Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны уулзалт өчигдөр үргэлжилж, өндөрлөлөө. Энэ өдөр “Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах” сэдвийн хүрээнд Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Баясгалан, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор М.Алтанбагана, “Нийгмийн тулгамдсан асуудлууд” сэдвийн хүрээнд Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны сургалтын зохицуулагч, доктор (Ph.D), профессор Н.Наранчимэг, Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Нарантулга нарын илтгэлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Эхлээд зөвлөлдсөн “Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах” сэдвийн хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид, СЭЗИС-ийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D) М.Түвшинжаргал, “Улаанбаатар эрдэм” их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Б.Даваасүрэн, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, дэд профессор, зөвлөх эдийн засагч Б.Түвшинтөгс, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь, Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс нар оролцогчдын асуултад хариулах экспертээр ажиллав. УИХ-ын дэд дарга, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн гишүүн С.Одонтуяа дээрх сэдвийн хэлэлцүүлгийн чиглүүлэгч нь байсан бөгөөд орон нутгийн эдийн засаг, жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнесийг хэрхэн дэмжих талаар санал бодлоо түлхүү хуваалцахыг хүслээ. Доктор Б.Баясгалан уул уурхайн салбараас хамааралтай улс орнууд эл шавхагдах нөөцийн үр шимийг иргэддээ тэгш хуваарилахаас гадна хойч үеийнхээ сайн сайхны төлөө хуримтлал үүсгэх, орлогыг нь зөв захиран зарцуулах, эрсдэлээс хамгаалах зорилгоор баялгийн сан байгуулдгийг тодотгоод, манайд Тогтворжуулалтын болон Ирээдүйн өв санд уул уурхайн орлогын тодорхой хувийг төвлөрүүлж буйг мэдээлэв. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэдэд тэгш хүртээх зарчмыг агуулсан заалт тусгасан. Тиймээс тус баялгийн санд төвлөрүүлсэн хөрөнгийг нийгмийн хамгааллыг сайжруулах, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулах нь зөв, эсэхэд санал бодлоо хуваалцахыг оролцогчдоос хүсээд, үндэсний баялгийн сангийн давуу болон сул талын талаар танилцуулсан юм. Ингэхдээ тэрбээр баялгийн сан байгуулж буй нөхцөлд түүний удирдлага ямар байх вэ гэдэг нь хамгийн чухал болохыг онцлоод, “Олон улсын туршлагаас харахад үүнийг үндсэндээ хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллуулдаг” гэлээ.
Үргэлжлүүлэн дэд профессор М.Алтанбагана Төвбанк үндсэн чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх баталгааг сайжруулах, төвлөрлийг сааруулж, бүсчлэн хөгжүүлэхтэй холбоотойгоор засаг захиргааны шинэчлэл хийх тухай сэдвийг хөндсөн. Тухайлбал, Улаанбаатарын төвлөрлийг бууруулахын тулд орон нутагт оршин суугч болон шилжин ирэгч иргэдэд тусгайлсан дэмжлэг үзүүлэх талаар онцлоод, үүсэж болзошгүй давуу болон сул талыг нь тайлбарлав. Нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр иргэн Б.Түдэвдорж “Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний орлогоос сан бүрдүүлж ажиллах боломжтой талаар бид мэдээлэл сонсож, ярилцлаа. Тухайн санг ямар аргаар бүрдүүлэх вэ. Энэ нь ЖДҮХС, Нийгмийн даатгалын сан шиг буруугаар ашиглагдахгүй гэсэн баталгаа бий юү. Ер нь энэ мэт сангаас олгох зээлийн шалгуур нь амьдралд нийцсэн, уян хатан байж болдоггүй юм уу” хэмээн тодруулахад профессор Б.Даваасүрэн “Одоо бий болгох гээд байгаа баялгийн санг орон нутгийн хөгжлийг дэмжихэд шууд ашиглах боломж хязгаарлагдмал юм. Баялгийн сангийн зорилго нь илүү том. Тогтвортой амьдралын суурийг бүрдүүлэх зорилготой гэж хэлж болно. Баялгийн сангийн хөрөнгө нь тодорхой түвшинд хүрсэн зарим улс түүнээсээ дотоодын сан үүсгэдэг. Мэдээж ЖДҮХС гэх мэт сангийн нөлөөллийг сайжруулах шаардлага бий. Тус сангаас энэ жилийн хувьд 28 тэрбум төгрөгийн зээл гаргахаар байгааг улсын хэмжээнд авч үзвэл маш бага мөнгө. Хэнд зээл өгөхийг дарга нар нь шийддэг байдлаасаа сална гэж найдаж байна” хэмээн хариулав.
Хоёр өдрийн турш холбогдох мэдээллийг сонсож, зөвлөлдсөн 801 оролцогч тус бүрээс эхний шатанд авсан 22 асуулгаар дахин байр суурийг нь сонсож, санал хураасан юм. Үндэсний статистикийн хороо дүнг нь нэгтгэж, өнөөдөр Зөвлөлдөх зөвлөлд тайлагнана.
Бэлтгэсэн Б.Уран