Ахимаг насны эр 1993 оны нэгдүгээр сард Берлиний Моабит шоронгоос гарч ирэв. БНАГУ-ын удирдагч асан Эрих Хонеккер Берлиний хана босгох, нураахыг төдийгүй 1990 онд дэлхийн газрын зургаас Зүүн Герман арчигдахыг үзэж, тэнд насаа өнгөрөөсөн хүн. Тэрбээр энэ шоронд байхдаа амьдралдаа хоёр дахь удаагаа өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн байжээ. “57 жилийн дараа би Моабит шоронг дотроос нь харж байна. 1935 онд гестапо намайг энд авчирч байсан юм. Тэгэхэд урдчилан хориход жил хагас болсон, энэ удаад хэр удах бол?”
ХБНГУ, БНАГУ-ын хилийг гатлахыг оролдсон хүмүүсийг олноор нь устгахыг хориглоогүй гэж түүнийг буруутгасан аж. Зүүн Германы удирдагч өөрийн бурууг хүлээн зөвшөөрөөгүй юм. Хонеккер шоронд 169 хоножээ.
Хонеккер 1912 онд Германы зүүн өмнөд нутгийн Нойнкирхен хотод олон хүүхэдтэй айлд төржээ. Эцэг нь уурхайчин байв. Арван настайдаа хүүхдүүдийн коммунист бүлэгт орж, 17 насандаа коммунист намд элссэн байна. Москвад Олон улсын ленинч сургуульд ч сурч, дараа нь Магнитогорскийн металлургийн комбинатад интернационал бригадад ажиллажээ.
1933 онд национал социалистууд засгийн эрхэнд гарснаар коммунистуудад хүчтэй дарамт шахалт үзүүлснээс тэдний улс төрийн үйл ажиллагаа нууц байдалд оров. 1935 онд гестапо Хонеккерийг коммунизмд таатай ханддагийнхнь улмаас баривчилж Моабит шоронд хорьж, 1937 онд Бранденбургийн шоронд 10 жил хорих ял өглөө. Дэлхийн II дайн дуусч, түүнийг хугацаанаас нь өмнө суллав.
1945 онд Бранденбургийн шоронг Улаан арми чөлөөлж, Хонеккер улс төрийн амьдралаа БНАГУ-ын төрийн аппаратад ил тод үргэлжлүүлжээ. Эхлээд залуучуудын дунд зохион байгуулах ажлыг хариуцаж байгаад 1958 онд Улс төрийн товчооны гишүүн, улмаар Батлан хамгаалах үн дэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оров. Өндөр албанд томилогдсоноор Германыг 28 жил баруун, зүүн хэсэг болгож хуваасан Берлиний ханыг босгох ажлыг зохион байгуулагчдын нэг болов. Энэ бол 1964 оны явдал. Ийм хилгүй байснаар Баруун Берлинд Тагнуулын төв газар (ТТГ)-ын салбарыг байгуулах таатай хөрс суурь бий болгох вий хэмээн тэрбээр сэрэмжилж байлаа. Түүнээс гадна үнэ төлбөргүй боловсрол олж авсан чадалтай мэргэжилтнүүдийг ХБНГУ-ын компаниуд уруу татаад байх болжээ. Ийм буруу санаатай бизнесменүүдийг БНАГУ-ын эрх баригчид “хүний наймаачид” гэж нэрлэдэг байв. Хана босгосноор Вашингтон, Лондон, Парис, Москвагийн ч санаа амарсангэдэг. Хоёр систем энх тайвнаар зэрэгцэн оршиход энэ хана нааштай нөлөө үзүүлнэ гэж үзэж байсан аж.
Нийгмийн хангамж эдлүүлж, гэрэлт ирээдүйг номлосон коммунист үзлийг ухуулж, зүүн германчуудыг тусгаарлах гэсэн Хонеккерийн бүхий л оролдлого талаар болж, хоёр Германы иргэдийн хэлхээ холбоо тасарсангүй. Тэд харилцан айлчилсаар, 1977 онд ХБНГУ-ын найман сая хүн зүүн Германд очсон байна. Гэхдээ баруун германчуудыг Зүүн Германд ирээд аль болох их мөнгө зарахыг БНАГУ шаардах болсноор цаашдаа энэ тоо цөөрөв. Зүүн Германаас тэтгэврийнхэн барууныг олноор зорих болжээ. 1984 онд 1.5 сая өндөр настан ХБНГУ-д очсон байна. Мөн онд 16.9 сая хүнтэй Зүүн Герман руу Баруун Германаас 25 сая гаруй удаа утасдсан байх юм.
