Нэгэн алдартай зохиолч “Музей бол хүн төрөлхтний агуу их дурсгалын ном юм” хэмээсэн байдаг. Музей, түүнийг бүрдүүлэгч үзмэр, эд өлгийн зүйлс хүн төрөлхтний түүхэнд холбогдох асар үнэ цэнтэй мэдлэг, мэдээллийг агуулж байдаг учраас ийнхүү агуу их дурсгалын номтой зүйрлэсэн хэрэг. Энэ “ном” тухайн улс, үндэстний иргэдэд үүх түүхээ судлах, танин мэдэх, соён гэгээрэх боломж олгодог. Тэгвэл гадаадынхны хувьд очсон газар орныхоо түүхэн хөгжил, соёл уламжлал, зан заншил, байгаль, цаг уур, аж төрөхүйн онцлогтой танилцах хөтөч болдог юм. Музейг улс орны нэрийн хуудас, түүх, соёлын үнэт судлагдахуун, аялал жуулчлалын гол цөм гэж үздэг нь ч үүнтэй холбоотой. Тиймээс дэлхийн орнууд музейн хөгжилд онцгой анхаардаг. Үзүүллэг, дэглэлтийг нь орчин үеийн өнгө төрхтэйгөөр шинэчлэх, сан хөмрөгийг нь баяжуулах, дохиолол хамгаалалт, техник хэрэгслийг нь сайжруулах, чадварлаг хүний нөөцөөр хангах зэргээр тасралтгүй тордож, өөд нь татдаг аж.
“Монголиан гайд тур” компанийн захирал, судлаач Ч.Буянбадрахын “Монгол орны лавлах” номд бичсэнээр аялал жуулчлалын салбарт жуулчны сэтгэл татах үзмэрийг ерөнхий байдлаар нь гурав ангилдаг гэнэ. Эхнийх нь хүрээлэн буй орчин буюу байгалийн үзмэр. Хоёрдугаарх нь жуулчдад зориулсан байгууламж буюу үйлчилгээний газар. Удаах нь хүний гараар бүтсэн соёл, түүхийн үзмэр. Эдгээрээс жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг нь гурав дахь ангилал буюу хүний гараар бүтсэн соёл, түүхийн үзмэр аж. Үүнд эртний булш бунхан, хөшөө дурсгал, уран баримал, түүхэн барилга, байгууламж, сүм хийд, гудамж, талбай зэргээс гадна музей багтдаг юм байна. Энэ нь улс орнууд музейг аялал жуулчлалын бүтээгдэхүүн талаас нь төрөлжүүлэн хөгжүүлэх гол шалтгаан болдог гэнэ. Нью-Йоркийн Байгалийн түүхийн, Вашингтоны Смитсониан цогцолбор, Парисын Лувр, Санкт-Петербургийн Эрмитаж, Тайландын Үндэсний шинжлэх ухааны, Мексикийн Антропологийн музейг үзэх гэж жилд өчнөөн сая жуулчин тухайн хотуудыг зорьдог. Нэр алдар нь эдний адил дэлхий даяар түгээгүй ч бүс нутгийнхаа аялал жуулчлалд үнэтэй хувь нэмэр оруулдаг, маршрут, хөтөлбөрт нь албан ёсоор багтдаг жижиг музей ч цөөнгүй. Харин манай улсын хувьд энэ боломжоо төдийлөн ашигладаггүй. “Монголд ирснийх энэ музейг л үзье” гэж жуулчид зорьж, төлөвлөж очдог нь ховор. Бодлогын түвшинд ч эл асуудал орхигддог. Музейн барилгууддаа цаг тухайд нь их засвар, хүчитгэл хийхгүй байсаар сүүлд нь хэт хуучирсан, ашиглалтын шаардлага хангахаа больсон гээд л татан буулгачихдаг.
