УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн (УИХ-ын даргын захирамжаар байгуулсан) ахлагч юм.
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажил хэр ахицтай, ямар шатанд явна вэ?
-2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 191 дүгээр зүйлийн нэг, хоёр, гуравдугаар зүйл нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн гол үндэслэл болж байгаа юм. Эдгээрийг баталж, хэрэгжүүлснээр нам нь улсын хэмжээнд бодлого, үйл ажиллагаа явуулдаг, санхүүжилт, орлогын эх үүсвэрээ ил тод зарладаг, хөрөнгөө олон нийтэд нээлттэй мэдээлдэг болох ёстой. Энэ бүх зохицуулалтыг тусгасан Улс төрийн намын тухай хуулийн төслийг ажлын хэсгийнхэн бэлэн болголоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг нь шилэн болгохтой холбоотой хуульсанаачлахаар тусгасан тул төслөө Төрийн тэргүүнд хүлээлгэн өгөөд байна. Одоо Ерөнхийлөгч төслийг өргөн бариад батлуулах нь л чухал болсон.
Төсөлд улс төрийн намууд, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд саналаа өгч, удаа дараа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тухайлбал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн алба, Венецийн комисс зэрэг байгууллагын хараат бус экспертүүд Монголд ирж ажиллан, зөвлөмжөө хуулийн төсөлд санал болгосон юм. Ер нь манай Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа ардчилсан улс, орнуудад тавигддаг нийтлэг, гол шалгууруудыг хангаж, шаардлагатай зохицуулалтуудыг тусгалаа. Олон улсын байгууллагуудын зүгээс улс төрийн намын шинэчлэлийг хийхдээ хүний эрхийн олон улсын стандартад нийцүүлэх нь чухал болохыг анхнаас нь хэлж, анхааруулж байсан юм. Төслийн бүтэц, зохион байгуулалт нь сайн, ерөнхийдөө ийм төрлийн хууль тогтоомжоор зохицуулах асуудлуудаас ихэнхийг нь тусгасан, төрийн санхүүжилтийн хуваарилалтыг жендерийн болон нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэнцвэртэй ханган олгох гэх мэт дэвшилт зохицуулалтыг агуулсан хэмээн дээрх байгууллагуудаас үнэлээд байна.
-Бэлэн болгочихсон төслийг Ерөнхийлөгч өргөн бариад, яаралтай батлуулах нь чухал гэлээ. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрхэн, яаж хэлэлцэхээс хамаараад уг төслийг хойш тавиад байна гэж харах нь ч бий. Ер нь Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх сонирхол улс төрчдөд , үе үеийн эрх баригчдад байдаггүй гэлтэй. Энэ тухайд та юу хэлэх бол?
-Сонгуулийн тогтолцоо ямар байхаас үл хамааран Улс төрийн намын тухай хуулийн төслөө хэлэлцээд явах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, эхлээд энэ хуулиа батлаад, араас нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиа хэлэлцэх учиртай. Сонгуулийн тогтолцоо ямар ч байсан намууд хандив, санхүүжилтээ ил зарладаг, дотоод ардчилалтай, нэр дэвшүүлэх механизм нь шударга, нээлттэй байх шаардлагатай. Үндсэн хуулийн дагуу УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглодог тул ирэх хаврын чуулганаар буюу энэ оны зургадугаар сард багтаан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлах ёстой.
Тиймээс энэ мэт цаг хугацааны “хайч”-ийг харгалзан Улс төрийн намын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч яаралтай өргөн барьчихвал хаврын чуулганы эхэнд хэлэлцэх боломжтой.
Ер нь сүүлийн гурван парламент дамнан улс төрийн намын хуулийн төслийг батлах гэж оролдож ирсэн. Тухайлбал, 2013 онд тухайн үеийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Баярцогтоор ахлуулсан Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулахад би дэд ажлын хэсэгт судлаачаар ажиллаж байлаа. Бид дэлхийн улсуудын улс төрийн намын хуулиуд, эрх зүйн зохицуулалтыг судалж, зөвлөмжүүдээ төсөлд өгсөн ч УИХ батлаагүй. Тухайн үеийн УИХ-д суудалтай байсан намууд Улс төрийн намын тухай хуулийг батлах зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Дараагийн парламент буюу 2016 оны сонгуулиар байгуулагдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтын ахалсан ажлын хэсэгт миний бие мөн л судлаачаар ажилласан. Улс төрийн намын тухай хуулийн төслийг нь бэлэн болгосон ч баталж чадаагүй. Одоогийн УИХ энэ төслийг батлах ёстой, алдаагаа давтахгүй гэдэгт итгэж байна. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх батлах ёстой 40 орчим хуулийн нэг нь Улс төрийн намын тухай хууль шүү дээ.
