-Морин хуурын чуулга Японд олон удаа аялан тоглосон байдаг. Энэ удаагийн аялан тоглолт таны хувьд хэд дэх нь вэ. Тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Ж.Уугантуяа: -Миний хувьд Морин хуурын чуулга байгуулагдсан цагаас нь эхлээд л 30 жил ажиллаж байна. Бүхий л сайхан үйл явдалд нь оролцож түүхийг нь бичилцэж яваадаа баярладаг. Японд бид аль ч улс орноос илүү олон удаа аялан тоглосон. Энэ удаагийн тоглолт миний хувьд бараг 20 дахь удаагийнх болсон байх. Эхний тоглолтуудад цөөхүүлээ яв сан байдаг. Анх 1997 онд Японы Токио, Осака, Кюүшюүгийн олон хотод манай чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтоо хийсэн. Ц.Батчулуун багшийнхаа удирдлагад, энэ аялан тоглолтыг зохион байгуулж буй Сато Норико гуайн төлөвлөсөн тоглолтуудад оролцож байлаа. Энэ удаагийн тоглолт үнэхээр л оргил нь байв. Манай хан ч энэ удаагийн тоглолтод олон сар бэлтгэ сэн. NHK-гийн тайзнаа тоглох мө рөө дөл манайхны хувьд өнө эртнийх гэж хэлж болохоор. Ер нь аялан тоглолт бүр өөр өө рийн онцлогтой байсан. Анхныхаа аялан тоглолтын үед буюу 1997 онд Сүмогийн ордонд тоглолтынхоо хувцастай очиж, монгол урлаг соёл, морин хуураа сурталчилж, бас тэнд барилдаж байсан Кёкүшюүзан Батбаярыгаа дэмжсэн. Япон үзэгчид ч биднийг сонирхож талархан угтаж байлаа. 2008 онд Эзэн хааны ордонд зочилж, ханхүүд тоглолтоо толилуулсан. Тэр үеийн ханхүү Японы эзэн хаан болчихоод, NHK-гийн тайзнаа толилуулсан энэ удаагийн тоглолтыг соёрхон үзсэн нь бидний хувьд бахархалт үйл явдал.
Ц.Бурмаа: -Морин хуурын чуулгынхантай би олон жилийн өмнөөс л нөхөрлөж байна. Зөвхөн Японд гэлтгүй, Монголд тоглоход нь ч бас тал талын оролцоотой явлаа. Морин хуурын чуулгын тоглолтуудыг Японд зохион байгуулж ирсэн Сато Норико гэх эрхэм хатагтайтай би 1990 оноос эхлэн холбогдсон хүн. Тийм болохоор түүний оролцоотой олон талын ажилд япон хэлний орчуулагчийн хувиар яалт ч үгүй татагдан оролцдог байв. Сато Норикогийн оролцоо, зуучлалаар анх 1991 онд Япон оронд очиж дуу хуураа толилуулсан нэрт дуучин Н.Норовбанзад, хөөмийч Д.Сундуй, морин хуурч И.Цогбадрах нарыг дагаж орчуулгыг нь хийж явлаа. Морин хуурын чуулгын энэ удаагийн аялан тоглолт миний хувьд найм дахь нь болж байна. Амжилттай сайхан тоглолтууд болж өндөрлөлөө.
М.Уламбадрах: -Сато эрхмийн тухай сонссон, мэддэг байсан ч нэлээд сүүлд нүүр тулан уулзаж, танилцсан. Манай япон хэлний багшийн нагац эгч байсан гэдгээр нь мэддэг болсон юм. Онгоцонд тааралдаад “Уучлаарай. Та Сато Норико юу, би Имада Хироюки багшийн шавь юм” хэмээтэл “Маргааш уулзая” гээд л танилцаж байлаа. Морин хуурын чуулгынхантай сая гурав дахь удаагаа явлаа. Өмнөх хоёртньбүтэн явж амжаагүй, бичлэг, нэвтрүүлэг хийж байсан. Энэ удаагийн буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Японы эзэн хаан, хатан үзэж сонирхлоо гэж тусулсынолон хэвлэл мэдээллээ. Хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ой, найрамдалт харилцааг тодотгосон чухал үйл явдал боллоо, энэ тоглолт.