Хөрштэйгөө байнга харилцсанаар өөрсдийнх нь амьдралын түвшин Баруун Германаас ихээхэн доогуур болохыг зүүн германчууд олж мэджээ. Хоёр Германд байгаа ах дүү нар цуглаад харьцуулахад баруун германчууд хавьгүй илүү чинээлэг аж төрж буй нь илт харагдана. БНАГУ-д зөвхөн ХБНГУ-ын маркаар худалдаа хийдэг дэлгүүрүүд байсан бөгөөд Баруунд амьдардаг ах дүү нар нь валют илүүчилдэг хүмүүс л тэднээр үйлчлүүлэх боломжтой байв.
Зүүн Германаас баруун руу явсан хүмүүс гаргасан шийдвэрээ янз янзаар тайлбарлана. 1984 онд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл тэдний 71 хувь нь үг хэлэх эрх байхгүй гэж үзсэн бол улс төрийн дарамт шахалт гол шалтгаан болсон гэж олон хүн хариулсан байв. Түүнчлэн аялж жуулчлах явдал хязгаартай, амьдралын түвшин доогуур, ирээдүй бүрхэг зэрэгтээ Зүүн Германы иргэд сэтгэл дундуур байжээ. 1984 онд БНАГУ-ын 41 мянга шахам иргэн ХБНГУ руу гарсан байна. 1970-аад оны эцсээр БНАГУ-д бий болоод байсан эдийн засгийн нөхцөл байдал ирээдүйдээ итгэлгүй болоход олон талаар нөлөөлжээ. Тухайн үед Зүүн Герман зогсонги үе рүүгээ орж, энэ нь юуны урьд түүхий эд, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өссөнтэй холбоотой байлаа. Үүний зэрэгцээ аж ахуйн хүндрэл бэрхшээлээсээ шалтгаалж, Зүүн Германд хэрэгцээтэй түүхий эдийг нь ЗХУ хямд үнээр өгч чадахаа байсныг ташрамд тэмдэглэхээс аргагүй. Хажуугаар нь гадаад өрөө төлөх шаардлагын улмаас валютын хямралтай Зүүн Герман нүүр тулснаас Хонеккер ХБНГУ-тай хийх худалдаагаа нэмэгдүүлэхээр шийджээ. 1980 он гэхэд хоёр улсын худалдааны эргэлт 15 тэрбум маркад хүрсэн ч ийм хамтын ажиллагаа сөрөг үр дүнд хүргэж, БНАГУ-ын гадаад өр нэмэгдэв. Улсын төсөв хомсдож, төлөвлөгөө биелэхээ байсан, хөрөнгө оруулалтын бодлого зэргээс болж аж ахуйн тэнцвэр алдагдснаас тус улс томоохон зээл авахаас аргагүй болжээ. 1989 он болоход Баруун Германд Зүүн Герман 50 тэрбумаас доошгүй марк төлөх ёстой болсон байлаа. 1971 онд эдний гадаад өр хоёр тэрбум марк байсан бол 1981 онд 10 тэрбум болсон байв. Эдгээр үйл явц хоёр улсын нийгэм, эдийн засгийн түвшний зөрөөг урьд байгаагүй хэмжээнд хүргэжээ.
