Эдүгээ 90 нас шүргэж яваа энэ буурлыг БНМАУ-ын Гавьяат нэгдэлчин Чимэддоржийн Цоодол гэнэ. Онгийн голын сав газар болох Ахрын нурууны ар, Хонгорын тал, Гучингийн хоолой, Боржигт, Нарт хайрхнаар нутаглаж, малаа маллан өсгөж, хуримтлуулсан туршлага, малч ухаанаа үр ачдаа төдийгүй нутаг усныхандаа өвлүүлэн яваа түүнийг зорин Өвөрхангай аймгийн Баянгол сумын V багийн Бургаст хэмээх газар өвөлжиж байхад нь очлоо. “Морио унан хонио хариулж явмаар байвч нүдний хараа жаахан муудаж, хонины цаад зах нь айлын малтай нийлснийг сайн харж чадахгүй болсон учраас хүүхдүүд минь сэтгэл нь зовдог бололтой, намайг хонинд явуулах дургуй болсон. Гэхдээ малынхаа дэргэдээс салж чадахгүй нь. Насаараа адуу, мал дагасан хүнд маш хэцүү даваа ирдэг нь хорвоогийн жам болохоор яах ч билээ дээ” хэмээн өгүүлэх түүнтэй ярилцсанаа сар шинийн битүүний өдөр уншигч та бүхэндээ хүргэе. Хөдөлмөрийн баатар цолд удаа дараа тодорхойлж байсан ч уг алдрыг хүртээгүй энэ ажилсаг, малч буурал өөрийнхөө хүүхдүүдээр тогтохгүй цөөнгүй хүнд мал маллах арга ухаанаасаа сургаснаар тэдний олонх нь өдгөө Улсын сайн малчин болоод буй аж.
-Насаараа мал дагаж амьдарч буй таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бол гэдгээс ярилцлагаа эхэлье, болох уу?
-Долоон хүү, нэг охинтой Цэрэн тойн гэж хүний отгон хүүхэд нь би. 1935 оны гахай жилтэй хүн. Миний эцгийн тал тайж угсаатай байсан юм гэнэ билээ. Гэхдээ би Чимэддорж гэдэг хүнээр овоглож явдаг. Үүний учрыг ярья. Би ээжийгээ 45-тай байхад нь гарсан юм. Төрсөн аав, ээж минь ганц охиндоо намайг өргүүлсэн. Эгч минь Чимэддорж гэдэг хүнтэй суугаад айл гэр болж, тэр үедээ намайг өргөж авсан юм билээ. Түүнээс хойш өргөж авсан эцгээрээ овоглож яваа хүн дээ.
Тэр үеийн хүүхдүүд бүгд мал дагаж өссөн байлгүй. Би багаасаа л мал дагаж, хонь, адуу хариулж өслөө. 6-7 наснаасаа л хонь хариулж эхэлсэн гэхэд болно. Өөрөө мориндоо мордож чадахгүй ч хүнээр өргүүлж, нуруугаар нь дамжаад морио уначихдаг байв. Халуун өдөр хонинд явахад ам цангана, өнөөгийнх шиг ундаа өвөртлөөд мордоно гэж байх биш. Цай, цийдэм, хярам аваад явж болох л байсан байх л даа. Гэхдээ тэр үед яагаад ч юм бэ тэгж авч явдаггүй байж. Нэг удаа хонио дагаж явахдаа үеийнхээ нэг хүүхдээс “Цэргүүд ам нь цангахаараа мориныхоо шээсийг уучихаад олон хоног яваад байдаг юм гэсэн” гэж сонслоо. Түүнийг нь хэрэглэж үзээд огиод үхэх шахаж билээ. Ам их цангаад байхаар нь тэгж ууж үзтэл түүн шиг муухай зүйл байхгүйг мэдэрсэн шүү. Намар хонь хол бэлчинэ, өглөө гараад үдэш ирдэг байсан юм. Тэгэхдээ л саваагүйтэж ууж үзээд үхэх шахсан хэрэг. Жаахан том болоод тэмээ хариулдаг болсон. Манай их ах олон тэмээтэй, сумдаа тоо толгойгоороо тэргүүлдэг байв. Тэмээг нь хариулж, уналга, эдэлгээнд их сургаж явлаа.
