Кристофер Жон (Крис) Хипкинс энэ оны нэгдүгээр сарын 25-наас Шинэ Зеланд улсын Ерөнхий сайдаар ажиллаж эхлэв. Тэрбээр тус улсын төр, нийгмийн томоохон зүтгэлтний нэг юм.
Хипкинс 1978 оны есдүгээр сард Веллингтонд төржээ. 2008 оноос Ремутак тойргоос Парламентын гишүүнээр сонгогдож, 2017 оноос Боловсролын, 2022 оноос Цагдаагийн яамны сайдаар ажиллаж байв. 2020 оны долдугаар сараас арваннэгдүгээр сард буюу цар тахлын ид үед Эрүүл мэндийн сайдын албыг тэрбээр хашиж байв. 2020 оны арваннэгдүгээр сараас 2022 оны зургадугаар сард цар тахлын эсрэг авах арга хэмжээ хариуцсан сайд хийжээ. 2023 оны нэгдүгээр сард Жасинда Ардернийг огцорсны дараа Хипкинс эрх баригч Лейборист намын даргын суудалд өрсөлдөгчгүй дэвшиж, Шинэ Зеландын 41 дэх Ерөнхий сайд болсон юм.
Тангаргаа өргөсний дараа Крис Хипкинс Сайд нарын танхимын анхны хуралдаанаа хийж, Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийг тогтоов. Шинэ Зеландын амбан захирагч Синди Киро Ерөнхий сайдаар Хипкинсийг, орлогчоор нь Кармел Сепулонийг томилж буйг сайшаан дэмжиж холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан юм. “Үүгээр бид та бүхний томилгоог хууль эрх зүйн хүчин чадалтай болгож байна” гэж тэрбээр хэлсэн байна. Хипкинс Ерөнхий сайдын суудлаа албажуулахаас өмнө хэлэхдээ сүүлийн 32 жилд хамгийн өндөр үзүүлэлтэд (7.2) хүрээд байгаа мөнгөний ханш уналтын эсрэг тэмцэлд хүчин чармайлт гаргаж, цар тахлын дараа улсынхаа эдийн засгийг сэргээнэ гэж амласан юм. 44 настай Хипкинс Төлөөлөгчдийн танхимыг бас тэргүүлж байжээ.
Ерөнхий сайд асан Жасинда Ардерн огцрох бодолтойгоо нэгдүгээр сарын 19-нд илэрхийлэхдээ улс төрийн үйл ажиллагаанаас, хариуцлагаас уйдаж залхаж байгаагаа тайлбарлаж, цаашдаа гэр бүлдээ аль болох их цаг зарцуулах хүсэлтэйгээ шулуухан хэлсэн юм. Засгийн газрын тэргүүн асан, 42 настай, хатагтай Жасинда Ардерн ийм шийдвэр гаргахад түүнд ирсэн олон тооны доромжлол, заналхийлэл нөлөөлсөн нь хэвлэлийн мэдээллүүдээс хожим нь тодорхой болсон аж.
Хипкинсийн орлогчоор ажиллах болсон Кармел Сепулони нь Нийгмийн хөгжлийн яамыг толгойлж байжээ. Тэрбээр “Эрч хүч, урам зориг орж буйгаа мэдэрч, ажилдаа орох цагийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн Парламентад санал хураасны дараа сэтгүүлчдэд хэлсэн байна. Крис Хипкинс шинэ өндөр албанд очихын өмнө цагдаа, боловсрол, төрийн удирдлагын Департаментыг тэргүүлж байсан бөгөөд өмнөх Ерөнхий сайд Жасинда Ардерн “Цаашид дахин дөрвөн жил ажиллахад эрч хүч надад хангалттай биш байна” хэмээн нүдэндээ нулимстай хэлсний дараа Хипкинс шийдвэрээ гаргажээ. Энэхүү Жасинда Ардерн 2017 оноос Шинэ Зеландын Засгийн газрыг тэргүүлж ирсэн юм. Энэ эмэгтэй Ерөнхий сайдаар таван жил гаруйн хугацаанд ажиллахдаа улсыг удирдаж байгаа хүн үндэсний эрх ашгаа хамгаалахдаа энэрэн нигүүлсэх зарчмыг удирдлага болгож, “Ковид-19”-ийн үед Шинэ Зеланд дэлхий дахинд үлгэр үзүүлж байсан хатуу хорио цээрийн нөхцөлд хүнд хэцүү шийдвэр гаргах чадвартай байхын жишээг харуулсан гэж үздэг юм. Тэрбээр албаа орхих болсноо “Засгийн газрын тэргүүн байх энэ эрх дархтай байдал чинь хариуцлага юм. Төрийн жолоо барихад тохирох хүн гэдгээ, бас чадахаа больж буйгаа ойлгох чинь хариуцлага юм байна” гэж хэлсэн байдаг. Дахин гурван жил ажиллах хүч өөрт нь байгаа, эсэхийг мэдэх гэж хичээгээд түүнийг олж чадсангүй, хоолой нь чичирч байсан гэдэг.
