Зүүн хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төвийн гүйцэтгэх захирал Л.Лхагвасүрэнтэй хөдөөгийн хөгжлийн талаар ярилцлаа. ХБНГУ-ын Халле-Виттенбергийн Мартин-Лютерийн их сургуулийг 1989 онд экологичоор төгсөж, магистрын зэргээ МУИС-ийн Байгалийн ухааны факультетэд агнуур зүйч-экологич мэргэжлээр хамгаалсан тэрбээр байгаль орчны томоохон төсөл, хөтөлбөрүүд, олон улсын нэр хүндтэй байгууллагуудад ажилласан нөр их туршлагатай бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголын хөдөө, тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумд амьдарч буй юм.
-Гадаадад цөөнгүй жил амьдарсан, олон улсын томоохон байгууллагуудад ажилласан судлаач, эрдэмтэн хүн хөдөө нутгийг зорьж, төвхнөх болсон шалтгаан юу байв гэдэг нь анхаарал татаж байна. Энэ асуултаар ярилцлагаа эхлүүлье.
-Эхнэр бид хоёрын хувьд олон газраар явсан. Би экологич мэргэжилтэй, ан амьтан судалдаг учир социализмын үед бага залуудаа Монгол орны аль үзэсгэлэнтэй газруудад очоод үзчихсэн байлаа. Дараа нь ардчиллаас капитализм руу шилжих үед олон улсын хөтөлбөрүүдийн шугамаар тусгай хамгаалалттай газар нутаг, орчны бүсүүдэд ажилласан. Үүний дараа АНУ-д 10 гаруй жил амьдраад, эх орондоо ирсэн юм. Хүмүүс хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг харьцуулахын дээдээр харьцуулж мэдэх бололцоо тэр үед гарсан. Өндөр ачаалалтайгаар янз бүрийн ажил, бизнес хийж, үзсэн харсан зүйлээ хэрэгжүүлж туршаад, түүгээрээ ахуй амьдралаа залгуулдаг байсан нь Монголд ирээд боломжгүй болчихов. Өөр газарт мөнгө олж болоод байсан зүйл энд хайчлагдсан юм шиг л таг зогслоо. Манай нийгмийн тогтолцоо арай биш байгааг тэгэхэд л ойлгож, мэдэрсэн дээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө юм. Тухайн үед газар, өмч хөрөнгийн үнэлгээ маш хийсвэр байлаа. Үнэ нь жигтэйхэн өсчихсөн. Ингээд л хөдөөг зорихоор эргэлт буцалтгүй шийдсэн. Явах явахдаа таг зэлүүд, аймаг, сум, багийн төвөөс ч хол газарт очъё, нар, салхинд малчид шиг амьдаръя гээд зорьж байв. Түүх нь ийм.
-“Жинхэнэ” хөдөөний айл болтлоо нэлээд зүйл үзэж, туулсан байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Бид хоёул хотын унаган иргэн шүү дээ. Эхнэр минь гэрт амьдрах нь байтугай гадаа бие засаж ч үзээгүй байлаа. Дорнодод төрөл садны холбоотой, эсвэл таньдаг хүн бидэнд нэг ч байгаагүй. Нүүж очоод хамгийн түрүүнд байшин барьсан. Канад технологийн сууцыг мэргэжлийн өндөр түвшинд барьж байсан туршлагатай, энэ чадвараараа олон жил хоолоо олж идсэн учраас нэг их зоволгүй байшингаа босгочихсон. Агааржуулалт, гэрэлтүүлэг, эрчим хүч, ус, дулаан зэргийг нь нарийн тооцоолж төлөвлөн, байгальд ээлтэйгээр шийдсэн. Нар, салхийг жинхэнэ утгаар нь ашиглаж байна. Нам даралтын зуухтай. Зурагт, радио, компьютер гээд хэрэгтэй бүхэн бий. Долоон жил интернэтгүй байж байгаад гурван жилийн өмнө холбогдсон. Эзгүй талд том байшин барьчихаар хүмүүс гайхаж хүлээж авдаг юм билээ. Гэрээ тойруулж хашаа бариагүй хэрнээ зөвхөн машинаа хамгаалах зорилгоор анх хашаа татаж байлаа. Цоо шинэ машин авчиртал үхэр