дахин гар хүрсэн юм. УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй сайдын тоог дөрвөөр хязгаарласан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуультайгаа зөрчилдөж байна гэх агуулга бүхий Цэцийн шийдвэрт үндэслэн УИХ нүд ирмэхийн зуурт Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихсан шүү дээ. Ингэснээр Засгийн газрын гишүүдийн дөрвөөс бусад нь “давхар дээл”- тэй болчихсон. Уг нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдохдоо танхимаа өөрөөсөө гадна 16 гишүүнтэйгээр байгуулж байв. Тэдгээрээс дөрөв нь л “давхар дээл”-тэй байсан бөгөөд Л.Оюун-Эрдэнийн танхим өдгөө 22-уулаа болжээ. Энэ бол манай Засгийн газруудын түүхэнд хамгийн нүсэр бүтэц юм. “Давхар дээлтэн”-үүдийнхээ тоогоор ч толгой цохиж буй. Ийн Үндсэн хуульд өөрсдөө оруулсан өөрчлөлтөөсөө эргэж буцан байж “давхар дээл”-ийн хязгаарлалтыг үгүй хийж, танхимаа УИХ-ын гишүүдээр дүүргэж байгааЗасгийн газрын тэргүүний шийдвэрийн ул мөр нь дээрх индексийн ухралтаар илэрч байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь 76 гишүүнээс 18 нь Засгийн газарт ажиллаж буй УИХ, танхимынх нь таван сайд тутмын дөрвийг парламентаас томилсон Засгийн газрын хяналт, хариуцлага сайжрах нь юу л бол. Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг хадгалж, аль алиных нь ашиг сонирхлыг чиг шугамаа болгон ажиллах сайд нь хэд вэ.
“Ардчиллын тайлан-2023”-т дэлхий дахинаа улс орнуудын ардчиллын дундаж үнэлгээ 1986 оны түвшинд хүртлээ буурсан, тэр ч бүү хэл Ази, Номхон далайн бүс нутагт 1978 оны хэмжээнд очтолоо ухарсан “айл” бий, дарангуйлагч нарын эгнээ өргөжсөн гэх мэт таагүй дүгнэлт, статистик олон аж. Магадгүй манай улс ганцаараа байр ухраагүй, бүгдээрээ тааруу дүн авсан хэмээн өөрсдийгөө өмөөрч мэдэх ч Сейшелийн арлууд, Малави, Гүрж, Балба, Эквадор, Гамби гээд ардчиллын түвшнээ ахиулсан орон цөөнгүй байна. Харин манайхыг Зүүн Европ болон Төв Азийн бүсийн орнуудаас ардчиллын индекс нь мэдэгдэхүйц буурсан долоон улсын (Беларусь, Унгар, Киргиз, Монгол, Польш, Орос, Серби) нэг хэмээн тайланд дурдсаныг эцэст нь анхааруулъя.
Түүнчлэн өнгөрсөн сарын эхэнд “Economist intelligence unit” олон улсын байгууллагаас жил бүр танилцуулдаг ардчиллын индексээр Монгол Улс дөрвөн байраар ухарсан. Тус байгууллагаас өмнөхонд манай улсыг 62-т жагсаасан бол энэ жил 167 орноос 66-дэрэмбэлэгдсэн юм. Мөн л сүүлийн есөн жилийн турш тогтмол байр ухарсаар ирсэн нь энэ. Ингэхдээ сонгуулийн үйл явц, олон ургальч үзэл, төрийн үйл ажиллагаа, улс төрийн оролцоо болон соёл, иргэний эрх чөлөө гэсэн таван үзүүлэлтээр үнэлдэг бөгөөд манай улс нийт дүнгээрээ “төгс бус ардчилалтай” орнуудын ангилалд багтсан билээ. Үүнээс гадна “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас зарладаг авлигын индексийн нэгэн үзүүлэлт болох ардчиллын үзүүлэлтээр ч бид зургаан оноо алдаж, байр ухраад буй. Энэ талаар Монгол дахь “Транспэрэнси интернэшнл” байгууллагын тэргүүн Л.Төр-Од “Манай улсын ардчиллын үзүүлэлтийн 34 оноо 28 болж буурсан нь хамгийн ноцтой. Монгол Улсын хувьд ардчиллын үнэлгээгээр хэзээ ч 31-ээс доош оноо авч байгаагүй. Ардчилсан тогтолцоо ажиллаж байж л авлигаас ангид байх боломжтой” хэмээснийг дахин сануулъя.