Жасиндагийн эрин 2017 оны наймдугаар сард эхэлжээ. Парламентын сонгууль болоход нэг жил хагасын хугацаа үлдээд байхад Лейборист нам удирдагч Эндрю Литтлийнхээ нэр хүндтэй холбоотойгоор рейтингээ ихэд алдсан үед намаа толгойлох үүрэг 37 настай Жасиндад ногдсон юм. Долоо хоноход намын рейтинг 10 хувиар өсөж, 33 болсон байв. Тухайн үед Ардерн депутатаар сонгогдоод арван жил болчихсон, Шинэ Зеландын хоёр ч Ерөнхий сайдын дэргэд шинжээч, Британийн Ерөнхий сайд ТониБлэрийн албанд зөвлөхөөр ажиллачихсан байв. Ардерн эвслийн Засгийн газрыг тэргүүлэх боллоо. Хоёр дахь жил нь хүүхэд төрүүлж, Нельсон Манделагийн 100 жилийн ойд зориулж НҮБ-аас зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтад, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд гурван сартай хөхүүл охиноо аваад очив. Хүүхдийнх нь эцэг Кларк Гейфорд ч хамт явжээ. Түүний энэ үйлдлийг “Guardian” сонин “түүхэн” гэж нэрлэсэн бол Ардерн өөрөө “Эмэгтэйчүүдээс ялгаатай нь хүүхдээ аваад “ажилдаа явах” аз надад тохиолоо” гэж хэлсэн байдаг. Улс орноо удирдаж байхдаа эх болох үүргээ орхиогүй дэлхийн хоёр дахь эмэгтэй Ардерн болсон юм. Нэг дэх нь Пакистаны Ерөнхий сайд агсан Беназир Бхутто байв. Тэрбээр 1990 онд амаржсан байдаг.
2019 оны хавар Крайстчерч хотод олныг хоморголон хөнөөсөн хэрэг гарч, Шинэ Зеландыг хэсэг хугацаанд дэлхийн анхааралд оруулсан түүхтэй. Гуравдугаар сарын 15-нд буугаар зэвсэглэсэн хэт үндсэрхэг үзэлтэн баасан гаригийн мөргөлийн үеэр хоёр ч сүмд гал нээн 51 хүнийг аминд хүрч, олон иргэнийг шархдуулсан юм. Энэ харгис үйлдлийн дараа төр тэргүүлж буй залуу эхийн хувьд биш, улсынхаа түүхэнд тохиолдсон хүнд хямралыг нэр төртэй давж гарсан улстөрчийн хувиар Ардерний нэр алдар түгсэн юм. Гэмт хэрэгтнийг түүхэнд оруулахгүйн тулд Ардерн тэр этгээдийн нэрийг хэлэхээс эрс татгалзаж, Крайстчерч хотод төлөөлөгчидтэй уулзахдаа исламын шашны ёсыг дагаж толгойдоо алчуур зангидаж, амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсдийг өөрийн биеэр тайвшруулахыг хичээж байв. Ялгаварлан гадуурхах үзэл, үндэсний олонхын дээрэнгүй хандлагатай бүхий л хэлбэрээр тэмцэх нь Ардерний бодлогын чухал хэсэг, хувийн үнэт зүйлийнх нь нэг байжээ. Хүн амынх нь 17 хувийн эзэлдэг Шинэ Зеландын уугуул ард түмэн болох маоричуудыг Ерөнхий сайд байхдаа тэрбээр идэвхийлэн дэмждэг байв. Маоричуудтай уулзахдаа тэрбээр уламжлалт хувцсыг нь өмсөж, тэдний хэлээр яриагаа эхэлдэг байсан аж.
