-Зөвлөлтийн тусгай албад хэдийнээс зөн билэгтнүүдийг сонирхох болсон бэ. 1920-иод оны эхээр Бүх Оросын онцгой комиссын Улс төрийн нууц хэлтсийн дарга, “Мастер, Маргарита хоёр” романы гол баатар Воландын эх дүр болсон Глеб Бокий зөн билэгтэй хүмүүсийн тусламжийг ашиглаж байсан гэх яриа байдаг, энэ үнэн болов уу?
-Бокийгийн талаар би юм хэлж чадахгүй. Магадгүй энэ салбарт тэр ямар нэг зүйл туршсан байж болох юм. Харин Зөвлөлтийн тусгай албад өнгөрсөн зууны 60-аад оны дундуур энэ сэдвийг сонирхож эхэлсэн. Бусдын бодлыг унших гэх мэт хүний ер бусын авьяас улсыг аюулаас хамгаалах байгууллагын өмнө асар их боломж бий болгож, ажлыг нь ихэд хөнгөвчилсөн юм. Нэг баримт хэлье. Гадаадын тагнуулын байгууллагатай холбоо сүлбээтэй байж болзошгүй нэг хүн сөрөг тагнуулчдын хараанд өртөв. Түүний гэмт үйлдлийг илрүүлэхийн тулд сөрөг тагнуулчид нүсэр их ажил хийх шаардлагатай болж, тэр хүний утасны яриаг нь удаан хугацаагаар чагнан, юу сонирхдогийг нь мэдэж, танил хүмүүс, хамт ажиллагсдыг нь судалж эхлэв. Британийн тагнуулын байгууллагад туслахыг санал болгосон Тагнуулын удирдах ерөнхий газрын хурандаа Пеньковекийн юм уу, эсвэл Юлиан Семёновын “ТАСС мэдээлэх бүрэн эрхтэй” романы гол баатар Сергей Дубовын эх дүр болох Колумбад АНУ-ын ТТГ-ын ажилтнуудын элсүүлж авсан дипломатч Огородникийн тухай мэдээллийг чухам ингэж хүчин чармайлт гаргаж байж цуглуулсан юм. Ийн бүх баримтыг гартаа оруулж байж баривчлах шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл, энэ бол сунжирсан, нарийн төвөгтэй, адармаатай үйл ажиллагаа. Тиймээс л Зөвлөлтийн тусгай албад далдын ер бусын авьяас чадвартай хүмүүст анхаарал хандуулж эхэлсэн юм. Мэдээлэл цуглуулах ажил тэдний тусламжтайгаар үлэмж амар хялбар болсон.
-Ийм авьяас чадварыг яаж илрүүлж байсан юм бол?
-Ер бусын авьяастай хүн ойрын хүрээлэл дотроо тэр дороо ил болдог. Ямар нэг онцгой авьяастайгаа мэдсэн хүн түүнийгээ ашиглан мөнгө олж эхэлдэг. Хүн эмчилнэ, тэдний амь, албаны асууд лыг шийдэж өгнө, амьдралд нь тохиолдож болзошгүй үйл явдлыг урьдчилан хэлнэ. Ийм хүмүүсийг улсынхаа аюулгүй байдлыг сахиулах ажилд татаж оролцуулах нь сөрөг тагнуулын байгууллагын зорилт байдаг.
-Зөн билгийн далд авьяастай хүмүүс энэ дэлхийд тохиолдож буй үйл явдалд бодит нөлөө үзүүлэх боломжтой гэж хэлэхийг та хүсэхгүй байна гэж үү?
