-Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааг Улаанбаатар хот болон Өмнөговь, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар аймагт хийжээ. Эдгээр аймгийг ямар шалгуур үзүүлэлтээр сонгов. Судалгааны ач холбогдлыг та хэрхэн тайлбарлах вэ?
-Монгол Улс хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай 182, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенцод нэгдсэн байдаг. Манай улс үндэсний хууль тогтоомж, үйл ажиллагаагаа эдгээр конвенцод нийцүүлэх үүрэг хүлээсэн юм. Бидний судалгааны эхний зорилго бол үндэсний хууль тогтоомж, бодлогын баримт бичиг нь дээрх конвенцуудад нийцэж байгаа, эсэхийг тодорхойлох байлаа. Дараагийнх нь аль салбарт хүүхдүүд хөдөлмөр их эрхэлж байгааг тодорхойлж, түүндээ тулгуурлан насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт гаргахыг зорьсон юм. Мөн хүүхэд эрхэлж болох хөнгөн ажлын жагсаалт, хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлох санал боловсруулах зорилготой. Үүний хүрээнд бүсчилсэн байдлаар буюу зүүн, баруун, хангай, говийн аймгуудын төлөөлөл болон нийслэлийг сонгосон. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нь амьдарч байгаа бүс, мөн үйл ажиллагааны салбараас хамаардаг, эсэхийг судлахаар ийнхүү сонгосон гэж ойлгож болно. Европын Холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас бидний ажилд дэмжлэг үзүүлж, Эрчүүд, гэр бүл, хүүхэд, хөгжлийн нийгэмлэгийн хуульч, судлаачдаар багаа бүрдүүлсэн.
-Судалгаанд 2175 оролцогчийг хамруулсан юм билээ. Ер нь улсын хэмжээнд хэдэн хүүхэд хөдөлмөр эрхэлж байна вэ. Тэдний хэд нь тэвчишгүй, хүнд хөдөлмөр эрхэлдэг талаарх тоо, судалгаа бий юү?
-Энэ талаарх тоон мэдээллүүд зөрүүтэй байдаг. Жишээ нь, Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос 2018 оны байдлаар 93 000 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг гэсэн мэдээлэл өгсөн. Олон улсын хөдөлмөрийн байгууллагынхан 2020 оны байдлаар 56 000 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэсэн тоо гаргажээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэдээллийн санд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бүртгэж эхэлсэн юм билээ. Гэсэн ч мэдээлэл цуглуулах нэгдсэн шалгуур, аргачлалаа тодорхой болгож, хууль тогтоомжид заасан насны ангиллаар бүртгэх шаардлагатайг судалгаанд дурдсан. ҮСХ-ноос хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг үндэсний хэмжээнд гүйцэтгэж буйгаа мэдээллээ. Уг судалгааны үр дүн гарахаар нэгдсэн мэдээллийн сан бүрдэж, хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлд ахиц гарах учиртай. Манай байгууллагаас захиалж хийлгэсэн судалгаа бол хүүхдийн хөдөлмөрийн чанарынх гэдгээрээ онцлогтой. Судалгаанд хамруулсан 2175 оролцогчийн 1700 орчим нь хүүхэд, үлдсэн хувь нь эцэг, эх, аж ахуй эрхлэгч, байгууллага, аж ахуйн нэгжийн захирал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтан, хүүхдийн байцаагч, цагдаагийн алба хаагч, уяач, багш, нийгмийн ажилтан зэрэг насанд хүрсэн хүн байлаа. Судалгааны ярилцлагад 100 орчим хүүхдийг оролцуулсан.
-Хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл 2012 оныхоос хэрхэн өөрчлөгдсөн бэ. Судалгааны үр дүнгийн талаар товч мэдээлэл өгнө үү?
