Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч, ШУТИС- ийн профессор, доктор Б.Чинзоригтой ярилцлаа.
-Танай судалгааны багийн эрдэмтэн, судлаачид, инженерүүд Орхон аймгийн Баян-Өндөр суманд “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн байгуулах “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэр”-ийн цогцолбор барих төслийг багагүй хугацаанд боловсруулсан гэсэн. Та энэ талаар тодруулна уу.
-Уул уурхайн инженерүүд, эдийн засагчид, барилга архитектор, дэд бүтцийн инженерүүд, судлаачдын бүрэлдэхүүнтэй томоохон баг энэ төсөл дээр ажилласан юм. Томоохон гэдэг нь нийт 20-иод мэргэжлийн 60 гаруй судлаач оролцон томоохон ажил гүйцэтгэлээ. Уг цогцолборын онцлох нэгж нь баяжуулах үйлдвэрээс гарч буй зэсийн баяжмалыг хайлуулж, цэвэршүүлэн катодын зэс гаргах үйлдвэр юм.
-Төслийн судалгааны хэсгийн үр дүнг холбогдох байгууллагууд хэлэлцсэн үү. Зэс хайлуулах үйлдвэр барих ажил урагшлах боломж бүрдэв үү?
-Үйлдвэрлэл технологийн энэ паркийг Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглах хугацааг уртасгах, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, үнэлгээг өсгөх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулах юм. Төсөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ч ихээхэн ач холбогдол өгч, 15 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Төслийн гүйцэтгэл болон тавигдах бусад шаардлагыг хангасан гэж үзэж Монгол Улсын Засгийн газраас 2021 онд “Эрдэнэт үйлдвэр”-т үйлдвэр технологийн паркийн тусгай зөвшөөрөл олгосон. Ирэх гурван жилд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл бүрэн хэрэгжих байх гэсэн хүлээлт байна.
-Зэс хайлуулах үйлдвэрийг Орхон аймагт буюу хүн амын нягтаршил ихтэй бүсэд барих нь буруу. Алслагдсан нутагт, говьд баривал байгаль экологи, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө бага гэж зарим хүн ярих нь бий. Агаар дахь хүхрийн хүчлийн хэмжээ өсөн, хүчлийн бороо орох эрсдэл үүснэ ч гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Зэсийн баяжмал дахь хүхрийн агуулга 27 орчим хувьтай байхаар стандартад тусгасан. Тиймээс баяжмал боловсруулахад хүхрийн хүчил их хэмжээгээр ялгарч, хүчлийн бороо орж, байгаль орчинд хөнөөлтэй гэсэн яриа цөөнгүй гарч байсан. Техник, эдийн засгийн үндэслэлдхайлах, цэвэршүүлэх технологиос ялгарах хүхрийн давхар ислийг барих, улмаар боловсруулж элемент хүхэр гарган авах зэргийг нарийвчлан тооцоолж өгсөн. Өөрөөр хэлбэл, агаар, орчинд ялгарах хүхрийн хэмжээ уг технологийн түвшинд 200 мг/м3 байна гэсэн үг. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин бага дүн юм.
Түүнчлэн орчин үед уул уурхай, аж үйлдвэрийн салбарт ашиглаж буй технологи, тоног, төхөөрөмжийн хөгжил хурдацтай ахиж буй. Нөгөөтээгүүр, хүн амын нягтаршил багатай говийн бүсэд хайлуулах үйлдвэр барих нь зүйтэй гэдэг нь өрөөсгөл ойлголт. Говь хамгийн эмзэг экосистемтэй, усан хангамж муутай, дэд бүтцийн хувьд шийдвэрлэх асуудал цөөнгүй учраас аж үйлдвэрийн цогцолбор байгуулах боломж хомс.
-Үйлдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газраас ч шийдвэр гаргасан юм байна. Одоо ажлаа эхлүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл бий юү. Нэн тэргүүнд юу хийвэл зохих вэ?