шөргөөгөөд, эврээрээ юу ч үгүй зурчихсан байсан юм. Дараа нь өвөл, зуны хүлэмж барилаа. Эхлээд дан өргөст хэмх, улаан лооль тарьсан. Хүүхдүүд янз янзын ногоо, жимсний үр авчирч өгнө, тэр бүхнийг нь туршина. Халуун орны жимс ч тарьж үзсэн. Сүүлдээ өргөст хэмх, улаан лооль тарихаа багасгасан. Маш их хэмжээгээр ургадаг, ашиг шим багатай, боловсруулж хадгалахад зардал, цаг хугацаа их ордог ногоо юм билээ. Ингээд хүний биед хамгийн их эрдэс баялаг өгч чадах, хөлдөөж, боловсруулж хадгалахад зардал, зай талбай бага эзлэх ногоо тарьж эхэлсэн. Нэг мэдэхэд манайх гэдэг айл гаднаас зөвхөн гурил, будаа, давсаа л авдаг болсон. Одоо ч бид өөрсдийнхөө тарьж ургуул сан ногоог идэж байна. Энэ мэтчилэн ахуй амьдралдаа хэрэгтэй бүхнийг цогцлоож, цагийн эрхээр байгальтайгаа дасан зохицож сурсан даа. Угаас хүн байгальтайгаа ойртох тусам зохицож амьдардаг юм билээ. Тэр бол хувь хүний гайхамшиг. Эхэндээ өрх салхинд дэвэл зэхэд хүртэл төвөгшөөж, стресстдэг байлаа. Одоо бол өөр. Хотын унаган, насаараа судалгаа шинжилгээ хийж, эрдэм номын мөр хөөсөн хүмүүс хэзээ хойно 50 насны босгон дээр шинэ орчинд амьдралаа эхлүүлнэ гэдэг мэдээж амаргүй. Одоо ингээд сайн сайхан, болж бүтсэн зүйлүүдээ ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл багагүй бэрхшээл туулсан.
-Хөдөө очсон цагаасаа сургалт, судалгааны төв ажиллуулсан юм билээ. Энэ төв чухам ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Бид эхэндээ үхэр өсгөх төлөвлөгөөтэй байсан. Гэтэл аав минь “Ээ дээ хүүхдүүд минь, өдий олон жил эрдэм номын мөр хөөж, хэл ус сурчихаад 331 мянган малчны тоог нэгээр нэмээд юу гэх вэ. Тэр их мэдлэгээ хүмүүст түгээсэн нь таван үхэр өсгөснөөс илүү үнэ цэнтэй. Ингэж цаг алдаж болохгүй” гэж хэлсэн юм. Энэ үг биднийг шийдвэрээ өөрчлөхөд нөлөөлсөн. Хөдөө сургалт, судалгааны төвөө ажиллуулаад 10 гаруй жилийн нүүр үзлээ. Малчдын хөгжил, боловсролыг дэмжих ажлууд хийв. Олон улсын томоохон байгууллагуудтай судалгааны чиглэлээр ч хамтран ажиллалаа. Манайх өвөл, зунгүй 30 хүн хүлээж авах хүчин чадалтай. Хамгийн сүүлд Дорнод аймгийн 13 сумын байгаль шинжлэлийн багш нарыг “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” сэдэвт гурван өдрийн сургалтад хамруулсан. Ямар асуудал бэрхшээл бий, юу болохгүй байна гээд ний нуугүй ярилцаж, ойлголцлоо. Сум жижиг, хүн ам цөөтэй. Тэр хэрээр харилцаа хязгаарлагдмал. Энэ нь хүний хөгжих нөхцөл боломжийг хязгаарлаж байдаг юм байна. Багш нарын хувьд ч ялгаагүй. Үүнээсээ болоод өөрсдийгөө маш их голдог. Аймаг, хотын багш нараас мэдлэг чадвар дутуу, хоцрогдолтой гэж боддог. Тэдний буруу биш л дээ. Боловсролын байгууллага тэднийг сургаж, шинэ тутам мэдлэг, мэдээлэл олгож байх ёстой юм. Багш нар ном, сурах бичгээс л мэдээллээ авч байна. Аймгийн төвийн чадварлаг багш нарыг ч хотын сургуулиуд “ховх сороод” дуусгалаа. Хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлье гэвэл бидний ирээдүй ямар ч эргэлзээгүй тийшээ нүүж очих боломж бүрдүүлэх ёстой. Танд хэчнээн мөнгө амлаад ч хүүхдийн тань ирээдүй бүрхэг газар луу явахгүй биз дээ.
