“Гэр бүлийн боловсрол” төвийн сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндтэй өнөөгийн нийгэм дэх эрчүүдийн үнэлэмж, сэтгэл зүй, тэдэнд тулгардаг нийтлэг асуудлуудын талаар ярилцлаа. АНУ-ын Миннесотагийн их сургуулийг сэтгэл судлаачаар төгссөн тэрбээр мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллаж буй юм.
-“Монгол эрчүүдийн үнэлэмж буурчээ, алдагджээ” гэж сүүлийн үед их ярих боллоо. Манай улсад үнэхээр эрчүүдийн үнэлэмж муу байна уу?
-Үүнд хоёр талаас нь хариулмаар байна. Нэгдүгээрт, үнэлэмж гэхээр шууд утгаараа санхүүтэй холбоотой. Эмэгтэй хүн хөдөлмөрэрхлэхгүй байж болохыг бид соёлын, хуулийн хувьд хүлээн зөвшөөрдөг.
Шалтгаанаас нь үл хамаараад эмэгтэйчүүд энэ тохиолдолд шүүмжлэлд өртөх нь бага. Хуулийн хүрээнд олгосон хугацаа ч бий. Харин эрчүүд гэртээ зургаан сараас дээш хугацаагаар ажилгүй байлаа гэхэд соёлын хувьд хүлээн зөвшөөрдөггүй. Шууд л гэр бүлээ авч явж чаддаггүй, ажилгүй, орлогогүй нэгэн гэж үздэг. Хүн амьдралынхаа тодорхой хугацаанд ажил эрхлэхгүй байж болно. Тэр нь олон шалтгаантай. Энэ үед эрчүүдийг л “Ажилгүй, чадамжгүй” гэж гоочилж, буруутгадаг. Мэдээж ажилгүй байх нь тухайн хүндээ хамгийн хүндээр тусдаг учраас эрчүүд үүнээс болж сэтгэл гутралд өртөх нь элбэг. Тэр хүнийг ажилтай болгох талаас нь нийгмийн ямар нэг дэмжлэг ч алга. Хоёрдугаарт, санхүүгийн системтэй холбож тайлбарламаар байна. Угаасаа Монголд дундаж цалин маш бага. 400 орчим ам.доллар хүрэхтэй, үгүйтэй буй. Бусад орны жишгээс хэд дахин бага цалинтай юм чинь монгол хүний дэлхийд үнэлэгдэх үнэлэмж муу байхаас яах вэ. Үүнд дан ганц эрчүүдийг буруутгаад байгаа нь боловсролтой холбоотой. Манай улс эрчүүдийг боловсрол эзэмшихийг, суралцахыг дэмждэггүй. Нийтээрээ ийм хандлагатай. Англи хэлний мэдлэг шаардсан, өндөр цалинтай ажлын байрны орон тоо зарлахад дандаа л эмэгтэйчүүд “орж ирдэг”. Дийлэнх эрчүүдийн хувьд хамгийн өндөр цалинтай ажлын сонголт нь уул уурхай л болох жишээний. Үндсэндээ хүйсээс хамаарсан ялгаатай байдал, боловсролын систем эрчүүдийг урт хугацаандаа бага цалин авах нөхцөл рүү “автоматаар” түлхдэг. Сонголт нь бага гэсэн үг. Сонголт нь өргөн бол хүн бүр өндөр цалинтай ажил хийхийг хүснэ шүү дээ. Эцсийн дүндээ эрчүүдийн хувьд хамгийн түгээмэл сонголт нь БНСУ явах, хар ажил хийх, архи уух болчихоод байна. Эдгээр нь эрчүүдийн үнэлэмж буурах гол шалтгаан болдог.
-Тэгвэл эрчүүдийн үнэлэмжийг сайжруулахын тулд юу хийх ёстой юм бэ?
