Улаанбаатар хотод ирэх сарын 2-3-нд болох “Цэвэр агаар” дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан, “Пипл ин нийт”, “Жэрэс”, “Агаарын харуул” олон улсын байгууллага, Тогтвортой санхүүжилтийн холбоо, МУИС хамтран зохион байгуулсан “Агаар нэг” хакатонд ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн NZEB баг “Эрчим хүчний хэмнэлттэй, хосолмол эх үүсвэртэй, модул сууцын загвар хөгжүүлэх төсөл”-өөрөө тэргүүн байрт шалгараад буй. Шүүгчид тус төслийг агаар, орчны бохирдлыг бууруулахад нэмэртэй, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой шийдэл хэмээн дүгнэсэн юм. Энэ талаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш, Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяртай ярилцсанаа хүргэе.
-Шилдэг шийдлээр шалгарсан төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юү?
-“Агаар нэг” хакатоны зорилго нь гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах байсан нь бидний хийж буй ажлын зорилттой уялдсан. Аливаа ажлыг бодитоор хэрэгжүүлэхэд санхүүгийн асуудал яалт ч үгүй тулгардаг. Тиймээс энэ уралдаанд оролцсон юм. Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв бол их сургуулийн харьяа сургалт, судалгааны байгууллага. ШУТИС-ийн харьяанд бие даасан, жижиг судалгааны төв цөөнгүй бий. Манайх тэдгээрийн нэг. 2006 онд байгуулагдсанаасаа хойш барилгын эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр сургалт, судалгаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэл гээд янз бүрийн ажил хийсэн. Хамгийн сүүлд монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн “Чип” багцыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр хийлээ. Одоогоор 2000 орчим өрх үүнийг хэрэглэж байгаа. Мөн Франц улсад төвтэй “Жэрэс” олон улсын төрийн бус байгууллагын “Дулаан шийдэл” төслийгхамтран хэрэгжүүлэгчээр ажиллаж байна. Гэр хорооллын барилга, байгууламжуудыг дулаалах ажилд техникийн талаас нь оролцдог юм.
Өнгөрсөн хугацаанд бид цөөнгүй ажил хийлээ. Гэр хорооллоор ч өчнөөн явлаа. Энэ явцад ажиглах нь ээ, санаанд хүрсэн байшин, сууц гэр хороололд тун ховор. Бүгд л ямар нэг асуудалтай. Эндээс нэг маягийн сууц хийх санаа төрсөн юм. Ингэхдээ модулаар хөгжүүлж болдог, урьдчилан үйлдвэрлэх боломжтойг хийе гэж зорьсон. Барилгын салбар олон хүний бүтээмжид тулгуурладаг онцлогтой. Нэг хүний хөдөлмөрийн бүтээмжийн өртөг нь маш бага. Хүн хүч шаарддаг гэсэн үг. Тиймээс аль болох урьдчилан үйлдвэрлэх боломжтой сууц бүтээх нь ашигтай. Олон улсын барилгын салбарын хөгжил ч энэ чиглэл рүү явж байгаа.
Нөгөөтээгүүр, манай улсад улирлын онцлогоос хамаараад барилга барих хугацаа маш богино. Гэр хорооллын байшин, барилгын чанарт хяналт тавих боломж ч байдаггүй. Дээрээс нь мэргэжлийн бус хүмүүс буюу “би чадна”-чууд болсон, болоогүй янз бүрийн юм хийдэг. Угтаа байшин, барилга гэдэг бол цогц зүйл шүү дээ. Наанадаж л нормын дагуу боловсруулсан зураг төслийн дагуу барих ёстой юм. Гэтэл Монголд энэ бүхэн бүрэн утгаараа алдагдчихсан. Хэн дуртай нь “тоглолт” хийдэг, үлгэр домог шиг зүйл ярьдаг. Тиймээс бид арай өөр зүйл хийхийг зорьсон.
-Төслийн судалгаа, хөгжүүлэлт дуусаагүй гэж ойлголоо.