Б.Мөнхтуяа: -Миний бие Сато Норико эрхмийн саналаар 2016 оны аялан тоглолтод анх орчуулагчаар ажиллах завшаан тохиосон юм. Энэ удаа хоёр дахиа орчуулагчаар ажиллалаа. Эрхэм Сато Нориког би бага сургуулийн сурагч байхаасаа мэднэ. Миний сурч байсан Өвөрхангай аймгийн “Мэргэд” хэмээх сургуулийг байгуулалцахад оролцсон эрхэм хүн билээ. Ахлах сургууль, их сургууль гээд намайг Японд суралцах хугацаанд ч бид холбоотой байж, Монгол Улстай холбоотой боловсролын, байгаль орчны, соёлын гээд ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах бүртээ намайг оролцуулж ирсний нэг нь Морин хуурын чуулгын аялан тоглолт юм. Энэ аялан тоглолт миний хувьд маш чухал үнэт зүйл. Нөгөөтээгүүр, залуу үеийн төлөөлөл болж өөрийн орны урлагийг Япон Улсад таниулахад гар бие оролцоно гэдэг нь бас том хувь тавилан.
-Орчуулагчийн хувьд япон үзэгчдээс сэтгэгдлийг нь сонсох тохиол байв уу?
Ц.Б: -Ер нь үзэгчид уудам талаар хурдлан өнгөрөх морьдын төвөргөөнтэй “Монгол аялгуу” ч юм уу, намуун зөөлөн уянгалаг “Сэтгэлийн эгшиг”, “Адажё”-г баясан, уяран хүлээж авдаг шиг санагдсан. Мэдээж NHK, Фүкүокагийн “Хаката” театрт найрал хөгжим, ятга, морин хуурын гоцлол концертыг анхааран сонсох мэргэжлийн үзэгчид олон байгаа харагдсан. Морин хуурын домгоос сэдэвлэсэн нэмэлт уншлагатай, хуурын аялгуунд хүүхэд, хөгшчүүл ихэд талархан алга ташиж байв. Дуурийн дуучин Б.Энхнаран, Б.Монголхүү нар “Төрсөн нутаг” хэмээх Японы алдартай дууг нэлээд цэвэр хэллэгээр дуулсан нь үзэгчдээс талархал хүлээлээ.
М.У: -Морин хуурын чуулгын тоглолт үзсэн япон хүмүүс ер нь сэтгэл хангалуун байдаг. Хэл, соёл өөр ч морин хуурын аялгууны хөг, хэмнэл таардаг юм шиг санагддаг.
Б.М: -Ямагүчи мужид тоглолт үзсэн япон эгч, дүү хоёроос сэтгэгдэл сонссон юм байна. “Анх удаа тоглолт үзлээ. Үнэнийг хэлэхэд хүлээлтээс дэндүү давсан мэргэжлийн тоглолт байлаа. Морин хуурыг хийл гэх мэт чавхдаст хөгжмөөс ялгаагүй гэж бодож байлаа. Гэхдээ үгээр илэрхийлэмгүй өөр мэдрэмж өглөө. Заавал Монголд очиж үзмээр байна” гэсэн нь намайг их баярлуулсан. Токио хотын “Jicom hall”-д миний танил хоёр монгол эрхэм ирж, тоглолт үзсэн юм. “NHK-д болсон тоглолтыг үзсэн. Одоо бас л үзэхээр ирлээ” гэж байсан. Тоглолт их таалагдсан хэрэг байх.
Ц.Б: -Манайхны 10 дахь өдрийнхөө тоглолтыг хийсэн Каваками тосгоны дарга Күрияма гуай “Токиод очиж NHK-д хийсэн тоглолтыг үзсэн. Одоо тосгондоо дахиад л үзэж байна. Манай энэ “Ямабүки” танхимыг байгуулаагүй байх тэртээ 1997 онд Морин хуурын чуулгынхан ирж, бидний гадаа зассан тайзан дээр тоглож байлаа. Хэдэн жилийн дараа энэ шинэ танхимыг ашиглалтад оруулах үеэр жаврыг нь үргээхээр ирж тоглосонд би туйлын баяртай, бахдалтай байдаг. Тиймээс энэ удаа би тэднийг “Дахин тавтай морилно уу” гэж угтлаа. Концертын арын хөшигт ч япон, монгол хэлээр энэ хэдэн үгээ бичсэн. Морин хуурын аялгуунд сэтгэл хөглөгддөг, уярдаг, урам зориг бадардаг. Манай Ёшино уулын нарсаар хийсэн морин хуур NHK-д, эзэн хааны өмнө дуурссанд сэтгэл өндөр, баяртай байгаа” гэж сэтгэгдлээ хэлснийг манайхан сонссон байх.
