Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар “Глоб интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-“Глоб интернэшнл” төвөөс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд мониторинг хийжээ. Хэр өргөн цар хүрээг хамруулсан бэ. Ямар үр дүн гарав?
-Тус хуулийг 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд баталсан. Тухайн үед буюу 2021 оны УИХ-ын намрын чуулганаар 137 хууль баталж, нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Тэдгээрийн дунд цахим хөгжлийн багц хууль багтсан юм. Үүнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын, Цахим гарын үсгийн, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Кибер аюулгүй байдлын тухай гэсэн дөрвөн хууль хамаарна. Эдгээр хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш манай байгууллагынхан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд мониторинг хийж, нэгдүгээр үе шатныхаа үр дүнг өнгөрсөн наймдугаар сарын 29-нд танилцуулж байлаа. Дараагийн шатны мониторингийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болгож, нэгдсэн үр дүнг нь гаргасан. Үүнд долоон аймаг, нийслэлийн хоёр дүүргийг хамруулж, 1413 иргэн болон мэдээлэл хариуцагч байгууллагуудын албан тушаалтнуудыг оролцуулсан нь чамлахааргүй тоо гэж бодож байна.
Мониторинг нь иргэдийн, мэдээлэл хариуцагч байгууллагуудын албан хаагчдын мэдлэг, ойлголт, мэдээлэл хариуцагч байгууллагуудын үйл ажиллагааг тандах зорилготой. Энэ хуульд таван чиглэлийн байгууллагыг мэдээлэл хариуцагч гэж заасан байдаг. Тухайлбал, төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаа хуулийн этгээд, олон нийтийн радио, телевиз, улс төрийн нам үүнд багтана. Мониторингийн үр дүнд иргэдийн мэдлэг, ойлголтын түвшин 68 хувьтай гарсан. Мэдээлэл хариуцагч байгууллагын албан тушаалтнуудынх 66 хувьтай. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээс хоёр хувиар бага байлаа.
-Хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш есөн сарын хугацаа өнгөрлөө. Гэтэл мэдээлэл хариуцагч байгууллагын албан тушаалтнуудын мэдлэг, ойлголт яагаад хангалтгүй байна вэ?
-Засгийн газар хууль сурталчлах үүргээ гүйцэтгээгүй. Энэ хуулийг хэрэгжүүлж эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд Төрийн хэмнэлтийн тухай хууль баталсан. Уг хуулиар төрийн бүх байгууллагын сургалт, сурталчилгааны ажлыг хориглосон юм. Нөгөө талаас хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмуудыг хугацаанд нь гаргаагүй. Заримыг нь өдий хүртэл батлаагүй л байгаа. Тухайлбал, цахим хөгжлийн багц хуультай холбоотой 11 журмыг гаргаагүй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд Нийтийн мэдээллийн дэд бүтцийн төлөвлөлтийн нийтлэг журмыг батлаагүй байх жишээтэй. Уг нь 2022 оны тавдугаар сарын 1 буюу хууль хэрэгжүүлж эхлэхэд л бүх журам нь бэлэн байх ёстой. Гэтэл Засгийн газар үүнд маш хойрго хандаж байна.
-Төрийн байгууллагууд сургалт, сурталчилгааны зардалгүй байсан ч холбогдох хуулиа судалж, хэрэгжүүлэх үүрэгтэй биш гэж үү?
-Мэдээж хууль хэрэгжүүлэгч байгууллагын албан тушаалтан хуулийн талаар мэдлэг, ойлголттой байх ёстой. Гэхдээ хуулийн талаарх мэдээллийг албан хаагчдадаа өгөх нь Засгийн газрын үүрэг.
-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрийн олон төрлийн мэдээллийг ил тод болгосон хэмээн албаныхан хэлдэг. Гэвч бодит байдалд төрийн байгууллагууд мэдээллээ ил тод болгосон байна уу?