Дээрх номд бичсэнээр бол Байгалийн түүхийн болон Үлэг гүрвэлийн төв музей жуулчдын сонирхлыг татдаг, Монголын нүүрийг тахалдаг байсан гэнэ. Ялангуяа Байгалийн түүхийн музейн палеонтологийн танхим гадаад, дотоодын жуулчдын нүд хужирлах баялаг үзмэртэйд тооцогддог байж. Харамсалтай нь, эдгээрийн нэгийнх нь байрыг булааж, нөгөөг нь татан буулгана, буулгахгүй гэж олон жил мэтгэлцсээр өдгөө нэг газарт, давчуу орон зайд, зориулалтын бус орчинд үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашид үзмэр, дурсгал нь бүрэн бүтэн үлдэх, эсэх асуудал ч яригдаж буй. Байгалийн түүхийн музей өдгөө өөр газарт үйл ажиллагаа явуулж байгааг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ. Барилгатай нь хамт татан буулгасан гэж боддог нь цөөнгүй. Үлэг гүрвэлийн төв музейг Байгалийн түүхийн музейтэй нэгтгэснийг ч олон нийт төдийлөн мэддэггүй. Тэгвэл үүнээс өөр ямар музей бий вэ. Монголын үндэсний, Улаанбаатар хотын, Богд хааны ордон, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн, Чойжин ламын сүм зэрэг хуруу дарам цөөн музейг л бид мэднэ. Харьцангуй сүүлд байгуулснаар нь “Чингис хаан” хаад, язгууртны музейг олонх нь мэдэж буй. Орон нутгаас гэвэл Орхоны хөндий дэх Хархорум, Даланзадгадад сүүлд байгуулсан Говийн байгаль, түүхийн музейг л нэрлэх болов уу. Гэтэл манай улсын хэмжээнд өдгөө 31 музей үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ан агнуурын, “Жонон хар” морин хуурын, Монгол цэргийн, Монголын үндэсний хувцасны, Олон улсын оюун ухааны, Уламжлалт анагаах ухааны, Үнэт ховор номын, Чингис хааны вакс баримлын, Театрын музейг та мэдэх үү. Түрэгийн хаант улсын түүх, соёлын цогц дурсгал бүхий “Хөшөө цайдам”, говийн догшин хутагтаар овоглосон Данзанравжаа судлалын музей орон нутагт байдгийг дуулсан уу. Мөн тухайн бүс нутгийнхаа байгаль, цаг уур, үндэстэн, ястныхаа өв уламжлал, зан заншлын онцлогийг илтгэсэн баялаг үзмэр, дурсгалтай аймгийн музейнүүдийн хэдэд нь хөл тавьсан бэ. Эдгээр асуултад хариулаад үзээрэй. Дийлэнхэд нь очиж үзээгүй, заримынх нь нэрийг ч дуулаагүй гэдэгт итгэлтэй байна. Энэ бол ерөөсөө манай улсад соёлын аялал жуулчлал хөгжөөгүйн тод илрэл юм. Монголчууд өөрийнхөө музейн талаар ойлголт, мэдлэггүй байхад гадаадынхан яаж мэдэх билээ. Бид энэ нөөц боломжоо хэрхэн олж харж, бүрэн дүүрэн ашиглах юм бэ.
Музей аялал жуулчлалд хэр чухал үүрэг гүйцэтгэдгийг тодотгох үүднээс ганц жишээ татъя. Өмнөговь аймаг олон улсын жишиг, стандартад нийцүүлж Говийн байгаль, түүхийн музейг 2022 онд ашиглалтад оруулсан. Тус музейнхэн жилд дунджаар гадаад, дотоодын 20 мянган жуулчин хүлээж том зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм. Харин өнгөрсөн оны тавдугаар сард нээлтээ хийснээс хойш 12 мянга гаруй аялагч хүлээн авсан аж. Өөрөөр хэлбэл, хагас жилийн хугацаанд төлөвлөгөөгөө 60 хувиар биелүүлсэн гэсэн үг. Энэ тоо цаашид улам өсөх нь гарцаагүй. Компаниуд ч говийн аяллын маршрутад заавал оруулах газрын тоонд үүнийг багтаах болж. Өмнөговь бол түүх, соёлын, ялангуяа палеонтологийн дурсгалд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн тохиромжтой, баялаг өгөгдөлтэй нутаг. Тиймээс бие даасан музейтэй байх зайлшгүй шаардлагатай. Тэр дундаа олон улсын жишигт нийцсэн барилга, байгууламжтай, цогц үйлчилгээтэй, баялаг сан хөмрөгтэй музейтэй байна гэдэг маш том давуу тал. Хэнтий, Хөвсгөл, Баянхонгор, Архангай зэрэг аялал жуулчлалын гол бүс нутаг дахь аймгийнхан ч энэ жишгээр музейгээ хөгжүүлж, шинэчлэн, гадаад, дотоод аялагчдыг татах боломжтой. Нийслэлийн хувьд ч ялгаагүй. Музейг хотын аялал жуулчлалын гол цөм болгох боломж бий.