-Сэтгэгдэл гэснээс Изүмисано хотын Соёлын ордонд тоглолт дууссаны дараа нэг япон өвгөн суудлаасаа босчихоод олны дунд цурхиртал уйлаад байсныг миний таньдаг монгол сэтгүүлч надад ярьсан юм. Учрыг нь асуутал “Өндөр түвшний ийм сайхан тоглолтыг бидэнд үнэгүй үзүүлээд байхдаа яах вэ дээ” гээд улам чангаар уйлж байж. Хотын захиргааныхан нь зардлыг нь шийдээд, иргэддээ үнэгүй үзүүлчихсэн юм байна. Тэр өвгөн “Бид мөнгөө төлж энэ авьяастнуудыг дэмжих байсан шүү дээ” гээд уйлсан юм билээ.
Ц.Б: -Шизүока мужийн Яйзү хотод хийсэн тоглолтын үеэр монгол дээл, жанжин малгайтай нэг залуу уйлаад л, нулимсаа нударгаараа арчаад суусан гэж танхимд ажилласан манай зураглаач ярьж байсан. Тэр нь морин хуур тоглодог залуу гэсэн. Манайхны нэгэнд нь нэрийн хуудсаа өгсөн нь морин хуурын зурагтай юм билээ. Таван жил нутагтаа очиж чадаагүй гэж ярьсан байсан. Бидэнд үйлчилж байсан Изүмисано хотын захиргаанд ажилладаг Оюунгэрэл гэдэг бүсгүй “Сэтгэлийн эгшиг” аялгуу сонсонгуут нулимс аяндаа урссан гэж догдлон ярьж байлаа.
-Сүмогийн их аварга Какүрюү Ананд ч бас хоолой зангирч, огшиж, уярал бахархлын нулимстай үзлээ гэж миний нийтлэлд сэтгэгдлээ илэрхийлж байсан. Тэгэхээр япон, монголгүй л уярсан сайхан тоглолтууд болжээ дээ.
Ж.У: -Манай чуулгынхан олон оронд, олон ч алдартай сайхан тайзнаа тоглож, үзэгч, мэргэжилтнүүдээс нь өндөр үнэлэлт авч байлаа. Тэр улс орнуудын алдартай тайз шиг нь биш юм гэхэд бүр багахан шиг хот, тосгоных нь зиндааны тоглолтын тайзыг манай төр, засгийнхан Монголдоо бий болгоосой гэж бид мөрөөддөг юм. Та 1000 гаруй хүн амтай Каваками тосгоны Соёлын ордны тайзан дээр бидний тоглосныг харсан биз дээ. 300-гаад хүний суудалтай тэр танхимын тайз нь акустик маш сайтай, мэргэжлийн гэхээр байсан. Ядаж л тийм тайзыг бид мөрөөдөж байна. Улс орон байна даа, энэ зэргийн мөрөөдлийг минь биелүүлээд өгөөсэй. Үзэгч түмнээ, урлагт хайртай иргэдээ хүндлээд, тийм тайзтай, нэг сайхан ордон бариад өгөөсэй гэж хүсэж байна. Уг нь засаг, төрийн үүрэг юм шүү дээ. Дэлхийн өндөр тайзнаа гарч улс орныхоо нэр төр, монгол урлаг соёлоо хүргэх нь бидний үүрэг. Бид түүнийгээ биелүүлээд л байна.
