Ираны шоронгоос 975 эмэгтэй хоригдлыг хугацаанаас нь өмнө суллахаа тус улсын Дээд шүүхийн дарга Голам Хоссейн Мохсени-Эжеи мэдэгдэв. Тэдний дунд тус улсад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан эмэгтэйчүүд бий аж. Энэ сарын 13-нд исламын шашны их номлогч Мухаммедын охин Фатимагийн төрсөн өдөр тохиосон бөгөөд үүнийг тус улсад Эх, үрсийн баяр болгон тэмдэглэдэг юм. Эмэгтэйчүүдийг суллахаар шийдсэн нь энэ баяртай холбоотойг “Mehr” агентлаг уламжилжээ. “Хугацаанаас ньөмнө сулласан хүмүүст болгоомжтой байхыг зөвлөж байна. Дахин буруу замаар орвол илүү хатуу шийтгэнэ. Хоригдол байсан хүмүүст нийгмийн орчин сайнаар нөлөөлж, хүмүүжих үйл явцад эерэг өөрчлөлтүүд гарч болох юм” гэж Голам Хоссейн Мохсени-Эжеи тэмдэглэсэн байна. Фатимагийн төрсөн өдрийг тохиолдуулан энэ сарын 9-нөөс хойш тус улсын эрх баригчид 4000 орчим хүнийг сулласан байна.
Цуурхал, худал мэдээлэл тараах замаар манайулсын Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулж байна хэмээн Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси АНУ болон Өрнөдийн орнуудыг буруутгасан билээ. Тэрбээр“Исламын хувьсгалын дайснууд Ираны ард түмнийг хагалан бутаргах зорилгодоо хүрч чадаагүй” гэжээ. Мөн “Хууртагдсан бүх хүнийг эх орныхоо ивээлд авна. Харин урвагчдад өршөөл үзүүлэхгүй” гэж амласан юм. Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш цагдаа болон аюулаас хамгаалах хүчнийхний саатуулсан жагсагчдын 83 хувийг сулласнаа Ираны Прокурорын газраас мэдэгджээ. “Сүүлийн гурван сарын хугацаанд үймээн дэгдээсэн хүмүүсийн хэрэг хариуцсан шүүгчид хорих ангиудад 2239 удаа очиж, хоригдлуудтай биечлэн ярилцсан” гэж уг мэдэгдэлд онцолсон байна. Саудын Арабын “Ашарк Аль-Авсат” сонинд тэмдэглэснээр өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд 22 настай Махса Аминийг оршуулах ёслолын дараа Иранд эмх замбараагүй байдал үүссэн. Энэ курд охиныг толгойн ороолт буюу хижабаа буруу зүүснийх нь төлөө цагдаа нар саатуулсан билээ. Албан ёсны мэдээллээр бол тэрбээр байцаалтын үеэр зүрхний шигдээсээр нас барсан. Гэвч олон нийтийн сүлжээгээр Аминид цагдаагийнхан хүч хэрэглэсэн гэх мэдээлэл цацагдсан юм. Эмх замбараагүй байдал намжсаны дараа энэ сарын 10-нд Ираны ерөнхий прокурор Мохаммад Жафар Монтазери 1983 оны хуулиар тогтоосон, эмэгтэйчүүдийн хувцаслалтын дүрмийг чанд мөрдүүлэхийг цагдаагийнханд тушаажээ. Уг дүрмийг зөрчвөл Исламын эрүүгийн хуулийн дагуу торгууль ногдуулахаас гадна гэм буруутай этгээдийг 10 хоногоос хоёр сар хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Хижаб өмсөхөөс татгалзахыг бусдад ятгаж, өөгшүүлсэн хүмүүсийг 1-10 жил хорих гэнэ.