Энэ үед ГНСН анхаарлаа төдийлөн сайн хандуулж чадаагүй байсан асуудалд сүм хийд удирдагчийн үүргийг амжилттай гүйцэтгэх болсон байна. Гадагшаа явахыг хязгаарлаж, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд хяналт тавьж, хүрээлэн буй орчныг хайрлаж хамгаалах бодлогод сэтгэл дундуур байх болсноос эдгээр асуудлыг сүм хийдүүд Улс төрийн товчооноос илүү ярилцаж хэлэлцэх болжээ. Лам нар, сүсэгтнүүд эх орноо илүү эрх чөлөөтэй, байгальдаа хайртай, ардчилсан болгохын тулд хувьсгал хийхийг хүсэх болсон байлаа. Түүнээс гадна тус улс дахь дайныг эсэргүүцэх хөдөлгөөний тулгуур нь сүм хийдүүд болж байв. Зэвсэг хураах, хүч хэрэглэхгүй байхын төлөө сүсэгтнүүд тэмцэл хийх болжээ. 1989 оны аравдугаар сарын 8-нд БНАГУ байгуулагдсаны 40 жилийн ойн босгон дээр уг тэмцэл улс орон даяар өрнөлөө. Баярын арга хэмжээнд оролцохоор ЗХУКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев хүрэлцэн ирэв. Хяналтыг сулруулж, улс төрийн амьдралд олон ургальч үзлийг нэвтрүүлсэн энэ хүний өөрчлөн байгуулалтын бодлого зүүн германчуудын хувьд чухал баримжаа байсан ч Хонеккер ийм өөрчлөлтийг шийдвэртэй эсэргүүцэж байсан юм.
Эрх баригчдаа сольж, БНАГУ унах үйл явцыг германчуудын тэмцэл л түргэсгэсэн гэж хэлж хараахан болохгүй. Хонеккерийн ярьснаар бол 1987 оноос ЗХУ-ын удирдлага Германыг хоёр улс байлгахаа болихыг БНАГУ-ын Засгийн газраас шаардах болсон байна.
Хонеккер огцроод хоёр долоо хонож байхад Горбачев “Ерөнхий нарийн бичгийн дарга асан (Хонеккер) сүүлийн үед “сохор юм шиг байх болсон” гэж хэлсэн байдаг. Зөвлөлтийн удирдагчийн бодлоор бол Зүүн Германы удирдагч 1985-1986 онд өөрийн санаачилгаар өөрчлөлт хийсэн бол эрх мэдэлтэйгээ үлдэж болох байсан аж. Хонеккер “биеийн эрүүл мэндийн байдлаас” шалтгаалж 1989 оны аравдугаар сарын 17-нд бүх албан тушаалаа орхилоо. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэв. Хонеккерийг хэд хэдэн зүйлээр буруутгасны дотор эх орноосоо урвасан, эрх мэдлээ буруугаар ашигласан, социалист өмчийг шамшигдуулсан, авлига авсан гэх хэргүүд оржээ.
Хонеккерийг гэрийн хорионд байлгаж байтал хорт хавдар өвчин эхний шатандаа байгаа нь илэрсэн тул нэг сарын дараа хориог цуцлав. Түүнийг эмнэлэгт шинжилгээ хийлгэж байхад байрыг нь хурааж авсан тул гэр орон ч үгүй болсон байлаа. Хонеккер сүмд хандахыг өмгөөлөгчөөсөө хүссэнээр хамба Уве Хольмер түүнийг толгой хоргодох газартай болгосон байна. Үүнийхээ төлөө хамба лам ихээхэн шүүмжлүүлсэн гэдэг. “Бид эх орондоо шинэ эринийг үзэн ядах, хэрүүл тэмцлээс эхлүүлэх ёсгүй, учир нь энэ нь хамтын амьдралыг илүү төвөгтэй болгоно, тэгээд ч өршөөн уучилж, эвлэрч зохицох нь манай шашны ёс юм” гэж ламтан өөрийн үйлдлээ тайлбарлажээ.