Хэлэлцээр хийсний дараа Финландын удирдагч Санна Марин, Жасинда Ардерн нар сэтгүүлчидтэй уулзаж байхад нэгэн эрэгтэй сурвалжлагч тэднээс“Хоёул эмэгтэй хүн, бас нас чацуутан болохоор уулзахаар шийдсэн байх”гэсэн утгатай асуулт тавихад нь Ардерн “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Ки нарыг уулзахад тэд мөн нас чацуу учраас уулзахаар шийдсэн үү гэж хэн нэгэн асуусан болов уу” гэж хариулсан байна. Обама, Ки нар таван өдрийн зөрөөтэй төрсөн байж.
Ардерн Ерөнхий сайд болсныхоо дараахан 2017 оны арваннэгдүгээр сард Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгчтэй анх удаа нүүр учирч. Тэгэхэд АНУ-ыг Дональд Трамп удирдаж байв. Хүндэтгэлийн зоогт морилохоор хүлээж байх зуурт Трамп нөгөө л эрээгүй зангаараа Ардерн руу заагаад хажуудаа байгаа хүнд “Энэ хатагтай эх орондоо олон хүний урмыг хугалаа даа” хэмээн чанга гэгч хэлэхэд Шинэ Зеландын Ерөнхийсайд хариуд нь намайг сонгуульд ялсны дараа наад зах нь эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулаагүй шүү хэмээн хэлсэн гэдэг. Ардерн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, Трампын эсрэг маршид оролцож байжээ.
2020 оны намар болсон сонгуульд Ардерний тэргүүлсэн лейбористууд ялалт байгуулж, Парламентын 120 суудлын 64-ийг авав. Гэтэл цар тахлын эсрэг Засгийн газрын хийж буй ажилд иргэд сэтгэл дундуур байх болж, улмаар гудамжинд гарч тэмцэл өрнүүлсэнюм. Уг нь цар тахалтай Шинэ Зеландын Засгийн газрын хийсэн тэмцэл Ардернийг дэлхийд од болгоод байв даа. Сүүлдээ уг тэмцэл түүний үйл ажиллагааг эцэслүүлэх учиртай байж. Эсэргүүцэгчид Адольф Гитлерийн сахлыг дууриалгаж зурсан Жасиндагийн хөргийг бариад Парламентын ордны хажууд зогсох боллоо. Тэд халдварт өвчинтэй хийж байгаа тэмцлийнхээ хүрээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 9-нд Засгийн газрын тогтоосон хязгаарлалтыг цуцлахыг шаардсан юм.
Коронавирусийн эхний давлагааг Шинэ Зеланд гарз хохирол багатай давж, 2022 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар 68 хүн амиа алдсан байв. Тэгэхэд эднийхтэй адил шахам тооны хүн амтай Финландад цар тахлаар 2.8 мянган хүн нас барсан байлаа. Шинэ Зеланд улс харин омикрон хувилбартай ингэж тэмцэж чадсангүй.
Хөл хорио, хязгаарлалт тогтоосонд залхсан хүмүүсийн тэсвэр тэвчээр барагдаж, 2022 оны гуравдугаар сард тэмцэгчид нийслэлийн төвд, Парламентын ордны өмнөх талбайд гурван долоо хоножээ. Цагдаа нар тэднийг тарахыг шаардсанаас жагсагчид хийгээд хэв журам сахиулагчдын хооронд мөргөлдөөн эхэлж, резинэн сум, нулимс асгаруулагч хий ашиглахад хүрэв. Жагсагчдын энэ үйлдлийг “Манай цагдаа, парламент, манай үнэт зүйлд халдсан том алдаа” хэмээн Ардерн үзэж эрс эсэргүүцсэн аж.
Цар тахлын жилүүдэд дэлхийн олон оронд тулгарсан бэрхшээл одоо Шинэ Зеландтай нүүр тулаад байна. Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх үүрэг Ардерний халааг авсан хүнд ирж байна. Тэр хүн нь Крис Хипкинс. Лейборист намаас Ерөнхий сайдын албанд нэрийг нь дэвшүүлсэн ганц хүн.
Бэлтгэсэн Р.Жаргалант