-Хүслээр болдог бол хүйсийн ялгаварлалыг таслан зогсоомоор байна. Боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжил гээд бүх зүйл дээр. Өсвөр насны хөвгүүдийг ч охидын адил эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлмээр байна. БЗХӨ-өөс сэргийлэх, жирэмслэхээс хамгаалах аргыг охидод л зөвлөх биш, хөвгүүдэд ч энэ чиглэлийн мэдээлэл өгдөг болъё. Ер нь аливаа мэдээллийг ижил тэнцүү, хүйсийн ялгаваргүй өгч байх нь чухал. Жендерийн тэгш бус байдлаас болж ялга варлан гадуурхагдах, дутуу үнэлэгдэх асуудал эмэгтэйчүүдэд түгээмэл бий. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Шийдвэр гаргах түвшинд гэхэд л дандаа эрчүүд байдаг шүү дээ. Ингэлээ гээд жендерийн асуудлыг эмэгтэйчүүдэд л хамаа туулж ойлгох нь өрөөсгөл. Боловсролын түвшин, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зэрэг олон зүйлд эрчүүдийн эрх хангагдахгүй байна. Гэр бүлийн харилцаанд ч тэр.
-Эрчүүд хүчирхийлэлд өртдөг үү?
-Эрчүүд л хүчирхийлэл үйлддэг, эмэгтэйчүүд хохирдог гэсэн хэвшмэл ойлголт нийгэмд бий болсон нь жендерийн тэгш бус байдал гаарахад нөлөөлж буй. Эрэгтэй хүүхэд ирээдүйд хүчирхийлэгч нэр зүүх магадлал эсрэг хүйсийнхээсээ 50 хувиар илүү байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Тэр хүн насаараа сайн байж болно шүү дээ. Гэтэл “Чи эрэгтэй учраас” гэж буруутгахньутгагүй. Эрэгтэйчүүд ч хүчирхийлэлд өртөж, хохирдог. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор иргэдийг баривчлах нь хэр зөв бэ гэдэгт хариулах зорилготой АНУ-д хийсэн нэгэн судалгаатай танилцсан. Боловсролын ялгаанаас хамаараад үр дүн нь харилцан адилгүй байдаг юм байна. Боловсролтой, ядаж бакалаврт суралцсан хүн бол баривчилгааны дараа хүчирхийлэл үйлдэхгүй байх магадлал өндөр. Харин боловсролгүй хүмүүсийг баривчлаад ямар ч нэмэргүй гэнэ. Гарч ирээд дахиад л хүчирхийлэл үйлддэг байх нь. Гэтэл манай улс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж байна гээд баривчлаад, хориод байдаг. Нийтээр нь дүгнэвэл эрчүүдийн боловсролын түвшин тийм ч сайн биш шүү дээ. Баривчлахын оронд хүчирхийлэл гэж юу болох, хосууд хоорондоо хэрхэн зөв ярилцах, сэтгэл зүйдээяаж анхаарах вэ гэдгийг ойлгуулах нь илүү үр дүнтэй. Би мэргэжлээрээ АНУ-д сурсан. Тэнд байхдаа аав нартай ажилладаг, тэдэнд хичээл заадаг байлаа. Эрчүүд маш энгийн, эмэгтэйчүүдийн тодорхой гэж боддог зүйлсийг ч мэддэггүй. Тэгэхээр мэдлэгжүүлэх нь чухал.
-Хүчирхийлэл гэдэг нь маш өргөн хүрээний ойлголт. Зөвхөн бие махбодын хохирлоор хэмжигдэхгүй. Зарим нь үүнийг мэддэггүйгээс хүчирхийлэл үйлдэж байгаагаа, эсвэл хохирогч болж буйгаа ч анзаардаггүй. Эрчүүдийн хувьд ийм байдлаар хохирох нь хэр элбэг вэ?
-Элбэгээр тогтохгүй нийтлэг зүйл л дээ. Монголд төдийгүй дэлхий дахинд. Хосын харилцааны талаар зөв ойлголт, мэдлэггүйгээс эхнэр нь хүчирхийлэл үйлддэг, нөхөр нь хохирогч болдог. “Эхнэртээ ингэж доромжлуулах нь асуудал биш, байдаг л зүйл” гээд хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Аав, ээжийг нь доромжлох, өөрийг нь арчаагүй мэтээр ойлгуулах, байнга түүнийг нь сануулах зэргээр хүчирхийлэх нь түгээмэл. Ингэж явсаар эрчүүд тэсэхээ болиод ирэхээрээ хүч хэрэглэдэг. Нэг ёсондоо өөрийгөө хамгаалах механизмаа ажиллуулдаг гэсэн үг. Тэгээд л шууд өөрөө хүчирхийлэгч болж хувирдаг. Монголд ийм тохиолдол маш түгээмэл. Энэ нь явж явж дахиад л боловсролтой холбогдоно. Өөрийнхөө зан чанарын онцлогийг танин мэдэж, уур бухимдлаа удирдаж сурна гэдэг нь маш том боловсрол. Залуус их, дээд сургуульд суралцахдаа энэ чадварыг л эзэмших ёстой юм. Ингэж сураагүй хүн хосын харилцаанд хүч гаргах нь тодорхой. Дахиад л хэлье. Эрчүүд боловсролтой болох хэрэгтэй. Боловсролыг нь дэмжихгүйгээр “Та нар эмэгтэйчүүдийг ойлгох ёстой, эр хүн ийм байх хэрэгтэй” гэсэн дүрэм журам тогтоогоод, ухаантай зүйл яриад нэмэргүй.