Зөвлөлтийн цэргийн баруун бүлгийн дайчид ерөнхий нарийн бичгийн дарга асныг Белиц дэх өөрийн цэргийн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Хонеккер элэгний хорт хавдартай болсныг чухам энд оношилжээ. 1990 онд хоёр Герман нэгдсэний дараа Хонеккерийг 1961, 1974 онд Германы хилийн дотор галт зэвсэг хэрэглэх тушаал өгсөн хэмээн буруутгаж дахин баривчлах зөвшөөрөл прокурорын байгууллагаас өгсөн юм. Тэгэхдээ эрх мэдэлтэй байх үедээ хийсэн үйлдлүүдийнх нь төлөө Зүүн Германы төрийн тэргүүнийг мөрдөж, шалгах эрх ХБНГУ-д байхгүй гэж үзэх хүн цөөнгүй байв. Тэгээд ч Хонеккер Белизийн шоронд байхдаа ч Зөвлөлтийн эрх баригчдын хамгаалалтад байсан болохоор түүнийг баривчилж чадахгүй байжээ. Хонеккерийг 1991 оны гуравдугаар сард ЗХУ-ын удирдлагын туслалцаатайгаар цэргийн онгоцоор Москвад авчирчээ. Найман сарын дараа эдний гэр бүлийг Москва дахь Чилийн ЭСЯ-нд байрлуулах болсон байна. Тэднийг хүлээж авахад бэлэн гэдгээ Умард Солонгос, Сири улсууд илэрхийлж байсан аж. 1973 оны цэргийн эргэлтийн дараа олон чили хүн Зүүн Германд аж төрөх болсон төдийгүй Хонеккерийн охин Соня чили хүнтэй гэрлэсэн юм байна. 1992 оны зун Хонеккерийг Чилийн ЭСЯ-наас гаргаж, баривчлаад нөгөө л Моабит шоронгийн эмнэлэгт хэвтүүлжээ.
1992 оны туршид Хонеккерийг хэд хэдэн хэрэгт буруутгасны дотор ХБНГУ-ын хил дээрх хориглосон байгууламжид тэсрэх төхөөрөмж тавих гэсэн 68 хүний амийг хохироосон гэж үзжээ. Хонеккер болон түүний хамтран зүтгэгчид улсынхаа хилийг бэхжүүлэх үйлсдээ хязгааргүй эрх эдэлдэг байв. Цэргүүдийг сонгож авахаас эхлээд галын цэг байгуулах, дэлбэлэх бөмбөг байрлуулах хүртэлх бүх шийдвэрийг тэд гаргадаг байлаа. Тиймээс ч хилчдийг биш, чухам Хонеккерийг тухайн үед болсон үйл явдал бүхний гол хүн байсан хэмээн шүүхийн эцсийн шийдвэрт тэмдэглэсэн байжээ.
Энэ бүхний хариулт болгож тэрбээр шүүх хурал дээр хэлэхдээ өөрийгөө болон хамтран ажиллаж байсан хүмүүсээ түүхэн хувь заяа нь өршөөлгүй эргэлтэд өртөж золиос болсон улс гэсэн байна. Түүний үзэж буйгаар Берлиний ханыг босгож, хил дээр хүмүүс амиа алдсаны хариуцлагыг “гэмгүй” улсад (Хонеккер, түүний нөхөд) үүрүүлсэн аж. Энэ эмгэнэлт явдлын үндэс нь 1933 онд Германд үүсэжДэлхийн II дайны дараа хоорондоо дайсагнасан хоёр улс бий болж, “хүйтэн дайны хийрхэл” дэгдсэнээр дууссан национал-социализимд байгаа юм гэж Хонеккер мэдэгдсэн байна. Эцэст нь нэр хүндээ хамгаалах эрхийг нь зөрчиж байна гэж үзэж Хонеккер гомдол гаргаснаар 1993 оны нэгдүгээр сард хэргийг хааж эрүүл мэндийн байдлыг нь харгалзан суллав. Зүүн Германы дэглэмийн золиос болсон улс төрийн олон зүтгэлтэн, хүний эрхийг хамгаалагчид шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцэв. Берлиний прокурорын байгууллагын өндөр албан тушаалтнуудын нэг Дитер Нойманы бодлоор бол Хонеккерийн эрүүл мэндийг шүүх зохих ёсоор шалгасангүй, зүй нь бол шийдвэр гаргахын өмнө эмнэлгийн шинжээчидтэй зөвлөлдөх ёстой байжээ.
Зүүн Германы удирдагч асан Чилид очиж, тэндхийн коммунистуудын ивээлд орж, гэргий охин хоёртойгоо уулзаад 1994 оны тавдугаар сард элэгний хорт хавдар өвчнөөр хорвоог орхисон юм.
Бэлтгэсэн Р.Жаргалант