Бид багийн бага сургууль байгуулах санаачилга гаргаад, сүүлийн зургаан жил хөөцөлдөж байна. Сумын төвөөс хол, алслагдмал газарт байдаг малчдын хүүхдүүдийг хамруулах зорилготой. Социализмын үед ийм сургуулиуд хичээллүүлдэг байсан. Юун гэрэл, чийдэн манатай умгар байшинд хэдэн хүүхэд бөөгнүүлж хичээл заадаг, сурагчид нь морио унаад л харьцгаадаг байв. Гэтэл одоо энэ саналыг дэмжихгүй, үгүйсгэсээр. Бид багачуудыг гурав хоног сургаад, дөрөв хоног гэрт нь амраах сургалтын хөтөлбөр боловсруулсан. Нэг багш зургаан хүүхэдтэй ажиллах юм. Хүүхэд сурч мэдсэн зүйлээ ойр дотнын хүмүүстээ ярьж, давтаж, баталгаажуулж байж илүү сайн ойлгодог. Тэгэхээр ийм сургууль хичээллүүлбэл сурагчид өдөр тутам сурч мэдсэн зүйлээ аав, ээжтэйгээ хуваалцах боломж бүрдэнэ гэсэн үг. Малчид хүүхдээ сургана гээд сумын төв, дотуур байр бараадуулдаг, эсвэл гэр бүлийн хоёр тусдаа амьдрах шаардлага үүсдэг. Энэ нь тухайн гэр бүлд олон талын сөрөг нөлөөтэй. Эцэг, эхчүүд энэ санаачилгыг маш их дэмжиж байгаа. Зарим нь 180 км-ийн цаанаас ч хүүхдээ хүргэж ирэхэд бэлэн гэсэн. Энэ нь малчдын хүүхдүүдэд боловсрол олгохоос гадна тэднийг ойр дотно, нэг амьтай өсгөх зорилготой.
-Бага сургууль байгуулахад тулгамдаж буй гол бэрхшээл юу вэ?
-Газрын асуудлыг нь шийдэж өгдөггүй юм. Газаргүй бол юу ч хийж чадахгүй шүү дээ. Мөн заавал цементэн байшин барих шаардлага тавьдаг. Дүнзэн байшинд сургалтын үйл ажиллагаа явуулахыг хориглодог юм байна. Түймрийн эрсдэлтэй гэж үздэг. Тэгсэн хэрнээ эсгий гэрт болдог нь хачирхалтай.
-Танай сургалт, судалгааны төв нэлээд өргөн хүрээнд үйлажиллагаа явуулдаг юм байна шүү дээ.