-Дээр дурдсанчлан, уул уурхай, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбарт технологи үсрэнгүй хөгжиж байгаа. Бид зарим тохиолдолд олон улсад шалгарсан технологийг дуурайж хийхээр цаг алдах биш, шууд нутагшуулах, технологи дамжуулах нь цаг хугацааны болон хөрөнгө оруулалтын хувьд оновчтой шийдэл болно. Үүнээс гадна мэргэшсэн ажиллах хүчний нөөцөө яаравчлан бэлтгэх шаардлагатай. Шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдэд шаардлагатай хүний нөөцийг өдийд бэлтгэжэхэлсэн байх учиртай юм. Гэтэл зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрт ажиллах хүний нөөцийн талаар ярьж буй зүйл алга. Баяжуулах үйлдвэрт хэдэн хүн ажиллах, ямар мэргэжилтэн бэлтгэх вэ гэдгийг нарийвчлан тооцож, нийлүүлэлтээ төлөвлөвөл зохино. Сурах сонирхолтой, өөрийгөө дайчилж чадах хүүхдүүдээ нарийн мэргэшсэн инженерээр суралцах орчныг бүрдүүлж, тэтгэж дэмжих шаардлагатай байна. Бидэнд хийх ажил маш их бий. Дулааны цахилгаан станц, аж үйлдвэрийн паркууд, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр, нефть боловсруулах үйлдвэр гээд тоочоод байвал байгуулахаар төлөвлөсөн, төслийн ажлаа эхлүүлсэн олон салбар байна. Гэтэл ажиллах хүчээ бэлтгэж чадаж байна уу гэдэгтасуудал байгаа юм. Манайд инженер, техникч, нарийн мэргэшсэн мэргэжилтэн олон байх тусам, томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлнэ. Тиймээс эхлээд мэргэжилтнүүдээ бэлтгэе.
Үүнээс гадна төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаж буй нэг асуудал нь эрчим хүчний хангамж. Бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрийг цаг алдалгүй төлөвлөж шийдвэрлэх нь зөвхөн тухай төслөөр зогсохгүй улсын хөгжилд томоохон түлхэц болно. Эрчим хүчний зарим төсөл 50 жилийн дараа анхны хөрөнгө оруулалтаа нөхөж болох ч бид хөрөнгөө оруулж, төслөө хэрэгжүүлэх л ёстой.
-Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс байгалийн ухааны чиглэлээр их дээд, сургуульд элсэх нь цөөрсөөр байгаа гэдэг. Үүнд юу нөлөөлж байна вэ?
-Уул уурхайн салбарыг “харлуулах”, газар ухаж сэндийлдэг ажил гэсэн ойлголт нийгэмд төрүүлэх явдалнэмэгдсэний уршиг. Мөн тус салбарт сүүлийн 5-6 жил гадаадын хөрөнгө оруулалт буурч, цөөнгүй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон. Тиймээс залуус эл чиглэлийнзарим мэргэжлийг сонгон суралцах нь тодорхой хэмжээгээр багассан. Математик, хими, физик зэрэг байгалийн шинжлэх ухааны мэдлэггүйгээр инженер, технологичболох бэрх. Мэдлэг, боловсролоос хөндий байх тусам хувь хүндээ төдийгүй улс орны ирээдүйд асар халтай юм.
-Үйлдвэрлэл, технологийн паркийг Орхон аймагт байгуулбал, Эрдэнэтийн-Овоо ордын насжилт уртсан, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэх нь дамжиггүй. Та бүхний тооцоолсноор “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа явуулах хугацаа хэр зэрэг өөрчлөгдөх бол?
-Одоогоор Эрдэнэтийн-Овоо ордын нөөцийг үнэлж, 40-60 жил ашиглах тооцоо бий. Судалгааны үр дүнгээс харахад хэрэв үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх төслийг хэрэгжүүлбэл ордын ашиглалтын хугацааг дээр дурдсанаас илүү сунгах боломж байгаа юм.
-Эрдэс баялгийн нөөц дуусна. Тиймээс тэдгээрийг яаран ашиглахаас зайлсхийн, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь зөв гэж ярих нь бий.
-Дэлхий ертөнц, хүн төрөлхтөн оршин байгаа цагт хэзээд байгалийн баялгийг ашиглаж, үр шимийг нь хүртэж л амьдарна. Гагцхүү зөв зүйтэй, байгальд сөрөг үр дагавар хамгийн бага байдлаар ашиглах ёстой гэсэн ойлголт, зарчмыг мөрдөх учиртай. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.7 орчим хувьд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй нь тун бага дүн. Эдийн засгийнхаа тулгуур болсон буюу зэс, нүүрсний олборлолтоо өсгөн, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж л бид урагшилна. Цаашид бүх төрлийн металл, зэс, нүүрсний хэрэглээ, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүний эрэлт тогтмол өснө. Энэ нь манай улсад том давуу тал бий болгоно гэсэн үг. Тиймээс дэвшилтэт технологийг нутагшуулж, дэлхийн хөгжлийг угтан хөгжихийг бид хичээх хэрэгтэй.