Кино театруудаар жүжигчин Д.Баттөмөр зохиолыг нь бичиж, найруулагчаар нь ажиллан, өөрөө гол дүрд нь тоглосон “Tрио” кино гарч буй бөгөөд эрэлт ихтэй байна. Уг бүтээл өнгөрсөн онд Варшав, Таллин, Тайланд, АНУ-ын болон “Улаанбаатар” зэрэг олон улсын долоон кино наадмаас шагнал хүртсэн. Хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын Чонжугийн 24 дэх олон улсын кино наадамд сонгогдоод байна.
Агуулгаас нь товч дурдъя. Дауны хам шинжтэй хүүтэйгээ амьдардаг ганц бие эх нас эцэслэдэг. Эр биед хүрсэн хүдэр чийрэг хүү Жамаа нь өнөөх л янзаараа ярьж чадахгүй ч ижий нь ертөнцийн мөнх бусыг үзүүлснийг ойлгож, ижийтэйгээ хамт байсан жаргалтай мөчүүдээ гуниглан, гутран дурсаж, нус, нулимсандаа хутгалдаж явдаг тухай гардаг юм. Өнгөц харахад л даа. Хүдэр эрийн багын дүрд дауны хамшинжтэй Т.Тэлмүүн хүү тоглосон. Нийслэлийн 130 дугаар сургуулийн тусгай ангийн сурагч тэрбээр уг кинонд тоглосноор өмнө нь хэний ч төсөөлж байгаагүй амжилтад хүрч, олон улсын кино наадамд уригдаад байна. Түүнтэй танилцахаар, уулзаж, ярилцахаар гэрт нь очлоо. Эцэг, эх нь уриалгахан “Тэг ээ, тэг, манайд хүрээд ирээрэй” гэсэн юм. Очиход Т.Тэлмүүн ОХУ-д дээд сургууль төгсөж ирээд удаагүй ахтайгаа хоёулхнаа гэртээ байв. Шинэхэн төгсөгч, инженер залуу “Ээж ирж яваа” гээд бууз жигнэх зуур бид киноны гол баатартай танилцаж, сүүлдээ тоглов. Т.Тэлмүүн аав, ээж, үгүй, за, no no, yes гэх зэрэг үг хэлдэг. Харин хүмүүсийн ярихыг бол сайн ойлгодог юм билээ. Хариу үйлдэл үзүүлэхдээ сайн. Хүн аалзны зурагтай, багадах шахаж буй хослолоо өмсөх дуртай тэрбээр интернэтээс дуртай киногоо олж үздэг аж. Компьютер тоглоомоор удаан хугацаанд тоглож суудаг гэсэн. Үзсэн киноныхоо тухай бусдад ярьж өгөх дуртай. Ярихдаа үг хэлэхгүй болохоор бүхнийг үйлдлээр харуулдаг.
Биднийг ийн бужигнаж байхад ээж нь ирснээр ярилцаж эхэлсэн юм. Түүний нэр Д.Чимгээ, химич мэргэжилтэй. Ааш зан сайтай, дөлгөөн харцтай тэрбээр “Трио” киноны тухай сонирхолтой яриа өрнүүлээ.
-Хүүгээ кинонд тоглуулах болсон түүхээ сонирхуулна уу.
-Кино найруулагч Д.Баттөмөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдүүдэд тулгамддаг асуудлыг хөндөж, сэдэв болгон бүтээл хийх бодолтой болоод байсан үедээ дауны хам шинжтэй хүүхдүүд, насанд хүрэгсдийн ч амьдралын талаар харуулъя гэж шийдсэн юм билээ. Дэлхий нийтэд ийм хүмүүсийг ойлгох, гэр бүл, хамт олон нь халуун дулаанаар хандаж, хайрлавал уур амьсгал бүхэлдээ сайхан байх тухай таниулдаг болсон тул энэ талаар монгол кинонд ч тусгая гэж бодсон гэсэн. Найруулагч Дауны холбооны тэргүүн В.Ганзоригтой уулзаж, санаа бодлоо солилцсоны дараа манай хүүгийн сургуульд очиж, багшид нь хэрэг, зорилгоо хэлснээр ажил шуударсан гэж ярьж байна лээ. Нийслэлийн 130 дугаар сургуульд дауны хам шинжтэй хүүхдүүдийг нэг анги болгон зохион байгуулсан байдаг юм. Д.Баттөмөр хүүхдүүдийн хичээлд хэдэн өдөр сууж, судалжээ. Манай хүү насаар таараад, бас өөртэй нь царай, төрхөөр төстэй юм байна гэж үзээд, кинондоо тоглуулах хүүхдээр сонгосон гэсэн. (Биднийг ийн ярьж эхлэхэд Б.Тэлмүүн ээжийгээ кино бүтсэн түүхээр хийсэн нэвтрүүлгийг Youtube-ээс үзүүл гэж лүндэн буулгасан юм). Зохиол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ монгол ахуйдаа өсгөж, хүн болгон нийгэмшүүлж чадсан эхийн тухай юм. Тийм болохоор үйл явдал хөдөө өрнөдөг.
