УИХ-аас байгуулсан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэгтэй түр хорооноос хийж буй нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өчигдөр үргэлжлэв. Энэ удаа Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлүүдийг онцолж байгаа. Өчигдрийн сонсголд тухайн үеийн Сангийн, Эрчим хүчний, Барилга, хот байгуулалтын болон Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, “Гудамж” төсөл, нийслэлийн авто замын хөгжлийн газар, Гаалийн ерөнхий газар, Шадар сайдад хамаарах зээлтэй холбоотойгоор 18 гэрчийг дууджээ.
Б.ЭНХБАЯР (Түр хорооны дарга):
-Үндсэндээ таны буюу тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яамны эрхлэх асуудлын хүрээнд байсан Хөгжлийн банктай холбоотой асуудлыг энд ярьж байна. Тус банкны удирдлагаар ч таны зөвлөх, туслах гээд ойрын хүмүүс тань ажилласан. Өнгөрсөн хугацаанд “Чингис” болон “Самурай” бондын 2.5 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зарцуулсан байна. Ер нь эдгээр бондыг арилжиж байхад манайд хэрэгжүүлэх хөгжлийн төслүүд бэлэн байсан юм уу. Төслүүдийг нь харахаар Архангай, Увс, Хэнтийн гээд тухайн үеийн Бондын зөвлөлийн гишүүдийн сонгогдсон тойрогт түлхүү хэрэгжүүлсэн нь анзаарагддаг. Мөн та 2013 онд Эдийн засгийн хөгжлийн сайдын хувиар түр журам баталж, үүндээ үндэслэн төслүүдийг ямар ч тендергүйгээр сонгож, санхүүжүүлсэн. Хөгжлийн банканд үүссэн асуудлууд эндээс эхлэлтэй гэдгийг 2016 онд тус банкийг шалгасан дүгнэлтдээ ч оруулсан байдаг. Энэ тухайд юу хэлэх вэ?
Н.БАТБАЯР (Эдийн засгийн хөгжлийн сайд асан):
-Эхний шатны сонсголд намайг ирээгүй гэж зарлана лээ. Намайг гэрчээр дуудсаныг мэдээгүй, хэлээгүй. Утсаар ч холбогдоогүй учраас уучлалт гуйгаарай.
Б.ЭНХБАЯР:
-Та надад шаардлага тавиад байх хэрэггүй. Ажлын албаныхнаас тодруулаад хариу хэлье. Асуултууддаа хариулж бай.
Н.БАТБАЯР:
-Танай түр хорооны 11 гишүүний ирц 50 хувьд ч хүрэхгүй байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгээ баримтал.
Б.ЭНХБАЯР:
-Сонсголын эхний өдрийн ирцийг хүчинтэйд тооцох дэгтэй. Танаар шүүлгэх гэж түр хороог ажиллуулаагүй. Тэгвэл та МҮДН фракцын төлөөллийг Засгийн газарт оруул, Эдийн засгийн хөгжлийн сайд болно гээд УИХ-ын гишүүдийн ирц бүртгүүлдэг картыг сугалаад, дэг зөрчиж байсандаа тайлбар өг.
Н.БАТБАЯР:
-Ирц хүрэхгүй байхад сонсгол хийн, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд өгнө.
Б.ЭНХБАЯР:
-Та 10 жилийн өмнө мөрдөж байсан дэг, хуулийг яриад байна. Тавхан гишүүн суучихаад Эрүүгийн хуулийг өөрчилж байсан үе чинь өнгөрсөн. Энэ түр хорооны бүрэлдэхүүнд АН-аас дөрвөн гишүүн бий ч нэг нь оролцохгүй байгаа.
