Хятад, Өмнөд болон Хойд Солонгос, Япон, Орос, Монголыг хамруулсан судалгааг эхлүүлжээ
“Монгол орон цэлмэг хөх тэнгэрээрээ алдартай, хэн хүнгүй шагшдаг. Харин одоо Улаанбаатарыг саарал утаа бүрхэж байна. Монгол Улсын хувьд агаарын бохирдол маш хурц асуудал болжээ” хэмээн өчигдөр эхэлсэн “Цэвэр агаар” дээд түвшний чуулга уулзалтад оролцсон БНСУ-ын Байгаль орчны судалгааны үндэсний хүрээлэнгийн ерөнхийлөгч бөгөөд дэд сайд Ким Донгжин хэллээ. Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн хэмжээний эл чуулганыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК), Байгаль орчны хөтөлбөрөөс манай Засгийн газартай хамтран Монголд анх удаа зохион байгуулж байгаа нь энэ.
Мэдээж оролцогчид зөвхөн манай агаарын бохирдол, Улаанбаатарын утааны талаар ярих гэж цуглаагүй. Улс орон бүр, дэлхий дахины өмнө тулгамдаж буй агаарын бохирдол, түүнийг дагалдан үүсэж байгаа асуудлуудыг хамтдаа шийдэх ёстой гэдэгт тус чуулга уулзалтад оролцогчид санал нэгтэй байна. Тиймээс ч агаарын бохирдлыг бууруулсан туршлага, баримталж буй бодлого, төлөвлөгөөгөө өөр хоорондоо харамгүй хуваалцав. Өнгөрсөн онд АНДЭЗНК-ын гишүүн орнууд чуулж, агаарын чанарын менежментийг сайжруулах, хяналтыг нь хөнгөвчлөх, нээлттэй мэдээлэл болон сайн туршлагаа солилцох, олон талт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 53 орны 200 гаруй төлөөлөгч манай улсад хүрэлцэн иржээ. НҮБ-ын АНДЭЗНК-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсия Алишабана тус чуулга уулзалтад оролцохын сацуу манай улсад ажлын айлчлал хийж байгаа юм. Түүнчлэн “Цэвэр агаар” дээд түвшний чуулга уулзалт нь 2026 онд манай улсад зохион байгуулах “COP 17” буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг угтан хийж буй арга хэмжээ болж байна.
Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын агаарын бохирдлын 60 хувь нь тээврийн хэрэгслээс үүдэлтэйг Байгаль орчны сайд Насир Ахамед дурдав. Тиймээс нүүрсхүчлийн хийн ялгарлыг 2050 он гэхэд 70 хувиар бууруулах зорилт тавьж, үүндээ хүрэхийн тулд тоосонцрыг бууруулах, холбогдох стандартаа чангатган, ягштал мөрдүүлж, ногоон барилга болон тээврийг дэмжих бодлогыг тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж буйг тэрбээр чуулга уулзалтад цахимаар оролцохдоо танилцуулсан юм. Шри Ланка улсын эрх баригчид бараг 10 жил ярьсны эцэст агаарын бохирдолтой холбоотойгоор Хохирлын сан байгуулахаар болсныг ч дуулгав. Сайд Насир Ахамед “Шри Ланка бол арлын улс. Манай бохирдлын багагүй хэсэг нь хил дамжин орж ирдэг. Тиймээс үүнийг бууруулахын тулд улс орнуудын, цаашлаад бүс нутгийн хамтын ажиллагаа хамгийн чухал. Ингэхдээ улс төрийн өндөр түвшинд бодлогоо тууштай хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээхдээ “уур амьсгалын шударга байдал”, “уур амьсгалын колоничлол” гэх нэр томьёог нэг бус удаа дурдсан нь анхаарал татлаа.
