ШУТИС-ийн нэгэн доктортой саяхан уулзахад “Миний санааг хамгийн их зовоож байгаа асуудал бол манай улсын мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо. Их, дээд сургуулиуд ямар ч бодлого, төлөвлөлт, уялдаа холбоогүй үйл ажиллагаа явуулж байна. Аль чиглэлээр мэргэжилтэн бэлтгэвэл нийгэмд хэрэгтэй, үнэ цэнтэйг чухалчлахын оронд яавал илүү олон хүүхэд элсүүлж, төлбөр авах вэ гэж боддог болж. Эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоо бүрдүүлэхгүй бол Монгол Улс нарийн мэргэжлээр сурах, ажиллах хүнгүй болоход ойртлоо. Нягтлан бодогч, эдийн засагч, хуульч, уул уурхайн мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй байхад сургуулиуд элсэлтээ нэмсээр, учраа мэдэхгүй хүүхдүүд хошуурсан хэвээр. Ийм байдал үргэлжилсээр байвал 10 жилийн дараа гэхэд манай орны хөдөлмөрийн зах зээл гүн хямралд орох шинжтэй” хэмээн толгой сэгсрээд хачирхалтай жишээ дурдсан юм.
ШУТИС 2022 оноос соёлын өв сэргээн засварлах мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Гэтэл эл ангид нэг ч суралцагч элсээгүй гэнэ. Шинэ хөтөлбөр, мэргэжлийнхээ үнэ цэн, ач холбогдлыг таниулах үүднээс салбар сургуулийн хамт олон нийслэл, орон нутагт хэрэндээ мэдээлэл түгээн, төгсөгчдөд танилцуулсан ч үр дүн гараагүй байна. Ингээд багш нар нь гайхшаа барж, ажлын байртай үлдэх, эсэхдээ ч санаа зовниж эхэлсэн гэх. Энэ явдал дээрх докторыг ихэд эмзэглүүлж, дээд боловсролын тогтолцоо, тэр дундаа мэргэжилтэн бэлтгэх сургалт, хөтөлбөрт шүүмжлэлтэй хандахад нөлөөлжээ. Түүний ярьсан мэдээллийг бататгах зорилгоор судалж үзэхэд үнэхээр тийм зүйл болжээ.
Тус сургууль нийгмийн эрэлт хэрэгцээ, соёлын асуудал эрхэлсэн байгууллагаас дэвшүүлж буй бодлогод тулгуурлан Механик, тээврийн сургуульдаа соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын технологи гэсэн бакалаврын түвшний шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Сурлагын амжилт гаргасан хоёр оюутныг жил бүр БНСУ-ын Гунжү их сургуулийн Соёлын өвийн хадгалалт, хамгааллын тэнхим болон Үндэсний музейд дадлага хийлгэхээр, мөн тус орны чадварлаг мэргэжилтнүүдээр хичээл заалгахаар гэрээ хэлцэл хийгээд байж. Харамсалтай нь, энэ боломжийг ашиглах залуус гарч ирээгүй аж. Механик, тээврийн сургуулийн нэгэн багш “МУИС болон Улаанбаатарын их сургууль зэрэг сургалтын цөөн байгууллага түүх, археологийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж ирсэн боловч яг соёлын өв сэргээн засварлагч, хадгалан хамгаалагчдыг сургах тусгай хөтөлбөр, ангигүй. Бид улсдаа анх удаа энэ чиглэлээр ахисан түвшний хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьсон юм. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт гэж бие даасан томоохон салбар шинжлэх ухаан бий болсон байна шүү дээ. Тиймээс энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Түүх, соёлын өв дурсгалыг бүтээсэн аргачлал, онцлогт нь тохируулан өндөр түвшинд нөхөн сэргээх, засварлах, нарийвчлан шинжлэх, дижитал төхөөрөмжийн тусламжтай баримтжуулж, цаашид тогтвортой хадгалах технологи боловсруулах чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь бидний зорилго. Тиймээс соёлын салбарт өндөр туршлагатайд тооцогддог орны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаар болсон юм. Соёлын өвийн үндэсний төв, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэн сүүлийн жилүүдэд хамтран ажиллаж, соёлын салбарт өргөн хүрээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буйг сэргээн засварлагч мэргэжил эзэмших залууст цаашид олон боломж нээгдэх гарц гэж харж байна” хэмээн ярилаа.
