“Зэрлэг нохой дэндлээ. Мал эмнэлгийнхнийг явуулсан ч энэ янгирыг аварч чадсангүй. Нийслэлийн ЗДТГ-ынхан нохой устгалаа хийх хэрэгтэй байна. Шаардлагатай бол устгал хийх компаниудтай хамтарч ажиллая. Зэрлэг амьтдыг хамгаалах нь БОАЖЯ-ны үүрэг. Эзэнгүй, зэрлэгшсэн нохдыг цөөн дээр нь устгаж, олшруулахгүй байх хэрэгтэй”. Энэ бол манай улсын байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын удирдлагын олон нийтийн сүлжээнд бичсэн зүйл. Богдхан уулын Нүхтийн амны суурьшлын бүсэд орж ирсэн нэгэн янгирыг зэрлэг ноход барьж, шархдуулсан нь эрхэм сайдыг ийнхүү бухимдаж, гэрийн тэжээвэр амьтад руу буу шагайхыг уриалахад хүргэжээ. Үүний доор “Буудаж хөнөө”, “Даруй устга” гэсэн сэтгэгдэл зонхилж байв. Ад үзэгдээд буй эдгээр амьтан ч амьдрах эрхтэй, буудаж устгах нь шийдэл биш хэмээн цөөнхүнбайр сууриа илэрхийлжээ.
Манай улс нохой, муур устгалыг цөөнгүй жил зохион байгуулж байна. “Буудаж хөнөө”, “Даруй устга” хэмээн хашхирагчдын хүслийг гүйцэлдүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нэрийдлээр жил бүр улсын төсвийн хөрөнгөөр ийм ажил хийж ирсэн ч гавьтай үр дүн гараагүй. Эзэнгүй, золбин гэх амьтны тоо улам олшров. Үүнээс болж иргэд, зэрлэг амьтад хохирох тохиолдол ч ихэслээ. Буудаж хөнөөсөн амьтдаа хаа хамаагүй газарт булж орхидог хяналтгүй, замбараагүй явдал гаарсан нь хөрс, ус бохирдох, улмаар халдварт өвчин тархах үндэс болж буйг мэргэжлийн байгууллагынхан ч хөндөх болов. Эзэнгүй амьтдыг буудаж хөнөөгөөд, эсвэл галдан шатаагаад (орон нутагт ийм аргаар муур устгаж байсан тохиолдол бий) л шийдчихдэг байсан бол өдийд энэ асуудал хэдийн нэг тийш болчих байлаа. Нийслэлд ч, орон нутагт ч тэр эзэнгүй, зэрлэгшсэн гэх муур, нохой өдрийн од шиг ховордох байсан биз. Харамсалтай нь, өдгөө нөхцөл байдал эсрэгээрээ байна. Бид муур, нохойг буудаж хөнөөдөг балмад, хүмүүнлэг бус, хоцрогдсон аргаасаа эртхэн салж, өөр зохицуулалт хэрэгжүүлэхгүй л бол ирээдүйд ч ингэж хий хоосон “чарлалдан”, зэрлэг амьтдаа хөөрхийлж, гэрийн тэжээврүүдийг нь хоморголон устгахыг уриалсаар суух нь гарцаагүй.
Б.Энхбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүд “Азтай савар амьтанд хайртай залуус”, “Сайн санаа амьтдад” төрийн бус байгууллагынхны дэмжлэг, оролцоотойгоор Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг өнгөрсөн оны есдүгээр сард өргөн бариад буй. Үүний гол зорилго нь иргэдийг хариуцлагажуулах замаар эзэнгүй амьтдынтоог цөөрүүлэх, тэдний эрхийг хамгаалах. Мөн хуульд золбин, гудамжны гэх амьтдыг буудаж хөнөөхийг хориглосон заалт оруулсан. Ингэхдээ үүнийг хууль баталснаас хойш таван жилийн дараа хэрэгжүүлж эхлэхээр тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, тус хуулийг 2023 онд баталлаа гэж үзэхэд 2028 оноос эхлээд эл заалтыг мөрдөнө гэсэн үг. Энэ хуулийг батлах, батлахгүйгээс үл хамаараад манай улс хэсэгтээ л хуучин аргаараа золбин амьтадтай тэмцэх нь тодорхой байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтан ч “Гэрийн тэжэээвэр амьтны эрхийг хамгаалах хуультай болсон ч муур, нохой устгах ажлыг хэсэгтээ зохион байгуулахаас аргагүй. Тийм хэмжээнд хүртлээ тоо нь ихэссэн” гэж ярьсан. Үнэхээр тийм гэж үү. Эзэнгүй амьтдын тоо толгойг зохицуулах өөр арга байхгүй юм гэж үү. Тийм бол дэлхийн улс орнууд яагаад бидэн шиг гэрийн тэжээвэр амьтад руугаа буу шагайдаггүй юм бол. Амьтны эрх хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд яагаад зөвхөн манайхыг нэр цохож, “Амьтанд ээлгүй, хүмүүнлэг бус бодлого хэрэгжүүлдэг орон” гэж муугаар цоллоод байна вэ.