Б.Энхнаран: -Би Морин хуурынхаа чуулгатай Японд хоёр дахь удаагаа аялан тоглоод байна. Мөн Санкт-Петербургийн Мариинский театрын тайзан дээр тоглоход нь хамт явж байлаа. Энэ удаагийн тоглолтын хувьд мэдээж NHK-гийнх оргил нь байв. Аялан тоглосон Японы бүх хотын тайз сайхан, дуулахад урамтай юм билээ. Токиогийн “Jicom hall” төвийн концертын тайз их таалагдлаа. Дууны шүүлт, хана таазны акустик үнэхээр гайхамшигтай. Дуугаралт маш цэвэр, би үнэхээр баярлаж бахархаж дууллаа. Өмнөх аялан тоглолтын үед ч ийм гайхамшигтай тайзан дээр дуулж, Бурмаа орчуулагчид сэтгэгдлээ илэрхийлж явсан юм. Уугантуяагийн мөрөөдөл ч бас минийхтэй адил. Монголдоо нэг тийм сайхан тайзтай, ордонтой болчихоод сэтгэл хангалуун дуулах сан гэж бодогддог.
-Энэ удаагийн тоглолтын бэлтгэл ажил өмнөхөөс арай л ялгаатай байв уу?
Ж.У: -Ер нь манай хамт олон аялан тоглолт, гадаадын тайз эзэгнэх талд бас ч туршлага хуримтлуулсан хүмүүс шүү дээ. Мэдээж энэ удаагийн тоглолт арай илүү бэлтгэл, өндөр хариуцлага шаардсан нь үнэн. Хоёр орны найрамдалт харилцааны томоохон ой, бас эзэн хаан, эрхэм дээдсүүд, манай улсын Ерөнхийлөгч үзэх тоглолт учраас бидэнд илүү их шаардлага тавигдаж байлаа. Тоглолтын бэлтгэл хангахад манай улсын Соёлын болон Гадаад харилцааны яамныхан дэмжлэг үзүүлсэн. Хөтөлбөр гаргахад ч санал, зөвлөгөө өгчбайв. NHK-д тоглоход бид ч, манай яам, Тамгын газрууд ч анхаарал хандуулж, тусламж дэмжлэг үзүүлж байлаа. Дотоод бэлтгэлээ хангахад манай чуулгынхан, хамт олон минь хангалттай сайн ажилласан даа.
Ц.Б: -Бэлтгэл ажил их эртнээс эхэлснийг би хоёр талд орчуулга хийж байсныхаа хувьд мэдэх юм. NHK-гийн танхим байнгын захиалгатай байдгаас түрээслэх өдрөө авахад ч хүндрэлтэй. Арай гэж жилийн өмнөөс захиалахад боломжтой өдөр нь арваннэгдүгээр сарын 30 болж таарсан. Түрээсийн гэрээ хийхдээ тал төлбөрийг нь өгч, захиалга баталгаажсан гэсэн. Үүний дараа л эзэн хааныг урих яриа гарч, Элчин сайд байсан Шимизү, Сато эрхэм нар бүхий л харилцаа холбоогоо ашиглан удаан хугацаанд бичиг цаас илгээж, уйгагүй хөөцөлдсөн гэх юм билээ. Эзэн хааны өргөөний Тамгын газраас хаан ирж үзэхийг зөвшөөрсөн албан захиаг Сато эрхмийн нэрээр ирүүлсэн нь тоглолт дөхсөн үед таарсан гэсэн. Ханхүү байхдаа Морин хуурын чуулгынхны тоглолтыг үзсэнээс хойш эзэн хаан 15 жилийн дараа тэдний тоглолтыг дахин үзэхээр боллоо гээд Сато эрхэм маш их баярласан. Ингээд л эзэн хаан, эрхэм дээд хатан, энэ үеэр Японд айлчилсан манай улсын Ерөнхийлөгч, гэргий нь, дагалдан явсан манай төр, засгийн өндөр албаныхан үзсэн сайхан тоглолт болж өндөрлөлөө. Хоёр улсын найрамдалт харилцааны 50 жилийн ойн баярын концерт гэх утгаар нь Японы талын зохион байгуулагч Сато Норико бүр гурван жилийн өмнөөс л япон нарсаар морин хуур урлуулах санаачилга гаргасан. Манай Морин хуурын чуулгыг нутагтаа хэдэнтээ тоглуулж, чуулгынхантай ойр дотно болсон, Японы Нара мужийн Каваками тосгоны дарга Күрияматай Сато эрхэм ярилцаж, тэдний нутгийн Ёшино уулын нарс модыг захиалсан юм билээ. Модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг эдний тосгоныхон ч морин хуур урлах хийцийг захиалснаар нь цаг хугацаанд нь бэлтгэж өгсөн гэдэг. 