ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астропарк салбар буюу Сансар, од эрхсийн ордныг монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ойгоор (2022 онд) Сансар судлалыг хөгжүүлэх төв болгож өргөжүүлээд буй юм. Тус хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй шинэ төвийн үйл ажиллагаа болон Монголын сансар судлалын хөгжлийн талаар ярилцлаа.
-Сансар судлалыг хөгжүүлэх төв хэр том зорилго, амбицтайгаар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай улс сансрын судалгааг хэзээ эхлүүлсэн бэ гэдгээс яриагаа эхлүүлье. 1981 оны хамтарсан нислэгт бэлтгэх үйл ажиллагааны хүрээнд сансар судлалын анхны нэгжийг байгуулсан түүхтэй. Монгол Улсын ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд Сансар судлалын сектор бий болгосон юм. Тухайн төв нь сансрын хамтарсан нислэгийн үеэр хийх судалгаа, шинжилгээ, туршилтын бэлтгэл ажлыг хангах томоохон үүрэг хүлээж байв. Үүнийгээ ч биелүүлж, монгол хүн хамгийн анх сансарт ниссэн түүхэн үед томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Сансарт судалгаа, туршилт ч хийсэн байдаг. Сансрын нислэгийн үед хуримтлуулсан мэдээллийг боловсруулж, Монгол орны нийгэм, эдийн засагт ашигтай судалгааны дүнгүүдийг гаргасан. Тодруулж хэлбэл, сансрын нисэгч Ж.Гүррагчаа анхны нислэгээрээ туршилт, судалгааны материалуудыг бүрдүүлж авчирсан бол эдгээрийг боловсруулж, шинжлэх ухаан талаас нь үр дүнд хүргэх ажлыг сансрын нисэгч М.Ганзориг агсан голлон гүйцэтгэсэн юм. Энэ туршилт, судалгааны ажил 40 гаруй жил үргэлжилсээр өнөөдрийг хүрлээ. Нийгмийн шилжилтийн нөлөөгөөр 1990-ээд оны үеэс сансар судлалын үйл ажиллагааны идэвх тодорхой хэмжээгээр буурсан. Ингэж явсаар 2014 оны зургадугаар сарын 1-нд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн дэргэд Сансар, од эрхсийн ордон нээсэн юм. Тухайн цаг үед сансрын нисэгч Ж.Гүррагчаа сансар судлалын музей байгуулахаар хөөцөлдөж байсан бол нөгөө талаас манай хүрээлэн одон орон судлал, планетариум үйл ажиллагааг орчин үеийн шаардлагад нийцүүлж эхлүүлэх санал гаргаад байлаа. Улмаар энэ хоёр санаачилга нэг цэгт зангидагдаж, Засгийн газар 2012 онд Сансар, од эрхсийн ордон барих санхүүжилтийг шийдсэн. Уг ордон нь сансрын техник, технологийг сурталчлан таниулах, одон орон, сансар судлалтай холбоотой кино үзүүлэх, хурал зөвлөгөөн зохион байгуулах, мөн гараг эрхсийн шилжилт хөдөлгөөн, зүй тогтлыг хүүхэд, залууст тусгай төхөөрөмжөөр үзүүлэх танхимуудтай. Одоо ингээд харахад Астропарк нь хүүхэд, залуучууд, ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид олноороо зорьж ирдэг, одон орон, сансар судлалтай холбоотой бодитой, сонирхолтой мэдээлэл өгдөг газар болсон байна. Бид энэ ордноороо дамжуулан орчин үеийн сансрын техник, технологийн дэвшил ямар түвшинд хүрсэн, өндөр хөгжилтэй орнууд, олон улсад ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна, аль нь ололт амжилт гаргав зэрэг өргөн хүрээний мэдлэг, мэдээлэл түгээж ирсэн.