Япон Улсын Байгаль орчны дэд сайд Оно Хироши мөн цахимаар оролцсон бөгөөд хөрш, зэргэлдээ Хятад, Өмнөд Солонгос улстай энэ чиглэлээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэн, холбогдох сайд нар тогтмол уулзаж, ярилцаж буйгаа мэдээлсэн юм. Өнгөрсөн зууны хагасаас хойш тус улсын төр, засгаас агаарын бохирдолд илүүтэй анхаарал хандуулж, өнөөдрийг хүртэл тасралтгүй хэмжиж, хянаж, гарсан үр дүнд нь уялдуулан холбогдох дүрэм, журмаа сайжруулж ирснийг хэллээ. Ингэхдээ улс орнууд дотооддоо төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд ойлголтоо нэгтгэн, шинжлэх ухаанд суурилсан арга хэмжээ боловсруулах нь чухал болохыг ч тэмдэглэв. Чуулганы хүрээнд хэд хэдэн хэлэлцүүлэг өрнүүлж буй бөгөөд өчигдөр болсон “Агаарын чанарын менежментийг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Бүгд Найрамдах Филиппин Улсын Байгаль орчин, байгалийн нөөцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Хуан Мигель Куна улс орнууд тээвэр, шатахууны стандартаа нэгтгэн, чангатгахаас гадна бохирдол бага ялгаруулдаг автомашиныг нийтээр хэрэглээнд нэвтрүүлэх хугацаагаа ч уялдуулах нь чухал болохыг онцолж байлаа. Жишээ нь, “Евро-5” ангиллын бензин, дизелийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхдээ улс орнууд бие биеэсээ хол хоцрохгүй байх нь үр дүн өндөртэйг тодотгосон юм.
Индонез улс 2008 онд Байгаль хамгаалал, менежментийн тухай хууль баталж, 2012 оноос авто замын хөдөлгөөнд мотоциклыг тодорхой хэмжээгээр хязгаарласнаар мэдэгдэхүйц үр дүнд хүрснийг дэд сайд Оно Хироши сонирхуулсан. Мөн шингэрүүлсэн шатдаг хийгээр уурын зуух ажиллуулан, иргэдийн эрүүл мэндэд агаарын бохирдлоос үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах төслийг Японы Засгийн газраас Улаанбаатарт хэрэгжүүлсэн талаар дэд сайд Оно Хироши энэ үеэр дурдана лээ. Үүнээс гадна агаарын чанарын мэдээллийг манай улстай солилцож байгаа гэв.
Харин БНСУ-ын тухайд мониторинг хийх суурин станц ажиллуулж, агаарын бохирдлыг бууруулахдаа сансрын технологи, хиймэл дагуул ашиглаж байгааг дэд сайд Ким Донгжин “гайхууллаа”. Технологийн олон шийдлээр хянахаас гадна холбогдох дүрэм, журмаа чангатган, хөрөнгө оруулалтыг нь нэмснээр агаарын бохирдлоо бууруулж буй аж. Ер нь бохирдлыг хянаж, хэмжих нь чухал гэдгийг тэрбээр хэд хэдэн удаа хэлсэн юм. Гэхдээ тус улсад өвөлдөө агаарын бохирдол илүүтэй нэмэгддэг гэнэ. Тиймээс арванхоёроос гуравдугаар сард онцгой анхаарч, үйлдвэр болон автомашинаас ялгарах бохирдлыг хянах үйл ажиллагаагаа чангатгадаг юм байна. Тухайлбал, станцуудын ажиллах цагийг хатуу тогтоож, мөрдүүлдэг аж. Үндсэндээ тус улсад агаарын бохирдлын эх үүсвэрийг тогтоох, хэмжих, хянах, хариу арга хэмжээ авах цогц систем тасралтгүй ажилладаг нь амжилттай үр дүн дагуулдаг гэлтэй.
Агаарын бохирдлоо сүүлийн 10 жилд амжилттай бууруулснаа манай өмнөд хөршийнхөн ам бардам хэлж байна. Энэ хугацаанд агаар дахь хүхрийн хүчлийн агууламжийг 71 хувиар бууруулж, 26 томоохон хотод тусгайлан бодлого хэрэгжүүлжээ. Ингэхдээ агаарын чанарын суурин харуулын сүлжээгээ хөдөлгөөнт болон зайнаас тандах технологиор өргөтгөсөн байна. Киргизстаны Бишкек, Казахстаны Алматыд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн талаар тус банкны эдийн засагч Жулис Хюгот танилцуулсан. Төслийн хүрээнд Бишкект бохирдол хэмжих өртөг багатай 50 мэдрэгч суурилуулсан байна. Үүнээс өмнө тус хотод ердөө хоёр мэдрэгч байсны нэг нь Киргизстан дахь АНУ-ын Элчин сайдын яаманд, нөгөө нь төрийн мэдлийнх гэнэ. Төслийн үр дүн Бишкект илүү байгаа бөгөөд одоо бохирдлын эх үүсвэрийг тодорхойлох шатанд яваа аж. Улмаар Бишкект нийтийн тээвэр, унадаг дугуйнд зориулсан эгнээ, зам бий болгож буй бөгөөд үүнийгээ “ногоон коридор” хэмээн нэрлэжээ.
