Эрүүл мэндийн эрт илрүүлгийг өнгөрсөн оноос орон даяар зохион байгуулж буй билээ. Уг үзлэгт одоогоор 800 000 гаруй иргэнийг хамруулснаас тал орчим хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчтэй болох нь илрээд байгаа юм. Үүний гол шалтгааныг эмч, мэргэжилтнүүд монголчуудын буруу хооллолт, хүнсний зохисгүй хэрэглээтэй холбон тайлбарлаж байна. Тэгвэл яажзөв хооллох, ялангуяа удахгүй болох сар шинийн баяраар хүнсэндээ хэрхэн анхаарах талаар ШУТИС-ийн багш, хоолзүйч, шим тэжээл судлаач, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай ярилцлаа.
-Цагаан сараар иргэдийн хоол хүнсний хэрэглээ ихэсдэг. Ялангуяа махны хэрэглээ эрс нэмэгддэг. Ийм үед хоол хүнсээ хэрхэн зохицуулах вэ?
-Эрүүл буюу ямар нэгэн архаг хууч өвчингүй, тухайлбал, чихрийн шижингүй, даралт нь ихэсдэггүй, бөөр нь өвддөггүй хүний хувьд бол хэдхэн өдөр хэтрүүлж идлээ гэхэд биеийн жин 1-2 кг-аар нэмэгдэхээс өөр асуудал тулгарахгүй. Баяраар идэж, ууж бололгүй яах вэ. Харамсалтай нь, монголчуудын эрүүл мэнд тийм ч сайн биш. “Цоо эрүүл хүн байна уу” гээд хайвал олоход хэцүү. Архаг хууч өвчтэй хүмүүсийн хувьд хэтрүүлэн идвэл бие махбодынх нь ачаалал нэмэгдэж, өвчин нь хүндэрнэ. Цагаан сар, наадмын дараа эмнэлгийн ачаалал, түргэн тусламжийн дуудлага эрс нэмэгддэг зүй тогтол бий. Тиймээс суурь өвчтэй хүмүүс Цагаан сарын өдрүүдэд хоол хүнсээ хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Хоногт хэрэглэх илчлэг насанд хүрэгчдийн хувьд дунджаар 1400-2700 ккал орчимд хэлбэлздэг. Гэтэл Цагаан сарын үед 15-20 бууз, 100 грамм салат идэж, жаахан ундаа уулаа гэхэд л илчлэг 4000-6000 ккал болж нэмэгдэнэ.
-“Их хоол идчихлээ” гээд хийжүүлсэн ундаа уудаг хүн цөөнгүй. Мөн бууз болон махтай хоолоо салаттай идэх нь элбэг. Ер нь ямар ямар хүнсийг хамт хэрэглэх нь тохиромжтой вэ. Ялангуяа монголчууд сар шинийн баяраараа их хэрэглэдэг хоол хүнсээр жишээлэн энэ талаар зөвлөнө үү?
-Махыг ногоотой идэх нь зөв. Гэхдээ ямар ногоо идэх вэ гэдэг нь чухал. Майонез ихтэй салат идэх нь оновчгүй. Яагаад гэвэл майонезын илчлэг өндөр, удаан шингэдэг. Дан ногооны, тос багатай салат идэх нь оновчтой. Өөх тос ихтэй махтай хоолны араас хүйтэн ундаа уух нь оновчгүй. Зөвхөн хийжүүлсэн ч биш, бүх төрлийн ундаа тохиромжгүй. Энэ нь монголчууд янз бүрийн өвчин, тэр тусмаа нойр булчирхайн хурц үрэвслээр өвчлөөд буйд нөлөөлдөг байх магадлалтайг эмч нар хэлдэг шүү дээ. Монголчууд дээр үеэсээ л “Халуун тостой хоолны араас хүйтэн зүйл бүү уу” гэж ярьдаг байсан нь учиртай. Эрүүл мэнд, эрхтний системээ хамгаалсан асар том дадал, зуршилтай байсан гэсэн үг. Гэтэл одоо уг дадал алдагдсан. Тиймээс хүмүүс зөвхөн Цагаан сараар биш, зун хорхог идчихээд л араас нь хүйтэн ус, ундаа, айраг, архи ууж байна. Энэ нь хамгийн буруу гэж хэлье. Бусад тохиолдолд бүх зүйлийн хэмжээг тааруулж идэх нь л чухал.
-Монголчуудын дунд хоол боловсруулах тогтолцооны өвчлөл ихэссэн нь эрт илрүүл гээр тодорхой болж байна. Эл нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд яах ёстой вэ?