-Нууж хаах ч юу байх вэ. Жишээ хэлэхэд, 1968 онд Чехословакт болсон үйл явдлын өмнө БНСЧУ-ын удирдлага дотор юу болоод байгааг Михаил Сусловт ярихаар Чехословакийн КН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Бильчик Москвад ирсэн байдаг. Бильчикийг шалгахын тулд Сусловын туслахын дүрээр УАХХ-ны офицер ажилласан. Энэ ажилтан зөн билгийн чадвартай хүн байж. Тэрбээр Бильчик юуг илэн далангүй ярьж, юунд баашлаад байгааг мэдэх зорилготой байсан. Афганистаны удирдагч Бабрак Кармалийг ЗХУ-д тохирох хүнээр солих шаардлагатай гэж үзсэн 1984 онд үүнтэй төстэй явдал бас тохиолдсон. Тэр үед далд онцгой авьяас чадвартай хүмүүс буюу ЗХУ-ын УАХХ-ны Нэгдүгээр удирдах газрын ажилтнууд бидэнд тус болсон юм. Кармаль огцорч, өөрийн суудлыг Нажибуллад шилжүүлэх шийдвэр гаргахад тэд ховсын тусламжаар нөлөөлсөн байдаг. Өөр баримт хэлье. Онцгой авьяастай хүмүүсийг хайж олох, тэднийг Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албанд ашиглах ажилд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын албаны дарга Александр Коржаков 1990-ээд оны эхээр их чармайлт гаргаж байсан. Тэгээд Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албанд ийм бүлэг бий болгосон. Бүлгийг хошууч генерал Георгий Рогозин удирдаж байлаа. Тус бүлэг 1990-ээд онд идэвхтэй ажиллаж, янз бүрийн зорилт шийдвэрлэсэн. Тухайлбал, аль нэг оронд айлчлах, эсэх талаар Төрийн тэргүүнд санал зөвлөгөөн өгдөг байв. Ельцин Японд айчлахаар бэлтгэж байх үед ийм явдал болсон. Энэ айлчлал ашиггүй, Японтой ямар ч дорвитой тохиролцоонд хүрэхгүй гэж далд авьяастай хүмүүс тодорхой хэлсэн байдаг. Ингээд Японд хийх Ельциний айлчлалыг цуцалсан юм.
-Манай дайснууд дэлхийн тавцанд юу хийхээр төлөвлөж буй талаар мэдээлэл цуглуулах чиглэлээр энэ бүлгийн хүмүүс юу хийсэн бэ?
-Нэг тохиолдлыг би мэдэж байна. Ер бусын авьяастай нь илт хоёр хүн 1980-ад онд Украинд Винницад амьдарч байжээ. Тэд хааяа Москвад ирнэ. Тэдний авьяас чадвартайг нүдээр үзсэн хүмүүс манай тусгай албаныханд ярьсан аж. Тэгээд улсын онцгой чухал зорилтыг хэрэгжүүлэхэд тэднийг ашиглахаар УАХХ шийдсэн хэрэг. Удалгүй тэдэнтэй холбоо тогтоож, тэд өөрсдийн био талбайг ашиглаж дэлхийн хаана ч байгаа орон зайд ороод явчихаж чадах хосгүй авьяас чадвартай хүмүүс байв. Зөвлөлтийн тагнуулын байгууллагад ямар хэтийн төлөв нээгдсэнийг хэлэх хэрэг байна уу даа. Тэгээд л бид энэ боломжийг ашигласан. Тэднийг УАХХ-ны даалгавраар Английн Ерөнхий сайд Маргарет Тэтчерийн ажлын өрөөнд “нэвтрүүллээ”. Түүний бүх яриа хөөрөөг, Сайд нарийн танхимын хуралдааныг манай хоёр сонсож байх болов. Тэгээд сонссон, харсан бүхнээ удирдлагадаа илтгэнэ. Үнэмшилгүй сонсогдож байгаа биз, тэгэхдээ үнэхээр түүхэнд ийм явдал болсон юм шүү.
-Тэгэхээр Зөвлөлтийн тусгай албаны ажилтан зөөлөн сандалд тухлаад био талбайгаа ашиглан Британийн удирдлагын үйл ажиллагааг ажиглаж чадаад байсан хэрэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Хэрэв эрдэмтэд био талбайгаа удирдаж чаддаг сан бол хүн төрөлхтөнд ямар гайхалтай боломж бий болохыг төсөөлөөд үз дээ. Зөвлөлт засгийн жилүүдэд эрдэм шинжилгээний 20-иод хүрээлэн оролцож судалгааны бүхэл бүтэн хөтөлбөр боловсруулсан юм. Ийм ажилд хүмүүсийг бэлтгэдэг тусгай бүлэг УАХХ-нд байгуулсан. Түшлэгийг нь хэмжих аппарат бүхий тусгай төхөөрөмжөөр тоноглосон сандал манай мэргэжилтнүүд хийж байлаа. Уг сандалд хүн суугаад бие нь тавирмагц уг төхөөрөмж ажиллаж эхлэх бөгөөд тухайн хүний организм нь идэвхжихээр био эрчим хүч нь хэд дахин нэмэгддэг. Ийм байдалд орсон хүн манай гаргийн хаана ч байгаа хүнтэй холбогдож сонирхсон мэдээллээ авч чаддаг. Ийм технологи үнэхээр байв. Дээр миний хэлснээр 1990-ээд оны эхээр Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын албанд энэ ажил үргэлжилсэн. Харин цаашдаа зөн билэгтнийг манай оронд ашиглахаа больсон. Коржаковыг Аюулгүйн албанаас зайлуулсны дараа энэ сэдвийг бүрмөсөн хааж, онцгой авьяастай хүмүүсийг зөнд нь орхисон байдаг. Гэтэл АНУ-д энэ ажлыг амжилттай үргэлжлүүлж, тухайлбал, зөн билэгтнүүдийн тусламжтайгаар тэндхийн тусгай албад Америкийн эргийн ойролцоо байсан Зөвлөлтийн усан доогуур явдаг завийг илрүүлсэн юм шүү дээ.
