Генерал Петр Павел Чехийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялав. Тэрбээр сонгуулийн хоёр дахь шатанд сонгогчдын 57.5 хувийнх нь итгэлийг хүлээжээ. Тус улсын Ерөнхий сайд асан, бизнесмен, ANO намын дарга Андрей Бабиш түүнтэй өрсөлдөж 42.4 хувийн санал авсан байна. Сонгогчдын ирц 70.1 хувьтай байсан бөгөөд санал хураалт дуусаагүй байхад Чехийн Ерөнхий сайд Петр Фиала түүний ялалтад баяр хүргэсэн аж. “Янз бүрийн бодол, байр суурийг нэгтгэхийг хүсдэг хүн Ерөнхийлөгч болж, Прагийн Градад суух болсон нь сайн хэрэг” гэж Ерөнхий сайд хэлжээ.
Павел “БНЧУ-д дэг журам, энх амгаланг эргүүлж авчиръя” гэсэн уриан дор сурталчилгаагаа хийж, улсынхаа дотоод асуудлыг шийдвэрлэн, Прагийн байр суурийг олон улсын тавцанд бэхжүүлнэ гэж амласан аж. Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдсэн шалтгаануудын нэг нь Бабиш төлөөлөл нь болж байгаа тийм үнэт зүйлсийг ялуулахгүй байх хүсэл минь байсан гэж Павел хэлж байжээ. Түүний бодлоор бол тайван дөлгөөн, ойлгомжтой Ерөнхийлөгч Чехэд хэрэгтэй гэнэ. “Эмх замбараагүй байдал, популизмыг үргэлжлүүлэх эсэх, бид дүрэм журмыг сахих ёс руугаа эргэх, холбоотнуудынхаа хувьд Чех улс найдвартай нөхөр байх нь гол асуудал юм” гэж сонгуулийн эхний шатны дүн гарсны дараа Павел хэлсэн байдаг. Өмнөх хоёр Ерөнхийлөгч Вацлав Клаус, Милош Земан нараас ялгаатай нь Павел барууны чиглэлийн үзэл бодолтой, Орос, Хятадтай харилцаагаа хөгжүүлэх эрмэлзэлгүй хүн юм. НАТО хийгээд Европын Холбоотой харилцаагаа бэхжүүлэх нь түүний гадаад бодлогын нэг гол чиглэл байх нь тодорхой. Анхаарал татах нэг зүйл нь энэхүү Павел улс төрийн мэдлэг, туршлагагүй, түүний ажил, амьдрал цэргийн салбартай бүхэлдээ холбоотой аж.
Чехийн Ерөнхийлөгч бүх ард түмний санал хураалтаар таван жилийн хугацаагаар сонгогддог бөгөөд энэ дээд суудалд нэг хүн хоёр бүрэн эрхийн хугацаанд байх эрх эдэлдэг. Улс орны бодит эрх мэдэл Ерөнхий сайдын гарт зангидагдаж байдаг юм. Ерөнхийлөгч хууль тогтоомжийг батламжлах, түүнд хориг тавих эрхтэй. Төрийн тэргүүн нь зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч бөгөөд улс орноо олон улсын тавцанд төлөөлдөг.
Павел 1983 онд Вышков хотод Хуурай замын цэргийн дээд сургууль төгсжээ. Ажлаа тагнуул-десантын салааны даргаар эхэлж, дараа нь рот захирах болсон байна. 1985 онд Чехословакийн Коммунист намд элсэж, 1989 онд тус улс задрах хүртэл гишүүн нь байв. “Коммунист намд элссэндээ уучлалт хүсэх ямар ч шалтгаан надад байхгүй. Би хэнд ч муу зүйлхийгээгүй. Гэхдээ би үүгээрээ бахархдаггүй. Коммунизм өөрчлөгдөнө гэдэгт итгэж байсан. Миний шийдвэр зөв биш болохыг хожим ойлгосон. Коммунизмтай холбоотой байсан хүмүүсийг шүүмжлээд байх, Коммунист намын гишүүн байсны нь хувьд харлуулахыг би эсэргүүцнэ” гэж хэлсэн байдаг. 1988-1991 онд Павел Брно хотод Батлан хамгаалахын академид суралцаж төгсөөд цэргийн тагнуулын албанд 1993 он хүртэл ажиллав.
