Монгол Улсын болон Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа, хэлэлцэж батлахдаа ч тэр, хэмнэлтийн бодлого баримталсан, удаа дараагийн хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг үндэслэн зарим төсөл, хөтөлбөр, ажлын санхүүжилтийг хассан, дэмжээгүй хэмээн улстөрчид сайрхан ярьж байв. Төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг энэ оноос хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батыг мөрдөнө гэж Засгийн газрын тэргүүнээс эхлээд Сангийн сайд, нийслэлийн удирдлагууд ам уралдан өгүүлцгээсэн. Гэвч 2023 оны төсвийн мэдээллийг шүүж, шинжиж үзвэл хэмнэлтийн бус, үрэлгэн бодлого баримталсан гэмээр зүйл өчнөөн харагдаж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн Байгаль орчны газарт минжний хоол тэжээл худалдан авах зориулалтаар 178.5 сая төгрөг хуваарилжээ.
Нэг минжинд ногдох өдрийн хоолны төсөв нь 11 600, жилийнх нь 4.2 сая төгрөг гэсэн үг. Гэтэл ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг сурагчдын хоногийн хоолны зардал 4000-4300 төгрөг байна. Засгийн газар өнгөрсөн онд үүнийг шинэчлэхдээ ингэж тогтоосон. Нийгэм, эдийн засгийн ач холбогдол, эрэмбээ бодсон ч, тухайн амьтны тоо толгойн өсөлт, өнгөрсөн жилүүдийн санхүүжилттэй харьцуулсан ч 178.5 сая төгрөг гэдэг яалт ч үгүй дэгсдүүлсэн мөнгөн дүн. Дараагийн нэг жишээ нь нийслэлчүүдийг 4.5 тэрбум төгрөгөөр соёлтой иргэн болгох ажил. Үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, хотын соёлыг дээдэлсэн иргэдийг төлөвшүүлэн, бэлдэхэд нийслэл ийм хэмжээний хөрөнгө төсөвлөжээ. Энэ мөнгө контент бэлтгэн нийлүүлэгч студи, сургалт, арга хэмжээ зохион байгуулдаг төрийн бус хэдэн байгууллагын данс руу орох нь тодорхой. Агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж зэрэг амьдрах орчны наад захын асуудлаа шийдэж чадахгүй байж иргэдээс хотын соёл нэхнэ, тэднийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх нэрийдлээр төсөвт дарамт учруулна гэдэг байж боломгүй явдал.
Нийслэлийн 2023 оны төсөвт анхаарал татсан өөр нэг, “том” мөнгөн дүнтэй ажил байгаа нь төрийн үйлчилгээг цахимжуулж, шуурхай, тэгш, нээлттэй болгох юм. “Нийслэлийн 2023 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүнгийн талаарх чанарын болон тоон хэмжээний үзүүлэлт”-ийн 2.1 дэх заалт буюу орон нутгийн гүйцэтгэх засаглал, нийслэлийн удирдлагын хэрэгжүүлэх ажлын хүрээнд 233.8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тус үйл ажиллагааны зорилго нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, тэгш, нээлттэй хүргэх гэнэ. Бүхэл бүтэн 80 сургууль, цэцэрлэг барих хэмжээний мөнгийг ганцхан жилд ийм ажилд зарцуулах нь. Хамгийн гол нь энэ мөнгөөр чухам юу хийх нь тодорхойгүй байна. Цаашлаад үр дүнг нь хэрхэн үнэлэх, зардлыг яаж тооцож, хуваарилсан нь бүрхэг. Нийслэлийнхэн ч эл асуултад дорвитой хариулт өгч чадсангүй.
...Нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулж (өдгөө дийлэнх нь цахимжсан), албан хаагчдыг бүгдийг нь сургалтад хамрууллаа гэж тооцоолоход ч 233.8 тэрбум гэдэг дэндүү данхар төсөв юм. Гэвч төсөв захиран зарцуулагчид, нийслэлийн удирдлагын багт багтсан хүмүүс энэ их хэмжээний мөнгөөр юу хийх гэж буйгаа олон нийтээс ихээхэн нууцалж байна. Хоёр ч төрийн бус байгууллага үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга болон холбогдох алба, хэлтэст хандаад“хана мөргөжээ”...
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгчөөс энэ талаар лавлахад тодорхой мэдээлэлгүй байгаагаа хэллээ. Холбогдох асуудал хариуцсан хотын даргын зөвлөхөд хандаад ч нэмэр болсонгүй. Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс дэхзасаглалын шинэчлэл, цахим хөгжил, төрийн үйлчилгээг боловсронгуй болгох асуудал хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоход “Төрийн үйл ажиллагаатай холбоотой тодорхой мэдээлэл өгөх эрх бидэнд байхгүй. Хуулиар хориглосон. Манай хэлтсийн даргатай холбогдоно уу” хэмээн найрсгаар татгалзав. Нийслэлийн удирдлагынхэрэгжүүлэх ажлын хүрээнд төлөвлөсөн арга хэмжээг хотын даргын хэвлэлийн төлөөлөгч, төсөв, хөтөлбөр хариуцсан зөвлөх, тэр тусмаа цахим хөгжил, төрийн үйлчилгээний асуудлыг хамаардаг мэргэжилтэн мэдэхгүй байх учиргүй. Нарийн үйл явц, хэрэгжилтийнх нь талаар мэдээлэлгүй байж болох ч энэ талаар лавтай дуулсан байх учиртай. Гэвч тэд мэдэхгүй, мэдээлэл өгөх эрхгүй хэмээн булзааруулаад өнгөрөөлөө.
Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газраас өгч буй мэдээллээр “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд “Нэг тархи-нэгдсэн систем” хэмээх Улаанбаатар хотын дижитал шилжилтийн стратеги төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж байгаа гэнэ. “Smart car”, “Check my service” зэрэг аппликэйшнийг сайжруулж, боловсронгуй болгохоор төлөвлөжээ. Одоогоор төлөвлөсөн, мэдэгдэж байгаа ажлууд нь ердөө энэ аж. Зөвхөн үүнд 233.8 тэрбум төгрөг төсөвлөөгүй нь ойлгомжтой.
Манай улс төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй болгох чиглэлд сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч буй. Засгийн бодлого нэгэнт цахим засаглалыг хөгжүүлэхэд чиглэж байгаа учир төрийн шат шатны байгууллагууд үүний хүрээнд тодорхой ажлууд (дотоод үйл ажиллагаанаасаа эхлээд иргэдэд үзүүлдэг үйлчилгээний) хийж эхэлсэн. Тэр хэрээр цахимжуулах нэрийн доор элдэв программ, аппликэйшн хөгжүүлэх, нэгдсэн бүртгэлийн сан үүсгэх, төрийн мэдээлэл солилцооны систем, платформтой холбогдох зэрэг ажилд жил бүр өчнөөн тэрбум төгрөг төсөвлөх болсон. Тэр ч бүү хэл, цахим систем хөгжүүлэхэд шаардлагатай зөвлөх үйлчилгээ авахад зуу, зуун сая төгрөг төсөвлөдөг. Ганцхан жишээ дурдахад, Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Glam” системийг хөгжүүлэхэд 225, соёлын салбартай холбоотой тусгай зөвшөөрлийн үйлчилгээг төрийн цахим системд нэгтгэх чиглэлээр зөвлөгөө авахад 100 сая төгрөг төсөвлөсөн байх жишээтэй. Төсөвт тэрбум, тэрбумаар тусгаж буй мөнгөний хэмжээтэй харьцуулахад цахим засаглалыг хөгжүүлэх ажлын явц өдгөө тун тааруу, үр дүн муутай, эхнээсээ будилаан самуунтай үргэлжилж байгаа. Төрийн байгууллагуудын нэвтрүүлсэн цахим системийн шийдлүүд дунд ажилладаггүй, иргэдийн цаг зав, уур бухимдлыг бардаг, боловсронгуй бус, хүртээмжгүй, наад захын өгөгдлүүдээ шийдээгүй, төрийн мэдээлэл солилцооны системтэй ч холбогдож чаддаггүй нь цөөнгүй бий. Тэгэхээр төрийн үйлчилгээг цахимжуулах нэрийдлээр энэ жил нийслэлд төсөвлөсөн хөрөнгөний тодорхой хэсгийг ч ийм байдлаар үрэн таран хийж болзошгүй. Зөвлөх үйлчилгээ, программ хөгжүүлэлт төдийхөнд ч тэнгэрт тулам ханшаар төсөв хуваарилсан байхыг үгүйсгэхгүй.
Мөн төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хариуцлагыг дээшлүүлэх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн байна. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал “И-Монголиа” системийг хөгжүүлсэн “И-Монгол академи” УТҮГ нийслэл, дүүргийн холбогдох газруудтай хамтран өнгөрсөн жилээс “Төрийн албан хаагчийн цахим засаглалын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. Магадгүй 2023 онд үүнийг илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн байж магадгүй юм. Үүнээс өөр таамаг алга. Угаасаа төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлнэ гэхээр сургалтад л хамруулдаг шүү дээ. Зарим тохиолдолд туршлага солилцуулах зорилгоор гадаад руу явуулах нь бий. Нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулж (өдгөө дийлэнх нь цахимжсан), албан хаагчдыг бүгдийг нь сургалтад хамрууллаа гэж тооцоолоход ч 233.8 тэрбум гэдэг дэндүү данхар төсөв юм. Гэвч төсөв захиран зарцуулагчид, нийслэлийн удирдлагынбагт багтсан хүмүүс энэ их хэмжээний мөнгөөр юу хийх гэж буйгаа олон нийтээс ихээхэн нууцалж байна. Хоёр ч төрийн бус байгууллага үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга болон холбогдох алба, хэлтэст хандаад “хана мөргөжээ”. “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага гэхэд нийслэлийн төсвийн хүрээнд баталсан 233.8 тэрбум төгрөгийн зарцуулалтын задаргаа бүхий мэдээллийг ил тод болгох хүсэлтийг хотын дарга болон нийслэлийн Санхүү, төрийн захиргааны хэлтэст хүргүүлсэн аж. Харамсалтай нь, өдий болтол ямар нэг хариу өгөөгүй гэнэ. Их мөнгөний ард их нууц бий гэдэг үнэн бололтой дог оо.