-Монголчууд хоол хүнсэндээ анхаарах шаардлага хэдийн тулгарчихаад байна. Сүүлийн жилүүдийн статистикийг харвал, элэгний хорт хавдрын өсөлт саарч байгаа. Харин ходоодны хорт хавдар эрчимтэй нэмэгдэх боллоо. Тэгэхээр хэдхэн жилийн дараа бид элэгний бус, ходоодны хорт хавдарт дарлуулах магадлал өндөр. Хоёуланд нь зэрэг дарлуулж ч болзошгүй.
-Ийм байдалд хүрсэн шалтгаан нь юу вэ. Монголчуудын махны хэт их хэрэглээтэй холбоотой юу?
-Хоол боловсруулах замын өвчлөл зөвхөн махны хэрэглээтэй холбоотой гэж ойлгох нь өрөөсгөл. Хамгийн гол шалтгаан бол замбараагүй хооллолт. Өглөөний цай уудаггүй, өдрийн хоол иддэггүй. Мөн өлсөж яваад хэтрүүлэн иддэг гэх мэт буруу зуршил гол шалтгаан болдог. Ерөөсөө монголчуудад хоолны дэглэм гэдэг зүйл байдаггүй. Хоолонд ач холбогдол өгдөггүй. Гэтэл хөгжингүй, хүн амынх нь дундаж наслалт өндөр улс орнуудад хоолонд маш их ач холбогдол өгдөг. Жишээ нь, солонгос кинонуудад “Өглөөний цайгаа уусан уу”, “Өдрийн хоолоо идсэн үү” гэж байнга асуудаг шүү дээ. Хоол бол хүний эрүүл мэндэд хамгийн чухал нөлөөтэй зүйл. Үүнд анхаарах нь зөвхөн хоол боловсруулах эрхтний тогтолцоогоо хамгаалаад байгаа хэрэг биш. Тухайлбал, дархлаа дэмжихэд, сэтгэцийн эрүүл мэндэд, оюун ухааны хөгжилд ч хоол тэжээл чухал үүрэгтэй. Дараагийн нэг зүйл бол монголчуудын хоолны чанар муу байна. Шим тэжээлтэй хүнс хэрэглэхгүй хэрнээ үйлдвэрийн боловсруулалт ихтэй, ач холбогдол сул, амттай зүйлсийг маш их иддэг. Эдгээрээс шалтгаалаад л өвчлөл ихсэж байгаа.
-Зөв хооллоно гэхээр хүмүүс нарийн дэглэм баримтлах, түүнээс шалтгаалан бие махбодын хувьд, мөн санхүүгийн талаас ч дарамт, ачаалал ирнэ гэж ойлгох нь түгээмэл. Ер нь зөв хооллолт гэж юу вэ. Монголын нөхцөлдүүнийг хэрэгжүүлэх ямар боломжууд байдаг бол?
-Хоол бол уг нь маш энгийн бөгөөд чухал ойлголт. Хүмүүс зөв хооллоно гэхээр хэзээ ч харж байгаагүй хүнс идэх тухай бодоод, эсвэл маш нарийн дэглэм баримтлах талаар ярьдаг. Заавал чиа үр иднэ гэдэг ч юм уу. Үнэндээ бол үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж, нарийн дэглэм барих нь чухал биш. Харин өглөөний цайгаа тогтмол уудаг байх нь зүйтэй. Тэгэхдээ бидний өдөр тутам хэрэглэдэг өндөг, агшаамал, бантан, зутан ч идэж болно шүү дээ. Хамгийн гол нь химийн нэмэлттэй бүтээгдэхүүнүүдээ хязгаарлах хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдүүдэд химийн нэмэлттэй жигнэмэг, будагтай ундаа, чихэр, чипс, мөхөөлдөс зэрэг зүйлийг аль болох бага өгөөч гэж бид байнга зөвлөдөг. Мэдээж идүүлж болно. Хүүхдийн идэх зүйлийг хэт хорих нь төвөгтэй. Харин тэр хүнс бие махбодод нь хэрэггүй, ашиг тусгүйг ойлгуулах нь чухал. Гэтэл бодит байдалд эцэг, эхчүүд хүүхдүүддээ халуун хоол хийж өгч чаддаг бил үү. Сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногоо идүүлдэг үү. Жишээ нь, С аминдэм бие махбодод чухал үүрэгтэйг хүнбүрмэддэг. Үүнийг хэрэглэхийн тулд бид заавал эм хэлбэрээр уух шаардлагагүй. Харин дунд зэргийн хэмжээтэй жүрж хүүхдэдээ өдөр бүр идүүлбэл С амин дэмийн хэрэгцээг бүрэн хангана. Ингэж хэлэхээр “Жимс үнэтэй шүү дээ” гэх хүн цөөнгүй. Гэтэл хүүхдэдээ авч өгдөг ундаа, чипсний үнийг тооцвол бараг л адил дүн гарна.