Хуучин Югославын нутагт үйл ажиллагаа явуулж байсан НҮБ-ын энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд багтаж, Боснид Францын цэргийн 55 албан хаагчийг аврах ажиллагаанд оролцсоноор Павел хүмүүст танил болсон байна. Энэ гавьяа зүтгэлийг үнэлжэх орон нь “Баатарлаг үйлсийн төлөө” медаль гардуулж, Франц улсын Цэргийн гавьяаны хүрэл одон бүхий загалмайг Батлан хамгаалахын сайд Франсуа Леотар нь түүнд зүүж өгөв. 2002 онд Павел бригадын генерал цол хүртэж, дараа жил нь Чехийн армийн нэгдсэн хүчний командлагчийн орлогч болжээ. 2007 оноос Европын холбоо, НАТО-гийн дэргэдэх Чехийн цэргийн төлөөлөгчийн орлогчоор Брюссельд ажиллав. 2010 онд тушаал ахиж, Чехийн Батлан хамгаалах яамны онцгой комиссын бүрэлдэхүүнд оржээ. 2011 Чехийн армийн Жанжин штабын даргын орлогч, 2012 оноос тус штабын даргаар томилогдсон байна. 2014 онд НАТО-гийн цэргийн хорооны дарга болж, энэ албыг хашсан зүүн Европын анхны хүн болж, 2018 онд тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Крымыг Орост нэгтгэсний дараа 2017 онд Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, армийн генерал Валерий Герасимовтой хийсэн анхны уулзалтад тэрбээр НАТО-г төлөөлөн оролцов.
Цар тахлын үед Павел “тэтгэврийн хүн” байсан ч “Хамтдаа хүчтэй” гэсэн санаачилга улс орондоо өрнүүлж, уг өвчинтэй тэмцэх зорилгоор хандив цуглуулан, сайн дурын үйл ажиллагааг идэвхжүүлж, эмнэлгүүдэд тусалж байв.
Чехийн Ерөнхийлөгч хязгаарлагдмал эрхтэй ч Павелийн өмнө байсан Ерөнхийлөгч Земан ялангуяа 2021 онд Засгийн газрыг Петр Фиала тэргүүлэх болсноос хойш бүрэн эрхээ нэг бус удаа хэтрүүлж байсан гэдэг. Тэгвэл Павел Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны эхнээс Фиалыг болон эрх баригч “Хамтдаа” эвслийг далдуур дэмжиж байсан болохоор цаашдаа Чехийн Ерөнхийлөгч, Засгийн газар хоорондын сөргөлдөөн үгүй болж, тус улс Өрнөд рүү чиглэсэн бодлогоор эргэлт буцалтгүй явах нь тодорхой болж байна. 2022 онд Оросын цэрэг Украин руу довтолсноос үүдэлтэй нэлээд төвөгтэй байдалтай Чех улс 2023 онд тулгарах нь эргэлзээгүй болжээ. Чехийн нийгэм дотооддоо үзэл бодлын хувьд айхтар туйлширч буйг Ерөнхийлөгчийн саяны сонгууль харууллаа. Сонгуулийн эхний шатанд Бабишээс 23 мянган санал Павел (Чехийн нийт сонгогч 8.5 сая) илүү авсан байв. Тухайн үед Бабиш олон нийтийн мэдээллийн хэд хэдэн хэрэгсэл эзэмшдэг, Чехийн томоохон сөрөг хүчнийг толгойлдог, ойрын үедээ улс төрийн орон зайгаас хөндийрөхөөргүй, сонгогчдын ердөө 30 хувь нь Засгийн газрын бодлогыг дэмждэггүй байсан зэргийг тооцвол энэ нь багагүй амжилт аж. Инфляц болон цар тахлаас болж эрс муудсан эдийн засгийн сул дорой байдал нь дотоодын зөрчил тэмцлийг ч дэврээх магадлалтай байлаа. “Европын эрчим хүчний хямралаас үүдэн өвлийн саруудад эдийн засаг хумигдаж байна. Хавар, зун энэ хямрал суларлаа ч 2023 онд эдийн засаг тэгтлээ сэргэхгүй” гэж “Economist Intelligence Unit”-ийн шинжээч Мэтт Шервуд дүгнэсэн. Түүний урьдчилан тааварлаж буйгаар 2023-2024 онд тус улс Оросын эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахаас татгалзсаны улмаас энэ салбарт нь хямрал үргэлжлэх аж. Польш, Германаас ялгаатай нь Чех далайд гарцгүй болохоор усан замаар нийлүүлэх байгалийн шингэрүүлсэн хий ашиглах боломжгүй гэж тэр тайлбарлажээ. Чехийн эдийн засагт нөлөөлж буй бас нэг хүчин зүйл нь Украины дүрвэгчид юм. 2022 оны хоёрдугаар сараас хойштус улс 400 мянган хүн хүлээжавсан бөгөөд дайн үргэлжилж, эрчим хүчний дэд бүтэц сүйтгэгдэж байгаагаас энэ тоо нэмэгдэж болзошгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Мариана Юречкийн хэлснээс үзвэл Украины 100 мянга орчим хүнийг Чехэд ажил төрөлтэй болгоод байгаа гэнэ.
