Улсын хэмжээнд хоёр шаттайгаар зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн зөвлөмж гаргалаа. Үндсэндээ эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртов. Мөн парламентын сонгуулийг 100 хувь мажоритар биш, хувь тэнцүүлсэн буюу мажоритар хувилбартай хослуулан, холимог тогтолцоогоор явуулах барьцаа ахиуллаа. Эдгээрийг тэд ерөнхийд нь “тогтолцооны өөрчлөлт” хэмээн тодорхойлж, олон нийтийн ой тойнд хоногшуулж буй гэхэд болно.
Тогтолцооны өөрчлөлттэй холбоотойгоор эрх баригчид үндэсний зөвшилцлийг эхлүүлж, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн нам, жагсагчдын төлөөлөлтэй ээлж дараалан уулзаж буй бөгөөд сая зөвлөлдөх санал асуулгаар дамжуулан иргэдийн саналыг нэгтгэсэн хэрэг. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд нийгмийн зөвшилцлийг зайлшгүй хангасан байх ёстой. Тиймээс УИХ Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолыг өнгөрсөн оны төгсгөлд баталж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, тэдгээрийн эрэмбэ, шийдвэрлэх арга замын талаар иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөх санал асуулгыг “Зөвлөлдөж шийдье” сэдвээр зохион байгуулна гэдэг нь шууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар зөвлөлдөнө гээгүй ч том зургаараа уг асуудлыг л хөндөх нь анхнаасаа илт байв. Өөрөөр хэлбэл, нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудал нь тогтолцооны өөрчлөлт хийх явдал, үүний тулд эхлээд “Үндсэн хуулиа засаж, сайжруулъя” хэмээгээд л эрх баригчид яриад байгаа зүйлсээ хийх “хөрс”-өө бэлдсэн гэж хэлж болно.
Уг зөвлөмжийг дээрх санал асуулгыг удирдан явуулсан Зөвлөлдөх зөвлөлийнхөн гаргасан бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгөв. 22 асуулт бүхий санал асуулгын дүнг Үндэсний статистикийн хорооноос нэгтгэн, тайлагнасны дагуу зөвлөмжийг боловсруулжээ. УИХ-ын дарга “Монголчууд нэгэн танхимд цуглаж чадлаа. Ардчиллыг амилуулсан үйл явдал боллоо гэж иргэд сэтгэгдлээ хэлж байна. Сайн үр дүн гарсан гэдэгт итгэлтэй байна. Нийт ард иргэдийн төлөөллийг улс орны өнцөг булан бүрээс сонгож оролцуулан, оюун бодлыг нь уралдуулж, нийгмийн зөвшилцөлд хүрч болдгийг энэ үйл явдал харууллаа” гээд цаашид эрх зүйн 10 шинэтгэл буюу улс төр, засаглалын тогтолцоо, эдийн засаг болон нийгмийн бодлогын багц хуулиудад зөвлөмжийг тусган, ирэх сарын 7-ны дотор саналаа оруулж ирэхийг Зөвлөлдөх зөвлөлийнхнөөс хүслээ.
Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн батлах хуулиудыг хойшлуулшгүйгээр барьж авахыг эрх баригчдад зөвлөжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь баталсан нэмэлт, өөрчлөлтийнхөө үр дүнг үзэх нь зүйтэй гэв. Улмаар Үндсэн хуулийг шинэчлэх шаардлагагүй хэмээжээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай хоёрдугаар тогтоолыг УИХ 2020 оны нэгдүгээр сард баталсан. Ямар хуулийг хэрхэн шинэчилж, өөрчлөхийг нэгбүрчлэн заасан жагсаалт бүхий хавсралт дээрх тогтоолд бий. Үүнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлахаар тусгасан ч төслийг нь өнөө хэр өргөн бариагүй. Өнгөрсөн хавар уг төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, өргөн барих гэж байгаа хэмээн тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлсэн ч таг болов. Газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, түүнийг санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах харилцааг зохицуулах үүрэгтэй тус хуулийн төслийг боловсруулахдаа гадаадын 100 гаруй сангийн нийтлэг зарчим, бодлого төлөвлөлттэй уялдуулсныг сайд Г.Ёндон онцолж байлаа. Тэгвэл сая санал асуулгаар үүнтэй холбоотой хоёр асуултыг оролцогчдод тавихдаа “Үндэсний баялгийн сангийн хуваарилалтыг орлогын тэгш бус байдлыг багасгах, ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглүүлэх нь чухал гэдэгтэй та санал нийлэх үү”, “Үндэсний баялгийн сангийн удирдлагын баг нь улс төрөөс хараат бус бөгөөд мэргэжлийн байж, олон нийтийн хяналтад ажиллахыг та дэмжих үү” хэмээн томьёолжээ. Оролцогчдын олонх нь санал нийлж, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Мөн УИХ-ын 2020 оны хоёрдугаар тогтоолд Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг тусад нь батлахаар тусгасан. Уг нь эдгээр төслийг нэгтгэн боловсруулсан ажлын хэсгийнхэн (УИХ-ын даргын захирамжаар байгуулсан, гишүүн Ц.