Механик, тээврийн салбар нэгэн цагт ШУТИС-ийн хамгийн нэр хүндтэй, элсэгч олонтой сургуульд багтдаг байжээ. Машин электроник, механик системийн загварчлал, үйлдвэрийн автоматжуулалт, механик инженер, тээврийн менежмент зэрэг үндсэн 18 мэргэжлээр оюутан элсүүлдэг байснаа өнгөрсөн жил нэгээр нэмсэн нь соёлын өв сэргээн засварлагч. Сүүлийн жилүүдэд тус сургуульд элсэгчдийн тоо эрс цөөрч, үүнийг дагаад үнэлэмж нь ч буурчээ. Ганц энэ салбараар тогтохгүй Барилга, архитектур, Үйлдвэрлэлийн технологийн сургуульд элсэн суралцагчдын тоо ч цөөрч, нарийн нандин гэж хэлж болохуйц мэргэжлийн зарим анги нь хаагдахдаа тулаад буй гэх. Тухайлбал, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи, хөнгөн үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж, хүнсний үйлдвэрийн машин аппарат зэрэг ангид суралцах оюутан ховордсон гэнэ. МУИС, ХААИС зэрэг үндэсний мэргэжилтэн бэлтгэдэг улсын томоохон сургуулиудад ч ийм жишээ байна. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд суралцах залуус мөн цөөрчээ. Ойн инженерээр гэхэд жилдээ 20 хүрэхтэй, үгүйтэй оюутан төгсдөг, I-IV дамжаанд нийт 50-60 залуус л суралцдаг болсон гэнэ. Өнөөдрийн байдлаар манай улсад ойн чиглэлээр 600 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багадаа 7000 мэргэжилтэн, 1200 гаруй инженер хэрэгтэйг МУИС-ийн профессор, ой судлалын ухааны доктор Н.Баатарбилэг ярьсан. Улс даяараа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эрчмийг сааруулах “ногоон давлагаа” эхлүүлээд буй цаг үед ажиллах боловсон хүчний хомсдолтой, суралцах хүсэл эрмэлзэлтэй залуусгүй байна гэдэг юутай эмгэнэлтэй. Ямар сайндаа л ЭЕШ өгөхгүйгээр ойн ангид элсэж, 1.5-2 жил суралцаж төгсөх боломж (“Ойн аж ахуйн инженер” хөтөлбөр хэрэгжүүлж буй)-ийг тус сургууль залууст санал болгож эхлэх вэ дээ.
Эдгээр жишээ нь дээрх докторын хэлсэн дээд боловсролын салбар дахь тогтолцооны гажуудлыг баталж байна. Манай улс Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй холбоотойгоор ойн салбарт урьдынхаас илүү анхаарах болсон. Мөн Засгийн газар соёлын өвийг хадгалан хамгаалах, сурталчлан таниулах чиглэлд санаа тавьж эхэлсэн. Эл салбаруудад ажиллах хүний нөөц бэлтгэх, мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг давтан сургах, мэргэшүүлэх, цалин хангамжийг нь сайжруулах асуудалд нухацтай хандаж буй. Залуус мэргэжлээ сонгохдоо нийгмийн эрэлт хэрэгцээ, ирээдүйн үнэлэмжийг нь чухалчилдаг бол, үндэсний хэмжээнд мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөө төрийн бодлого, шийдвэртэй уялдуулдаг байсан бол улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэртэй соёл, үйлдвэрлэл, байгаль орчны салбарын эдгээр мэргэжил ингэтлээ үнэгүйдэхгүй байсан болов уу.
Цаг үеэдагаад, техник, технологийн хөгжлийн үр нөлөөгөөр хөдөлмөрийн зах зээлд олон өөрчлөлт гарч байна. Ерөнхий мэргэжлүүд зах зээлээс шахагдаж эхэллээ. Техник, технологи (хиймэл оюун ухаанд суурилсан) хүнийг хангалттай орлох хэмжээнд хөгжчихсөн учраас тэр юм. Магадгүй 10 жилийн дараа гэхэд теллер, зээлийн мэргэжилтэн зэрэг банктай холбоотой бүх мэргэжил үгүй болох шинжтэй. Ирээдүйд устаж үгүй болох ажил мэргэжлийн уртаас урт жагсаалт хэдийн гарчихсан. Тиймээс залуус мэргэжлээ сонгохдоо ирээдүйн үнэ цэн, ач холбогдол, үнэлэмжийг нь юуны түрүүнд чухалчлах шаардлага бий болоод байна. Энэ шалгуураар шүүжүзэхэднарийн мэргэжил хамгийн “тэсвэртэй”-д тооцогддог. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаанд суурилсан техник, технологиор (робот ашиглах нь ихэссэн) гүйцэтгэхэд бэрхшээлтэй, нарийн ур чадвар, ажиллагаа шаарддаг мэргэжил эзэмших нь энэ цаг үед илүү үнэ цэнтэй гэж дүгнэх болсон. Түүх, соёлын өв сэргээн засварлах, арьс ширэн бүтээгдэхүүн боловсруулах, ойжуулалт, нөхөн сэргээлт хийх зэрэг нь цөм чимхлүүр ажиллагаа шаарддаг нарийн мэргэжил юм. Алс хэтдээ хэрхэхийг мэдэхгүй ч ойрын ирээдүйд лав“амь бөхтэй” байх нь дамжиггүй. Үүнээс өөр олон мэргэжил бий. Тиймээс мэргэжлээ сонгохдоо ирээдүйн үнэ цэнийг бодолцож, ул суурьтай хандах нь чухал байна. Мөн төр эрэлттэй, үнэ цэнтэй гэсэн мэргэжлүүдийн бодит үнэлэмжийг сайжруулахад анхаарах шаардлагатай болжээ.