-Намуудын санхүүжилтийн гол эх үүсвэр нь юу байх вэ. Төсөлд хэрхэн тусгав?
-Улс төрийн нам, сонгуулийн үйл явцын талаар хориод жил судалгаа хийсний хувьд хэлэхэд дэлхий дахинд улс төрийн намын тогтолцооны хоёр үндсэн хэв маяг байгааг юуны түрүүнд дурдъя. Нэгдүгээрт, Европын буюу парламентын тогтолцоотой, хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн засаглалтай буюу АНУ, Латин Америкийн улс орнуудын хэв маяг гэж хэлж болно. Монгол Улс парламентын засаглалтай. Тиймээс манайд Германы улс төрийн тогтолцоо илүү тохиромжтой. Парламентын засаглалтай оронд намын гүйцэтгэх үүрэг өндөр байдаг учраас тэднийг төрөөс дэмждэг. Өөрөөр хэлбэл, сонгуулиар авсан саналд нь үндэслэн намуудыг төрөөс санхүүжүүлдэг бол Америк зэрэг Ерөнхийлөгчийн засаглалтай оронд улс төрийн тогтолцоонд намын хүчин зүйл сул, Ерөнхийлөгч хэмээх хувь хүний үүрэг өндөр байдаг. Тиймээс ч намд төрийн санхүүгийн дэмжлэг байдаггүй тул хувь хүмүүс болон компаниудын хандив жин дардаг. Жишээ нь, АНУ-ын Конгрессын гишүүдийн хамгийн том хандивлагч нь National Rifle Association буюу Үндэсний галт зэвсгийн холбоо байдаг. Гол хандивлагч нь галт зэвсэг үйлдвэрлэгчид байдаг тул Америкийн нийгэмд галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг өсөж байгаа, Конгрессын зүгээс Галт зэвсгийн тухай хуульд дорвитой зохицуулалт хийж чаддаггүй гэж хүний эрхийн зүтгэлтнүүд, активистууд нь шүүмжилж ирсэн. Харин нам нь улс төрийн тогтолцооны гол институц учраас Европын орнуудад намын тогтолцооны дийлэнх дэмжлэг төсвөөс ирдэг. Энд дурдсан хоёр хэв маягийн алинд нь авлига, лобби бага байна вэ гэхээр яах аргагүй Европын системийг нэрлэнэ.
Бид Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах явцад дэлхийн 120 гаруй орны холбогдох хуулиудыг судалсан. Эндээс харвал, дэлхийд намуудын санхүүжилтийн үндсэн чиглэл, хэлбэрүүдээс хамгийн чухал нь гишүүд, дэмжигчдийнх нь бага хэмжээний татвар байгаа юм. Хоёрдугаарт, сонгуулиар тодорхой хэмжээний дэмжлэг авсан намуудад төрөөс санхүүжилт олгодог зохицуулалтыг олон улсад түгээмэл хэрэглэж байна. Гуравдугаарт, хувь хүн болон компанийн хандивыг хязгаарлалттайгаар зөвшөөрч буй. Уг нь одоо үйлчилж буй буюу 2005 онд баталсан Улс төрийн намын тухай хуулиар намууд гишүүд, дэмжигчдийнхээ татвараар санхүүжих ёстой ч ихэнх гишүүд нь татвараа хангалттай сайн төлдөггүй. Тиймээс сонгууль болон улс төрийн томоохон акц, арга хэмжээг намууд хувь хүн, компаниудаас хандив авч санхүүжүүлж байгаа. Энэ нь авлигын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хандив өгснийхөө хариуд давуу тал олж авах, төрийн бодлогод нөлөөлөх, лоббидох эрсдэл үүсдэг гэсэн үг. Тиймээс үүнийг хязгаарлаж, оронд нь гишүүдээсээ бага дүнтэй татвар авч, төрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хандлага руу олон улс чиглэж байгаа.