-Манай улс энэ хуулиар мэдээллийг анх удаа нээлттэй, хаалттай, хязгаарлалттай гэж гурав ангилсан. Нээлттэйд нь таван чиглэлийн 68 төрлийн 606 мэдээлэл багтаасан байна. Бид мэдээлэл хариуцагч 51 байгууллагыг сонгосон юм. Тэдгээрээс 38 нь дээрх хуулийн дагуу 44 төрлийн мэдээллийг нээлттэй болгох ёстой. Гэтэл үүнийхээ 41.5 хувийг нь л ил тод болгожээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар бол иргэн, хуулийн этгээдийн аль аль нь мэдээлэл хүсэх эрхтэй. Бид мониторингийнхоо хүрээнд иргэний хувиар, иргэний нийгмийн байгууллага буюу хуулийн этгээдийн хувиар ч холбогдох байгууллагуудаас хуульд заасны дагуу амаар, бичгээр, цахимаар гэсэн бүх төрлөөр мэдээлэл хүссэн. Ингэхдээ хүссэн мэдээллийнхээ 47 хувийг л авч чадлаа. Дөрвөн хувьд нь дутуу мэдээлэл авсан байна. Нийт 51 хувьд нь ямар нэгэн байдлаар мэдээлэл авч чаджээ. Ерөөсөө л хоёр мэдээлэл тутмын нэгийг өгдөггүй гэсэн үг. Уг нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг батлахдаа Засгийн газар нэлээд өөдрөг байр суурьтай байлаа. Тухайлбал, хэвлэлийн эрх чөлөөний, авлигын, сайн засаглалын индекст эерэг өөрчлөлтүүд гарна гэж байв. Гэтэл 2022 оны тавдугаар сарын 3-нд гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс 22 байр ухарч, 180 орноос 90 дүгээрт жагслаа. “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас саяхан авлигын төсөөллийн индексийг танилцуулахад түүхэн доод түвшиндээ хүрлээ шүү дээ.
-Мониторингтоо аль аль байгууллагыг хамруулав. Мэдээллээ өгөхөөс татгалзсан нь хаанах вэ?
-Мэдээллээ хамгийн ил тод болгосон газар нь Орхон аймаг. 68.9 хувьтай байсан. Хамгийн муу үзүүлэлттэй нь холбогдох мэдээллийнхээ дөнгөж 18.5 хувийг нээлттэй болгосон Баян-Өлгий аймаг. Эдгээрээс гадна Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Өмнөговь, Увсыг хамруулсан. Мэдээлэл хариуцагч таван чиглэлийн байгууллагын дотор онцгой гэж тодотгож болохоор хоёр субъект бий. Нэг нь улс төрийн нам, нөгөө нь олон нийтийн радио, телевиз. Бид МҮОНТ-ээс 2-3 төрлийн мэдээлэл хүсэхэд хариу ирүүлээгүй. Намуудаас хандив, санхүүжилттэй нь холбоотой мэдээлэл хүсэхэд бас өгөөгүй. Төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг аж ахуйн нэгжүүд ч бас хойрго хандлаа. Салбараар нь ангилж үзвэл, уул уурхайн мэдээлэл хамгийн хаалттай юм байна.
-Байгууллагууд мэдээлэл өгөхөөс татгалзахдаа голчлон ямар шалтгаан, үндэслэлүүд дурдсан бол?
-Нэг хэсэг нь үндэслэл дурдах байтугай хариу огт өгөөгүй. Зарим нь “Ийм мэдээлэл манайд одоохондоо байхгүй” гэдэг. Зун мониторинг хийхэд “Хариуцсан албан тушаалтан нь алга” гэсэн шалтаг их хэлж байлаа. Энэ бол манайд нэлээд түгээмэл болсон үзэгдэл. Үүнээс өмнө буюу 2011 онд баталж, 10 гаруй жил хэрэгжүүлсэн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд мониторинг хийхэд үед ч ийм асуудал гарсан. Одоо ч хэвээрээ байна. Эсвэл мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалздаг жишиг тогтчихсон байх.
-Нээлттэй байхаар заасан мэдээллийг өгөөгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар хариуцлагыг өндөрсгөсөн. Тухайлбал, Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй байвал Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх боломжтой. Тодруулбал, Эрүүгийн хуульд хаалттай мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгасан. Зөрчлийн тухай хуулийн 15.34-т “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг зөрчих” гэсэн хэсэг бий. Үүнд “Албаны нууцаас бусад хязгаарлалттай мэдээллийг хууль бусаар ашигласан, задруулсан нь гэмт хэргийн шинжгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Энэ бол мэдээллийг задруулахтай холбоотой заалт. Харин нээлттэй гэж заасан мэдээллийг ил тод болгоогүй бол хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор Зөрчлийн тухай хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, мэдээллээ өгөөгүй байгууллагыг таван сая төгрөгөөр торгох нь. Мэдээлэл өгөөгүй албан тушаалтанд бол Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сануулах, цалингийн хувиар торгох, зэрэг дэв бууруулах гэх мэтээр хариуцлага тооцно. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) энэ чиглэлээр хяналт, шалгалт явуулах, холбогдох байгууллагад зөвлөмж, шаардлага өгөх эрхтэй. Ямар нэгэн байгууллагаас мэдээлэл авч чадахгүй бол дээд шатны байгууллагад нь хандана. Дээд шатны байгууллага байхгүй тохиолдолд өргөдөл, гомдлоо шүүх болон ХЭҮК-т гаргах боломжтой.