Монгол Улсын Засгийн газар 2021 онд Сансар судлалын үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулсан юм. Өдгөө зөвлөлийн даргаар ЦХХХ-ны сайд, дэд даргаар БШУ-ы сайд, хоёрдугаар дэд даргаар БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа ажиллаж байна. Сансар судлалыг хөгжүүлэхэд оролцох ёстой холбогдох яам, газар, эрдэм шинжилгээний төв, төрийн бус байгууллага, бизнесийн салбарын төлөөллийг тус зөвлөлд багтаасан. Үүнийг шинэчлэн байгуулсны гол зорилго нь ерөөсөө л Монголд сансар судлалыг хөгжүүлэх.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод сансар судлалыг хөгжүүлэхтэй холбоотой тодорхой зорилтууд тусгаад буй. Жишээлбэл, 2050 он гэхэд сансар судлалын салбарт идэвхтэй тоглогч болох том амбицтай зорилт дэвшүүлсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд сансар судлалыг дотооддоо идэвхжүүлэх нь чухал. Идэвхжүүлнэ гэхээр энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн, төрийн бус, бизнесийн, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хэлж байгаа юм. Төрийн зүгээс эдгээрт зөв зохицуулалт хийж, үйл ажиллагааг нь эрчимжүүлж чадвал тодорхой хэмжээнд амжилт гаргана. Сансар судлалын үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэдэг нь өндөр түвшний техник, технологи хөгжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр олон улсын чиг хандлага ямар байна, ер нь аль зүг рүү явж буй, тэр бүхэнтэй манай улс хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Энэ үүднээсээ Астропарк, МУИС-ийн “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээсэн баг Засгийн газраас Сансар судлалын үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулсны дараа Одон орон, геофизикийн хүрээлэнгийн харьяанд Сансар судлалыг хөгжүүлэх төв байгуулах санал гаргасан юм. Үүнийг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас дэмжсэнээр өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ төв үйл ажиллагаа эхлүүлээд байна. Үүний хүрээнд сансрын техник, технологийн лаборатори байгуулсан. Бага оврын хиймэл дагуул хөгжүүлэх судалгаа шинжилгээг тэнд хийж байна. Мөн шинжлэх ухааны анхны төслөө батлууллаа. Энэ нь Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай”-гийн үргэлжлэл болох “Тэмүүлэл”-ийг хөгжүүлэхэд шаардлагатай судалгаа шинжилгээний төсөл. Тус ажил хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа юм.
-Энэ салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, судалгааны орчин нөхцөл бүрдүүлэх чиглэлээр төрөөс дорвитой дэмжлэг үзүүлж чаддаг уу?
-Ямартай ч бид эхний ээлжид сансрын техник, технологийн лабораторийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Цаашид үүнийг зориулалтын орчинд байгуулах шаардлагатай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Шинжлэх ухааны ажилтны анхдугаар зөвлөгөөнийг ивээл доороо зохион байгуулсан юм. Тэр үедээ шинжлэх ухаан, инновацын цогцолбор байгуулах төсөл танилцуулсан. Одоо төслийн ажил ид дундаа үргэлжилж байна. Тус цогцолборт сансар судлал, сансрын техник, технологийн лаборатори байгуулах санал дэвшүүлсэн. Тухайн лабораторийг ямар түвшинд байгуулах вэ гэдэг асуудлыг цаашид ярина. Хэр хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах вэ гэдэг нь их чухал. Японд байдаг шиг, эсвэл ОХУ-ынхтай ижлийг байгуулъя гэвэл санхүүгийн хувьд хүндрэлтэй асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр тухайн үеийнхээ эдийн засгийн нөхцөл боломжид тааруулан үүнийг шийдэх болов уу. Ийм лабораторитой болчихвол одоо хийж буй кубсат ангиллын хиймэл дагуулын судалгаа, хөгжүүлэлтийг ахисан түвшинд хүргэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, кубсатаас мини хиймэл дагуулын судалгаа руу шилжих нөхцөл бүрдэнэ. Энэ төрлийн хиймэл дагуулыг дэлхийн улс орнууд олноор