-Эмэгтэйчүүд“Эр хүн ийм л байх ёстой” гэсэн хэм хэмжээ тогтоочихоод, түүндээ хүн болгоныг нийцүүлэх гээд зүтгүүлээд, өөрсдөө ч зүдрээд байх шиг санагддаг.
-Яг үнэн. Хоёр долоо хоногийн хугацаанд хийх ажлын жагсаалт гаргаж өгчихөөд, түүнийг нь хэлсэн ёсоор нь гүйцэтгэж байвал сайн эр хүн гэж дүгнэх нь өрөөсгөл биз дээ. Эрчүүдийг ийм л байлгахыг хүсээд байна. Хосын харилцаа яагаад чухал вэ гэдэг үндэс суурийг нь ойлгуулахгүй хэрнээ “Долоо хоног болгон болзоонд дагуулж яв”, “Сардаа төдөн төгрөг зарцуул” гэсэн баахан хариуцлага үүрүүлчихдэг. Юу гэсэн үг вэ. Тэд ч гэсэн хүн биз дээ. Ялгаагүй л ганцхан удаа амьдарна шүү дээ. Эрчүүд гэхээр л гэр бүлийнхнийхээ төлөө борви бохисхийлгүй ажиллаж, эхнэрийнхээ хэлсэн бүхнийг гүйцэлдүүлэх ёстой гэж ойлгож болохгүй.
-Эрчүүд ч өөрсдөө нийгмийн зүгээс тулгаж буй энэ олон зохиомол хэм хэмжээнд баригдаад, болж, бүтэхгүй байгаа зүйлээ уудалдаггүй юм шигээ?
-Тийм жишээ олон. Эрчүүд гэр бүл, хосын харилцаанд “Би л хичээх ёстой” гэсэн байдлаар хандаж, хохирох нь түгээмэл. Ер нь хүн хүчирхийлэлд өртөж байна уу, үгүй юү гэдгээ мэдэхийн тулд өөрийгөө маш сайн анзаарах хэрэг тэй. Эхнэрийнхээ, нөхрийнхөө хажууд өөрийн хөөрөө байж чадаж байна уу, эсвэл огтөөрнэгэн болж хувирдагуу. Дэргэд нь байхдаа ямар нэг зүйлээ заавал хянах, хязгаарлах хэрэгтэй болж байна уу. Хэрэв тийм бол хүчинд автаж байна гэсэн үг. Хүчирхийллийг таних нь хамгийн чухал. Энгийн харилцааны үед энэ бүхэн ямар байх боломжтойг төсөөлөх хэрэгтэй. Дараа нь шаардлага тавьж сурах ёстой. Ажлын байранд ч, хосын харилцаанд ч эмэгтэйчүүд маш их шаардлага тавьдаг. “Дуугаа намсга, төдөн цагт гэртээ ир” гэхчлэн. Эргүүлээд эрчүүд шаардлага тавихаар байж боломгүй зүйл юм шиг хүлээж авдаг. Эмэгтэйчүүдийг хүндлэх үзэлтэй ч холбоотой байх. Угтаа энэ нь эхнэр, нөхрийн харилцаанд ижил тэгш байх ёстой зүйл юм. “Хөөе чи тэг, ингэ” гэх биш, “Надад чиний энэ үйлдэл таалагдахгүй байна. Энэ асуудлыг ийм байдлаар шийдье” зэргээр эрүүлээр шаардлага тавьж сурах нь чухал. Хосын харилцаанд хамгийн түгээмэл ажиглагддаг зүйл нь нэг нь хүслээ биелүүлэхийн тулд нөгөөхдөө өндөр шаардлага тавьдаг. Жишээлбэл, сайн ээж байх зорилгоо биелүүлэхийн тулд нөхөртөө өчнөөн шаардлага тавьдаг ч юм уу. Уг нь тэр хүн өөрөө л сайн байхыг хүссэн шүү дээ. Яагаад өөрөө хичээж болохгүй гэж. Энэ тохиолдолд нөхөр нь “Энэ чиний хүсэл учраас чи илүү их хичээх ёстой” гэж шаардлага тавьж болно.