Н.БАТБАЯР:
-Одоо хариулъя. 2012 оны сүүлчээр дэлхийн зэх зээлд эрдэс баялгийн үнэ унасантай холбоотойгоор бид гадаадаас мөнгө босгож, хямралыг аль болох хохирол багатай давахаар зорьж ажилласан. Ингэхдээ хуулийг нэг ч удаа зөрчөөгүй. Сайдын баталсан эрх зүйн актыг шинжээчийн дүгнэлтээр шүүдэггүй юм. Миний баталсан түр журам хууль зөрчсөнийг та 2016 онд тогтоосон юм бол яагаад тэр дор нь хүчингүй болгоогүй юм бэ. Намайг ажлаа өгснөөс хойш ч үйлчилсээр л байсан шүү дээ. Хууль, хяналтын байгууллагынхан ч энэ үеэс л ажилласан. Шалгалт хийсэн гэж сенсацлахаа болих хэрэгтэй. Нэг хулгайгаар нөгөө хулгайгаа дарж байна.
Т.ДОРЖХАНД (УИХ-ын гишүүн):
-Хөгжлийн банк байгуулсан улс орнуудын 70-80 хувь нь амжилтгүй ажиллуулсан байдаг. Амжилттай байсан нь Япон, БНСУ-ынх. Манайд зөвлөгөө өгч байсан Солонгосын менежментийн багийнхан ч эхний таван жилдээ төрийн оролцоог хязгаарлаарай, битгий хутгалдуулаарай гэдгийг хэлж байсан. Та менежментийн багийг яагаад явуулсан юм бэ?
Н.БАТБАЯР:
-2012 онд Эдийн засгийн хөгжлийн сайд болоод манай яам харьяандаа Хөгжлийн банкийг хүлээн авсан юм. Менежментийн багийг 2013 онд буюу бүтэн жил ажиллуулаад явуулсан. Тэднийг асар их мөнгөөр ажиллуулсан ч Хөгжлийн банк алдагдалтай л байсан.
Т.ДОРЖХАНД:
-Хөгжлийн төслүүд бэлэн байсан юм уу. Сангийн яаманд лав юу ч байгаагүй. Хэрэгжүүлэх төсөлгүй учраас бондын хөрөнгийг янз бүрийн зүйлд зарцуулчихсан юм биш үү?
Н.БАТБАЯР:
-Бэлэн байсан нь ч бий. Бэлэн байгаагүй тал ч бий. Эгийн голын усан цахилгаан станц, авто замын гээд олон ажлыг эхлүүлсэн. Бидний хувьд мөнгөө түрүүлж босгосон юм. Бонд гаргахад ч тодорхой хугацаа шаардлагатай. Харин ч бид Монголбанканд бондын хөрөнгийг байршуулж, хүүгийн алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдүүлсэн.
Т.ДОРЖХАНД:
-Бондыг ам.доллароор оруулж ирсэн нь сайн хэрэг. Газрын доорх дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлсэн нь зөв. Гэхдээ хэрэгжүүлсэн төслүүдээрээ доллароо буцаж гадагшаа гаргаад, ханшаа унагасан нь ч үнэн. Байшин, зам барих түүхий эдийн 70-80 хувийг нь гадаадаас авдаг шүү дээ.
Н.БАТБАЯР:
-Доллароо гадагшаа алддаг нь хорвоогийн жам. Хөгжлийн банкийг байгуулсны дараа жилийн найман хувийн хүүтэйгээр иргэдээ орон сууцжуулсан нь “Чингис” бондын үр дүн юм. 2012 онд манай гадаад худалдаа хоёр тэрбум ам.долларын алдагдалтай байсан. 2014 онд нэмэх баланстай гарна гэж тооцсон учраас энэ ажлыг хийсэн юм. Ингэхдээ цементийн гурван ч үйлдвэрийг санхүүжүүллээ. Дотооддоо барилгын үндсэн түүхий эдээ үйлдвэрлэхгүйгээр цааш явах аргагүй учраас тэгж шийдвэрлэсэн юм. Манай намынхан хүртэл “Ардын намынханд мөнгө өглөө” гэж ярьж л байсан. Бид үйлдвэрлэгчдээ нам харгалзалгүй дэмжих ёстой. Харин төмөр зам барих төсөлд 200 сая ам.доллар өгсөн ч алдаатай бодлогоос болоод бүтэлгүйтсэн.