Хүүхэд байхад дааганаас өөр насны морь унахгүй, дааганаасаа унасан ч босоод л түүнийгээ унаад явдаг байж дээ. Бага байхад бүдүүн морь унуулдаггүй, шүдлэн үрээнд мордохоор газар жигтэйхэн хол юм шиг санагддаг байж билээ.
-Хөдөөний хүүхдүүд Цагаан сараар нийлж, морь унан хөрш саахалтаараа орж золгон, бэлэг цуглуулдаг байсан шүү дээ. Таны үед тийм л байсан биз. Богц богцоор бэлэгтэй ирж байв уу?
-Хүүхэд байх үеийн минь Цагаан сарын шинийн нэгэн ер нь тарчигдуу байсан юм даг уу даа. 1944 оны бич жил өндөрлөж, 1945 оны тахиа жил ургасан Цагаан сар санаанд тод үлджээ. Дайны жил байсан болохоор гурил, будаа, эд зүйл ховор. Бүтэн өдөржин айл хэсээд өврөө түнтийлгэж чадаагүй юм даг. Довдойн Самдан гэж ганцхан айл л хүүхэд бидэнд бүдүүн гурилын жижгэвтэрхэн хавсай боов ганцыг өгч байв. Д.Самдан гуай аян жинд их явдаг хүн байсан юм. Тэгж явахдаа л жаахан гурил олсон юм байлгүй. Тэднийх л жижиг боов бэлэглэж байлаа. Бусад айл ааруул, ээзгийхэн, цөөн хэдэн өрх 1-2 ширхэг ёотон бэлэг болгож өгч байсан юм. Ойдов гэж надаас долоо ах хүүтэй хамт өдөржин айл хэсээд жаахан л бэлэгтэй ирж байлаа. Хүүхдийн өвөр дүүрэхгүй байгааг бодоход тухайн жилийн Цагаан сар их л тарчиг болж байсан бололтой санагддаг. Айлууд боовоор идээгээ засаж чадахгүй, ааруул, ээзгийгээрээ л таваг зассан байсан юм.
Цагаан сарыг нэг хэсэг хорьдог байлаа. Түүгээр ч зогсохгүй ёолкоор шинэлүүлэх гэж үзэж байсан удаатай. Зарим малчид нууж хааж, буруу зөв тоолж байгаад уламжлалын дагуу хаврын эхэн сард тэмдэглэж байсан юм даг. Сүүлдээ “Малчдын баяр” гэдэг нэр өгч шинэлүүлсэн түүхтэй юм шүү. Одоо цаг сайхан болж, сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна даа.
-Сүүлийн үед айлууд ууц тавьж, хөрөнгө чинээгээрээ уралдаад байх шиг санагддаг. Таныг хүүхэд байхад ууц тавьж байсан юм уу?
-Ууц тавина гэж байгаагүй юм шүү дээ. Манайнутагтайл болгон хониныхоо сүүлэнд шаант чөмгөө суулгаад бурхандаа, толгойг нь өөхөөр нь чимээд, чанасан махтайгаа хамт тэвшинд хийгээд тавьж “Битүүлэг ид” гэж гийчдээ дайлдаг байлаа. Хүүхдүүддээ махаар хувь хүртээдэг, хөвгүүдэд шаант чөмөг, үнхэлцэг, охиндоо богтос чөмөг өгч, багачууд шинийн нэгний хувиа уутанд хийгээд хадгалдаг, тавагтай боовноос заавал нэгийг авдаг ёсон манай хошуунд байсан юм. Одоо ч манайх хүүхдүүддээ шинийн нэгний хувь өгдөг хэвээрээ. Аавд дал дөрвөн өндөр, ээжид өвчүү гээд л хувь хүртээдэг заншилтай.
-Танай саравч дээр Ч.Цоодол, үнэ 13 500 гэсэн бичигтэй пайз хадсан байгаа нь ямар учиртай юм бол. Таны төрсөн газар юм болов уу гэж анх надад бодогдож байлаа. Гэтэл тийм биш аж. Энэ пайз, саравчныхаа талаар ярьж өгөөч.
-Залантын дугуйн бууцанд миний өвөлжөө бий. Оросын тусламжаар казах голдуу хүмүүс ирж 1969 онд барьж өгсөн малын байр (саравчаа энэ нутагт байр гэж нэрлэдэг аж) л даа. 54 жил болоход нэг ч багана нь хөдлөөгүй, өнөөг хүртэл ашигласаар байна. Манайх нэг ч баганыг нь солиогүй. Баганыг нь зузаан хар лак түрхэж, хар цаасаар ороогоод суулгасан юм. Хойд тал нь 36, урд тал нь 24 м урттай байранд миний нэрийг бичээд, тухайн үеийн ханш болох 13 500 төгрөгийн үнэлгээтэй хэмээсэн ногоон будгаар бичсэн пайз нь ч янзаараа шахам бий. Дээвэр нь жаахан хуучраад байгааг засаж сэлбэсэн төдий. Нэгдэл гэж байх үед малчин надад насны юм барьж өгсөн нь одоо ч хэвээрээ байгаа юм л даа.
-Нэгдэл гэж тэр үеийн малчид, хөдөлмөрчдийг залж чиглүүлдэг байгууллага байсныг өнөөгийн залуучууд мэдэхгүй байх. Та нэгдэлд хэдэн онд элсэж, ямар малхариулах болов?
-Би 1958 онд нэгдэлд элсэж, 1958-1969 он хүртэл 11 жил адуучин байлаа. Тэр үедээ аймгийн аварга адуучин болж байсан юм. Адуучин байх үед “Манай тэргүүний хашир малчдын туршлага” гэсэн нэртэй номын эх бэлтгэж байсан хүмүүс нийслэлд дуудаж аваачаад Сонгинынамралтад амрааж, туршлагыг минь яриулж, ном болгон хэвлүүлснийг би үргэлж хадгалж явдаг. Би тухайн үед 30 гаруйхан настай байлаа. 1964 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайн даалгавраар аймаг бүрээс ирсэн 20 шахам тэргүүний малчныг Улаанбаатарын Сонгинын амралтад таван гэр барьж, 20 хоног байрлуулсан юм. Хашир малчдаас мал маллагааны арга туршлагыг нь хүн нэг бүрээр яриулан бичиж аваад хожмоо ном болгон хэвлүүлсэн нь тэр. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Лениний зам” нэгдлийн хоньчин, БНМАУ-ын ууган Хөдөлмөрийн баатар З.Очир, Сэлэнгэ аймгийн Орхоны сангийн аж ахуйн хоньчин, Хөдөлмөрийн баатар А.Хөх-Уул, Дундговь аймгийн Өлзийт сумын “Хоёрдугаар таван жил” нэгдлийн тэмээчин, Хөдөлмөрийн баатар Д.Цэнд, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Баясгалант” нэгдлийн хоньчин, Хөдөлмөрийн баатар Ч.Лувсан, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын “Тал дахь гэрэл” нэгдлийн хоньчин Ж.Норжин, Увс аймгийн Сагил сумын “Ялалт” нэгдлийн үхэрчин А.Төмөрнохой, Дорноговь аймгийн Алтанширээ сумын “Саруул зам” нэгдлийн тэмээчин А.Содномдаш, Завханы Отгон сумын Хөдөлмөрийн баатар Ч.Нацагдорж гээд алдар цолтой малчидтай хамт Өвөрхангай аймгийн Баянгол сумаас намайг багтаан, Монголын 16 шилдэг сайн гэж тухайн үед дүгнэж байсан малчдын туршлагыг Сайд нарын Зөвлөлөөс эрхлэн ном болгон хэвлүүлсэн л дээ. Адуу өөрөө нутгаа олоод явчихдаг амьтан. Адуугаа бэлчээрээр нь явуулж өөрөө дагаад нүүдэг байлаа. Адуугаа ийм байдлаар хариулж бай гэж Хөдөлмөрийн баатар З.Очир гуай надад зөвлөж байсан нь санаанаас гардаггүй юм. Түүний дагуу ингэж адгуулдаг байв.
-Нэлээд олон Хөдөлмөрийн баатартай зэрэгцэн олон хоног арга туршлагаа ярилцаж байсан таны хувьд хэдэн онд Улсын аварга малчин, Гавьяат нэгдэлчин цол хүртсэн юм бэ?
-1977 онд анх Улсын аварга малчин болж байсан. Тэр үед чинь юм их нарийн. Таван жил аймгийн аварга болж байж дараа нь Улсын аварга цолд тодорхойлж байсан юм. Түүнээс хойш 1982 онд хошой аварга малчин болсон. Харин 1986 онд БНМАУ-ын Гавьяат нэгдэлчин цол хүртсэн дээ. Эдгээрээс өмнө 1959 оны зургадугаар сард залуучуудын анхдугаар фестиваль гэж аймагт болоход алхаатай хонгор морьтой очиж оролцон дээлийн даавуу, модон тагш, тэмдэг зэргээр шагнуулж байв. Дараа жил нь “Эх орон-52” гэдэг радиогоор ч шагнуулж байсан удаатай. Гурван том дөрвөлжин тэжээлтэй, их сайхан дуугардаг радио байлаа.
