“Үзэгч, сонирхогчид суманд оногдох эрсдэлтэй тул талбайн гадна гарна уу” хэмээн байнга анхааруулах аж. Даанч цугласан олон зохион байгуулагчдын үгийг үл ойшоон, тэмцээний талбайд бужигнасаар байлаа. Ястан, угсаатныхаа онцлогийг илтгэхүйц дээл хувцсаар гангарсан харваачид багаа дэмжих, өрсөлдөгчдөө хөгжөөх зорилгоор “Дагуул”, “Хай даа”, “Хууг” хэмээн уухайн дуу хадаах нь сүрдэм сонсогдоно. Үзэгч олны анхаарлыг татахгүй байхын аргагүй. Дагуул гэдэг нь эхний сумаа амжилттай тавьсан харваачийн буухиаг удаах нь үргэлжлүүлэх болтугай гэсэн бэлгэдлийн утгатай уухай гэнэ. Хай даа нь өөрийн тал (баг)-ын харваачийг бахдаж, баяр хүргэж буй түрлэг юм байна. Харин эсрэг талын харваачийг самгардуулж, сумыг нь төөрөлдүүлэх зорилгоор “Хууг хууг” гэж хэлдэг аж. Харваачид эдгээр үгийг мөн л өөрсдийн нутгийн аялгууны онцлог, өвөрмөц өнгө аясаар хэлж байсан нь сонирхол татлаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Скай резорт” цанын баазад 11 дэх удаагаа болсон Улаанбаатарын өвлийн наадмын хамгийн сонир холтой, үзүүштэй арга хэмжээ нь мөсний сурын харваа байв. Мөсний сурын 2023 оны УАШТ-д нийт 36 баг өрсөлдлөө. Нийслэл, орон нутгаас гадна Өвөрмонгол, Буриад, Тувагаас багууд оролцсоноороо онцлог. Тиймээс зохион байгуулагчид “Монгол туургатны тэмцээн” хэмээн тодотгосон. Энэ удаагийнхад олон баг оролцсон учир харваачид Туул голд болон цанын баазын ойролцоо тусгайлан зассан талбайд цэц мэргэнээ сорьсон юм. Монголын үндэсний спортын нэг төрөл болох сур харваанаас салбарлан хөгжсөн энэ наадгайг иргэд гадарладаг ч төдийлөн сайн мэддэггүй юм билээ. Б.Бахатжол “Улаанбаатарын өвлийн наадмыг үзэхээр зорьж, төлөвлөж ирлээ. Мөсөн сурын харваа үнэхээр сонирхолтой юм. Ойроос үзэх боломж олдлоо. Мөс онож, хагалдаг юм байх л гэж бодсон. Гэтэл арьсан бөмбөг эгнүүлж тавьж байгаад, харваж онодог юм байна. Энэ төрөл нь харваачдаас илүү их мэдрэмж, ур чадвар, орон зайн баримжаа шаарддаг бололтой. Тэмцээний үеэр уухайлахаар хийморь сэргэж, жавар үр гэдэг гэж үздэг гэнэ. Боломж олдвол сонирхогчдын тэмцээнд оролцоно” хэмээн ярьсан юм.
Нийслэлчүүдийн өвлийн наадам хоёр өдөр үргэлжиллээ. Бямба гаргийн 11.40 цагт цанын баазад очиход хөл хөдөлгөөн ихтэй, спортын холбоод, зохион байгуулагчид тэмцээн, уралдааныхаа бэлтгэлийг ид хангаж байсан бол мөсний сур харваан өрсөлдөөн хэдийн эхэлсэн байлаа. Сур харвааны талбайн зэргэлдээ ерөнхий боловсролын сургуулиудын точ регбигийн цомын аварга шалгаруулах тэмцээн явуулахаар зэхэж байв. Регбийг бүтэн биеийн контакттай (мөргөлттэй) багийн спорт гэдгээр нь бид сайн мэддэг бол точ регби нь контактгүй, өвлийн улиралд зохион байгуулахад тохиромжтой төрөл гэдгийг тамирчид онцоллоо. Монголын регбигийн холбоо тус спортыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах зорилгоор өвлийн наадмын хүрээнд хотын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсаар иржээ. Регбигийн тэмцээний талбайн цаахнаталд зургаан метр өндөр мөсөн хана босгосон байв. Экстрим спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр олон ажил сэдэж, хэрэгжүүлсэн залуус сонирхогчдын дунд тэмцээн явуулахаар үүнийг хийжээ. Мөсөнд авиралтын тэмцээн 15.00 цагаас эхлэх хуваарьтай ч залуус зорин ирсэн иргэдийг найрсгаар хүлээж авч, үнэ төлбөргүй үйлчилж байсан юм.