-Хамтран ажиллаж байсан гоц авьяастнуудынхаа чадлыг Та өөр дээрээ туршиж үзэж байв уу?
-Би хүнд өвчилж, ходоодныхоо гуравны хоёрыг тайруулах хэрэгтэй болж, амь нас минь хутганы ирэн дээр очоод байхад ийм авьяас чадалтай хүмүүс намайг аварсан. Тэдний нэг Валерий Кустов эмнэлэгт миний өрөөнд ирж нөлөөлснөөс цус алдахаа байж, ходоод өвдөхөө больсон. Нэг долоо хоноход би цоо эрүүл болж байлаа.
-ЗХУ-ын улс төрийн бүх удирдлагыг эмчилсэн Кремлийн дээдсийн маарамба гэгдэж явсан Жуна Давиташвили таны бодлоор чухам хэн байв. Түүнийг мэдэх хүмүүс санал нэгтэй байгаагүй, нэг хэсэг бөө, удган гэдэг байсан бол нөгөө нь бараг л суу заль гэх нь холгүй байв.
-Саяхан телевизээс над руу ярьж Жунагийн тухай нэвтрүүлэгт оролцохыг хүсэхэд нь би татгалзсан. Би түүнийг мэдэхгүй, бид хоёр биечлэн уулзаж байгаагүй. Түүнийг сайн мэдэх хүмүүстэй, тухайлбал, Москвад ирэхэд нь Жунатай нэг бус удаа уулзаж байсан Валерий Кустовтой харин ярилцаж үзсэн. Жуна үнэхээр онцгой авьяастай хүн байсан юм билээ. Аливааг урьдчилан харах чадвартай хүн өөрийн ирээдүйг мэдэж байдаг юм. Жуна хорвоогоос гэнэт хальсныг өөрөөр хэрхэн тайлбарлах вэ дээ.
-Түрүүнд нэрийг нь дурдсан хошууч генерал Рогозин ийм чадвартай байсан гэдэг үнэн үү. Тэрбээр Ельциний заяа төөргийг зурж өгсөн, ширээн дээр байгаа зүйлд гараа хүргэлгүй нүднийхээ харцаар хөдөлгөчихдөг байсан гэсэн яриа бий.
-За үгүй дээ. Миний ярьсан Кустов бол өөр. Би түүнтэй 1985 онд танилцсан, түүнийг зөн билгийн авьяастай хүн гэсэн мэдээлэл надад ирсэн байв. Кустов үнэхээр өөрийн био талбайг залж чаддаг байсан. Тэрбээр өөрийн чадварыг өнгөрсөн зууны 80-ад онд мэдрээд түүнийгээ хөгжүүлж, хүмүүсийг эдгээж бизнес хийж эхэлсэн юм билээ. Таны анхаарлыг нэг зүйлд хандуулахад хүн онцгой авьяас чадвартай байлаа гээд эрдэм чадал гэгч нь түүнийг хүрээлэн байгаа хүмүүстэй холбоотой байдаг. Гэтэл ертөнц гээч тогтвортой бус, өнөөдрийн цаг агаар, маргааш тэр янзаараа байхгүй. Бид нарнаас өнөөдөр нэг зайд, маргааш өөр зайд байна. Агаарын соронзон талбай маргааш болоход өнөөдрийнхөөсөө өөрчлөгдөнө. Энэ ертөнцөд бүх юм хувирамтгай, хүн энэ л орчинд оршино. Тиймээс гоц авьяастай хүн автомат төхөөрөмж шиг зуун хувь баталгаатай ажиллана гэж байхгүй.
