Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хан Дог Сүгийн урилгаар өнөөдрөөс энэ сарын 17-нд албан ёсны айлчлал хийнэ. Эл айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын Төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлэхээр 2021 онд тохиролцсоны дараах Засгийн газрын тэргүүний түвшний анхны айлчлал юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй албан ёсны хэлэлцээ хийж, мөн тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё нарт бараалхах аж. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Хууль зүйн сайд Хан Дун Хүн, Гадаад хэргийн сайд Пак Жин, Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нарыг хүлээн авч уулзах юм байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд Монгол, Солонгосын бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцон мэндчилгээ дэвшүүлж, тус орны томоохон компаниуд, банк санхүүгийн байгууллагын удирдлагатай уулзан, үйл ажиллагаатай нь танилцана. Мөн БНСУ-д оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж буй аж. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын стратегийн түншлэлийн харилцааг улам бататгаж, Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”- ыг худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотолно. Энэ хүрээнд Хөшигийн хөндийд шинэ дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд БНСУ-ын ноу-хау, хөрөнгө оруулалт, дэвшилт технологи нэвтрүүлэх, “Шинэ Хархорум” хотыг сэргээн байгуулахтай холбогдуулан хамтран ажиллах болон газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх зэрэг чиглэлд үр ашигтай санал солилцохоор төлөвлөж буй. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай уялдуулан БНСУ-аас жуулчдыг өргөнөөр татах, иргэд солилцоог дэмжих, эрх ашгийг нь хамгаалах болон монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлаар тодорхой тохиролцоонд хүрэхийг зорьж ажиллах аж.