-Өнгөрсөн оны есдүгээр сараас зураг төслийн ажлаа эхлүүлсэн. Дуусах дөхөж байна. Барилгын дотоод байгууламж буюу халаалтын системийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал их чухал. Хүмүүс гайхамшигтай, шидтэй халаагуурын тухай яриад л байдаг. Айхавтар хэмнэлттэй, үр ашигтай л гэнэ. Цахилгаан бараг хэрэглэдэггүй гэж сурталчилна. “Гайхамшигтай шийдэл олж нээсэн чинь төр, засаг дэмжсэнгүй” гэж гомдоллоно. Гэтэл өнөөх нь аль 18 дугаар зууны үеийн хоцрогдсон шийдэл байх жишээтэй. Бид сүүлийн 16 жил орчмын хугацаанд өчнөөн зуух, цахилгаан халаагуур, барилга, байгууламжид хөндлөнгийн үнэлгээ хийлээ шүү дээ. Манай төвийн үндсэн ажлуудын нэг нь энэ юм. Тэгэхээр алдаа оноо нь юундаа байна вэ гэдгийг хэн хүнээс илүү мэднэ. Тэр ч үүднээсээ арай бодитой, хэрэглээнд нэвтрүүлэхэд тохиромжтой сууц бүтээе гээд ажлаа эхлүүлсэн юм. Би саяхан Эстони улс руу яваад ирлээ. Тэнд шинээр барьсан барилгын дулааныг хийн түлшээр шийдэхийг хориглож эхэлж. Оросын нөхцөл байдлаас улбаатайгаар ийм шийдвэр гаргасан байна. Олон улсын жишиг харахад ч хийн хэрэглээнээс татгалзах хандлагатай. Гэтэл манайд эсрэгээрээ. Хийн түлшийг хамгийн их ярьдаг, хэрэглэдэг. Монголчууд цаашдаа Оросоос хийн түлш импортолж, байшин, сууцаа халаана гэдэг ойлголтоосоо дэлхий нийтийн жишгээр салах хэрэгтэй. Бид сууцынхаа халаалтыг дулааны насос буюу хийн шахуурга (дулаан агаар ашиглаж, хэрэглээний халуун ус үйлдвэрлэдэг эрчим хүчний хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологи)-аар шийдэхээр төлөвлөж буй. Эрчим хүчний хангамж, хэрэглээ, оргил ачааллын үеийн эрсдэлүүдээ бодсон ч тэр, өөрийн гэсэн эх үүсвэртэй, хуримтлуулсан нөөцөө зөв хуваарилаад, зохицуулчихдаг шийдэл хэрэгтэй шүү дээ. Тэр үүднээсээ дулааны хийн шахуургыг сонгосон. Аль болох цахилгааны хамаарал бага байлгах зорилготой. Хийн шахуурга бол шинэ зүйл биш. Дэлхий дахинд ч, манай улсад ч хэрэглээнд нэвтрүүлээд удаж байгаа. Цаашид илүү сайжруулах ёстой юу гэвэл тийм шаардлага бий. Үүнээс илүү үр ашигтай, дэвшилт шийдэл хэрэгтэй юү гэвэл мэдээж тийм. Зохистой харьцааг хангахуйц төхөөрөмж гаргаж ирэх хэрэгтэй. Гэхдээ одоогоор хамгийн боломжтой, ойрын ирээдүйд ашиглахад тохиромжтой шийдэл нь энэ байна.
Ер нь шийдэл гаргах гэж буй бол олон улсад юу хэрэгжүүлж, хэрэглэж байна, түүнийг л эх орондоо зөв нутагшуулах чиглэлд илүү ажиллах ёстой юм. “Агаар нэг” хакатонд оролцуулсан модул сууцын төсөл яг ийм жишигт тулгуурласан. Гэр хорооллоос гадна аялал жуулчлал, уул уурхайд ашиглах боломжтойгоороо онцлог. Заавал машин механизм, тусгай техник хэрэгсэл шаардахгүй, 2-3 хүн бариад явчихаар авсаархан. “Do it your self” буюу өөрсдөө барьж угсрах шийдэлтэй, бүрдэл хэсгүүдийг нь зураг төсөл, стандартын дагуу үйлдвэрлэчих учраас чанарын асуудал ч гарахгүй. Дээвэр, фасадыг нь өөрчилж, модулуудыг нь хувиргаад, өөр өөр хэлбэр загвартай болгох боломжтойгоор төлөвлөж байгаа.