хөөргөж, судалгаа, туршилт хийж буй. Жишээлбэл, Элон Маск нам орбитын тойрог зам (1000 км-ээс дооших өндөрт)-д хиймэл дагуулын бүл үүсгэж, хэрэглэгчдийг өндөр хурдны утасгүй интернэтээр хангах зорилготой мега төсөл хэрэгжүүлж байгаа. Дан ганц АНУ биш, БНХАУ, ОХУ ч ийм төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг туршиж буй Европын Холбооны улсууд ч бий. Сансрын техник, технологийн хөгжил энэ чиглэл рүү нэлээд хурдацтай явж байна. Тэгэхээр зориулалтын, нарийн үйл ажиллагаа явуулах лабораторитой болчихвол өндөр түвшний судалгаа, туршилт хийх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Кубсат хиймэл дагуул бүтээх зардал дунджаар 150-200 мянган ам.доллар байдаг. Үүн дээр хөөргөх, турших зардал гээд багагүй өртөг нэмэгддэг. Харин мини ангиллынх үүнээс хэд дахин өндөр зардал шаарддаг. Туршилт амжилттай болсон тохиолдолд хиймэл дагуулаа үйлдвэрлэл, хэрэглээнд шилжүүлнэ. Энэ тохиолдолд хөрөнгө мөнгөний асуудал зайлшгүй тулгарна. Төр, засгаас баримталж буй гол бодлого нь санхүүжилтийн олон эх үүсвэрээр үүнийг шийдэх. Ганц төр оролцоод, дэмжээд болчих асуудал биш. Ялангуяа хувийн хэвшлийн оролцоог чухалчилж байгаа. Тус чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэг асуудал хамгийн чухал. Сансар судлалын үндэсний зөвлөл 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр тодорхой ажлууд хийхээр тусгасан. Тэрчлэн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа сансар судлалтай холбоотой хууль, эрх зүйн баримт бичгүүдийг олон улсынхтай нийцүүлэх ажлыг үе шаттай хийхээр төлөвлөөд байгаа.
-Сансар судлалыг хөгжүүлэх төв хувийн хэвшилтэй хэдийн хамтран ажиллаж эхэлсэн гэж дуулсан. Тэр талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
-Сансар судлалыг хөгжүүлэх төв мини хиймэл дагуул бүтээж, турших чиглэлээр “Ондо спэйс” ХХК-тай хамтран ажиллаж байна. Тус компани Монголд энэ салбарыг хөгжүүлэх, олон улсад хүч үзэх зорилготой учраас өөрсдийн үүрэх эрсдэлийг тооцоолоод, тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар болсон юм. Өндөр түвшинд хөгжсөн, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан ийм салбарт монгол компани хүч үзнэ гэдэг бахархууштай хэрэг. Үүний үр дүнд ус, цаг уур, эрдэм шинжилгээ судалгаа, ардын аж ахуй, онцгой байдал, үндэсний аюулгүй байдал зэрэг олон салбарт өргөн ашигладаг зайнаас тандан судлах мэдээллийг илүү нарийвчлалтай авах боломж бүрдэнэ. Өдгөө манай улс ийм мэдээллийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудын бүтээсэн хиймэл дагуулаас төлбөртэй болон төлбөргүйгээр авч, ашиглаж буй. Харин өөрсдийн гэсэн хиймэл дагуултай болсноор өндөр нарийвчлалтай, илүү бодитой мэдээлэл авах нөхцөл бүрдэнэ. Мөн сансрын техник, технологийг хөгжүүлэх үндэсний суурь баазтай болох ач холбогдолтой. Цаашлаад үндэсний мэргэжилтэн, боловсон хүчинтэй болно. Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод сансар судлалын чиглэлээр өрсөлдөх чадвартай орон болох томоохон зорилт дэвшүүлснийх техник, технологийн суурь баазтай, үндэсний боловсон хүчинтэй, өөрсдийн гэсэн хиймэл дагуултай, түүнээсээ авсан мэдээллээ төвөггүй боловсруулж, өргөн хүрээнд ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Ингэж байж л сансар судлалын салбарт гол тоглогч болох том амбицаа биелүүлж чадна. Үндсэндээ одоо үүний суурь, бэлтгэл ажлуудыг үе шаттай хангаад явж байна. 2050 оны зорилтоо биелүүлэхийн тулд 2030 онд ямар түвшинд хүрэх, 2030 оны хэмжээнд очихын тулд 2028, 2029 онд юу хийх вэ. 2025 онд мини хиймэл дагуул хөөргөхийн тулд түүнээс өмнө ямар ажлууд амжуулах, хэр хэмжээний хөрөнгө оруулалт татах вэ. Энэ бүхнийг уялдаа холбоотойгоор нарийвчлан төлөвлөх шаардлагатай. Эдгээрийн нэг нь л доголдох юм бол 2030, 2050 оны зорилт алдагдах эрсдэлтэй.