-Сэтгүүлчид аль нэг байгууллагад, ялангуяа төрийн яам, агентлагуудад хандан мэдээлэл хүсэхэд “Дарга зөвшөөрсөн тохиолдолд мэдээлэл өгнө” гэсэн тайлбар хэлдэг жишиг тогтчихоод байна. Холбогдох хуулиудад ийм зохицуулалт бий юү?
-Хууль, эрх зүйн хүрээнд бол даргын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх гэсэн зохицуулалт байхгүй. Ер нь мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай өгдөг соёл манайд дутмаг. Мэдээлэл өгөхөд хойрго ханддаг уламжлалт “соёл” амь бөхтэй оршиж байгаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар бол шууд өгөх боломжтой мэдээллийг хүсэлт хүлээн авсан даруйд өгөхөөр тусгасан. Гэхдээ шууд өгөх боломжгүй бол хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор өгөхөөр заасан. Мөн тухайн мэдээллийн цар хүрээ, бэлтгэх шаардлагатай хугацааг харгалзан эрх бүхий албан тушаалтан уг хугацааг 10 хүртэл өдрөөр сунгаж болно гэж хуульчилсан байгаа юм. Ийм тохиолдолд таван өдрийг 10 болгох уу, эсвэл нэмээд нийт 15 байх уу гэдэг нь ойлгомжгүй. Уг нь хууль хоёрдмол салаа утгагүй байх ёстой шүү дээ. Гэтэл дээрх хугацааг өөр өөрөөр ойлгож болохоор байна. Тиймээс цахим хөгжлийн багц хуультай холбоотойгоор цаашид албан ёсны нэр томьёоны тайлбарыг гаргах шаардлага тулгарч буй юм. Ялангуяа цахим дэд бүтэцтэй холбоотой шинэлэг ойлголтуудын нэр томьёог цэгцлэх ёстой.
-Таван чиглэлийн 68 төрлийн 606 мэдээллийг уг хуулиар нээлттэй болгосон талаар та дурдсан. Эдгээрээс иргэд анхаарах шаардлагатай зарим мэдээллийн талаар онцолж болох уу?
-Ийм олон төрлийн мэдээллийг нээлттэй болгосон нь маш том давуу тал. Өөрөөр хэлбэл, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлж чадвал авлигатай тэмцэх боломжтой. Жишээлбэл, бид орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилгууд чанарын шаардлага хангахгүй байна гэж ярьдаг. Тэгвэл чанаргүй барилгыг хүлээж авсан комиссын гишүүдийн нэр, гаргасан акттай нь танилцах боломж нээлттэй. Цаашлаад холбогдох байгууллагуудаар шалгуулж, иргэний шүүхэд хандажхохирлоонэхэмжилж болно. Мөн төрийн өмчит компани, үйлдвэрийн газар Монголд маш олон бий. Тэдгээрийн ТУЗ-ийн гишүүд, цалин, урамшууллын мэдээлэл, хүний нөөцтэй нь танилцах эрхтэй. Үүнээс гадна Боловсролын зээлийн сангийн зээлээр буюу татвар төлөгчдийн мөнгөөр хэн хаана суралцаж байгааг мэдэж болно. Түүнчлэн мэдээлэл хариуцагчийн эзэмшилгазрын мэдээлэл ил тод байх ёстой гэж хуульчилжээ. Тухайлбал, цэцэрлэг, сургуулиуд газраа зараад орон сууц бариулчихлаа гэсэн шүүмжлэл их гардаг. Тэгвэл одоо тухайн байгууллага хэдий хэмжээний газартайг мэдэж болох нь. Ийм маягаар давуу талаас нь нэрлэвэл олон бий.