Улаанбаатарын өвлийн наадмын зохион байгуулагчид өвлийн спортыг сурталчлан таниулах, хөгжүүлэх чиглэлд ихээхэн ач холбогдол өгдөг, мөн спортын холбоод, тамирчид ч тэр хэрээр идэвхтэй хамрагддаг нь харагдлаа. 11 дэх удаагийн арга хэмжээний үеэр зохион байгуулсан мөсний сур, шагай, снөүбоард, регби, параглайдангийн мэргэжлийн тамирчдын дундах тэмцээн, чөлөөт үзүүлбэрт нийт 857 хүн оролцов. Зөвхөн мөсний сур харвааны тэмцээнд 360 тамирчин өрсөлдлөө. Параглайдингийн үзүүлбэр толилуулах арга хэмжээнд гэхэд “Скай ранар” зэрэг мэргэжлийн клубийн 40 тамирчин сайн дураараа нэгдэв. Тэд өвлийн наадмыг зорин ирсэн нийслэлчүүдийг өнгөлөг шүхэртэй, гоёхон үзүүлбэрээр угтсан юм. Наадмын үеэр бас нэг онцгой үйл явдал болсон нь “Монголчуудын өвлийн наадам” сэдэвт маркийн нээлт. Өвлийн наадам зохион байгуулагчдын санаачилгаар “Монгол шуудан” ХК ийм шинэ марк худалдаанд гаргаснаа олон нийтэд танилцуулав. Монгол орны өвлийн онцлог, спортыг дүрсэлсэн энэ маркийг 196 улсад худалдах юм байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Манай улс жилийн дөрвөн улиралтай, байгаль, цаг уурын онцлогтой орон. Үүнийг бид цаашид давуу тал болгож, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй. Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож зарласантай холбогдуулан нийслэл, орон нутгийн шат шатны байгууллагууд бүх боломжоо дайчлан ажиллах бодлого баримталж байгаа. Үүний дунд өвлийн аялал жуулчлал, спорт ч багтаж буй. Ховд аймагт зохион байгуулсан “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг гадаад, дотоодын олон мянган жуулчин зорьж үзсэн. Дотоодын аялал жуулчлал хэр зэрэг эрчимтэй хөгжиж байгааг эл арга хэмжээ харуулсан. Энэ бүхнийг нэгтгэсэн өвлийн цогц арга хэмжээг цаашид шат дараатай зохион байгуулах шаардлагатай. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд спортын баг тамирчдын гавьяа зүтгэл туйлын чухал. Цар хүрээ, шагнал, урамшууллын хэмжээг нь нэмэгдүүлэх замаар Улаанбаатарын өвлийн наадмыг жилээс жилд өргөжүүлнэ. Өнөө жил 857 тамирчин оролцсон бол ирэх онд үүнийг 2000-д хүргэх зорилт тавьсан” хэмээн ярилаа.
Ямар нэг арга хэмжээ, ялангуяа өвлийн наадам, цас, мөсний баяр зохион байгуулахад ариун цэврийн байгууламж, хог хаягдал, авто зогсоолыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал нийтлэг тулгамддаг. Үүнээс болоод олон нийтийн шүүмжлэлд өртөж, муу “дүн” авах нь ч бий. Цаашлаад зорин ирсэн хүмүүсийг уйдаахгүй, үзэх харах зүйлтэй байлгах, дулаацах, халуун хоол ундаар үйлчлэх газар бэлдэх шаардлага тулгардаг. Тэгвэл Улаанбаатарын өвлийн наадмыг “Скай резорт”-ын материаллаг баазад тулгуурлан зохион байгуулсан учир ийм бэрхшээл, шүүмжлэлээс хол өнгөрөв. Ариун цэврийн байгууламж, авто зогсоол хүрэлцэхгүй, хоол, уух зүйл олдохгүй гэх асуудал тулгарсангүй. Аж ахуйн нэгж, байгууллагууд нэмэлтээр тэмээ унуулах, нохой чаргаар аялуулах, шилийн сар, идлэг шонхор, морин харцагатай танилцах, зураг авхуулах үйлчилгээ санал болгож, хуушуур, бууз, сүүтэй цай, аарц, айраг зэрэг монголчуудын үндэсний хоол, ундааг зорин ирсэн хүмүүст санал болголоо. Түүнчлэн зөвхөн эл арга хэмжээнд зориулж “Блью скай” зочид буудлаас “Скай резорт” чиглэлд нийтийн тээврийн автобус цаг тутам явуулж, иргэдэд үйлчлэв.
Мөсний сур, регби, хананд авиралтын тэмцээн зохион байгуулахаар тусгайлан бэлтгэсэн талбай бүхий хэсэгт гурван гэр барьсан байв. Эдгээрийн хоёрыг нь спортын тэмцээн зохион байгуулагчид болон тамирчдад, нэгийг нь монголчуудын уламжлалт сууц, идээ ундааг танилцуулахаар жуулчдад зориулж барьжээ. Өвлийн наадам үзэхээр ирсэн төрийн албаны хүмүүс, Элчин сайд нар эл гэрт тухлан саатсан юм. Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански “Би Улаанбаатарын өвлийн наадамд анх удаа ирлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Өвлийн наадам үзэх юм сан гэсэн хүсэл байсан ч цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд энэ баярыг хийгээгүй. Монголчуудын уламжлалт соёл, спортын төрлүүдийг сурталчилсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байгаа нь зөв зүйтэй санаачилга санагдлаа. Миний сонирхлыг хамгийн их татаж байгаа нь Монголын үндэсний спортын нэг төрөл болох мөсний сур харваа. Яагаад гэхээр унгарчууд ч харваанд сайн. Одоо хүүтэйгээ мөсний сур харваа үзэхээр явах гэж байна. Жуулчдын хувьд Монголд өвөл үзэх боломжтой, хамгийн сонирхолтой арга хэмжээ нь Цагаан сар” гэсэн бол Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх “Монголд дөрөв дэхээ өвлийн наадам үзлээ. Мөнх хөх тэнгэр доор, цасан цагаан газар дээр монголчуудын халуун дулаан уур амьсгал дунд нэгэн өдрийг өнгөрүүлж буйдаа сэтгэл хангалуун байна. Сур харваа, хурдан морины уралдаан миний сонирхлыг хамгийн их татдаг. Энэтхэгчүүд ч энэ төрлийн спортоор хичээллэдэг. Ирж буй шинэ он монголчуудын хувьд аз жаргал, олз омог дүүрэн жил байх болтугай” хэмээн ярилаа. Мөн тэрбээр хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ сумд барьж буй газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй, урагштай үргэлжилж байгааг дурдсан юм.