250 жилийн настай тэр япон нарсаа Сато Норико эрхэм бүр 2019 онд Монголд авчирч, хуур урладаг “Эгшиглэн” компанийн үйлдвэрт өгсөн. Тус компанийнхан ч хоёр хуурыг захиалсан хугацаанд нь, чанарын өндөр түвшинд хийж өгсөн байдаг. NHK-гийн тайзнаа тоглосны дараа нэг хуурыг нь чадвал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, хоёр орны найрамдалт харилцааны бэлгэдэл болгон Японы эзэн хаанд дурсгаж гардуулахаар манай Морин хуурын чуулгынхан, Японы талаас концерт зохион байгуулсан Сато Норико хатагтай нар төлөвлөсөн юм билээ. Харамсалтай нь, энэ удаа бүтсэнгүй. Концертын хөтөлбөрт Сато хатагтай өөрийн бас нэг санааг тусгуулсан. Монгол, Японы 11 настай хоёр хүүгийн хөгжмийн хоршил. Монголын Консерваторын сурагч, төгөлдөр хуурч А.Түшигт, Японы Хоофу хотын дунд сургуулийн сурагч, тру бач Ичи Хакүдэ нарын өсвөр үеийнхний хамсал бол Монгол, Японы найрамдалт харилцааны ирээдүйн бэлгэдэл гэж Сато эрхэм ярьж байсан. Үзэгчид ч тэдний тоглолтыг талархан хүлээн авлаа.
М.У: -Япон, монгол модоор урласан нэг хуураар нь чуулгын гоцлол хөгжимчин, морин хуурч Р.Амарбаяр NHK-гийн тайзан дээр ч, бас аялан тоглолтын туршид тоглосон. Концерт хөтлөгчид япон, монгол модоор урласан морин хуураар тоглож буйг зарлахад үзэгчид хаа сайгүй талархан хүлээж авлаа. Монгол, Японы харилцааны ирээдүй болсон авьяаслаг хоёр хүүгийн хоршлыг ч аялан тоглолтын туршид үзэгчид нижигнэсэн алга ташилтаар дэмжиж байв.
-Япон, монгол модоор урласан тэр хуураа эзэн хаанд дурсгал болгон гардуулж чадаагүй талаар би Р.Амаржаргал хуурчаас сонссон юм. Тоглолтын дараах эзэн хааны уулзалтад оролцоод ирсэн өдөр нь би түүнтэй уулзаж ярилцаад, хэвлэлд нийтлүүлж байлаа. “Уг нь гардуулна гэж ярьж байсан. Нарийн учрыг нь би мэдэхгүй. Манай удирдлагууд, Сато эрхмээс та асуухгүй юу” гэж тэр надад хариулж байв. Та нарын хэн нэг нь энэ асуултад хариулбал юу гэх бол?
Ц.Б: -50 жилийн энэ ойгоор NHK-д тоглох болзол хангагдвал нэг хуурыг нь эзэн хаанд бэлэглүүлэх, нөгөөг нь тоглолтод хөгжимдүүлэх бодолтойгоо Монголын Гадаад харилцааны яаманд ч, Токиогийн ЭСЯ-нд ч Сато хатагтай хэлж байсан гэсэн. Энэ төсөл бүтээгүй тухай би өмнө цухас дурдсан даа. Ерөнхийлөгч Монголоос авчирсан ширэн цартай хуураа эзэн хаанд бэлэглэсэн гэх юм билээ. “Тэр нь хэдий гоёмсог, сийлбэртэй, үнэтэй морин хуур байсан ч цаг хугацааны явцад шир нь агших юм уу, илүү арчилгаа шаардлагатай болох байх. Уг нь Нарагийн модоор хийсэн хуурыг бэлэглэсэн бол тийм хүндрэл гарахгүй. Тэгээд ч хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болж хааны ордонд үлдэх байсан юм” гэж Сато эрхэм харамсангуй ярьж байлаа. Миний бодлоор Монголын Гадаад харилцааны яам энэ тал дээр сайн анхаарсан сан бол...
М.У: -Тэр хуурыг эзэн хаанд ч юм уу, эсвэл хааны Тамгын албанд ч юм уу, хожмоо гардуулах тухай яриа Токиод байхад гарсан.