Олон улсын хэмжээнд байгаль, экологийн чиглэлээр зарцуулж буй нийт санхүүжилтээс хамгийн бага хэсэг нь агаарын бохирдлын эсрэг зориулагдаж байгааг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийнхний Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Дэчин Цэрэн өчигдөр онцолно лээ. Мөн 2019 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс хийсэн судалгаагаар аливаа улс орны байгаль орчны чиглэлээр хийсэн хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтөд нь эергээр нөлөөлдөг болох нь тогтоогдсоныг тэрбээр сануулав.
Чуулга уулзалтын эхэнд сайд нарын түвшний дугуй ширээний уулзалт болсон юм. Үүнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн оролцов. Ингэхдээ тэрбээр нэлээд хожимдож, бараг өндөрлөх үед морилсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй чухал ажлаар уулзаж байгаа учраас саатсаныг нь зохион байгуулагчдын зүгээс тайлбарлана лээ. Дугуй ширээний уулзалтыг удирдсан, бүс нутаг хариуцсан захирал Дэчин Цэрэн түүнээс Монголын том асуудал болсон Улаанбаатарын утааг бууруулахын тулд сайжруулсан түлш хэрэглэж, хязгаарлалтын бүс тогтоосон бодлогын үр нөлөөний талаар тодруулахад, халааснаасаа нугалсан цаас гаргаж ирээд дуржигнатал уншчихав. Уншсан үгс нь тодорхой хариулт өгөхөөргүй, “дэмжинэ, хамтран ажиллана, таатай байна” гэхээс хэтэрсэнгүй. Эцэст нь сайд Б.Чойжилсүрэн “Монгол Улс агаарын чанарын мэдээллийн нэгдсэн платформ ажиллуулна. Ингэснээр өгөгдлийг бүс нутгийн хэмжээнд ашиглах боломж бүрдүүлнэ. 2024 оны нэгдүгээр сараас хагас коксжсон түлшийг Улаанбаатарт нэвтрүүлж, хэрэглэснээр бохирдлыг 40 хувиар бууруулна. 10 800 айл өрхийг шөнө цахилгаанаар халаана” гэж, ирээдүй цаг дээр хэдэн өгүүлбэр хэллээ. Бүгд Найрамдах Казахстан Улсын Экологи, геологи, байгалийн нөөцийн дэд сайд Нуркен Шарбиев мөн цаас харж үг хэлснийг эс тооцвол бусад оролцогч нь маш бүтээлч, идэвхтэй байж туршлага, санаа оноогоо илэн далангүй хуваалцсаныг зориуд тэмдэглэе.
ДЭМБ-аас 2021онд шинэчлэн гаргасан Агаарын чанарыг үнэлэх аргачилсан зааварт гадна болон дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх, судас, амьсгалын замын өвчлөлтэй холбоотой нас баралт долоон саяд хүрч, жил бүр нэмэгдэж байгааг энэ үеэр дурдсан юм. ДЭМБ-ын Байгаль орчны эрүүл мэндийн Ази, Номхон далайн бүсийн төвийн захирал Али Аким “Агаарын бохирдлыг дэлхийн хэмжээнд үлэмж бууруулахын тулд эдийн засгийн өсөлт, санхүүжилтийн талаар ярихаас илүүтэй хүмүүсийн эрүүл мэндэд анхаарах ёстой. Агаарын бохирдлоос болж нэг тивд жилд дунджаар дөрвөн сая хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Дэлхий хэмжээнд авч үзвэл ойролцоогоор долоон саяас дээш хүн нас бардаг. Нас баралтыг багасгаж, эрүүл мэндийг нь хамгаалахын тулд нүүрсний хэрэглээг бууруулах нь чухал” гэж байлаа.
Ташрамд дурдахад, “Зүүн хойд Азийн агаарын чанар” байгууллагаас Хятад, Өмнөд болон Хойд Солонгос, Япон, Орос, Монгол гэсэн зургаан улсын агаарын бохирдлын талаар судалгаа эхлүүлснийг тус байгууллагын ерөнхий шинжээч Жүн Хун Вүү дуулгав.