-Тус сууцыг байгальд ээлтэй гэж үзэх үндэслэл нь юу вэ?
-Дэлхий нийт zero carbon буюу нүүрстөрөгчийн ялгарлыг зогсоох, тэг байлгах чиглэлд ихээхэн анхаарч байна. Европын Холбооны улсуудад 2021 оноос эхлээд шинээр барих орон сууцуудыг NZEB (Nearly zero energy building) буюу тэгд дөхсөн эрчим хүчний барилгын шаардлага хангахаар заасан. Энэ концепцын гол үзэл санаа нь барилгынхаа дулааныалдагдлыг наанадаж 50 хувиар бууруулаад, үлдсэн хэрэглээг нь нүүрстөрөгч бага ялгаруулдаг эх үүсвэр болон сэргээгдэх эрчим хүчээр хангах шийдэл ашиглах. Нарны цахилгаан үүсгүүр, дулааны хийн шахуургыг өргөнөөр ашигладаг. Манай улс ч энэ чиглэл рүү явах ёстой. Өөрийнхөө хүртэж буй байгалийн баялгийг ирээдүй хойчдоо яг тэр хэмжээгээр нь өвлүүлэхийн тулд хэрэглээндээ анхаарахаас, байгальд халтай шийдлүүдээс татгалзахаас аргагүй. Бид сууцаа эл шаардлагад нийцүүлэхийг зорьж байна. Нураахад хялбар, үнэ өртгийн хувьд ч хямд, бүрдэл хэсгүүдийг нь өөр зорилгоор ашиглах боломжтой, дулаан алдагдал бага, дэвшилт эх үүсвэртэй гэхчлэн бүх талаас нь хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар шийдэх юм.
-“Агаар нэг” хакатонд оролцсоноор та бүхэнд ямар боломж нээгдэв. Төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үү?
-Бид эхний ээлжийн загвар сууцаа долдугаар сар гэхэд барьж, олон нийтэд нээлттэй танилцуулахаар төлөвлөж байгаа. Байшингийнхаа зардлыг өөрсдөө шийдчихсэн. Харин халаалтыг нь шийдэх, айлуудад туршихад тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай. Үүнийгээ шийдүүлэхээр хакатонд оролцсон. Одоогоор яг ямар түвшинд хамтарч ажиллах, хэрхэн дэмжих нь тодор хойгүй байна. Ямартай ч бид судалгаагаа үргэлж лүүлж, загвараа хөгжүүлээд, эцсийн байдлаар бэлэн болгоно. Үүнийг цааш нь хэн, хэрхэн авч явах вэ гэдэг нь бизнесийн зарчмаар шийдэх асуудал.
-Агаар, орчны бохирдол бууруулах дэвшилт шийдэл, ногоон технологи гэхээр нэг л үл итгэсэн байдлаар хүлээж авдаг хандлага тогтсон юм шиг санагддаг. Жил болгон ийм үзэсгэлэн, яармаг зохион байгуулдаг ч импортын хэдэн халаагуур танилцуулахаас хэтэрдэггүй шүү дээ. Та бүхний хөгжүүлж буй загвар сууцыг ийм өнцгөөс харах, хүлээж авах хандлага анзаарагдав уу?
-Анзаарагдалгүй яах вэ. Манай төвийн давуу тал нь барилгын халаалт, дулаан хамгаалалт, агаар сэлгэлт, дотоод орчны агаарын чанарын чиглэлээр Монголдоо тэргүүлэх хэмжээний үнэлгээ хийдэг лабораторитой байгууллага. Юу нь болохгүй байгааг хэлүүлэлтгүй мэднэ. Тогтсон ойлголт, хандлагыг давж гарах мэдээж хэцүү. Модул сууцын загвар хөгжүүлэх төсөл бол барилга, түүний халаалтын эх үүсвэр ямар байх ёстойг үлгэрлэж, ойлгуулах зорилготой санаачилга. Тэгэхээр олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөхөд тодорхой хэмжээний хувь нэмэртэй гэж ойлгож болно. Бид өөрсдөдөө, хөгжүүлж буй бүтээгдэхүүндээ итгэлтэй байгаагийн шалтгаан нь олон улсын чиг хандлага хүссэн ч, хүсээгүй ч энэ чиглэл рүү явж байна шүү дээ. Хамгийн гол нь түүнтэй зөв уялдаж, хөлд нь чирэгдээд яваад байх ёстой юм.
