Газрын багц хууль, Геодез, зураг зүйн болон Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр Төрийн ордонд хэлэлцүүллээ.
Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын тухай хуулийг 2002 онд баталснаас хойш 32 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад газартай холбоотой олон талт харилцааг эл хуулиар зохицуулахад хүндрэл үүсэж, боловсронгуй болгох, өөрчлөн шинэчлэх шаардлага тулгарсан байна. Түүнчлэн Газрын тухай хууль, тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлөөс шалтгаасан олон асуудал үүсээд буй гэнэ. Тиймээс дээрх хуулийг шинэчлэн батлахдаа олон талт байдлыг харгалзан үзэх, иргэдийн санал, шүүмжийг сайтар тусгах, ирээдүйд тохиолдож болох эрсдэлийг тооцох хэрэгтэй юм байна. Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 21 аймаг, есөн дүүргийн 9000 гаруй иргэнээс цахимаар болон бусад хэлбэрээр 5600 орчим санал ирүүлжээ. Эдгээрийн дийлэнх нь бэлчээрийн газрын ашиглалт, зохицуулалт болон газрыг тусгай хамгаалалтад авах, тусгай хамгаалалтаас гаргахтай холбоотой байжээ. Түүнчлэн “Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх”, “Газар нь төрийн хамгаалалтад байх, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх”, “Газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм хорыг арилгуулах”, “Газрын талаарх мэдээлэл ил тод, нээлттэй байх” зэрэг үндсэн зарчмуудыг шинэ хуулийн төсөлд тусгасан аж. Хуулийн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан газрын нэгдмэл сангийн хэмжээг тодорхойлох, эрхийн төрөл харгалзахгүйгээр газрын гадарга, газар, түүний дэд талбар, объектыг улсын бүртгэлд бүртгэх, кадастрын зураглал хийх, мэдээллийн сан үүсгэх, газрын үнэлгээ, төлбөр, татварын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн, кадастрын нэгдсэн тогтолцоо бий болгох гэнэ. Газрын багц хуулийг баталснаар нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт хийх эрх зүйн цогц орчин бүрдэхийн зэрэгцээ цахимаар, нээлттэй байдлаар газар олгож, бүртгэн, газрыг эдийн засгийн эргэлтэд бодитой оруулах, нийтийн зориулалттай орон сууц болон олон өмчлөгчтэй барилгын доорх газрын эрхийг дундын мэдэлд шилжүүлэх зэрэг нөхцөл бүрдэх юм байна.
Дээрх хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай улсын эдийн засгийн голлох салбарууд болох уул уурхай, хөдөө аж ахуй нь газар, газрын хэвлийд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Иймээс газрын зохицуулалт, эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэн, өөрчлөх нь эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой. Орон нутагт газрын харилцааны эрх мэдлийг зөв зохицуулаагүйгээс Улаанбаатарт төвлөрөл үүсэж, түгжрэл нэмэгдэж байна. Эдгээр шалтгааны улмаас Газрын багц хуулийн төслийг шинжлэх ухаанч судалгаанд үндэслэн, олон талт оролцоог ханган сайтар хэлэлцэн батлах ёстой. Өөрөөр хэлбэл, бүх иргэний оролцоог ханган, саналыг нь тусгаж байж Газрын багц хуулийг батлах нь зүйтэй” хэмээв. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Одоогоор 370 гаруй субъект газар олгох шийдвэр гаргаж буй. Эдгээрийн олонх нь сайд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар буюу улс төрийн албан тушаалтан. Иймд уг байдлыг өөрчилж, газар олгохдоо иргэдийн саналыг харгалзан, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас өргөн мэдүүлж, ИТХ-ын баталсан төлөвлөгөөний дагуу нээлттэй дуудлага худалдаа зарлах, төсөл сонгон шалгаруулах зарчмаар цахимаар шийдвэрлэх, гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээдэг тогтолцоо бүрдүүлэхийг зорино” гэсэн юм. Ташрамд дурдахад, манай улсын нийт газар нутгийн 72.9 хувийг бэлчээр, газар тариалангийн чиглэлээр ашиглаж байгаа бол улсын тусгай хэрэгцээнд 16.7, хот суурингийн эдэлбэрт 0.6 хувь нь ногджээ.