Тэр үеийн шагналын шалгуур өндөр байсан юм л даа. Үйлдвэрлэлийн даалгавраа 100 болон түүнээс дээш хувиар биелүүлсэн байхыг шалгуур үзүүлэлт болгосон бололтой байдаг. Ноос, ноолуур, ямааны хялгас зэргийнхээ нормыг давуулан биелүүлж байсныг минь шалгуур үзүүлэлт болгосон юм билээ. Уг нь намайг 1986 онд Хөдөлмөрийн баатар цолд тодорхойлсон байдаг юм. Гэвч манай сум, нэгдлийнхнээс хэн нэг нь ноолууртай холбоотой матаас дээш нь хүргүүлснээс болж, МАХН-ын Төв хороо, аймаг, сумын Хянан шалгах хорооноос хүмүүс ирж шалгаж байв. Би тэр үед хянан шалгахын хүмүүст “Ямаанаасаа гарсан ноолуураа бүгдийг нь тушаадаг” гэдгээхэлсэн. Энэ матаасаас болж Хөдөлмөрийн баатар цолоос хасагдсан юм билээ л дээ. Миний гавьяа гэж юу байх вэ дээ. Улсдаа хөдөлмөрлөж малаа өсгөж, ашиг шимийг нь бүрэн тушаадаг байснаас биш, өөрийг хийж гийгүүлсэн гавьяа байгуулсан биш дээ. Түүнээс хойш 2020 онд шиг санаж байна, сумаас бас энэ цолд тодорхойлж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт материал хүргүүлсэн гэж аймаг, сумын албаны хүмүүс хэлдэг л юм, ай хөөрхийс.
-Матаасаас болж цолоос мултарч байсан гэлээ. Төл, малаа хорогдолгүй өсгөж бойжуулж, тоо толгой бүрэн улсад тушааж байсан байх нь ээ?
-Хонь хариулж байхдаа зуданд үхүүлж явсангүй. Бэлчээрээ дагаад л нутагладаг байлаа. Хонь маань дээд тал нь 47.5 кг татаж байсан. Хүмүүс их гайхна. Зарим үед 52.5 кг болж байсан удаатай. Нутаг сайн хөөж, газрын гарц сайн байсантай холбоотойгоор мал маань тарга тэвээрэг их сайн авдаг байж л дээ.
Хурга, ишигнийхээ захад гудас дэвсээд хөлдөж осгохоос нь сэргийлэн хонодог үе ч бий. Тэр үед өвөл, хавар их хүйтэн байдаг, шөнөдөө олон хонь хургалахад хувцсаа ч тайлж амарч амжихгүй, хагас нойртой хонох нь бий. Одоо харин ч их дулаан өвөлжиж, хаварждаг болоод байгаа юм.
-Танайхныг ураг удмаараа малч хүмүүс гэж нутгийнхан тань ам уралдан ярих юм билээ. Хүний өөрийн гэлтгүй олон хүнд таныг мал маллах арга ухаанаасаа зааж, тэдний дундаас Улсын аварга цолтой хэд хэдэн малчин төрсөн гэсэн.
-Тийм ээ. Удмаараа манайхан малч хүмүүс гэж хэлэхэд болно. Би зургаан хүүхэн, нэг хүүтэй хүн. Миний хүү Ц.Батсайхан 2015 оны морь жил Улсын сайн малчин цол хүртсэн. Хүргэчүүд ч мал хунар сайтай л улс. Би өөрийнхөө нэр дээрх малыгач хүүдээ өвлүүлж өгсөн. Нямсан, Нямтогтох гээд хоёр зээ хүү минь аймгийн сайн малчин бий. 1990-ээд онд нэгдэл тарахад цөөн мал, малынхаа саравчийг хувьчилж авч байлаа. Тэр үед оногдсон малаа өсгөж хүүхдүүддээ өвлүүлж өгснийг минь өсгөж үржүүлээд олон малтай, улс, аймгийн аварга цол хүртжээ.
