“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяатай ярилцлаа.
-Саяхан болсон нэгэн хэлэлцүүлгий нүеэр та Үндсэн хуулийг шинээр батлахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлнэ лээ. Яагаад ийм байр суурьтай байна вэ?
-Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, тэдгээрийн эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай тогтоолыг УИХ баталсан. Үүний хүрээнд “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт өнгөрсөн лхагва гарагт болсныг та хэлж байх шиг байна.
Тус чуулга уулзалтын гол илтгэлийг тавьсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн талаар ярьсан л даа. Үндсэн хуулиа одоо яах вэ гэдгийг зөвлөлдөх санал асуулгын хүрээнд илүүтэй ярихыг зорьж байх шиг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд “гар хүрэх”-ийн тулд замаа засах маягаар хэлэлцүүлгүүд хийж байна. Шинэ Үндсэн хуультай болно гэдэг нь тогтолцоог өөрчилнө гэсэн үг.
Нөгөө талаас залуучуудын хийж байгаа жагсаалын шаардлагад хариу өгөхийн тулд, бодлогын шийдэл гаргах үүднээс нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна гэж хэлж буй. Тэгсэн хэрнээ Үндсэн хуулийн талаар яриад байгаа юм. Гэтэл удаа дараа болсон жагсаалын үеэр Үндсэн хуулийг шинэчил, эсвэл нэмэлт, өөрчлөлт оруул гэсэн шаардлагыг хэн ч тавиагүй шүү дээ. Энэ бол шийдэл биш. Тиймээс дэмжихгүй.
Тэгээд ч Үндсэн хууль тогтвортой байх ёстой. Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хадгалах нь ардчиллын гол баталгаа юм. Үндсэн хуульд гар хүрэхийг хориглосон цаг хугацааны хязгаарлалтууд ч бий. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бас л улс орон даяар зөвлөлдөх санал асуулга явуулж, иргэдийн саналыг авч, эрдэмтэн, судлаачид төслийг нь боловсруулсан. Энэ нэмэлт, өөрчлөлтийг батлах үйл явц нь хоёр парламент дамнаж, чамгүй судалгаа шаардсан ажил болсон юм. Тиймээс эл нэмэлт, өөрчлөлт сайн болсон гэж би үздэг. Ялангуяа эрх мэдлийн хяналт, тэнцлийг хадгалах, парламентын ардчиллыг бэхжүүлэх, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, шүүхийн хараат бус байдлыг хадгалахад чиглэсэн дэвшилтэт олон заалтыг баталсан. Эдгээр нэмэлт, өөрчлөлтдөө нийцүүлэн органик хуулиа засаж, сайжруулах ёстой. Яах вэ, Шүүхийн тухай хуулийг шинэчилснээс авхуулаад холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа ч Улс төрийн намын тухай хуулийг хойш тавьсаар л байна. Эрэмбэ, дараагаар нь харвал хамгийн чухал нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга байлтай. Судалж, судалж баталсан нэмэлт, өөрчлөлтөө гүйцэд хэрэгжүүлж, үр дүнг нь үзээгүй байж тогтолцоог өөрчилнө гэж ярьж болохгүй. Бүр цаашлаад тавдугаар шинэ Үндсэн хууль, хоёр танхимтай парламент гэх мэтээр шинэ сэдэв гаргаж ирж, дайруулж болохгүй. Хамгийн гол нь жагсагчдын шаардлагыг урвуулан ашиглах ёсгүй.
-Тэгэхээр шинэ Үндсэн хууль батлах нь битгий хэл, нэмэлт, өөрчлөлт ч оруулах хэрэггүй гэж үү. Эрх баригчдын хувь хэдэ тодорхой нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулъя гэж яриад байгаа шүүдээ.
-Тийм. Жишээ нь, сонгуулийн тогтолцоог органик хуулиар нь өөрчлөх боломжтой. 2012 онд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан туршлага ч бий. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөхдөө иргэдийн саналыг тусгах ажлыг өргөн цар хүрээтэй явуулах учиртай. Мөн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхдээ зардлаа ил тод болгохыг намуудаас шаардах, сонгуулийн санхүүжилтийг бууруулах гэх мэт өөрчлөлтийг хийвэл асуудлуудаа эхнээсээ шийдэх боломжтой.
-УИХ хэдхэн сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Зөвхөн УИХ-ын гишүүн сайдаар ажиллаж болох хязгаарлалтыг хүчингүй болгож, “давхардээл”-ийгз өвшөөрснөөрөө 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө үгүйсгэсэн шүүдээ.