-Ер нь манай улс зайнаас тандан судлах мэдээллийг аль салбарт түлхүү ашиглаж ирсэн бол?
-Бид бүхний хамгийн сайн мэдэх, цаг хугацааны хувьд шууд горимоор шахам ашигладаг салбар гэвэл цаг уур байна. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн энэ чиглэлээр он удаан жил ажилласан нэн туршлагатай байгууллага. Сансрын үндэсний зөвлөлд ч тус байгууллагын төлөөлөл байдаг. Үүний дараа онцгой байдлын байгууллага орно. Эднийх хиймэл дагуулын мэдээллийн тусламжтайгаар Монгол орны нутаг дэвсгэрт болж байгаа байгалийн гамшигт үзэгдлийн нөхцөл байдлыг хянан магадладаг. Батлан хамгаалах салбарт мөн хэрэглээ өндөр. Хилийн бүс орчмын нөхцөл байдлыг хянах зэргээр өргөн хүрээнд ашигладаг. Сансрын хиймэл дагуулын мэдээллийг ашигладаг гол хэрэглэгч нь их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд. Одон орон, геофизикийн хүрээлэн гэхэд газар хөдлөлийн чиглэлээр судалгаа хийдэг. Газар хүчтэй хөдөлсний дараа гадаргууд ямар өөрчлөлт гарав гэдгийг сансрын хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зураглал ашиглан тогтоодог юм. Их, дээд сургуулиуд ч ийм чиглэлийн судалгаа хийдэг. Бээжинд төвтэй Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны олон улсын байгууллага (APSCO) сансрын хиймэл дагуулын мэдээллийг шууд хүлээж авах, ашиглах газрын станцуудыг саяхан буюу энэ оны эхээр МУИС-д байгуулсан. Уул уурхайн компаниуд, хайгуулын ажил хийж байгаа геологичид бүгд сансрын хиймэл дагуулын нарийвчлалтай зураг ашигладаг юм шүү дээ.
Ташрамд дуулгахад, холбооны хиймэл дагуул хөөргөх асуудлыг ч тодорхой түвшинд ярьж байгаа. Сансар судлалын үндэсний зөвлөлийн анхааралд байдаг гол асуудлуудын нэг нь энэ. Манай улс гадаадын орны хиймэл дагуулуудын сансрын холбооны зурвасыг түрээсэлж ашигладаг. Харин геостационар тойрог замд байрлах ногдсон цэгтээ өөрийнхөө орны хиймэл дагуулыг байршуулж чадвал харилцаа холбооны асуудлаа бусад улсаас үл хамааралтайгаар шийдэх боломж нээгдэнэ. Энэ нь үндэсний аюулгүй байдлаас эхлээд тал бүрийн ач холбогдолтой, олон асуудлыг шийдэх гарц болох юм.
-Дараагийн монгол хүн сансарт нисэх, хамтарсан нислэг үйлдэх цаг хугацаа хэр ойрхон байна вэ?
-Сансар судлалыг хөгжүүлэх төвийн хэмжээнд эл асуудал яригдаж байна. Манай улсаас сансарт нисэх дараагийн хүн нь эмэгтэй байх уу, эрэгтэй байх уу гэхчлэн. Сансарт хүнээ нисгэнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Судалгаа шинжилгээнээс эхлээд ажил их. Монгол Улс 1981 онд анхны хамтарсан нислэгээ үйлдэхдээ ШУА-д эр дэмтэн, судлаачдын бүхэл бүтэн баг ажиллуулж, судалгааны хөтөлбөр боловсруулж байсан түүхтэй. Хоёр дахь хамтарсан нислэг үйлдэх нь тодорхой болсон тохиолдолд мөн ийм нарийвчилсан судалгаа хийж, хөтөлбөр боловсруулна.
Сансар судлал нь олон улсын хамтын ажиллагааны оролцоог хангадаг томоохон салбар. Тиймээс Монгол Улс бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Манайх энэ чиглэлээр Япон Улстай ойр ажилладаг. БНХАУ-ын Бээжинд төвтэй Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны олон улсын байгууллага, НҮБ-ын Гадаад сансрын асуудал эрхэлсэн албаны гишүүн орны хувьд тэдний зүгээс хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, олон улсын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, хамтран ажилласаар ирсэн.