-Эхнэр нь илүү карьер, орлоготой байхын хэрээр нөхөр нь дорд үзэгдэх, сэтгэл гутралд орох, цаашлаад хүчирхийлэлд өртөх магадлал өндөр гэдэг. Энэ үнэн үү?
-Одоогоос 100 жилийн өмнө бол эмэгтэйчүүд нөхрийнхөө орлогоор л амьдардаг, санхүүгийн хувьд бүрэн хараат байсан шүү дээ. Харин орчин цагт эмэгтэйчүүд нөхөртэй, нөхөргүйгээсээ үл хамаараад өөрийнхөө орлогыг тодорхойлох чадамжтай болсон. Дэлхий дахины хандлага өөрчлөгдсөн. Ийм гэр бүлийн харилцааны загвар харьцангуй шинэд тооцогдож байна. “Бид хоёрын хэн нь илүү эрх мэдэлтэй юм бэ. Илүү орлого олж байгаа нь хүүхдээ аль сургуульд явуулахаа шийдье” гэж ярих хэмжээнд очсон. Түүхэндээ эрчүүд ийм шийдвэрүүдийг давамгай гаргадаг байсан бол сүүлийн 30-аад жилд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэн. Орлогоос хамаараад хосуудын хэн нэг нь заавал давуу эрхтэй байх ёстой гэж байгаа юм биш. Нөхцөл байдал өөрчлөгдсөн гэдгийг л тодотголоо. Гэхдээ хосууд ямар нэг асуудлыг харилцан зөвшилцсөний үндсэн дээр шийдэж байвал сайн. Мэдээж аль аль талдаа 100 хувьсэтгэл хангалуун, эсвэл 50, 50 хувийн саналаар шийдвэр гаргах боломжгүй. Тиймээс аль чадахаараа уян хатан, хүлээцтэй, тогтвортой шийдвэр гаргахыг хичээх нь зүйтэй. Нэгэндээ дааж давшгүй өндөр шаардлага тавихын оронд энгийн, биелүүлж чадахаар “даалгавар” өгөх хэрэгтэй.
-Сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэндэд эрчүүд хэр их ханддаг вэ. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад энэ тоо хэрхэн өөрчлөгдсөн бол?
-Эрс олширсон. Би эрчүүдийн эрх тэгш байдлын асуудлыг түлхүү хөнддөг болохоор ч тэр үү, нэлээд ханддаг. Нийт үйлчлүүлэгчийн 40 хувь нь эрчүүд. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Өмнө нь 10 орчим хувийг л эзэлдэг, эхнэрээсээ салах хэмжээнд хүрсэн хүмүүс л голдуу ирдэг байсан юм. Одоо бол “Надад ийм тусламж хэрэгтэй байна”, “Гэр бүлийн хүчирхийлэлд олон жил өртсөнөө мэдээгүй явж. Цаашид яах вэ” гэж хандах нь түгээмэл. Юу юугүй салах тухай ч ярьдаггүй. Харилцаагаа эрүүл байлгахын тулд юу хийх вэ гэхчлэн асуудлаа шийдэх арга зам эрэлхийлдэг.
-Манай нийгэмд жендер хэмээх ойлголтыг харах өнцөг, хүлээж авах хандлага тэр чигтээ “хазгай” юм шиг санагддаг. Эмэгтэйчүүдийг хамгаалах, тэдний эрхийг л хангах тухай маш чангаар ярьдаг. Гэр бүл салахад шалтгааныг нь ч авч хэлэлцэлгүй шууд л эрчүүдийг буруутгах нь түгээмэл. Хосууд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандахад дийлэнх тохиолдолд эмэгтэйчүүдийн талд шийдвэр гардаг. Ер нь манай улсын Гэр бүлийн тухай хууль хэр жендерийн мэдрэмжтэй, тэнцвэртэй бол?