Т.ДОРЖХАНД:
-Төмөр замын тухайд тантай санал нэг байна. Экспортыг дэмжсэн гэхээс илүүтэй төсвийн шинж чанартай төслийг түлхүү санхүүжүүлжээ гэж хэлэх гээд байгаа юм. Том агуулгаараа энэ нь эдийн засгаа “алж”, хөрөнгө оруулагчдыг үргээсэн шийдвэр болсон юм биш үү?
Н.БАТБАЯР:
-Би макро түвшинд ямар ч алдаа гаргаагүй. Насаараа гадаад худалдааны чиглэлээр ажилласан хүн шүү дээ, би. Долларын ханш өссөн нь өөр шалтгаантай. Экспортын орлогын мөнгөө бүрэн оруулж ирэхгүй байна (Энэ үеэр түүний бие эвгүйрхэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон тул сонсголыг орхив).
Д.БАТЛУТ(УИХ-ын гишүүн):
-Хөгжлийн банкны зээлүүдийн хэдэн хувь нь хөрөнгө оруулалтын болон төсвийн шинж чанартай байна вэ?
Б.АМГАЛАН (Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал):
-7.5 их наяд төгрөгийн нийт зээлийн 2.5 их наядаар буюу 33 хувиар төсвийн шинжтэй төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн. Хөгжлийн банкны тухай одоогийн хуулийн дагуу экспортыг дэмжсэн төслийн санхүүжилт нийт зээлийн 60 хувийг эзлэх ёстой.
ШИНЖЭЭЧ:
-2.5 их наяд төгрөгөөр төсвийн 355 төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн. Бидний хийсэн хяналт, шалгалтаар 12 ажил нь дуусаагүй, бусдыг нь ашиглалтад бүрэн хүлээн авсан байна.
Т.ДОРЖХАНД:
-Бондын зөвлөлд байсан улстөрчид өөрсдийнхөө сонгогдсон тойрогт түлхүү хөрөнгө оруулалт хийсэн тухайд юу хэлэх вэ. Мөн эдгээрийг төсвөөс эргэн төлүүлнэ гэдгийг нь мэдсээр байж ямар ч тендер зарлаагүй. Бүгдийг нь шууд гэрээгээр гүйцэтгүүлсэн. Олон улсад ийм зүйл огт байдаггүй. Гадаад, дотоодын татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авч байгаа бол тэр нь зайлшгүй өрсөлдөөнтэй, ил тод байх ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.6-д “Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн заалтыг 2011 оны хоёрдугаар сард нэмсэн байдаг. Энэ бол АН-ыг эрх барихаас өмнө хийсэн нэмэлт гэдгийг санаарай. Ингээд 2019 оны гуравдугаар сард дээрх заалтыг хүчингүй болгосон байгаа юм. Ядаж тухайн үед Хөгжлийн банк дотооддоо Худалдан авах ажиллагааны журамтай байсан уу?
Р.ЭРДЭНЭБҮРЭН (Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан):
-Барилгын салбарын хувьд Хөгжлийн банкнаас бондын хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслүүд нь ач холбогдолтой, үр дүнгээ өгсөн гэж хэлнэ. Хөгжлийн банк Худалдан авах ажиллагааны журам, хэрэгжүүлэх нэгжтэй байсан. Тухайн үед салбарынхаа 60 орчим компанийн төлөөлөлтэй уулзаж, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлтэй буйгаа танилцуулсан юм. Ингээд тэднийг түншлэл, консорциум хэлбэрээр ажиллахыг санал болгоод, хоёрыг нь шалгаруулсан.