-Хэдхэн цагийн дотор баталж, алх цохисон тэр явдлыг маш зарчимгүй үйлдэл л гэж хэлнэ дээ. 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг батлах хүртэлх бүхий л үйл явцыг ажиглаж, хараат бусаар ажилласан манай байгууллагынхны хувьд олон чухал зохицуулалт, тэр дундаа “давхар дээл”-тэй холбоотой заалтыг үнэлж, талархаж байсан. Хэрэгжилтэд нь ч өндөр хүлээлттэй байлаа. Харамсалтай нь, тэр дор нь өөрчилчихсөн. Өнөөдөр өрнөж буй үйл явц, Засгийн газрын бүрэлдэхүүнийг хар л даа. Үнэхээр сэтгэл дундуур байгаа. Хүссэн зүйлдээ хүрэхийн тулд юуг ч, ямар ч зарчимгүйгээр, шууд хийчихдэг гэдгээ эрх баригчид харуулсан. Үнэхээр харамсалтай.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй хэмээж буй. Энэ тухайд юу хэлэх вэ. Танай байгууллагын хувьд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү ажиллаж ирсэн учраас байр суурь тань сонирхолтой санагдаж байна.
-Сонгуулийн тогтолцоог холимог болгосон тохиолдолд парламентын гишүүдийн тоог нэмэх нь үр дүнтэй байж магадгүй. Би Үндсэн хууль судлаач биш учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний харж буйгаар сонгуулийн тогтолцоо, парламентын гишүүдийн тоо хоёр хоорондоо шууд хамааралтай. УИХ-д гишүүдийг сонгох тогтолцоо, арга замыг нь өөрчлөөгүй байж тоог нь нэмээд ямар ч үр дүнгүй. Цаашлаад УИХ-ын гишүүдийн тоог зайлшгүй нэмэх ёстой гэсэн үндэслэлээ судалгаа, тооцоотойгоор тайлбарлан таниулж, иргэдийн дэмжлэгийг авсны дараа хийх ёстой ажил гэж харж байна. Парламентад төлөөллийг хэрхэн хангахыг тооцдог аргачлалууд байдаг юм билээ. Тэдгээрээс харвал Монголын иргэд, сонгуулийн насныхан болон УИХ-ын гишүүдийн тоо төлөөллийг хангахуйц хэмжээнд дүйцэхгүй байгааг судлаачид хэлдэг. Тухайлбал, УИХ 76 гишүүнтэй байгаа нь хэт цөөн учраас дураараа авирладаг, хуулийг цөөн хэдэн хүн баталж, нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой гэх мэтээр ярьдаг. Магадгүй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болбол зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог нэмье, сонгуулийн тогтолцоог өөрчилье гэсэн тодорхой зүйл ярина гэдгээ хатуу тогтох ёстой. Ингэхгүй бол Үндсэн хуулийг өөрчлөх үйл явц хаашаа ч эргэж мэднэ. Бүр үндсээр нь өөрчлөөд, Ерөнхийлөгчийг хаанаас сонгох вэ гэх мэтээр олон тийшээ үсчээд эхэлбэл зогсоож чадахгүй байх эрсдэлтэй.
-Хугацаа тулчихсан энэ үед сонгуулийн тогтолцоог өөрчилье, гишүүдийн тоог нэмье гээд олон чухал сэдвийг нэг дор яриад эхлэхээр эргэлзээ төрөх нь зайлшгүй болов уу. Гэхдээ өнөөгийн эрх баригчдадүлитгэх хандлага давамгайлаадбайх шиг.
-Ер нь бол тийм. Итгэл суларч байгааг нуугаад яах вэ. Гэхдээ Монголд парламентын ардчилал хамгийн чухал гэдэгт бат зогсоно. Хоёр их гүрний дунд оршдог, геополитикийн хувьд улс төрийн нөхцөл байдлыг нь хаашаа ч эргүүлж мэдэх мөнхийн эрсдэлтэй нүүр тулж байдгийн хувьд парламентын ардчиллаасаа ер ухарч болохгүй.