Аялал жуулчлалын салбарт хөтөч, тайлбарлагчаар 10 гаруй жил ажилласан Б.Шинэгэрэлээс музейг аялал жуулчлалын эргэлтэд оруулах ямар боломж байгааг асуухад “Монгол Улс маш баялаг түүхтэй. Байгалийн, түүхийн, угсаатны, палеонтологи, археологийн, урлаг соёлын, шашны гээд олон чиглэлийн музейг төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой. Одоогийн музейнүүдээ хөгжүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн, бүрэн хүчин чадлаар нь дайчилбал соёлын аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болгох боломжтой. Орон нутгаас Хархорум, нийслэлийнхээс Монголын үндэсний болон Богд хааны ордон музейд хамгийн олон удаа жуулчин дагуулж очсон. Үзмэр, дурсгал нь яалт ч үгүй анхаарал татдаг. Гаднах орчин нөхцөл, хүмүүсийн хандлага, харилцаанаас эхлээд анхаарах зүйл их. Гадаадын жуулчид аяллаа маш эрт төлөвлөдөг. Музейн тасалбараа урьдчилж захиалах нь ч бий. Жуулчнаа дагуулаад очтол дотоод ажилтай гээд цоожилчихсон, засвар хийж байсан тохиолдол ч гарсан. Сүүлийн үед жуулчид “Чингис хаан” музейг зорьж үзэх нь олширсон. Дотоод зохион байгуулалт, орчин нөхцөл сайтай ч автомашины зогсоолгүй, жуулчдад зориулсан тусгай хөтөлбөргүй зэрэг нь шүүмжлэл дагуулдаг” хэмээн ярьсан юм. .
...Музей аялал жуулчлалд хэр чухал үүрэг гүйцэт гэдгийг тодотгох үүднээс ганц жишээ татъя. Өмнө говь аймаг олон улсын жишиг, стандартад нийцүүлж Говийн байгаль, түүхийн музейг 2022 онд ашиглалтад оруулсан. Тус музейн хэн жилд дунджаар гадаад, дотоодын 20 мянган жуулчин хүлээж том зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм. Харин өнгөрсөн оны тавдугаар сард нээлтээ хийснээс хойш 12 мянга гаруй аялагч хүлээн авсан аж...
Манай улс Соёлын яамтай болоод гурван жилийн нүүр үзэж байна. Үүнээс хойш музейн хөгжлийн асуудлыг тодорхой хэмжээнд ярьдаг болов. Богд хааны ордон, Чойжин ламын сүм зэрэг томоохон музейд хүчитгэл, их засвар хийх ажлууд ид өрнөж байна. Орон нутгийн музейн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сан хөмрөгийг баяжуулах, барилга, байгууламжийг нь засаж шинэчлэх тухай ч хөндөж эхлэв. Магадгүй эдгээр нь ирэх онд тохиох Монгол Улсад шинэ цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой угтсан ажил байх. Ер нь цаашид музейг бусад орны жишгээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэй. Дээрх хөтчийн хэлсэнчлэн зөвхөн дотоод төдийгүй гадаад орчин нөхцөл, ажилтнуудын харилцаа, хандлага, цагийн хуваарь, үнэ тариф, дагалдах үйлчилгээнээс эхлээд жуулчдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг бүх зүйлийг анхаарлын гадна орхигдуулж боломгүй санагдана. Орчин үеийн музейнүүд техник, технологийн дэвшлийг ашиглах болсныг ч анхаарууштай.
Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, идэвхжүүлэх олон талт бодлого, шийдвэр хэрэгжүүлж буй энэ үед Соёлын яам музейг аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болгох чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах хамгийн тохиромжтой үе мэт санагдаж байна. Өчнөөн тэрбум төгрөгийн төсөвтэй соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг музейг хөгжүүлэхэд, музейн боловсролыг түгээхэд яагаад чиглүүлж болохгүй гэж. Монголчуудын өв соёл, түүхэн уламжлалыг сурталчлан таниулах зорилготой арга хэмжээнүүдийн заримыг нь яагаад музейд зохион байгуулж болохгүй гэж. Мэдээж боломжтой шүү дээ.