-Улс төрийн намын тухай хуулийг 2005 онд шинэчлэн баталснаас хойш буюу бараг 20 жилийн хугацаанд намуудад төрөөс тодорхой санхүүжилт олгож ирсэн. Гэвч үүнийг юунд, хэрхэн зарцуулсан тухай ямарч мэдээлэл байдаггүй. Ийм байхад тэднийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх хэрэг байна уу гэж шүүмжилдэг нь зүйн хэрэг мэт санагдаж байна.
-Хэдийгээр олон түмний дунд намд итгэх итгэл доогуур байгаа ч ардчилсан дэглэмийн үед улс төрийн бодлогыг гол тодорхойлогч нь учраас намгүйгээр цааш явах арга байхгүй. Тиймээс намуудыг төлөвшүүлж, нээлттэй, бодлогын нам болгох ёстой. Үүнд нь төрөөс дэмжлэг үзүүлэх гээд байгаа юм. Ер нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд намууд бараг шинэчлэгдээгүй гэхэд болно. Өдий хүртэл улс төрийн намуудад нийгмийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээлгэж байгаагүй. Өдгөө Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байгаа ч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь тун цөөн, сонгуульд оролцдог нь бүр ч бага. Ихэнх нь анх үүсгэн байгуулсан хүнийхээ “хувийн компани” шиг байдалтай буй учраас “халаасны”, “нэг хүний” гэх мэтээр тодорхойлж, иргэд ч олон нам байх хэрэггүй хэмээн шүүмжлэх болсон. Парламент хууль батлаад намуудын тоог хязгаарлана гэвэл ардчиллын эсрэг, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах зүйл болох учраас үүний оронд намуудыг төлөвшүүлж, бодлогоороо өрсөлддөг болгохыг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал. Намуудын үйл ажиллагааг хэт боосон, хязгаарласан байдал нь ардчиллын суурь зарчимд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс намуудын өрсөлдөөнийг тэгш, санхүүжилтийг нээлттэй, ил тод байлгах нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол зорилго юм. Улс төр гэдэг нь намуудын бодлогын өрсөлдөөний талбар байх учиртай.
Өнгөрсөн хугацаанд манайд хэрэглэж ирсэн сонгуулийн мажоритар тогтолцооны нөлөөгөөр АН, МАН гэсэн хоёр нам байр суурь, нөлөөгөө бэхжүүлсэн. Цаашид сонгуулийн холимог тогтолцоотой болбол парламентад орж ирэх намуудын тоо нэмэгдэнэ. Тиймээс намууд ард түмний улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, төрийг иргэдтэй холбодог, гишүүддээ улс төрийн боловсрол олгодог, оролцоог нь дэмждэг, улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд идэвхтэй оролцдог, сонгуульд шударгаар өрсөлддөг байх үүргийг хуулийн төсөлд оруулсан байгаа.
Намын бүх орлого, зарлагыг агуулсан санхүүгийн тайланд гишүүдийн татвар, иргэн, хуулийн этгээдийн мөнгөн ба мөнгөн бус хандив, аж ахуйн үйл ажиллагааны болон өөрийн хөрөнгөнөөс олсон орлого, төсвийн санхүүжилт, цалин, хөлс, урсгал зардал гээд бүгдийг нь тусгах шаардлагатай. Хандивлагч иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг ч шаардана. Эд хөрөнгө, байшин, газар, эргэлтийн хөрөнгийн талаарх тайланг намын төв байгууллагаас гадна салбар хороодоос гаргуулахаар тусгасан. Намын санхүүгийн тайланг 10 жил хадгалах юм. Эхний хагас жилийн тайланг жил бүрийн долдугаар сарын 20, хоёр дахь тайланг хоёрдугаар сарын 10-ны дотор хүргүүлнэ. Санхүүгийн тайланд буруу тооцож тусгасан мөнгөн дүнг хоёр дахин өсгөж торгууль ногдуулахаар тусгасан. Хууль бусаар хандив авсан, эсвэл хандивлагчийн нэрийг ил болгоогүй тохиолдолд мөнгөн торгууль ногдуулна. Нам үйл ажиллагаандаа санхүүгийн санаатай болон санамсаргүй алдаа, зөрчил гаргасан, ил тод мэдээлээгүй, хориглосон этгээдээс хандив авсан бол шийтгэл хүлээлгэнэ. Зөрчил нь ноцтой бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна. Санхүүгийн зөрчил болон бусад алдаа дутагдалтай нь холбоотойгоор намын статусыг бууруулж, тодорхой хугацаанд “идэвхгүй” ангилалд байлгах гэх мэт шийтгэл хүлээлгэх юм. Мөн намын дотоод сонгууль, нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө, мөнгөний босго тавих зэргээр ямар нэгэн асуудал үүсгэсэн тохиолдолд зохих хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Ингэснээр өрсөлдөөний ил тод орчин бүрдүүлж, авлигыг бууруулна.