-“Хүүгээ кинонд тоглуулаач” гэсэн саналыг та бүхэн хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх сонсоод хүмүүсийн ажлыг баллах вий дээ гэж санаа зовж байгаагаа хэлсэн. Тэгэхэд уран бүтээлчид “Зүгээр ээ, бид тоглуулж чадна” гэхээр нь гэр бүлд бас нэгэн сонирхолтой түүх нэмэгдэх юм байна гэж ярилцаад зөвшөөрсөн. Хүү минь гол дүр Жамаагийн бага насны хэсэгт тоглосон гэсэн үг. Дурсамж, бодолд нь хааяа орж ирэх байдлаар зохиомжилсон.
-Хүү төвөггүй тоглосон гэж ойлгох уу?
-Гайгүй ээ. Кино бүтээх ажил бараг гурван жил үргэлжилсэн. Бидэнд 2020 оны намар хүүг кинонд тоглуулах болсон тухай хэлсэн юм. Монголд “Ковид-19” тархаж эхлээд байсан 2021 оны өвөл бид Хөвсгөл аймгийн Эг-Үүр сум руу явсан. Шинжилгээ өгөх, хөл хорионд байх гээд бүхий л замыг туулсаар өвлийн зургаа авсан юм. Хүүгийн ээжид Гавьяат жүжигчин Г.Нармандах тоглосон. Тэр ээжид нь дасгах зорилгоор бид дөрвийг нэг байшинд байрлуулсан. Зураг авалтын талбай руу нөхөр бид хоёр явдаггүй байлаа. Яагаад гэхээр хүү биднийг харахаараа эрхэлж, нялхраад хий гэснийг хийхгүй байх янзтай. Багаас нь өдөр өнжүүлэх бүлэгт явуулж байсан болохоор багшийн заасныг хүлээж авах, даалгавар гүйцэтгэх зэрэгтээ дажгүй.
-Одоо харж байхад өөлөх юмгүй, яг л дүр бүтээсэн юм шиг.
-Дүр бүтээсэн. Найруулагч, уран бүтээлчид чухам хэр зүдэрч ард нь гарсан юм бол. Бид хоёрт мэдэгдэх юм байгаагүй. “Зураг сайхан боллоо” л гэдэг байсан. Бид хүүгийнхээ идэх дуртай хүнс, хоолыг сайтар базаагаад явсан болохоор жаахан уурлаж, ундууцах болбол дуртай юмыг нь өгч тайвшруулж байлаа.
-Та хоёр зураг авалтад явдаггүй байсан болохоор тухайн үед ямар зураг авсныг, ер нь бүтээл бүхэлдээ юуны талаар гэдгийг тийм ч сайн ойлгоогүй байв уу?
-Бидэнд ойлголтыг сайтар өгөлгүй яах вэ. Дэвшүүлж байгаа санаа таалагдсан болохоор хүүгээ тоглуулахаар шийдсэн гэж үзэж болно. Хүний амьдрал өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс дунд жам ёсоороо явдаг. Хүн ирээд, буцаад байгальдаа шингэдэг гэдэг санааг гаргахдаа буддын шашин, хүн байгаль, дауны хам шинжтэй гэсэн гурван сэдвийг холбож өгсөн нь сонирхолтой шийдэл санагдсан. Бурхан болоочийг ил хөдөөлүүлдэг байсан ёс нь монголчуудын уламжлал, соёл бөгөөд байгальд ээлтэй, ухаалаг шийдэл гэсэн санааг дэвшүүлсэн. Бас дөрвөн улирал, Монголын байгалийн үзэсгэлэнг тод харуулсан нь гадаадынханд сонирхол төрүүлэх, жуулчдыг татахад нэмэртэй бүтээл болсон гэж бодож байна.
-Киноны Монгол дахь нээлт болсныг хүү сайн ойлгосон уу?
-Ойлгосон. Тухалж суугаад үзсэн. Тайзан дээр гарсан. Зөндөө олон цэцгийн баглаа авсан. Энэ бүхэнд баярлаад л байлаа. Ээж, хүү хоёр нээлтэд оролцох бэлтгэл сайн хийсэн. Үсэндээ хими хийлгэж гангараад очсон шүү дээ.
-Сайн хүү юм аа. “Трио”-г БНСУ-ын олон улсын наадам урьсан байна лээ. Үйл явдал ар араасаа өрнөж байна шүү.
-БНСУ-ын кино наадамд хүүг минь урьсан. Аав, ээжийнхээ аль нэгтэй ирээрэй гэсэн байна лээ. Бид гурвуулаа явах бодолтой байгаа.