Миний ах Лувсан гэж хүн байгаад 86 хүрээд бурхан болсон. Аймгийн зургаан удаагийн аварга адуучин хүн байлаа. Улсын аварга малчин цолд тодорхойлсон ч бас матаас орж мултарч байсан юм билээ. 50 гаруй адуу дарж тоолуулсан гэсэн матаас дээд газарт хүргүүлснээс болсон гэж манай сумын түүх, архивын бичиг баримтыг судалдагхүн надад уншиж өгч байлаа. Миний дээд талын ах энэ Лувсан АИХ-ын депутат байсан юм л даа. Лувсан ах бид хоёр жил бүр л айргийнхаа нормыг давуулж тушаадагбайсан юм. Лувсан ахынхминь ихэр хөвгүүдтэй. Нэг нь болох Л.Алтанзул нь одоо 2000 гаруй хоньтой, аймгийнхаа хамгийн олон хоньтой малчин. Ихрийн өрөөсөн нөгөө хүү Л.Алтангэрэл нь “Алтан ботгоны эзэн” болж сумдаа тэмээгээрээ тэргүүлж байгаа. Миний ах Доржийн хүү Дашдорж Улсын сайн малчин болж байлаа. Тэр хүү төрсөн дүүтэйгээ хамт цэргээс зэрэг халагдаж ирээд, Д.Дашдорж манайд амьдарч байсан юм. Би түүнд гэр барьж өгч тусад нь айл гэр болгож гаргаж байлаа. Дүүдээ мал маллах арга ухаан зааж сургаж л байсан минь түүнийг Улсын сайн малчин болоход дэм болоо байлгүй.
Бас манай сумын удирдлага Пүрэвдорж гэдэг залууг 1976 намайг дагалдуулж, тэр залуу маань 1987 онд Улсын аварга малчин цол хүртэж байсан юм. Түүнийг аварга болдог жил харьяалагддаг хоёрдугаар бригадынх нь малчдын төлөг, борлон голдуу мал хорогдож, ажлын үзүүлэлтээр тааруу байхад намайг дагасан Пүрэвдоржийн мал үхэл хорогдолгүй байсан юм билээ.
-Та ч бас АИХ-ын депутатаар сонгогдож байсан гэсэн шүү дээ.
-Би яах вэ, аймгийн депутат, сумын депутатаар сонгогдож байсан. Ардын их хурлын депутатаар нэг, МАХН-ын 17, 19 дүгээр их хурлын төлөөлөгчөөр хоёр ч сонгогдож, 1976 оны зургадугаар сард Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байсан удаатай.
-Сургууль соёлын мөр хөөгөөгүй, цэргийн алба хаагаагүй гэж таны тухай бичсэн “Говийн од” гэсэн найруулалд гарч байна лээ. Та яаж яваад бичиг эрдэмтэй болсон юм бэ?
-Цэргийн нас болоход комиссоор орж байсан. Тэр үед 30-40 хүнээс ердөө 6-7 хүн л татаж намайг хасдаг байсан учраас цэрэгт явалгүй үлдсэн хүн дээ. Бас сургуульд суугаагүй гэж хэлж болно. Хэд хоног номсурч байтал 1944 онд мичин жилийн зуд боллоо гээд сургуулиас гаргаад гэрт аваад ирсэн. Ахаараа л шинэ үсэг бичиг заалгасан юм. Ах минь цээжилж, давтаагүй, тогтоогоогүй бол их аашилна. “35 үсгийг гурав хуваана, тэмдэг хоёр, эгшиг ес, гийгүүлэгч 20, эгшигт долоо, заримдаг ес, онцгой дөрөв” гээд зааж байсан нь одоо ч ой санамжид минь байж л байдаг. Тоо, үржих зэрэгт би их сайн байлаа, одоо ч нас яваад тийм байхаа болих гээд л байна шүү.
-Таны бага залууд ачааны машин ховор л байсан байлгүй. Арьс, шир, түүхий эдээ яаж борлуулдаг байв?