-Янз бүрийн дэглэм баримталдаг, мацаг барьдаг хүн цөөнгүй. Эдгээр нь хэр үр дүнтэй вэ?
-Иргэдийн хоол тэжээлийн мэдлэг тааруу. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн буруу ойлголт их байдаг. Тиймээс хүмүүс хаанаас, хэнээс мэдээлэл авч байна вэ гэдэгтээ шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Дэглэм баримталж байгааг буруутгахгүй. Гэхдээ хатуу хязгаарлалттай хоолны дэглэмийг тодорхой хугацаанд барьж болно. Харин удаан хугацаанд үргэлжлүүлж болохгүй. Эсвэл хязгаарлаж хорьсон хүнсний бүтээгдэхүүнүүдээс авах ёстой шим тэжээлийг ижил төстэй өөр хүнсээр орлуулах ёстой. Эс тэгвээс шим тэжээлийн дутагдалд орж, улмаар өвчлөх эрсдэлтэй.
-Хоол хүнсний хэрэглээний талаарх иргэдийн ойлголтыг хэрхэн сайжруулж, хандлагыг нь яаж өөрчлөх вэ?
-Системтэй мэдлэг олгох ёстой. Насанд хүрэгчдийн хандлагыг өөрчлөх хэцүү. Сурсан зүйлийг сураар боож болохгүй гэдэг шүү дээ. Бид архи уудаг хүмүүсийг л донтчихлоо гэдэг. Архи уусан тохиолдолд гэр бүлийн хүчирхийллээс авхуулаад сөрөг зүйл их гардаг учраас олон нийт үүнд илүү анхаардаг. Гэтэл үнэн чанартаа хийжүүлсэн ундаа уухгүй бол унтаж чадахаа больчихсон, кофегүй, шоколадгүйгээр амьдарч чадахгүй гэдэг хүмүүс ч бий. Эдгээр нь бас л донтолтын хэлбэр. Архи уудаг хүнтэй харьцуулахад бусдад мэдрэгдэх сөрөг нөлөө нь бага учраас хүмүүс тэр бүр анхаардаггүй. Энэ мэт донтолт, дадал зуршлыг өөрчлөхөд асар их хугацаа, бас тууштай үйл ажиллагаа шаардлагатай. Тиймээс дэлхий нийтийн жишгийн дагуу хүүхдийг багаас нь зөв хооллож хэвших, шим тэжээлийн боловсрол олгох нь чухал. Ингэснээр хүүхэд зөв дадалтай болно. Жишээ нь, Японд цэцэрлэгийн насны хүүхдүүд шээснийхээ өнгийг хараад, ус хангалттай уусан уу, ямар хүнс дутагдаж байна вэ гэдгээ оношилж чаддаг. Гэтэл манайхан хүүхдээ сайн тоочин, шатарчин, бүжигчин болгоход л илүү анхаараад, эрүүл мэндийнх нь боловсролыг орхидог. Ер нь иргэд өвдөхөөрөө л хоолондоо анхаардаг. Харамсалтай нь, тэр үед оройтсон байдаг. Асар их тэсвэр тэвчээр гарган байж хоолны дэглэм, дадал хэвшүүлэх шаардлага тулгардаг шүүдээ.
-Ер нь манайд хоол тэжээлийн боловсрол олгохыг чухалчилдаггүй. Хооллох нь зөвхөн гэр бүл доторх асуудал юм шиг ханддаг нь ажиглагддаг. Та энэ талаар ямар байр суурь илэрхийлэх бол?
-Социализмын үед дэлгүүр хэдхэн төрлийн л бүтээгдэхүүнтэй, одоогийнх шиг янз бүрийн химийн нэмэлттэй хүнс байгаагүй. Тиймээс хоол, шим тэжээлийн талаар нийтийн дунд төдийлөн хөнддөггүй байлаа. Харин гэр бүлийн хүрээнд “Тостой хоолны араас хүйтэн зүйл битгий уу” гэж өвөө, эмээ нь хэлж сургах замаар зөв дадалтай болгодог байж л дээ. Энэ мэтийг монголчууд мэддэг учраас гэр бүлийн хүмүүжлээрээ дамжуулаад хүүхдүүддээ дадал хэвшил суулгадаг байв. Тэр уламжлал өдгөө тасарчихсан. Эдгээрийг мэддэг, хүүхдүүддээ зөвлөж чадах эмээ, өвөө, аав, ээж ховор. 2000- аад оноос дэлхий даяар хоол хүнсний даяаршил эхэлж, манайх ямар ч бэлтгэлгүй байж байгаад өртчихсөн юм. Үүнд ер анхаараа ч үгүй, улмаар удирдлагаа алдсан. Өнөөдөр бид хоолойгоор давуулж байгаа бүхнээ хэрэгтэй, эсвэл хэрэггүй юү гэдгийг мэдэж байх шаардлагатай болчихсон байна. Хоол хүнсний хэрэглээ маш аюултай, эрсдэлтэй нөхцөлд хүрчихлээ. Дэлхий дахинд үүнийг био терроризм гэж ярих хэмжээнд тулчихаадбайна.
-Ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн хичээл заадаг. Гэсэн ч уг хичээлээр хүүхдэд хоол хүнсний ач холбогдлын талаар мэдлэг, мэдээлэл төдийлөн өгдөггүй. Та эл хичээлийн агуулга, хөтөлбөрийг судалж байв уу?
-Эрүүл мэндийн хичээл нь хоол хүнс, хөдөлгөөн, халдварын бус өвчлөл, сэтгэц, нөхөн үржихүй зэрэг зургаан үндсэн агуулгатай. Үүний дагуу ном, сэдвүүдээгаргасан байдаг. Миний хувьд хичээлийн хөтөлбөр учир дутагдалтай, алдаатай, анги хоорондын уялдаа холбоо тааруу гэж боддог. Хичээлийн хөтөлбөрт хоол тэжээлийн боловсролын агуулга бий. Хамгийн гол нь тэр хичээлийг мэддэг хүн л заах ёстой шүү дээ. Жишээ нь, би сэтгэцийн эрүүл мэндийн талаар зааж чадахгүй. Гэтэл ерөнхий боловсролын сургуульд дээрх зургаан агуулгыг нэг багш зааж байна. Үндсэндээ хичээл заадаг нэртэй ч хүүхдүүдэд мэдлэг олгохгүй байна гэж боддог юм.
-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хийсэн судалгаагаар Монголд эрүүл хооллох боломж хязгаарлагдмал гэсэн дүгнэлт гарсан. Бас үнэ өртгийн хувьд монголчуудын тал орчим хувь нь эрүүл хүнс авч чадахгүй байна гэж дүгнэсэн. Ийм нөхцөлд хоолныхоо чанарт яаж анхаарах вэ?
-Хоолны шим тэжээлийн чиглэлээр ажилладаг хүний хувьд хэлэхэд, монголчуудын хувьд чанартай хүнс хэрэглэх бүрэн боломжтой. Бид бэлчээрийн малтай, сүү, цагаан идээтэй, атар газарт тарьсан улаан буудай, хүнсний ногоотой, ойн жимстэй. Тиймээс монгол хүнс чанаргүй байх үндэслэлгүй. Харин бид өөрсдөө үйлдвэрлэлийн явцдаа алдаа гаргаад байна. Тухайлбал, бэлчээрийн малын мах хэрнээ дөнгөж антибиотик тарьчихсан бол чанаргүй болж хувирна. Мөн хоолыг буруу хадгалж болохгүй. Тариалан эрхлэхдээ чанаргүй бордоо хэрэглэчихвэл буруудна. Нөгөө талаар мэдлэг, мэдээлэл муутайгаас хүнсээ чанаргүй болгох нь бий. Жишээ нь, сүүгээ будгийн лаазанд хийдэг. “Цэнхэр” гэж олны нэрлэдэг, цавуу, янз бүрийн химийн бодис хадгалдаг саванд айргаа бүрэхээр органик бүтээгдэхүүн чанаргүй болдог. Тиймээс хоол үйлдвэрлэх, бидэнд ирэх хүртэлх сүлжээний бүхий л шатанд хяналт сайн байж, стандарт хангуулах ёстой. Ялангуяа хүүхдүүддээ багаас нь энэ стандартыг ойлгуулах шаардлага бий.
-Цагаан сарын үеэр хоол хүнс хэтрүүлэн хэрэглэх нь өвчлөлийн шалтгаан болдгийг та өмнө дурдсан. Тэгэхээр бид уламжлалт баярынхаа хоол хүнсний бүтэц, чанарт өөрчлөлт оруулах шаардлагатай юу?
-Баяр бол баяр шиг л байх ёстой. Буузаа хийг, идэг л дээ. Би бол Цагаан сард буруу өгөх бус, хувь хүний ухамсар, хэрэглээтэй л холбон тайлбарлана. Айлын баярын ширээнээс алийг нь хэр хэмжээгээр идэх нь хувь хүний л сонголт. Агаарын бохирдлоор жишээ татъя. Утаанаас болоод бидний амьсгалын зам, уушги бохирдож, улмаар өвчилж байна. Үүний бурууг агаарын бохирдол болон түүнийг бууруулж чадаагүй төр, засагт тохож болно. Харин айлын хоол идчихээд Цагаан сараас болоод өвдчихлөө гэх нь утгагүй. Үүнийг хувь хүний хэрэглээ, ухамсраар зохицуулж болно. Агаарын бохирдлыг бол хувь хүн зохицуулж чадахгүй шүү дээ.