-Манай төв дэлхийд нэртэй шүү дээ. 2020 онд НҮБ-аас уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон улсын хөтөлбөр зарлахад манайх 135 орноос шалгарсан. Үүний хүрээнд орон нутгийн хөгжлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлээд дууссан. Мөн Японы “Сүмитомо” корпорацтай гурван жил хамтран ажиллалаа. Хүн, мал аль аль нь иддэг ургамлын судалгаанд хамтарсан. Герман, америк, канад, австри, унгар эрдэмтэдтэй хамтран урт, богино хугацааны олон судалгаа хийлээ. Германчуудтай хамтраад махны чиглэлээр иж бүрэн судалгаа хийж, олон улсад танилцуулсан. Социализмын үед ЗХУ руу мал, мах гаргаж байсан маршрутын дагуу судалгаа хийв. Орос талдаа ийм нөхцөлтэй, Хятадаас шалтгаалсан ийм асуудал байна, харин ингэж хийх ёстой гэсэн зураглал гаргасан юм. Үүний сацуу хөдөөний хөгжлийн асуудалд анхаарсан. Манайхан хөдөөнийхөгжил гэхээр мал л яриад байдаг. Тэгсэн атлаа ирээдүйгээ, үр хүүхдээ, өөрийнхөө тухай ер ярьдаггүй. Хүнээсээ л зугтаад байдаг. Хөдөөнийхөгжлийн үндэс нь мал биш, хүн шүү дээ.
Манай сургалт, судалгааны төв аялал жуулчлалын зорилгоор ч цөөнгүй хүн хүлээж авсан. Дорнод руу ирсэн гадаад, дотоодын хүмүүс манайд заавал зочилдог. Нэг өдөрт 135 хүн хүлээж авсан дээд амжилт бий. Бид өнгөрсөн 10 жилд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, гадаад ертөнцөд сайн танигдсан. Харин Монголдоо одооноос л “агуй”-гаас гарч ирж байна.
-Бид хөдөөрүү шилжинэ гэхээр л малчин болно гэж боддог, мал адгуулж ахуй амьжиргаагаа залгуулахаас өөр боломжгүй юм шиг хардаг шүүдээ. Ер нь орон нутагт ямар боломж байна вэ?
-Яалаа гэж. Биднийг хар л даа. Өөрөөр амьдарч болж байгаа биз дээ. Бүгдээрээ малчин болж амьдарна гэж юу байх вэ. Өөр боломж өчнөөн бий. Бид 2000 адууны арьс цуглуулж, Голланд руу экспортолж байлаа. Одоо барууны компаниуд адууны дэл, сүүл авъя л гээд байгаа. Мах нядалгааны цэгүүдийг бас их сонирхож буй. Технологийн тусламжтайгаар малчдын хотонд мэдлэг авчирч, ирээдүйгээ өөдрөгөөр хардаг боловсролтой малчин бий болгох зорилгоор цар тахлын ид үед “Нүүдэлчин монгол-цахим сүлжээ” төсөл хэрэгжүүлж, Ховд аймгийн 17, Дорнодын 14 сумын 2000 орчим иргэнд хүрч ажиллалаа. Энэ байдлаар хэрэгжүүлсэн ажлаа нэрлэвэл өчнөөн зүйл болно.
Анх биднийг сургалт зохион байгуулна гэхээр орон нутгийнхан хүлээж авдаггүй байлаа. Эхний таван жил дайсан, цагаач л гэдэг байсан. Одоо хандлага нь бага боловч өөрчлөгдсөн. Гэхдээ улс төрд оруулах зорилгоор алсаас шидсэн чулуу гэх зэргээр хардаж сэрддэг. Чи хэчнээн хөдөө төрж, өссөн байлаа ч хэдэн жилийн дараа нутагтаа шилжиж очиход хүмүүс бөөрөлхөөд эхэлнэ. Садан төрлийн хүмүүс чинь тэнд байгаад ч нэмэргүй. Ийм жишээ цөөнгүй. Маш тод ажиглагдаж байгаа нь хөдөө нөхөрлөл гэдэг зүйл алга. Хот суурин газарт хүмүүс гэр бүлээрээ он удаан жил нөхөрлөж, нэгэндээ дэмтэй тустай амьдардаг. Харин энд тийм зүйл ер алга. Зав чөлөөгүй байдал нь ч нөлөөлдөг байх. Гэхдээ л айл саахалтаараа хаяа дэрлэн буудаг, нэг гол усных гэж хань татдаг, бэр нь юм уу, хүргэн нь аавынхаа гэрийг бараадаж буудаг эртний сайхан уламжлал үгүй болчихож. Дангаар, тусгаар амьдрах гэсэн хандлага давамгай. Энэ их уудам, эзгүй нутагт ийм муухай давчуу орчинд амьдарна гэдэг хэцүү шүү дээ. Зэрэгцэж буугаад, хамтдаа үйлдвэрлэл эрхлээд явж болохоор. Даанч энэ боломжийг ашиглахгүй байна. Гэхдээ л айл саахалтаараа хаяа дэрлэн буудаг, нэг гол усных гэж хань татдаг, бэр нь юм уу, хүргэн нь аавынхаа гэрийг дагаж буудаг эртний сайхан уламжлал үгүй болчихож. Дангаар, тусгаар амьдрах гэсэн хандлага давамгай. Энэ их уудам, эзгүй нутагт ийм муухай давчуу орчинд амьдарна гэдэг хэцүү шүү дээ. Зэрэгцэж буугаад, хамтдаа үйлдвэрлэл эрхлээд явж болохоор. Даанч энэ боломжийг ашиглахгүй байна.