-Сансар судлалыг хөгжүүлэхэд тухайн улсын газар зүйн байршил хэр нөлөөтэй байдаг юм бол. Тодруулбал, ашигтай байршил гэж байдаг уу. “Сансрын их гүрэн” хэмээн таны тодотгож хэлсэн гурван орны хоёртой нь Монгол Улс хөрш зэргэлдээ оршиж байна шүү дээ.
-Манай улс ОХУ, БНХАУ гэсэн сансрын хоёр их гүрний дунд байрладаг. Хуучин ЗХУ-ын сансрын хиймэл дагуул хөөргөдөг төв нь Казахстаны нутаг дэвсгэрт үлдсэн. Харин БНХАУ-ынх Өвөрмонголд байрладаг. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байгалийн сонирхолтой үзэгдэл боллоо, тэнгэрт хачирхалтай зүйл харагдлаа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд саяхан түгсэнийг та бүхэн санаж буй байх. Манай судлаачид үүнд хариулт өгсөн. БНХАУ-ын сансрын хөлөг агаар мандлаас цааш шимт мандал гээд бусад давхаргаар дамжиж хөөрөхдөө гаргасан шаталтын үлдэгдэл нь тэнгэрт тийнхүү харагдсан гэж судлаачид тайлбарласан. Энэ нь байршлын хувьд хэр зэрэг ойр байгааг харуулж буйжишээ юм. Ер нь ашигтай ч тал бий, сөрөг нөлөөлөл ч байгаа. Тухайн төвөөс сансрын хөлөг ямар чиглэлд хөөрөхөөс хамаараад, нэг болон хоёрдугаар угсрааных нь эд ангиуд тодорхой газар нутагт унаж үлддэг. Сансрын нислэгийг дэмжих тусгай багууд тэдгээрийг нисдэг тэргээр маш шуурхай зөөвөрлөж, сансрын төвдөө аваачдаг юм. Хэрэв тэр чиглэл нь манай орны нутаг дэвсгэрээр дайрч байвал Монголд сансрын хөөргөлтийг дэмжих хамтарсан баг байгуулах шаардлагатай. Ийм санал ОХУ-ын зүгээс тодорхой түвшинд яригдаж байгаад намжсан. Хятадын хиймэл дагуул хөөргөдөг чиглэл өөрийнх нь нутгийг дайрдаг учраас одоохондоо ийм асуудал сөхөгдөхгүй байна. Ер нь эдгээр улсын сансрын хиймэл дагуул хөөргөдөг чиглэл ямар нэг байдлаар өөрчлөгдөж, манайх руу чиглэх л юм бол бид анхны угсрааны эд ангиудыг нь цаг алдалгүй цуглуулдаг болох хэрэгтэй. Үүнийг яагаад маш хурдан цуглуулж, зөөдөг вэ гэхээр техник, технологийн нууцлалтай холбоотой.
Газар зүйн байршлын хувьд газрын станцын асуудлыг онцолж яримаар байна. Орчин үеийн хиймэл дагуулууд сансрын орон зайнаас маш олон төрлийн мэдээлэл цуглуулж байдаг. Гэтэл тэдгээрийг санах, хадгалах байгууламж нь хэмжээний хувьд хязгаарлагдмал. Тиймээс хиймэл дагуулынхаа санах байгууламжийг байнга чөлөөлж, мэдээллийг нь цаг алдалгүй шууд горимоор тасралтгүй авах нөхцөл бүрдүүлэх нь чухал. Үүнийг газрын станцаар дамжуулж гүйцэтгэдэг. Аль улсынхаас үл хамаараад бүх төрлийн хиймэл дагуулаас мэдээлэл цуглуулдаг газрын дэмжих станцуудыг байгуулах шаардлагатай. Монгол Улс Төв Азийн энгэрт байрладаг, өргөн уудам газар нутагтай учраас сансрын хиймэл дагуулын үйл ажиллагааг дэмжих станцуудыг байгуулах бүрэн боломжтой. Сансрын үндэсний зөвлөлийн хэмжээнд яригдаж байгаа асуудлуудын нэг нь Монголд газрын станц байгуулах тухай юм.