Тулгамдсан асуудлаа шийдье гэсэн чин хүсэл эрмэлзэл байгаа бол улстөрчид гэхээс илүүтэй судлаачид, иргэний нийгмийн байгууллагынхан гээд бүх талыг оролцуулан, бүтээлч хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлэх хэрэгтэй. Жишээ нь, сая болсон “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтад миний бие шүүмжлэлтэй хандаж байна. Уулзалт болно гэсэн зар байгаа ч яаж оролцох, бүртгүүлэх вэ гэдэг нь лав ойлгомжгүй байсан. Тэгсэн хэрнээ Төрийн ордны их танхимд тэр олон хүн яаж цугларсан нь тодорхойгүй, залуусын төлөөлөл тун цөөн байна лээ. Тиймээс ч залуусын ирээдүйг настай хүмүүс шийдэхгүй гэж хэлээд шүүмжлүүлсэн. Гэхдээ л энэ үнэн шүү дээ. Чуулга уулзалт, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг нь гээд дандаа л иймэрхүү маягаар болдог. Оролцуулна гэж оромдож байгаа биз дээ. Иргэдийн олонх нь “тогтолцооны өөрчлөлт”-ийг шаардаж байна гээд, түүнийг нь дэмжиж байгаа хүмүүсийг олонх болгож танхимд авчраад, саналыг нь сонссон нэр зүүх нь оролцоог хангаж байгаа хэрэг биш. Төрийн ордонд цуглуулаад, микрофоны өмнө хэдэн минут яриулж байгаа нь ердөө л тайвшруулах арга хэмжээ юм. Ерөнхий сайдын өмнөөс хараад үгээ хэлчихэж байгаа болохоор тайвширч байна гэх үү дээ. Гэтэл хэлсэн үг, санал, санаачилга нь шийдвэрт яаж тусах вэ гэдэг нь туйлын тодорхойгүй үлддэг. Уг нь оролцоог хангах олон арга, хэлбэр бий шүү дээ. Нөгөө талаас залуучууд ирээдүйгээ бүтээхийн тулд өөрсдөө бодлогын түвшинд оролцох зайлшгүй шаардлага үүсэж байна.
-Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлд“Бодлогод залуусы нхяналт” ТББ-ынт өлөөлөл орсон шүүдээ.
-Зөвлөлдөх зөвлөлийн үүрэг нь санал асуулгын агуулгыг тодорхойлж, асуултыг нь боловсруулан, гарсан саналыг нь нэгтгэн санал, зөвлөмж гаргах явдал. Ийм чухал ажилд залуучууд, иргэний нийгмийн байгууллагынхны төлөөлөл болгон нэр дэвшүүлсэн юм. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн ч төлөөлөл болж буй. Зөвлөлийн бүрэлдэхүүнд цөөнх ч гэлээ зарчмын саналуудаа хэлж, гажуудуулахгүй, ил тод байлгах чиглэлд чадахаараа, хараат бусаар оролцоно гэдэгт итгэлтэй байгаа. Уг нь УИХ-ын түвшинд үг хэлэх, саналаа илэрхийлэх томоохон боломжийг Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль олгож буй учраас иргэд битгий хойш суугаасай. Магадгүй зөвлөлдөх санал асуулгад оролцохоор сонгогдвол идэвхтэй байж, саналаа хэлээрэй. Гэхдээ Зөвлөлдөх зөвлөлд манай байгууллагын төлөөлөл орлоо гээд эрх баригчдын бодлого, үйл ажиллагааг шүүмжлэхгүй гэсэн үг биш шүү дээ. Урьдын адил хяналт тавьж ажиллаж, ажиглан, бүх үйл явцыг иргэдэд ил тод болгох, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг зарчмын дагуу мөрдөж ажиллахыг шаардах болно. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд хоёр талын байр суурийг ижил сонсохоор заасан. Нэгэнт улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар зөвлөлдөнө гэж тогтоол баталсан учраас тэрийгээ л ярих ёстой. Түүнээс биш Үндсэн хуулийн талаар ярина гэж тогтоол батлаагүй учраас өөр тийшээ битгий чиглээсэй.
-Төгсгөлд нь тодруулъя. Улстөрийн намын тухай хуулийн шинэчлэлийн талаар та эхэнд дурдсан. Уг хуульд зайлшгүй байх ёстой зохицуулалтын талаар тодорхой нэрлэхгүй юү?
-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийх ёстой. Өдийд ажлын хэсгийнхэн төслөө ил болгоод, иргэдийн саналыг тусгаад явж байх учиртай. Гэвч энэ хуулийг шинэчлэн найруулж, дэвшилт заалтууд оруулах улс төрийн хүсэл зориг эрх барьж буй намд алга байх шиг. Зайлшгүй орох ёстой зохицуулалтууд бол санхүүжилтийн ил тод байдлын шаардлагыг өндөрсгөх ёстой. Мөн төрөөс санхүүжүүлэх, эсэхийг шийдэх, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгийн төлөөллийг хангах квотыг тусгах шаардлагатай. Түүнчлэн улс төрийн намын дотоод ардчиллыг бэхжүүлэх зохицуулалт тусгамаар байгаа юм. Энэ хуулиар улс төрийн намуудад тавих шаардлагыг өндөргөж, хариуцлагынтогтолцоо, ил тод байдлыг сайжруулснаар авлига буурах зэрэг олон эерэг өөрчлөлт нийгэмд гарах боломжтой.