-“Ковид-19”-ийн үед төрийн мэдээлэл маш хаалттай болсон. Одоо ч нөхцөл байдал төдийлөн сайжирсангүй. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ, ямар гарц гаргалгаа бий бол гэдэгт та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2020-2021 он буюу цар тахлын үед 300 сэтгүүлчийг хамруулсан судалгаа хийсэн юм. Энэ судалгаагаар сэтгүүлчид эх сурвалжийн дутагдалд орсон, төрийн байгууллагууд маш хаалттай болсон гэсэн дүгнэлт гарсан. Манай төвөөс 2022 оны тавдугаар сарын 3 буюу Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаа хийсэн юм. Өдөр тутам үйл ажиллагаа явуулдаг редакцад харьяалагддаг сэтгүүлчийн бараг 10 хувь буюу 233-ыг нь үүнд хамруулсан. Тэдний 67 хувь нь мэдээлэл авах эрх зөрчигддөг, тухайн байгууллага мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалздаг гэж хариулсан. Сүүлийн 20 жилийн хугацаанд сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаа хийхэд хамгийн тулгамдсан асуудал нь ерөөсөө л энэ байсаар ирсэн. Манай байгууллагаас 2019 онд Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээ” сэдэвт томоохон судалгаа хийсэн юм. 2004 онд баталж, хэрэгжүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиар бол төрийн нууц мэдээлэл 60 байжээ. Гэтэл судалгаа хийх үед буюу 2019 онд энэ тоо 565 болж, бараг 10 дахин нэмэгдсэн. Ерөөсөө л нууцлах ёстой гэдэг хуучин нийгмийн ойлголт амь бөхтэй оршсоор байна. Мэдээж аль ч улсад төрийн нууц байх ёстой. Гэтэл манай улсад төрийнхөөс гадна албаны нууц хүртэл бий. Төрийн болон албаны нууцын тухай хуулийг 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нд баталж, 2017 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хуулийн дагуу байгууллагууд албаны нууцтай болсон. Төрийн нууцаас гадна шүү дээ. Албаны нууц хэд байгааг тоолох боломжгүй. Яагаад гэвэл Монголд төрийн байгууллага хэдэн мянга бий. Тэр бүхэн чинь албаны нууцтай. Доод тал нь 15-20, дээд тал нь 100-200 орчим нууцтай гэдэг. Албаны нууцын жагсаалт нь бас нууц. Уг нь жагсаалт ил тод байх ёстой шүү дээ. Тэгэхээр манай улс ерөөсөө төрийн, албаны нууцдаа живчихсэн юм байна. Үүнийг ул суурьтай харж, цэгцлэх шаардлагатай.
Манай улс хууль үйлдвэрлэдэг болчихсон шүү дээ. Одоогоор 842 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Олон хууль үйлдвэрлэчихээд, хэрэгжүүлэх журмыг нь гаргадаггүй. Харьяалах яамдынх нь хүний нөөц, бүтэц, чиглэл, төсвийг харгалзан үздэггүй. Олон улсын өмнө хүлээсэн амлалтаа биелүүлэх, эсвэл ажил хийсэн болж харагдах гэж хууль баталдаг жишиг тогтчихлоо. Засгийн газар өөрөө түлхүүр тоглогч хийж, хууль “зүтгүүлж”, батлуулдаг түгээмэл хандлагатай боллоо. Жишээ нь, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийгхамгаалахтухай хуулийн ажлын хэсгийг 2021 оны есдүгээр сард байгуулсан гэж ХЗДХЯ-наас мэдээлж байсан. Гэтэл ажлын хэсэг огт хуралдаагүй байснаа 2023 оны нэгдүгээр сарын 18-нд гэнэт төсөл гаргаж ирээд, Засгийн газарт өргөн бариад, 19-нд нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэн дэмжээд, 20-нд УИХ-ын намрын чуулганы эцсийн хуралдаанаар баталчихаж байгаа юм. Ийм байдлаар гурав хоногт хууль баталж болохгүй. Ялангуяа хууль зөрчиж хууль баталж болохгүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зөвхөн үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжийг л нэн яаралтай хэлэлцүүлэхээр заасан. Гэтэл нийгмийн сүлжээг хянах, зохицуулах хуулийг үүнтэй адилтган баталсан нь анхаарал татаж байна. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулиар бол төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх нь бүгд дэгтэйг ч зөрчсөн байх жишээтэй.
-Цахим хөгжлийн багц хууль, ялангуяа Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг ч хэрэгжүүлэлгүй, цаасан дээрээ л үлдэх эрсдэл байна. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?
-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээлэл хариуцагч байгууллагуудад үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэгтэй орон тооны бус зөвлөл Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгуулсан байна. Энэ зөвлөл төрийн байгууллагуудын мэдээллийг цуглуулж, нэгтгээд, УИХ, Засгийн газарт хандсан зөвлөмж гаргах юм билээ. Өөрөөр хэлбэл, нээлттэй байх ёстой мэдээллийн хэдэн хувийг ил тод болгосныг үнэлж, зөвлөмж гаргана гэсэн үг. Харин иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй. Уг зөвлөл ажлаа сайн хийж, хуулийг хэрэгжүүлэх хөшүүрэг бий болгох нь чухал.