АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэх үндэслэлтэй гэж Дээд шүүх нийт шүүгчийн хуралдаанаараа шийдвэрлэснээр энэ намынхан эвлэрэх тийшээ хандаж байна. Тэдний заримынх нь магнай тэнийж байхад эс хүлээн зөвшөөрч, эсэргүүцэх нэгэн ч буй бололтой. Юутай ч ардчилалд хайртай хүмүүс АН-ынхан эвлэрчихээсэй хэмээн найдаж, нэг алхам ч болов урагшиллаа хэмээн баярлаж суух шиг. Одоо тэд тууштай ажиллан, ирэх сонгуулиар иргэдийнхээ итгэлийг олж авч чадах уу, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалж, сэргээж дөнгөх үү гэдэг их хүлээлт үүсэж байна. Тэднийг цөөнх байсан хугацаанд, тэр дотроо эвдрэлцсэн сүүлийн гурван жилд төрийнхний, эрх баригчдын хулгай, боловсон “дээрэм”, авлига бүр гаарлаа. Харин иргэд, аж ахуйн нэгжүүд нь үнийн өсөлтөд дарлуулж, эрх, эрх чөлөөгөө олон талаар зөрчүүлэн, хязгаарлуулж ирлээ.
Үнэндээ сөрөг хүчний үүргийг АН-ынхан биш, өвөл ч, зун ч жагссан иргэд, нийгмийн сүлжээнийхэн гүйцэтгэж, үнэмлэхүй олонх болсон Ардын намынхныг, нэг намын тогтолцоог хэрэндээ хянаж буй. Гэвч олонхыг бүрдүүлсэн парламент бүрээрээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг санаархаж, завдаж буй өнөөгийн эрх баригчдад цөөнхийн, сөрөг хүчний, тэр дундаа АН-ынхны хяналт яг одоо юу юунаас илүү чухал байна. Харин тэд хэр хол явж чадах бол.
2020 оны сонгуулийн дараа хоёр, эцэст нь гурав хуваагдаж, тус бүртээ даргатай, байртай болсон АН-ынхны цаашдын үйл хэрэгт эв нэгдлээс чухал зүйл үгүй. Гэвч өнгөрсөн пүрэв гарагт гаргасан дээрх шийдвэрээс хойш С.Эрдэнэ тэргүүтнүүд нийслэлд ахмад гишүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, залуучууд нь мөн тусдаа уулзалт, чөлөөт ярилцлага зохион байгуулж явна. Ингэхдээ С.Эрдэнэ “Л.Гантөмөрт тамга тэмдэг ч байхгүй атал Дээд шүүх бүртгэж байна. Монгол Улс хуульгүй, дүрэмгүй, төргүй боллоо. Эрх баригчдын үзэмжээр улс төрийн намыг бүртгэж, байгуулдаг болж байна. Сөрөг хүчнийг хүртэл МАН-ын удирдамж, заавраар томилдог болж байх шиг” хэмээв. Л.Гантөмөрийг даргаар сонгосон үйл явц буюу УИХ дахь АН-ын бүлгээс Эв нэгдлийн ажлын хэсгийг байгуулахтай хамт С.Эрдэнэ болон Х.Баттулгын “тал”-ынхан “нэгдэж”, үгээ нийлүүлэх болсон. Тэд өнгөрсөн пүрэв гарагт Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан эхлэхээс өмнө байрных нь гадаа хамтран мэдээлэл хийж, Л.Гантөмөрийг бүртгэж болохгүй, эс бөгөөс улс төрийн тэмцлийг орон даяар эхлүүлж, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын хоёр ч нөхөн сонгуулийг хүчингүй болгохыг шаардахаа мэдэгдсэн юм.
Үнэхээр ч У.Хүрэлсүхийг Төрийн тэргүүн, Сонгинохайрхан дүүргээс Э.Батшугар, Хэнтий аймгаас Ц.Идэрбатыг УИХ-ын гишүүн болгосон сонгуулиудад С.Эрдэнэ тэргүүтнүүд АН-ыг төлөөлөх эрхтэйгээр нэр дэвшүүлсэн. Л.Гантөмөрийг даргаар сонгоход мөрдсөн АН-ын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг ч тэд боловсруулж, батлан, Дээд шүүхэд бүртгүүлсэн юм. Тодруулбал, тус шүүхээс хамгийн сүүлд гаргасан шийдвэрт “Намын үндсэн дүрмийн 5.13.13.1-т “Намын дарга, эсвэл Үндэсний бодлогын хорооны дарга Үндэсний бодлогын хорооны гуравны нэгээс доошгүй гишүүдийн шаардлагаар 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр зарлан хуралдуулах үүрэгтэй” гэж заасны дагуу Үндэсний бодлогын хорооны 167 гишүүн “ээлжит бус хуралдаан хуралдуулах” шаардлага гаргасан байна. Энэ нь Дээд шүүхэд бүртгэлтэй тус хорооны 389 гишүүний 167 нь санал гаргаснаар намын дүрмийн дээрх шаардлагыг хангасан” гэж дурдаад, Л.Гантөмөрийг даргаар бүртгэх үндэслэл болгожээ. Энд дурдсан 5.13.13.1 дэх заалтыг Дээд шүүх өнгөрсөн оны гуравдугаар сарын 31-нд АН-ын дүрэмд нэмэлт, өөрчлөлтөөр бүртгэсэн юм. Үүнийг тус шүүх албан ёсны цахим хуудсандаа “Улс төрийн намын бүртгэл”-ийн АН-д хамаарах хэсэгт дурдан, баталгаажуулсан байна. Тухайн үед буюу өдгөөгөөс бараг жилийн өмнө дүрмийнхээ нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлчихээд С.