Манай улс утаанаасаа салж чадахгүй байгаа нь нэг талаасаа эрчим хүчний эх үүсвэртэй, нөгөөтээгүүр, ядууралтай холбоотой. Цаашлаад төр, засагт, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд ямар хүмүүс очиж байгаа нь ч нөлөөтэй. Өндөр мэдлэг, боловсролтой, наанадаж дунд сургуулийн долдугаар ангид үздэг энерги хадгалах хөдөлгөөний хуулийг амьдрал дээр төвөггүй ойлгочихдог хүмүүс тэнд очдог бол бид энэ олон жил ийм байдалтай явахгүй, иргэдийн хандлага ч өөр байх болов уу.
-Тус сууц үнэ өртгийн хувьд ямар байх вэ. Тооцоо гаргасан биз дээ?
-Суурь үнийг нь эхний байдлаар тодорхойлж, хакатоны үеэр танилцуулсан. Ер нь цаашдаа санхүүгийн механизмын хувьд ямар боломж байгааг тооцоолж, судлах юм. Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдэж байгаа нөхцөлд улсаас татаас олгодог жишиг олон улсад бий. 50 хувиар хөнгөлдөг ч юм уу. Ийм байдлаар л шийдэхгүй бол гэр хорооллын айлууд дунд зээлийн шалгуур хангах нь хэд билээ, хэцүү шүү дээ. Орлого нь хүрдэггүй, чанаргүй зээлийн түүхтэй гэхчлэн янз бүрийн бэрхшээл тулгардаг.
-Танай байгууллага өргөн хүрээнд судалгаа шинжилгээ хийдэг юм байна. Та бүхний энэ мэдлэг, чадварыг ашиглах, хийсэн туршилт, судалгааг амьдралд хэрэгжүүлэх, дэмжих чиглэлээр төр хамтран ажилладаг уу?
-Бараг үгүй дээ. “Энэ жил таван тэрбум төгрөгийн төсөв баталчихлаа. Үүнийг юунд ашиглаж дуусгах вэ” гэсэн байдлаар л ханддаг. Ямарваа нэг ажлыг хийхдээ заавал урьдчилсан шатны судалгаа хийж байж дараагийн арга хэмжээг авах ёстой шүү дээ. Харамсалтай нь, манай улсад тэгдэггүй, судалгаагүй л хийдэг. Найм, есдүгээр сар болж байхад л “Он гарахаас өмнө энэ мөнгийг зарцуулж дуусгах хэрэгтэй байна, яах вэ” гэх жишээтэй. Төсвөө жил жилд нь баталдаг учраас түүнийг дагаад хийх ажил нь яаруу сандруу, ухвар мөчид байдаг. Урт хугацааны бодлого байдаггүй. Шийдвэр гаргагчид нь асуудалд хувь хүний амбицаар хандах нь элбэг. Эрх мэдэл, албан тушаалтай байх хугацаандаа ажил хийсэн болж харагдахыг хичээдэг. Тэдэнд судлаач, эрдэмтэдтэй хамтарч ажиллах, судалгаа хийлгэх ухаан сэхээ байдаггүй. Хийлгэсэн ч мөнгө олох зорилгоор, асар богино хугацаанд үр ашиггүй судалгаа гүйцэтгүүлдэг. Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын сэдвээр хийсэн дорвитой судалгаа алга. Аль 2000, 2010 оны үед хийсэн судалгаанууд л гарч ирж байна. Нийслэлчүүдийн хувьд хамгийн их тулгамдсан, иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал ийм түвшинд орхигдсон байна шүү дээ. Уг нь бол жил тутам анализ, судалгаа хийгээд, юу нь яаж өөрчлөгдсөнийг тогтмол хянаж баймаар санагддаг юм.