-Монголын Гэр бүлийн тухай хууль бол салалтыг л шийдвэрлэх хууль шүү дээ. Хүмүүс үүнийг гэр бүлийн тогтвортой байдлыг хамгаалах, хосуудыг хамт байлгах зорилготой гэж хардаг. Тийм биш. Манайд гэр бүлийг яаж салгах тухай л хууль бий. Хосууд салчихаад эд хөрөнгө, үр хүүхдээ яах вэ гэдэг зохицуулалтуудыг л үүнд тусгасан байдаг. Хамгийн чухал нь хүүхдээ хэн нь авах вэ гэдэг асуудал. Дийлэнх тохиолдолд энэ эрхийг ээжид нь өгдөг. Хүүхэд аавтайгаа байх хүсэлтэй байсан ч түүнийг нь харгалзахгүй шийдэх тохиолдол өчнөөн. Түүнчлэн монгол эрчүүдэд хүүхдээ өсгөж чадна гэсэн итгэл үнэмшил байдаггүй. Эд хөрөнгийн маргааны хувьд ч, хүүхдийг хэний асрамжид үлдээхийг шийдэхдээ ч өнөөх л ижил тэгш байх зарчмыг баримтлах ёстой. Хүүхдүүд аавтайгаа байхыг хүсвэл тэр эрхийг нь нээлттэй олгодог тийм цаг үе ирнэ гэж итгэдэг.
-“Гэр бүлийн боловсрол” төв эрчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор “80 насалъя” аян өрнүүлж буй юм билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
-Манай улсад эрчүүдийн дундаж наслалт 66 байгаа. Бид үүнийг 80 болтол урт хугацааны аян өрнүүлнэ. Үндсэн зорилго нь эрчүүдийг мэдлэг, мэдээлэлтэй болгох замаар асуудлыг өөрсдөөр нь шийдвэрлүүлэх, 80 наслах төсөөлөлтэй болгох юм. Тэрнээс биш тэднийг хөтөлж аваачаад эмчид үзүүлэх, сэтгэл судлаачтай уулзуулах тухай биш. Аяныхаа хүрээнд хосын харилцаа, бэлгийн эрүүл мэнд, санхүүтэй холбоотой шийдвэр гаргалт зэрэг шаардлагатай бүх мэдээллийг бэлтгэж, эрчүүдэд түгээж байна. Эрчүүдийг нэгнийгээ дэмжихийг, яаж урт наслах талаар ний нуугүй ярилцахыг, мэдэрч буй зүйлээ хуваалцахыг уриалж байгаа. Хэлдэггүй л болохоос бүх эрчүүдэд тулгамдсан асуудал бий.
-Эрчүүдэд 80 наслах төсөөлөл бий болгох зорилготой гэж хэллээ. Тэгвэл энэ төсөөлөл эмэгтэйчүүдийн хувьд ямар байна вэ?
-“Та хэд наслах вэ” гэж асуухад эмэгтэй хүн ямар ч эргэлзээгүй 80, түүнээс дээш тоо хэлдэг. Төсөөлөл бий болчихсон байна гэсэн үг. Харин эрчүүд “Хүнд гай болохгүйхэн шиг амьдарч байгаад л үхье”, “60 хүрчихвэл л боллоо” гэдэг. Үүнээс цааш төсөөлөл байдаггүй. Яг юуг гай болно гэж үзээд байна вэ. Маш тодорхойгүй хариулт. 75, 85 настайдаа дуртай зүйлээ хийгээд, гялалзаад явж байгаа үлгэр жишээ эрчүүд манай нийгэмд алга л даа. Тиймээс төсөөлөлд нь буухгүй байгаа юм. АНУ, БНСУ, Японд бол ийм насныхан өчнөөн бий. Тиймээс иргэд нь тэдний насан дээр тийм байх сан гэсэн хүсэл тэмүүлэлтэй, төсөөлөлтэй. Үлгэрлэл маш чухал.
-Эрчүүд, эмэгтэйчүүдийнх нь дундаж наслалт ийм хол зөрүүтэй улс орон бий юү?
-Ийм ялгаа архины хэрэглээ өндөр цөөн оронд л байсан. Хамгийн ойрын жишээ нь ОХУ. Тус улсын соёл манай улсад ч нөлөөлсөн гэж боддог. Нэгэн үе хойд хөршид “шинэ орос” буюу архи уудаггүй, согтууруулах ундаанаас татгалздаг соёл эрчүүдийн дунд нэлээд дэлгэрсэн. Шинэ оросууд “Би аюултай сонголт хиймээргүй байна” гэж маш соёлтойгоор татгалзаж чаддаг. Монголчууд ч ийм болох хэрэгтэй. Тэгж чадвал энэ зөрүү багасна.Архи, согтууруулах ундаа хэрэглэж болно. Гол нь тасартлаа уух нь хамгийн аюултай. Монголчууд баяр болгоноор тасарч унатлаа уудаг.