Б.ЭНХБАЯР:
-Р.Эрдэнэбүрэн та, дэд бүтцийн төслийн Удирдах хорооны даргаар ажиллаж байсан. Та бүхэн өөрсдөө тухайн төсөлд тавих шаардлагыг баталж, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулж байсанд хамаг учир байгаа юм. Ингэхдээ Тендерийн хуулийг огт баримтлаагүй. Өөрөөр хэлбэл, ажил хийхдээ хууль баримтлаагүй байна гэдэг нь асуудал болоод байгаа юм. Ийм, тийм ажил хийсэн нь буруу гэж огт шүүмжлээгүй. Цаашлаад төсөвт өртөг бус, жишиг үнийг баримтлан төслүүдийг санхүүжүүлсэн гэдгийг шинжээч дүгнэлтдээ дурдлаа. Энэ бүхнийг Эдийн засгийн хөгжлийн сайдын Түр журам батлах тухай 2013 оны 29 дүгээр тогтоолыг үндэслэн хийсэн. Гэтэл үүнийг Хууль зүй, дотоод хэргийн яам ч бүртгээгүй, эрх зүйн баримт бичиг байгаа юм. Мөн “Гудамж” төслийг гэхэд л 200 сая ам.доллароор санхүүжүүлсэн гэсэн ерөнхий дүн байгаа болохоос яг тэр уулзварыг шинэчлэхэд төдөн төгрөг зарцуулсан гэх задаргаа огт алга. Зураг, төсөл ч байхгүй. Түүнчлэн улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төслийн талаар Бондын зөвлөлөөр хэлэлцсэн, эсэх нь ч эргэлзээтэй. Тус зөвлөлийн хуралдааны протоколуудтай танилцахад 2013 оны долдугаар сард л нэг удаа ярьсан байж мэдэх бичлэг олдсон. Түүнийг сонсгоё. Бас Бондын зөвлөлийн гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт хийсэн, эсэх тухайд юу хэлэх вэ?
Б.ШИНЭБААТАР (Төслийн удирдах хорооны дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан):
-Тойргийн тухайд мэдэхгүй. Хэрэгжүүлэх үүрэгтэй л ажилласан.
Б.БАТБОЛД (“Гудамж” төслийн удирдагч):
-Тухайн үед бүх аймгийн Засаг дарга нарт урилга хүргүүлж, төвийнх нь хот төлөвлөлт, хөгжлийн түвшин, бүтээн байгуулалт зэрэг 12 зүйл бүхий тооцоолол илгээхийг хүссэн. Үүнээс хоёр сарын дараа бүх аймгийнхан материалаа ирүүлж, сонгон шалгаруулалт явуулсан юм. Говийн аймгууд идэвхгүй оролцсон. Харин Архангай аймгийнхан хамгийн идэвхтэй байсан юм. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Цаашлаад Увс, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий аймгийг нэрлэж болно. Ингээд шалгаруулалтаар Архангай аймаг тэргүүлж, дүнг нь Төслийн удирдлагын хороонд танилцуулсан. Тэд сонгосон.
Э.БАТШУГАР (УИХ-ын гишүүн):
-Бонд гаргахын тулд хөрөнгө оруулалтаа юунд зарцуулах тухайгаа маш тодорхой танилцуулдаг. Гэтэл хэрэгжүүлэх төсөл нь бэлэн байсан, эсэх талаар эргэлзээтэй зүйлс яриад байна. Бид гадаадын хөрөнгө оруулагчдыг хуурчихсан юм биш биз?
Б.ШИНЭБААТАР:
-“Чингис”, “Самурай” бондыг арилжсанаар бид олон асуудлыг шийдсэн. Том төслүүдээ ерөнхийд нь хөдөлгөж чадсан гэдэг нь ч сонсголоос харагдаж байна. Хөрөнгөө зөв зарцуулсан гэж үзэж байгаа. Би эдгээр бондыг босгоход оролцоогүй ч roadshow хийхдээ өгсөн амлалтдаа хүрсэн. Хөрөнгө оруулагчдыг хуураагүй гэв.