-“Идэвхгүй” ангилалд байлгана гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Намууд ногдсон үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тухайн намыг “идэвхгүй” ангилалд оруулж, эрх зүйн статусыг бууруулах шийтгэл ногдуулдаг нь олон улсын жишиг. Тийм учраас хуулийн төсөлд үүнийг оруулсан юм. Тухайлбал, бодлогын нам байж улс орны хөгжлийн бодлогод идэвхтэй оролцох гол үйл явц нь сонгууль байдаг. Дараалсан зургаан жилийн хугацаанд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэн оролцоогүй бол “идэвхгүй” ангилалд оруулна. Мөн санхүүжилтээ ил тод байлгах үүргээ зөрчиж, жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй, намын дотоод ардчиллыг хангаж, удирдах дээд байгууллага, эсвэл төлөөллийн төв байгууллагыг таван жилийн хугацаанд хуралдуулаагүй бол хоёр жилийн хугацаанд “идэвхгүй” хэмээх ангилалд оруулах юм. Монголд үүсгэн байгуулсан цагаасаа хойш их хурлаа хийгээгүй, гишүүддээ үйл ажиллагаагаа тайлагнаагүй, сүүлийн 10 гаруй жилийн турш ямар ч хурал хийгээгүй, Дээд шүүхэд бүртгүүлснээс өөр зүйлгүй, холбогдох эзэн нь олдохгүй байгаа нам нэлээд байна. Үүнийг хуулиар цэгцлэх учиртай. Энэ шийтгэлийн хугацаанд сонгууль болбол тэр намаас нэр дэвшигч нь бие даагчийн статустай өрсөлдөнө. Намын статус нь идэвхгүй болчихсон учраас тэр. Мөн “идэвхгүй” ангилалд орсон намуудад олгох төрийн санхүүжилтийг зогсооно. Алдаа, зөрчлөө арилгасан тохиолдолд сонгуулийн төв байгууллагаас эрхийг нь сэргээхээр төсөлд тусгасан.
-Нийт сонгогчийн гурваас дээш хувийн санал авсан намд төсвөөс буюу төрөөс санхүүжилт олгохоор Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан юм билээ. Гурван хувиар тогтоох үндэслэл нь юу байв?
-Энэ нь тухайн намыг бодлогын нам болгон төлөвшүүлэх, дэмжсэн сонгогчдынхоо дуу хоолойг илэрхийлэхэд нь тустай. Мөн намуудын гарааны тэгш нөхцөлийг хангах зорилготой. Дэлхийн 140 гаруй орны зохицуулалтыг харахад, нэг, хоёр, гурав гээд ихэвчлэн 1-3 хувиар босго тогтоосон байна. Түүнчлэн УИХ-ын 2016, 2020 оны сонгуулийн дүнг судалж, намуудын сонгогчдоос авсан нийт саналыг хувь тэнцүүлэн бодсоны үндсэн дээр гурван хувь байхаар тусгасан юм.
-УИХ-д суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор, гишүүний нэгсуудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгож буй. Үүнийг үргэлжлүүлэхээр тусгасан уу. Парламентад суудалтай намуудыг төрөөс ямар байдлаар дэмжихээр байгаа вэ?
-Өдгөө үйлчилж байгаа механизм хэвээр үлдэнэ. Мөнгөний хэмжээг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан жил бүрийн улсын төсөвт суулгаж, санхүүжүүлэх юм. Гэхдээ төсвөөс олгох дэмжлэгийн зарцуулалтыг нарийн заасан. Тухайлбал, санхүүжилтийнхээ тодорхой хувийг эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт нийгмийн сонирхлын бүлгүүдийг дэмжих, гишүүдийнхээ болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, дэргэдээ бодлогын судалгааны хүрээлэн ажиллуулахад зарцуулна гэх зэргээр зориулалтыг нь нарийвчлан тусгалаа. Одоогийн хуульд ийм зохицуулалт байхгүй учраас намууд санхүүжилтээ тайлагнадаггүй, ил тод биш явж ирсэн. Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталбал бүх нам санхүүгийн тайлан, мэдээллийг сонгуулийн төв байгууллагад хүргүүлж, олон нийтэд мэдээлдэг болно. Сонгуулийн ерөнхий хороо намуудаас ирүүлсэн тайланд аудит оруулж, хөндлөнгийн хяналт, шинжилгээ хийлгэсний дараа зөрчилгүй гарсанд нь төрөөс олгох дараагийн санхүүжилтийг шилжүүлэх юм. Зөрчилтэй бол хугацаатай үүрэг даалгавар өгч засуулаад, биелүүлээгүй бол санхүүжилтийг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах эрхийг нь сонгуулийн төв байгууллагад олгоно.
-Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй гэсэн заалт одоо үйлчилж буй. Ингэхдээ хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглодог. Үүнийг яаж өөрчлөхөөр тусгав?
-Хандив өгөх хууль ёсны эрхтэй болон эрхгүй этгээдийг тусгайлан заасан. Тухайлбал, банканд хугацаа хэтэрсэн зээлийн өртэй, эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төрийн худалдан авах ажиллагаанд оролцсон компаниас намд хандив өгөхгүй. Эсвэл хандив өгчихөөд төрийн тендерт оролцохгүй байх шалгуур тавьж, заагласан. Нэг жилд хувь хүний хандивын дээд хэмжээг тав, аж ахуйн нэгжийнхийг 20 сая төгрөгөөс хэтрүүлэх ёсгүй.
-Гишүүнчлэлийн хувьд ямар байх вэ?
-Бид нэлээд судалгаа хийж, бодлогын хувилбаруудыг харьцуулж үзсэн л дээ. Харьцангуй сул гишүүнчлэл рүү шилжих эхний алхмуудыг хийж байна. Тухайлбал, намын гишүүдийг гишүүн ба дэмжигч гэсэн хоёр ангилалд хуваана. Намын гишүүн гэдэг тухайн намын үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр нэгдсэн, гишүүний татвар төлдөг, саналын болон сонгох, сонгогдох эрх бүхий иргэнийг хэлнэ гэж шинээр томьёолсон. Намууд гишүүдээрээ татвараа сайн төлүүлж чадвал бизнесийн болон улс төрийн нөлөөнөөс ангид байх боломжтой. Харин намын үзэл баримтлалыг дэмждэг, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдсэн, үйл ажиллагаанд нь татвар төлөлгүй оролцдог бол дэмжигч гэж үзнэ.
-Нам, түүний удирдлагыг бүртгэх эрхийг Дээд шүүх хэвээр хадгалах уу?
-Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг аль болох нээлттэй, үүсгэн байгуулж, бүртгүүлэх үйл явцыг нь аль болох ойлгомжтой, хялбар, нээлттэй байхаар төсөлд тусгасан. Нам үүсгэн байгуулахаас авхуулаад бүх мэдээлэл нь баримттай байхыг шаардаж буй. Жишээ нь, АН-ын бүртгэлтэй холбоотой маргаанаас нэг зүйл харагдаж байна. Тэр нь бүртгэлийн үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, Дээд шүүх гэх мэт төрийн олон байгууллага оролцож байгаа явдал юм. Энэ явцад захиргааны болон процедурын шинжтэй зөрчил бий болгож, зөвхөн тамганаас болоод тухайн намын даргыг хүлээн зөвшөөрөхгүй байхад хүрч байна шүү дээ. Тиймээс зөвхөн Сонгуулийн ерөнхий хороо намын бүртгэлийг хариуцахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, намаас ирүүлсэн материалыг сонгуулийн төв байгууллагынхан нягтлан шалгаад, бүртгэх, эсэхийг нь шийднэ гэсэн үг. Намыг бүртгээгүй хууль зүйн үндэслэл нь маш тодорхой байх ёстой. Харин нам нь Үндсэн хууль зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн зэрэг үндэслэлээр тараах шийдвэрийг Дээд шүүх гаргана.