Дэлхийн орнуудад, ялангуяа Европт золбин амьтдыг буудаж хөнөөдөг, эсвэл хортой хоол өгч устгадаг жишиг 2000-аад оны үед нэлээд түгээмэл байж. Үүнийг маш хатуу чанга хууль, журмын хүрээнд, мэргэжлийн хүмүүсийн хяналт доор хийдэг байсан гэнэ. Гэвч амьтны эрх хамгаалах байгууллагууд, олон нийтийн хүчтэй эсэргүүцлийн улмаас энэ харгис “ажиллагаа” жилээс жилд хумигдсаар, дийлэнх орон үржил хязгаарлах мэс ажиллавар хэмээх аргыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх болж. “In defense of animals” олон улсын байгууллагын тайланд дурдсанаар 2021 оны байдлаар дэлхийн хэмжээнд 133 орон тус аргаар золбин амьтны тоо толгойн өсөлт, үржлийг хязгаарлаж байжээ. Турк, Энэтхэг зэрэг улс золбин муур, нохой хэт олширсон цаг үед үүнийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатайг “Азтай савар амьтанд хайртай залуус” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Зориглон хэллээ. Олон улсын байгууллагууд ч ядуу буурай орнуудад спэй заслаар амьтны үржил хязгаарлах ажлуудыг үе шаттай зохион байгуулж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулдаг аж.
Золбин амьтдыг нэгбүрчлэн барьж, мэс ажиллаварт хамруулах нь мэдээж бэрхшээлтэй. Гэхдээ улс орнууд үүнийг хэрэгжүүлээд л байна. Дээрх төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмждэг, гадаадад амьдардаг хоёр иргэн үүнтэй холбоотой мэдээлэл өглөө. Унгар улсад амьдардаг Б.Жаргалмаа “Би Будапештэд 12 жил амьдарч байна. Нохой, муур буудах байтугай эзэн нь энд тэнд санаатайгаар хаяж явсан талаар бараг сонсож байгаагүй. Монголд бол тэжээдэг амьтнаа хөгшрөхөөр нь гудамжинд хаа таарсан газраа хаячихдаг гэсэн. Эндээс соёл, хандлагын асар том ялгаа харагдаж байгаа юм. Хотын төв хэсэг, олон нийтийн гудамж, талбайд золбин муур, нохой харагдах нь ховор. Харин захын дүүргүүдэд мэр сэр харагддаг. Будапешт хотын захиргаа 2010 оноос хоёр жил тутам золбин муур, нохойд мэсзасал хийж эхэлсэн. Үүний үр дүнд эрс цөөрсөн гэж ярьдаг. Мэсзасал хийсэн нохойдоо тэмдэг тавиад, үрчлүүлэх боломжтойг нь үрчлүүлээд, заримыг нь буцааж тавьдаг. Золбин амьтан цөөрсөн учраас үүнийг дагаад асрах газар, эмнэлгийн тоо ч багассан” гэсэн бол Америкт оршин суудаг С.Амгаланбаатар “АНУ амьтны эрхийг дээд зэргээр хүндэлдэг орон. Амьтны эрх хамгаалах хамгийн олон байгууллага энэ улсад байдаг. 10 гаруй амьтныг улсын түүх, соёлын бэлгэ тэмдгээр өргөмжилсөн. Амьтны үс, ноосоор хийсэн хувцас, эдлэлийг хориглох, эсэргүүцэх давлагаа энд үе үе хүчтэй өрнөдөг. Америкчууд муур, нохойг хүч дорой амьтан гэж харахаасаа илүү гэр бүлийнхээ нэг гишүүн шиг л үзэн хамгаалж, хайрладаг. Гэрийн тэжээвэр амьтанд хамгийн ээлтэй орны жагсаалтыг Австрали тэргүүлдэг бол АНУ хоёрдугаарт ордог. Ялангуяа муур тэжээх нь их. Энэ үүднээсээ амьтны эрхийг зөрчсөн, хүндэтгэлгүй хандсан хүмүүст хатуу хариуцлага ногдуулдаг. Гэрийн тэжээвэр амьтан асрах төв, зөвхөн тэдэнд зориулсан эмнэлэг, гоо сайхны салонууд хүртэл бий.
Муур, нохойгоо вакцин, үржил хязгаарлах мэс ажиллаварт заавал хамруулах шаардлагыг эндхийн хуулиар асран хамгаалагчдад тавьдаг. Мэс ажиллаварт хамруулахгүй гэвэл үр төлийг нь хариуцах, үрчлүүлэх ажлыг эзэн нь гардан гүйцэтгэж, зохих байгууллагад мэдээлэх ёстой. Эзнээсээ төөрч гудамжинд гарсан амьтдыг бүгдийг нь ийм ажиллаварт хамруулдаг. Тухайн бүсэд нь байгаа амьтан асрах газруудад мэдээлэл хүргүүлж, хүлээж авах боломжтойд нь зуучилдаг. Мэс ажиллавар бол эзэнгүй амьтан олшрохоос сэргийлэх хамгийн үр дүнтэй шийдэл” хэмээн ярилаа.
Золбин амьтдын тоог бууруулахад амьтан асрах газрууд гол үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Амьтны эрх хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдүүлсэн улс орнуудад ийм газар олон байдаг бол манайд хуруу дарам цөөн. “UB shelter Mongolia”-г л хүмүүс сайн мэдэх болов уу. Эдгээр нь ихдээ 100 нохой л хүлээж авах хүчин чадалтай. Гэтэл зөвхөн Улаанбаатарын хэмжээнд 300 мянга гаруй золбин муур, нохой бий. Амьтан асрах газруудад тулгуурлан золбин амьтдыг хамгаалж, тоог нь бууруулна гэдэг одоогийн нөхцөлд бол боломжгүй арга. Тэгэхээр хамгийн боломжит хувилбар нь үржил хязгаарлах ажиллавар. Бас мэдээж эздийг хариуцлагажуулах сайн хууль чухал үүрэгтэй.