-Аян, жингээр хот руу хүргэж тушаадаг байсан. Ах минь 1950 онд 20 настай цэрэгт татагдаж байлаа. Тэгэхэд би 15 настай аянд явж Улаанбаатар хотоданх удаа очижүзэж билээ. Хот газар гэж хэдхэн юм л байлаа. “Өндөр хоршоо” гэж хоёр давхар дэлгүүр байх, Хятадын олон мухлагтай, автобусны оронд тоомсог морин тэргээр хятад голдуу хүмүүс үйлчилдэг, “тийшээ явлаа, ийшээ явлаа” гэж хашхирдаг байсан даа. Би нас бага байсан учраас тэмээгээ малладаг, өглөөдөө гал түлж цайгаа чанадаг, ах нар наймаа хийж, жин тээж аваачсан арьс, шир, үс ноосоо борлуулна. 16-17 хүртлээ аян хийжээ. Намартаа зарах хонь тууж явдаг байсан болохоор 10 гаруй хонож байж Улаанбаатарын барааг харна. Өвөлдөө шөнө голдуу явсаар долоо хоноод нийслэлд хүрдэг байв. Тэмээний туруу хөлдчих вий гээд л шөнө явдаг байсан юм л даа.
1950 онд хот руу анх орж байхад өнөөгийн ХААИС-ийн суурийг тавьчихсан байв. Ах минь тэнд гурван жил цэргийн алба хаасан юм. Барилга барих модыг нь Туул голоор салаар зөөсөн гэж ярьдаг байлаа.
-Өнөө цагийн малчид малынхаа гэдэс дотрыг хаядаг, арьс, шир нь ч үнэгүй болсон. Чанаргүй олон мал өсгөж, бэлчээр доройтуулж байна. Малаа мориор биш, мотоциклоор хариулдаг болсон гээд тоочвол таны насныхан шүүмжлэх зүйл их л байх шиг. Та үүнд ямар бодолтой явдаг бол?
-Манай улсад алдаж буй зүйл их байна. Арьс, ширээ үнэгүйдүүлж байна. Хонины нэхий, ямааны арьс бол сайхан савхи болно шүү дээ. Адуу, үхрийн ширийг их гэмтээж үнэгүйдүүлэх болсон. Урьд малын арьсыг хутга хүргэлгүй хуулдаг байсан юм. Хөдөө аж ахуйн салбар хариуцсан сайд дарга нар, яам нь үүнд тодорхой бодлого, зорилт дэвшүүлж ажилламаар байгаа юм даа.
Гаднаас сайн угсааны мал авчирна, мах, сүүний чиглэлээр дагнана гэдэгт би төдийлөн тааламжтай ханддаггүй. Тэжээлээ голоод, хөрс нь таарахгүй байх нь бий. Тиймээс нутгийнхаа дөмөгхөн малыг өсгөх нь зүйтэй юм болов уу гэж бодож суудаг хүн дээ. Малчин залуус морио л унаж малаа хариулж баймаар байна. Мотоциклоор малаа хариулах ямар хэрэг байх вэ дээ. Намрын цагт мотоциклоор ширүүн туух нь бий. Тэгэхээр хайлангатаад ямар сайн байх вэ.
Бэлчээр доройтож байна гэдэгтэй санал нэгдэнэ. Улсын мал өсөж, айл нь олон болж бэлчээрийн даац муудаж, ургамал нь ч ургахаа больсон бололтой байдаг юм. Би бол их сайхан үеийн малчин. Хүн өссөнөөр дагаад мал үржсэн гэж боддог хүн. Хүн нэмэхээр хүнс нэмэгдэнэ гэдэг шүү дээ. 25 сая малтай болно гэж зорилт тавьсан ч хүрдэггүй байсан үе бий. Зарим нь малаа дарж тоолуулдаг байсан л гэдэг. Тэгж дарсан мал үйлдвэрлэлийн даалгавраа биелүүлэхэд ашигтай байсан гэж ярих хүмүүс бий. Миний хувьд малаа дарж тоолуулж байсан удаагүй ээ. Нэгдэлдээ үнэнч шударгаар л хөдөлмөрлөж, мал сүргээ өсгөн бойжуулж ирсэн.
-Сар шинийн битүүн өнөөдөр тохиож, маргааш туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн гарах нь. Монголынхоо ард түмэнд хандаж сайхан ерөөл өргөнө үү.
-Дөрвөн зүг найман зовхист байгаа Монголын ард түмэн минь өвчин зовлонгүй, эв найртай, эрүүл энх сайн сайхан байхыг ерөөж, урт насалж, удаан жаргахыг ерөөл өргөе. Бүх монголчууддаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж ерөөе.
-Танд ч бас 100 насалж зургаадай таяг тулаарай гэж ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.