-Дээр ярьсан зарим асуудлаас анзаарахад харилцан ойлголцоогүй, хамтын ажиллагаанд бэрхшээл учруулсан асуудлууд ч гарч байжээ.
Ц.Б: -Хамгийн хүндрэлтэй нь талуудын ойлголцол, тохиролцоо тааруухан байлаа. Онгоцны тийзийн захиалгаас эхлээд л бэрхшээл тулгарч эхэлсэн. Соёлын яамны түшмэлүүд зөвхөн тоглолтод оролцох уран бүтээлчид, жүжигчид, мөн яамныхаа дагалдах албатуудынхаа тийзийг захиалчихаад, Японы талаас, Сато эрхмийн нэр өгсөн орчуулагч, кино зураглаач, хэвлэл мэдээллийнхэн, тэр байтугай NHK-гийн тоглолтод Морин хуурын чуулгынхныг ахлуулахаар тохиролцсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн тийзийг хүртэл захиалахгүй орхиж хүндрэл учруулж байв. Үүнээс болоод Сато Норикогийн санал болгосон групп хоёр хуваагдаж, өөр нислэгээр Токиод очин, тосох унаа, нэмэлт хүн хүчний асуудал тулгарсан. Буцахдаа ч мөн ялгаагүй. Онгоцны захиалгын өөрчлөлтөөс болж зочид буудалд нэмэлт мөнгө төлүүлэх, захиалгын өөрчлөлтийн нэмэлт торгуулийг хүн бүр нэмж МИАТ ХК-дтөлөх зэрэг үргүй зардал маш их гарсан байна лээ. Тэр бүхнийг Сато эрхэм л зохицуулж, төлсөн гэж харсан. Илүү үг хэлж байж ч магад. Токио, NHK-д хийсэн тоглолтын зардлын 40 гаруй хувь нь Монголын талаас орж ирсэн бололтой юм билээ. “Концертын танилцуулга товхимлын нүүр хуудсанд гол зохион байгуулагч гээд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яамны логог байрлуулсан. Дараагийн хуудсанд нь хоёр сайд мэндчилгээгээ дэвшүүлснээс харахад концертыг Монголын тал буюу Монголын Засгийн газар зохион байгуулж буй мэт. Энэ үүднээс нь үзэхэд төлбөр тооцоо арай өөр баймаар санагдах юм” гэж Сато Норико гуай надтай Токиогоос ярьсан шүү.
Б.М: -Бид ямар ч салбарт олон улстай хамтран ажиллахдаа амлалтдаа хүрдэг, гэрээний үүргээ биелүүлдэг соёлтой байх хэрэгтэй. Миний бие санхүүгийн мэргэжилтэй хүний хувьд өндөр өртөгтэй Япон Улсад 50-60 хүний бүрэлдэхүүнтэй аялан тоглолт зохион байгуулах нь тийм ч амаргүйг алхам тутамдаа мэдэрч байв. Сургуулийн хүүхдүүдэд, мөн хоёр ч сүмд сайн санааны тоглолт энэ удаа зохион байгуулна лээ. Сайн сайхан үйл явдлуудтай, бас сургамж авахаар зүйлс олонтой аялан тоглолт болж өндөрлөлөө.
-Ярилцлагаа өөдрөг мэдээллээр өндөрлөмөөр байна. Он дуусах торгон мөчид Морин хуурын хоёр хөгжимчин Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ. NHK-гийн тайзан дээр, бусад муж хотод тоглосон концертуудад гоцлон хөгжимдөж, үзэгч олны талархлыг зүй ёсоор хүлээж байсан даа тэд.
Ц.Б: -Тийм шүү, оны сүүлийн өдөр морин хуурч Р.Амарбаяр, ятга хөгжимчин О.Мөнхтогтох нар Монгол Улсын Гавьяат жүжигчинцол хүртэж, бид хамтдаа баярлаж, багаараа тэдэндээ баяр хүргэсэн. Морин хуурынхны минь хүртэх алдар гавьяа үүгээр дуусахгүй ээ. Морин хуурын хувь заяа их шүү гэх өөдрөг яриа хөөрөө тэнд үргэлжилж байлаа. Цэцгийн баглаа, оргилуун дарстай сайхан өдөр байсан.
Бэлтгэсэн Д.Цэдэн-иш