Эрдэнэ “АН-ын маргааныг Дээд шүүх эцэслэлээ. Энэ бол АН-ын хувьд түүхэн шийдвэр. Одоо хууль дүрмийн болон тамганы ямар ч асуудал байхгүй. Монголд хууль дээдлэх ёс үйлчилж буй юм байна. Үндсэн дүрмийн маань “араа, шүд” зарим талаар ажиллахгүй байсныг эл нэмэлт, өөрчлөлтөөр сайжрууллаа. Монгол Улс төртэй, хуультай. Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Үндсэн хуулийн дагуу Шүүхийн тухай хуулийг ямар ч хүн, байгууллага мөрдөх үүрэгтэй” гээд ардчиллын үнэт зүйл, зарчмаа тойрон нэгдэхийг АН-ынханд уриалж байлаа. Энэ үед нөгөө талд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар сонгох “ажиллагаа” ид өрнөж, “дайсагналцаж” байсныг ч сануулъя. Харин өдгөө С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр Л.Гантөмөрийн эсрэг хөтлөлцөөд “гүйж” явна. Мөн АН-ын тамга С.Эрдэнэд бий. Тэрбээр Дээд шүүхээс бүртгэсэн даргыг хүлээн зөвшөөрөхгүй нь ил байгаагаас анзаарахад Л.Гантөмөрт тамгыг нь хадаг барин өргөх нь юу л бол. Гэхдээ хуульч Ч.Өнөрбаяр (Үндэсний бодлогын хорооны гишүүн) “Дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн тул ямар ч асуудал үүсэхгүй. С.Эрдэнэ өгөхгүй бол тамгыг нь шинээр хийлгэчихнэ” хэмээнэ лээ.
Мэдээж Дээд шүүхийн шийдвэр гарав уу, үгүй юү АН-ынхны үл ойлголцол, эвдрэл, талцал арилахгүй. Өргөс авсан юм шиг илаарьшдаг байсан бол тэд хэдийн цул болоод, хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх хугацаа ч, орон зай ч хангалттай байлаа. Ирэх өдрүүдэд АН-ынхнаас юу ч “гарч” мэднэ. Өнгөрсөн онд Х.Баттулгатай хамт АН-ын даргын сунгаанд өрсөлдөж явсан Ж.Батсуурь (УИХ-ын гишүүн) Эв нэгдлийн ажлын хэсгийг ахлан ажиллаж, Л.Гантөмөрийг даргаар сонгосон “автор” нь болчихоод байна. Мөн өнгөрсөн пүрэв гарагт гаргасан Дээд шүүхийн шийдвэртэй холбогдуулан “АН-ын хувьд цоо шинэ хуудас эргэлээ” хэмээн алга ташиж буй Ч.Өнөрбаяр гэхэд л ердөө жил хүрэхгүйн өмнө С.Эрдэнийн “баруун гар” нь болж, шадарлаж явлаа. Үнэндээ АН-ынхан өөрсдөө ч юу болоод буйг үл ойлгож байж дээ.
Нэгэнт АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн тул Үндэсний бодлогын хорооноос түүнд чиглэл болгосон хоёр тогтоолыг тэрбээр хэрэгжүүлэх үүрэгтэй. Тодруулбал, намын үндсэн дүрмийг чандлан сахиулж, хамтын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхийг Үндэсний бодлогын хорооноос чиглэл болгосон юм билээ. Өөрөөр хэлбэл, Л.Гантөмөр багтаа хэн, хэнийг урьж, хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг нь ирэх өдрүүдэд ихээхэн анхаарал татахбуй за. Улмаар намын бүх шатны байгууллагыг эмхлэн байгуулах ёстой. Тус тусдаа “гарсан” АН-ынхан өнөөдрийг хүртэл өөр өөрийн байгууллагыг бараг бүх шатанд бий болгож, дарга томилчихсон. Тэр ч бүү хэл дэргэдэх төрийн бус байгууллагуудаа хүртэл хуваагаад, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын холбооддоо өөр өөрийн даргатай болгочихоод байгаа. Тэдгээр нь, ялангуяа орон нутгийн намын байгууллагынхан Л.Гантөмөрийн үгийг сонсон, удирдлагад нь орж, хүлээн зөвшөөрөх зам тийм ч амар байхгүй л болов уу. Ингээд намын удирдлагын баг, орон нутгийн байгууллагууд гээд бүх шатандаа аль болох богино хугацаанд цэгцэрч, нэг мөр ойлголтод хүрч, нэгдсэн зохион байгуулалтад орох тусам АН-ынхан айсуй сонгуульд амжилттай оролцох сууриа засаж байна гэсэн үг. Магадгүй тал, талд өөрийн мэдэлгүй тарчихсан гишүүд нь ч “толгойны эргээ”-гээ гаргаж, Л.Гантөмөр даргатай АН-ыг тойрон нэгдэхэд ч нэмэртэй. Ямартай ч эхлээд гишүүд, дэмжигчид нь учраа олж байж сонгогчид, олон нийтэд бий болсон ойлгомжгүй байдлаа арилгаж, АН-ыг дэмжих, эсэхээ шийдэх хэрэг. Гэвч С.Эрдэнэ тэргүүтнүүд өнгөрсөн жилийн өдийд дүрмийн нэмэлт, өөрчлөлтөө Дээд шүүхэд амжилттай бүртгүүлчихээд, дараагийн ажил болох дарга, удирдлагаа сонгох болоход бүтэлгүйтэж, өнөөдрийг хүртэл зууралдаж буйг мартах учиргүй.