Эдийн засагт учирч буй хүндрэл эсэргүүцэл тэмцлийг нэгэнт өдөөж орхисон аж. Өнгөрсөн оны есдүгээр сараас Прага хотын гудамжинд 70 мянга орчим хүн гарч жагсаж, эдийн засгийн бэрхшээл нэмэгдэхийн хэрээр эсэргүүцэл цаашид даамжрах нигууртай байгаа юм. 2022 оны эцсээр шийдвэр нь гарсан нийгмийн дэмжлэгийн үр шимийг Засгийн газар олон түмэндээ хүргэх чадваргүй байгааг Павел шүүмжлэх болжээ. Эрчим хүчний салбарын эх үүсвэрийг даруй нэмэгдүүлэхийг тэрбээр уриалж, Чехийн кроныг еврогоор солих шилжилт хийхээ амлав. Павелийн засаглал Украинд үзүүлэх цэргийн тусламжаа үргэлжлүүлж, батлан хамгаалах зардлыг 2024 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүргэхээр төлөвлөж буй аж. “Ардчилсан зарчмаар сонгогдсон Засгийн газартай тусгаар тогтносон улсын газар нутаг дээр хүчирхийлэл үйлдэх замаар өөрийн улс төрийн зорилгодоо хүрэх гэсэн Оросын стратеги амжилтад хүрэх ёсгүй учраас Украинтай эв санааны нэгдэлтэй байх нь чухал” гэж Павел мэдэгдсэн юм. Түүний хэлснээр “Орос өөрийн ялалт гэж үзэх аливаа үр дүн Өрнөдийн ялагдал, түүний сул байгаагийн гэрч болж үлдэнэ. Энэ нь бидний хувьд аюулгүй байдалд маань эрсдэл дагуулна. Орос дараа нь энэ үйлдлээ бусад улсад давтахыг хүснэ” хэмээн тэрбээр онцолжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа Чехэд очих хүсэлтэйгээ тэр илэрхийлсэн, харин өөрийн цэргийг Украин руу илгээхийг үгүйсгэсэн. “Цэргээ бид тийш нь явуулахгүй. НАТО-гийн гишүүн аль нэг улс дайчдаа зохион байгуулалттайгаар Украинд оруулбал Оростой хийж буй дайнд НАТО оролцсон болох тул Украиныг дэмжих хэлбэрээр дам оролцох байр суурь дээр бат зогсохоо улс орнууд мэдэж байгаа” гэж тэр хэлсэн байна.
Петр Павел аялах, цанаар гулгах, зураг авах, ном унших дуртай. Тэрбээр англи, франц, орос хэлтэй. 2023 оны нэгдүгээр сарын 28-нд Чехийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон, гуравдугаар сарын 9-нд тангаргаа өргөж, Төрийн тэргүүний үүргээ гүйцэтгэж эхлэн юм.
Петр Павел хоёр удаа гэрлэсэн, анхны эхнэр нь хоёр хүүтөрүүлсэн, хоёр дахь эхнэр Ева нь дагавар охинтой аж.
Бэлтгэсэн Р.Жаргалант