-Хүнийг өөрийн био талбайг эзэмшиж чаддаг болгож сургаж болох уу?
-Болно. Надад хэлснээр бол би их хүчтэй био талбайтай юм гэнэ лээ, хүсвэл түүнийг хөгжүүлж болно гэсэн. Надад харин түүнийг хөгжүүлэх хүсэл ер төрдөггүй юм. Био талбайгаа хөгжүүлснээр төрөл төрөгсөд, ойр тойрныхоо хүмүүсийн талаар илүү ихийг мэддэг болж эхэлнэ, хүлээж авч буй тэдгээр мэдээлэл хамгийн олон янз өнгө аястай байхын дотор эмгэнэлтэй, айдас хүргэм нь ч тохиолдох. Ийм юм мэдээд хэрхэн амьдрах вэ.
-1980-1990-ээд оны зааг дээр үндсэрхэг, хэт даварсан үзэлтнүүдийн хөдөлгөөний эсрэг тэмцэлд зөн билэгтнүүд авьяас чадвараа хэрхэн харуулж байв. Гоц авьяастнууд тухайлбал, Умард Кавказ дахь алан хядах нууц бүлэглэлүүдийн толгойлогчдыг ч илрүүлж чадах л байсан байлгүй.
-Оросын Батлан хамгаалах яам нэг үе энэ чиглэлээр ажиллаж байсан. Түүгээр ч барахгүй далд, хол зайнаас мэдрэх чадвартай хүмүүсийг урьж, тусгай лаборатори байгуулсан. Тэгэхдээ ийм явдал тун цөөн тохиолдож байснаас биш, түгээмэл байгаагүй. Тухайлбал, би л гэхэд цаг агаарт нөлөөлөх технологи ашиглах ажил эрхэлж байсан мэргэжилтнүүдийн бүлгийг мэддэг байлаа. Москвагаас дэлхийн аль ч цэгийн цаг агаарыг өөрчилж чадах аппарат хэрэгсэл тэдэнд байсан. Энэ гайхамшигт технологийг хөгжүүлэхийг хүсэгчид дугаарлаад зогсож байсан гэж та бодож байна уу. Ер тийм биш, энэ нь хэнд ч хэрэггүй санагдсан.
-Яагаад?
-Яагаад гэвэл ийм технологи асар олон хүний, жишээ нь түймэр унтраагчдын эрх ашгийг хөндөнө. Өнөөдөр Орост хэчнээн олон гал унтраагч, аврагчид байна, гэнэт тэднийг хэрэггүй болгох технологи гараад ирдэг. Тухайлбал, чихрийн нишингийн талбайг нь, гадилын нөөцийг нь үгүй хийх айхтар устай ширүүн аадар Кубад оруулаад байвал, эсвэл, цагаан будааны нөөцийг үгүй хийсэн шуурган бороо Умард Вьетнамд цутгаад байвал яах вэ. Тэгвэл ийм маягаар тэдгээр улсад өлсгөлөн нүүрлүүлэх, далимд нь эдгээр оронд байнга тусалдаг ЗХУ-ын эдийн засгийг туйлдуулахыг хүсэж ТТГ-ын ажилтнууд цаг агаарт нь нөлөөлж болох шүү дээ. Ийм мэдээлэл бий. Дэлхийн янз бүрийн бүс нутгийн цаг агаарыг өөрчлөх ажлыг эртнээс хийж ирсэн ТТГ-ын асар хүчирхэг төв Аляскад байдаг. Үүгээрээ америкчууд ямар тодорхой амжилтад хүрснийг яг таг хэлж чадахгүй. Өөрт тохиолдсон нэг түүхийг хэлье. Биднийг Иранд урьж, манайхан өндөр албаны нь хүмүүсийн хяналт дор хоёр ч удаа урт хугацаагаар тэнд ажиллалаа. Зориудаар бороо оруулах аргад иранчуудыг сургах нь бидний зорилго байв. Ираны хувьд цаг агаарыг эрхэндээ оруулах нь маш чухал хэрэгцээтэй байсан, бид зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн. Ер бусын гоц авьяастныг улс ардын аж ахуйн зорилтыг шийдвэрлэхэд хэрхэн үр ашигтай хэрэглэж болдгийн тодорхой жишээ энэ л дээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант