Нийслэлд цас, мөс хайлж байна. Өчигдөр өдрийн наранд байшингуудын дээврээс ус гоожиж өнжив. Хаврын сар гарчихлаа. Хамаг бүхэн хайлж, урсаж эхэлнэ. Гэр хорооллын жорлонгуудын, гудамжинд цацаж хөлдөөсөн угаадас, хаа сайгүй хаясан нус, цэр, шулуухан хэлье, шээс, бөөлжис, амьтны ялгадас гээд бохир болгон ууршиж агаарт дэгдэх болно. Өнгөрсөн өвөл ханиад, томуу, цар тахал нь мэдэгдэхгүй халдвартай өвчлөл их байлаа. Энэ бүхний цаана нян бактерийн халдвар, түүнээс үүдэлтэй аюул нуугдаж буй. Зүй нь цас, мөс хайлахаас өмнө хотоо ариутгах байсан болов уу.
Бидэнд нийслэлийг нэлэнхүйд нь шахам ариутгаж байсан туршлага бий. 2020 оны хоёрдугаар сард нийслэлийн 180.8 км урт хатуу хучилттай зам, 9.2 сая ам метр нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудыг ариутгах шийдвэрийг нийслэлийн удирдлага гаргаж байв. Үүний дагуу тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, мананцар үүсгэгч 33 машин болон халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машин ажиллуулж гуравдугаар сард ариутгаж байлаа. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг ногоон байгууламж, хүн болон амьтанд ямар нэгэн сөрөг нөлөөгүй зориулалтын бодисоор хийсэн гэж тухайн үед нийслэлийн Засаг дарга хэлж байсан юм. Энэ жил нийслэлийг ариутгах байх хэмээн найдна. Гэхдээ хугацааны хувьд оройтож буй бололтой. Яагаад гэвэл эрт дулаарч байна.
Нийслэлийн гудамж, талбайг ариутгах болохоороо сурталчилгааг төрөл бүрээр хийж, сүр дуулиан болгохгүй байгаасай. Төрийн, тэр дундаа нийслэлийн ЗДТГ-ын харьяа байгууллагууд ямар нэгэн ажил хийхдээ барилдахаасаа таахалзах мэт сурталчилж сүйд болох нь зохимжгүй агаад пиарын шинжтэй. Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сар шинийн баярыг угтуулж их цэвэрлэгээ хийхдээ “Ердөө 90 минут” гэсэн нэр өгч байгаад, зад рекламдав шүү дээ. Байгууллагын албан хаагчид хог шүүрдэн, түүж, орчноо цэвэрлэх төдийд зураг хөргийг нь авч, бичлэг хийж түгээн, тухайн цэвэрлэгээнд оролцсон хүмүүсийг “алдаршуулах” нь тийм чухал уу. Хаана, хаанаа өнөөх л улиг болсон хэлбэрдэлт гэлтэй.
Цагаан сарыг угтсан энэхүүих цэвэрлэгээнд 7497 аж ахуйн нэгж, байгууллагын 24 310 ажилтан, албан хаагч оролцлоо гэсэн мэдээг нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэлмэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс түгээнгээ нийт иргэдийг хотоо цэвэрлэх ажилд уриалсан. Үүнийг уншсан иргэд бухимдлаа илэрхийлж байв. “Гэрээ хэлүүлэхгүй цэвэрлэдэгтэй адил байгууллагууд орчноо цэвэрлэж байх хуулиар хүлээлгэсэн үүрэгтэй биз дээ. Харин та бүхэн татварын мөнгөөр худалдан авсан цас, мөс цэвэрлэх машинуудаа бусдаар хэлүүлээд байлгүй ажиллуулаач. Хямралын үед ард иргэдээсээ бага гэлтгүй юм нэхэхгүй байгаач” гэсэн байв.
...Тархвар судлаач А.Амбасэлмаа “Аливаа халдварт өвчлөлийг үүсгэгч нь биологийн шингэнээс ялгардаг. Ямарч төрлийн халдварт өвчлөл үүсгэхийг үгүйсгэхгүй. Нянгаар үүсгэгддэг, амьсгалын замаар дамждаг сүрьеэ, ханиад, томуу, коронавирус хүртэл халдах эрсдэлтэй” гэв...
Өмнө нь нийслэлийг ариутган, халдваргүйжүүлэх ажлыг хоёр чиглэлээр хийсэн. Хоол үйлдвэрлэл, том, жижиг зах, худалдааны төвүүд, дэлгүүрүүд, ус түгээх, хогийн, хоёрдогч түүхий эд авах цэг, хогийн бункер, ил задгай хог гэсэн нэг чиглэл байсан. Мөн дугуй засвар, нийтийн тээвэр, таксины болон автобусны буудал, тэдгээрийн дэргэд буй сандал, хогийн сав, мэдээллийн байгууламж зэрэг иргэд олноор цуглардаг цэгүүдийг ариутгасан. Ингэхдээ энэ төрлийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудтай хамтарсан бөгөөд 10 гаруй хоногт гүйцэтгэсэн юм. Шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байлаа.
Тэр үед ариутгалын ажлыг далимдуулан өндөр үнээр, баталгаагүй бодисоор үйлчилгээ үзүүлсэн бүлэг этгээдийг илрүүлж байсан юмдаг. Үүнээс үүдэн цаашид ариутгалын ажилд хариуцлагагүй хандсан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн холбогдох байгууллагууд арга хэмжээ авч байхыг хотын ерөнхий менежер үүрэг болгосон юм. Тухайн үед ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг үргэлжлүүлэн тогтсон хуваарийн дагуу хийхээр тогтсон ч хэрэгжүүлээгүй аж.
Манай улс хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой Эрүүл ахуйн тухай хуультай. Үүнийхүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцын орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах зэрэг нь хориотой бөгөөд зөрчсөн иргэнийг 5000-20 000 төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгох учиртай. Энэ журам цагаан дээр хараар бичсэн төдий. Хэрэгждэггүй, хэрэгжүүлдэггүй. Гудамж, талбайд нус, цэр, шүлс яагаад хаяж болохгүй вэ. Хаясан тохиолдолд илт ууршиж, дэгдэхээс нь ариутгах шаардлага юунд байдаг вэ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны даргаар ажиллаж байсан, тархвар судлаач А.Амбасэлмаа “Гудамж, талбайд хаясан шүлс, нус, цэр хөрсөнд шингэж олон төрлийн халдварт өвчин үүсгэх эрсдэл бий болгодог. Аливаа халдварт өвчлөлийг үүсгэгч нь биологийн шингэнээс ялгардаг. Ямар ч төрлийн халдварт өвчлөл үүсгэхийг үгүйсгэхгүй. Нянгаар үүсгэгддэг, амьсгалын замаар дамждаг сүрьеэ, ханиад, томуу, коронавирус хүртэл халдах эрсдэлтэй” гэж байсан. Чухам ийм л учраас нийслэл даяар буй элдэв бохирыг ийш тийш урсахаас нь өмнө, ууршиж дэгдэхээс урьтаж ариутгах ёстой. Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон угажлыг хамаарах харьяа байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хувьд ч тэр цаг үеийн хамгийн тулгамдсан асуудал энэ баймаар. Нийслэлийг ариутгах, халдваргүйжүүлэх ажил оройтож байх шиг.
Иргэд ариутгал хийхгүй байна гээд, албаныхныг буруутган зүгээр суух биш, харин эхний ээлжинд амны хаалт сайн зүүснээр хөрсний бохирдлын эрсдэлээс нэлээд хувиар хамгаалах магадлалтай билээ.