-Эрчүүдийн дундаж наслалт бага байгаа нь архины хэрэглээтэй холбоотой гэж үү?
-Хамгийн том асуудал нь энэ.
-Тэгвэл архи уух шалтгаан нь юу болж байна вэ?
-Маш олон зүйл ярих хэрэгтэй болно. Товчхондоо, хүмүүс архийг амьдралынхаа нэг хэсэг болгоход цаг хугацаа их зарцуулдагтай холбоотой. 18.00-04.00 цаг хүртэл архиддаг жишиг дэлхийн хаана ч байхгүй. Бүтэн 10 цагийг архи уухад зарцуулна гэдэг соёл биш. Өдрийн ийм хугацааг фитнесийн зааланд өнгөрүүлнэ гээд төсөөл дөө. Тэгээд бүр долоо хоногт хоёр удаа шүү. Өвчин биз дээ. Тэгэхээр ийм хугацааг баар, паб, караокед өнгөрүүлнэ гэдэг мөн л өвчин. Ийм амьдралын загвар Монголд түгээмэл. “Хүн зовохоороо архи уудаг юм биш үү” гэдэг. Зовлон архины үндсэн шалтгаан биш. 100 хүний 20 нь ийм шалтгаанаар уусан байж болно. Хэцүү өдөр тохиосон учраас архи уужээ гэж бодъё. Гэхдээ тэр нь бүтэн сар, жилийн турш үргэлжлэхгүй шүү дээ. Өчнөөн олон хүний амьдралыг сонссон сэтгэл судлаачийн хувьд “Хүн хайрлаж дурлаад, шаналахаараа, эхнэрээсээ салахаараа, эсвэл дааж давшгүй хүнд ачаа үүрэхээрээ л архинд ордог” гэсэн утга уянгын зүйлд итгэдэггүй, автдаггүй. Харин найзууд нь ууя гэж дуудах болгонд очдог, тэр бүртээ 10 гаруй цаг зарцуулдаг, эхэндээ долоо хоногт хоёр удаа гардаг байснаа хүндрэхээрээ дөрөв болдог, хонуут өнжүүтээр архиддаг тохиолдол өчнөөн. Олуулаа нийлж, хонож архидна гэдэг архичин болж байгаагийн шинж тэмдэг. Гэтэл байгууллагууд энэ зам руу ажилчдаа хөтөлдөг, нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг. Энэ бол дэлхий нийтэд байхгүй үзэгдэл.
-Та эрчүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Танд ямар нэг асуудал байгаа бол түүнийгээ бодитоор тодорхойл. “Эхнэрийн минь энэ сул тал надад ингэж нөлөөлдөг. Би ийм зүйлээс болж хямардаг юм байна. Харин үүнээс урам зориг авдаг. Миний амьдралд болж байгаа зүйл нь энэ, болохгүй нь тэр” гэхчлэн бүх зүйлийг маш бодитоор тодорхойлох нь чухал. Хүнээр асуудлаа тодорхойлуулж, тусламж авах боломжгүй. Зөвлөгөөний өрөөнд хамгийн тод анзаарагддаг зүйл бол эрчүүд асуудлыг ерөөсөө бодитоор тодорхойлдоггүй, төсөөллөөрөө бий болгосон хийсвэр зүйлдээ итгээд л яваад байдаг. Эмэгтэйчүүд эсрэгээрээ. Гол ялгаа нь энэ. Эхнэр нь салах гээд бүхэл бүтэн хоёр жилийн турш бэлдчихсэн байхад ч эрчүүд анзаардаггүй. Хажуудаа байгаа хүмүүсээ анзаар, тэдний юу болохгүй байгааг тодорхойл, өмнөөс нь бодоод үз. Бүү залхуур гэж хэлмээр байна. Асуудлаа бодитоор тодорхойлж чадвал хосын харилцаа, орлого, эрүүл мэндийн байдал гээд бүх зүйл сайжирна. “Бүтнэ дээ, болно доо” гээд яваад байж болохгүй.