-Иргэдийг орон нутагруу нүүхийг уриалаад л байдаг. Гэтэл хөдөө нь хүлээж авахад бэлэн биш байна шүүдээ. Наанадаж л нутгийн гэх иргэд гаднаас ирсэн хүмүүсийг ад шоо үзэх, хөөж туух асуудал элбэг. Монголын хөдөө хөгжихгүй байгаагийн нэг гол шалтгаан нь энэ байх?
-Ийм асуудал өчнөөн гардаг. Газар олгохгүйгээс эхлээд олон зүйлээр хааж боодог. Нийгмийн болон хүний хөгжлийн асуудалд зайлшгүй анхаарах хэрэгтэй болж байна.
-Манай Засгийн газар орон нутагруу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлэх асуудлыг сүүлийн жилүүдэд их ярьж байгаа. Хөдөө очиж ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцож, нэмэгдэл олгоно, эсвэл ипотекийн зээлийн хөнгөлөлт үзүүлнэ гэх мэт шийдвэрийг гаргасан. Энэ нь хөдөөг хөгжүүлэх, иргэдийн сонголтод нөлөөлөх шийдэл мөнүү?
-Чамд ажлын байр өгөхгүй хэрнээ байшин бэлэглэвэл яах вэ. Магадгүй тухайн үедээ “Өө ямар сайхан юм бэ” гээд нүүгээд орж болох ч маргаашаас нь байрны төлбөр нэхэгдээд эхэлбэл яах вэ. Зарим сум эмч ажилд авахын тулд тугалтай үнээ, амьдрах байр, мөнгөн тусламж амлаад ч олдохгүй байна шүү дээ. Аймаг, сумдын эмнэлэгт их сургуулиа дөнгөж төгссөн залуу хүүхдүүд 2-3 жил ажиллачихаад л явчихаж байна. Ерөөсөө тэс дэггүй, тогтож үлддэггүй. Хуучин “бурхинууд” нь л үлддэг. Гэтэл одоо тэдний үе солигдох гэж байна шүү дээ. Гэр бүлээрээ, эсвэл найз нөхдөөрөө хамтраад аж ахуй, бизнес эрхэлдэг жишиг бий болгох хэрэгтэй. Уг нь бид “Монгол өрх үндэсний загвар аж ахуй” гэж хөтөлбөр боловсруулсан юм. Их ач холбогдолтой зүйл. Даанч өмнөх сонгуулиар МАН “Монгол өрх” гэдэг лоозон ашигласнаас болоод энэ хөтөлбөрийн үнэ цэн алдагдчихсан. Хүмүүс ч улстөржүүлж хардаг.
-Тэгвэл төр, засаг хөдөөг хөгжүүлэхийн тулд нэн түрүүнд юу хийх ёстой вэ?
-Ерөөсөө л ирээдүйгээ нүүлгэ. Ирээдүй гэдгийг хүүхдийн боловсрол, хөгжилтэй холбож ойлгох хэрэгтэй. Төрсөн нутаг орондоо эргэж ирэх цулбуурыг тэдэнд атгуулах нь чухал. Үүнд боловсрол чухал хувь нэмэр үзүүлнэ.