Мөнхцэцэг ахалсан) хэдийн бэлэн болгоод, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт хүлээлгэн өгсөн юм билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг нь шилэн болгохтой холбоотой хуулийн төсөл санаачлахаар тусгасан тул төслийг нь Төрийн тэргүүн өргөн барихаар болж, Тамгын газрын дарга нь ажлын хэсгийг ахалсан нь өдгөөгөөс бараг жилийн өмнөх явдал юм. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь бас л төслөө таг дараад, УИХ нь хэлэлцэх асуудлын дараалалд багтаахгүй, жишим ч үгүй байна. Энэ санал асуулгаар “Улс төрийн намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалтыг ил тод, олон нийтийн хяналттай болгох эрх зүйн шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай гэдэг саналыг та дэмжиж байна уу”, “Улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж, бодлогын нам болгохыг та дэмжих үү” гэсэн хоёр асуултыг оролцогчдод тавьжээ. Иргэд ч дэмжсэн байна. Үндсэндээ зөвлөлдөх санал асуулга, цаашлаад 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс ч өмнө улс төрийн намын эрх зүйн орчныг шинэчлэх ёстой талаар ярьж ирсэн. Харамсалтай нь, үе үеийн эрх баригчид, сүүлийн гурван ч парламентын туршид үүнийг ярихаас хэтрээгүй. Улстөрчид, намуудын зүгээс зүгээр л хуруугаа ч хөдөлгөхийг хүсээгүй гэхэд болно.
Түүнчлэн иргэд, байгууллага тайван жагсаал, цуглаан хийхдээ зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, урьдчилан мэдүүлдэг болох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө баталгаатай эдлэх, гадаад улсад байгаа иргэд УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломж бүрдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүсчлэн хөгжүүлэхийн тулд засаг захиргааны шинэчлэл хийх, жендерийн тэгш байдлыг хангах, гадаадад төрж, өссөн Монгол Улсын иргэний харьяалалтай холбоотой гэх мэт улиг болсон олон зүйлийг “улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох” хэмээх зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж ярилцсан нь энэ.
Юутай ч гурван жил гаруйн өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, түүнийгээ хэрэгжүүлэх үүрэгтэй ч өдгөө тус хуульд дахин гар хүрэх хүслээ ил тод илэрхийлэх болсон өнөөгийн эрх баригчид энэчлэн суурин дээрээ эргэж, хөрвөөсөөр буйг дээр дурдсан, ярилцсан асуудлууд нь батална. Үндэсний баялгийн сантай болох ёстой, улс төрийн намуудыг шинэчлэх шаардлагатай гэдгийг зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаас ч өмнө хэн хүнгүй хэлж, хийх арга замыг нь заачихсан шүү дээ. Гагцхүү эрх баригчид хийх ёстойгоо л хийхгүй байгаа юм.
Харин санал асуулгад багтсан арай шинэвтэр хоёр асуудал нь ард иргэдийг төлөөлөн ажилладаг, төрийн хянан шалгах бие даасан тогтолцоо бий болгох, төрийн албан хаагч хөрөнгө, орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлахтай холбоотой байв. УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөлдөх санал асуулгыг хоёр дахь шатны уулзалтыг нээхдээ “Хууль засаглах ёсыг төлөвшүүлсэн, шударга ёс тогтсон улс орнуудад иргэний болон нийтлэг эрх ашгийг хамгаалах байгууллагууд үр дүнтэй ажилладаг. Харин хуулийн засаглал харьцангуй сул улс орнуудад Үндсэн хуулийн байгууллага бий болгох замаар хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж судлаачид үздэг юм” хэмээн одоогийн ажиллаж буй УИХ-ын хянан шалгах түр хороо шиг загвараар Үндсэн хуулийн байгууллага бий болгон хэрэгжүүлэхийг чухалчилдгийг онцолсон юм. 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн УИХ-ын хяналт, шалгалтын хуулийг баталсан. Улмаар өдгөө парламентын бүтцэд Хянан шалгах түр хороо байгуулан ажиллаж байгаа. УИХ-ын даргын хэлсэнчлэн өдгөө үүнийг “нэг шат ахиулан”, төрийн хариуцлага, хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх бие даасан байгууллагатай болж мэдэх нь. Төрийн албан хаагч зарлагаа мэдүүлэх, эсэхтэй холбоотойгоор үүнийг зөвхөн өндөр албан тушаалтнуудад хамаатуулах нь зүйтэй гэх санал нэлээд гарсныг оролцогчид хэлж байсан ч тэр, энэ гэж ялгалгүй, бүгд мэдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх талаар зөвлөмжид тусгажээ. Өөрөөр хэлбэл, эдгээрийг дэмжиж, хуульчлан, бий болгох нь зүйтэй гэж оролцогчдын олонх байр сууриа илэрхийлсэн аж.