-Хууль тогтоомжийн зохицуулалтын хувьд ахиц гарч, сайжирсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн, Хүүхэд хамгааллын, Зөрчлийн тухай зэрэг холбогдох хууль тогтоомжид хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг хориглохоор тусгасан. Мөн хүүхдийн ажил хийх насны доод хязгаар, хөдөлмөрийн нөхцөл, эрх зүйн байдлыг тодорхойлж, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгасан байдаг. Түүнчлэн 2016-2021 онд Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах үндэсний хөтөлбөр баталж, улсын хэмжээнд хэрэгжүүллээ. Гэсэн ч хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлж чаддаггүй хэвээрээ. Ялангуяа хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдлыг цаг алдахгүй илрүүлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх тогтолцоо бүрэн ажиллаж чадахгүй байгаа. Бас зарим хууль тогтоомжийн зүйл заалтыг илүү оновчтой болгон, нарийвчлах хэрэгцээ ч бий. Тухайлбал, циркийн үзүүлбэр, уран нугаралт зэрэг урлагийн тоглолтод оролцдог хүүхдийн ажлын байрны нөхцөлийг тодорхойлох ёстой. Эрүүгийн хуулийн 16.10.1 дэх хэсгийн “Хүүхдээр аюултай ажил, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн” бол гэсэн заалтаас “зориуд” гэдгийг хасах шаардлага бий. Мөн хурдан морь унах хүүхдийн эцэг, эх буюу асран хамгаалагчтай уяач заавал гэрээ байгуулахаар зохицуулах хэрэгтэй.
Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, өрхийн амьжиргааны түвшинтэй шууд холбогддог. Судалгааны багийн дүгнэлтээс харахад, хөдөө аж ахуй, мал аж ахуй, барилга, худалдаа, үйлчилгээ, өрхийн үйлдвэрлэлд хүүхдүүд хөдөлмөр эрхлэх нь түгээмэл. Ялангуяа хурдан морь унадаг хүүхдүүдийн эрхийг хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Бас хуульд зааснаар 13 нас хүрсэн бол хүүхдүүд хөдөлмөр эрхэлж болно, ингэхдээ ёс суртахуун, бие бялдартаа тохирсон ажлыг эрүүл, аюулгүй нөхцөлд хийх ёстойг олон нийтэд ойлгуулах нь чухал. Судалгааны багийнхан очоод ярилцлага авъя гэхэд аж ахуйн нэгжүүд мэдээлэл өгөхөөс цааргалж байв. Яагаад гэвэл тэд хүүхэд хөдөлмөр эрхлэхийг хориглодог гэсэн нийтлэг ойлголттой. Мөн эцэг, эх, асран хамгаалагчид ч ялгаагүй. Үүнээс болоод бодит байдлыг нуудаг, улмаар хүүхэд хохирох эрсдэл их байна. Тиймээс хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль, журам, зохицуулалтыг аж ахуйн нэгж, эцэг, эх, асран хамгаалагчдад, бас хүүхдүүдэд өөрсдөд нь сайн таниулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг судалгааны бага гаргалаа.
-Хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч тэдгээрийг таниулан сурталчлах үйл ажиллагаа огт хийгээгүй гэсэн үг байх нь ээ?
-Мэдлэг, ойлголт тааруугаас л хүүхэд хөдөлмөрийн гэрээ хийлгүйгээр хүнд, хортой нөхцөлд ажиллан, бас цалин хөлсөө авч чадахгүйд хүрдэг. Хөдөлмөрийн тухай хуулиар бол 13-15 насны хүүхэд журмаар тодорхойлсон хөнгөн ажлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэй эрхэлж болно. 15-18 насны хүүхэд хөдөлмөр эрхлэх бол хууль ёсны төлөөлөгч, ажил олгогч, хүүхэд хөдөлмөрийн гурвалсан гэрээ байгуулах ёстой. Насанд хүрээгүй хүнийг ажиллуулж байгаа бол зургаан сар тутамд ажил олгогч зардлыг нь төлж, эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Хэрэв хүүхдийг илүү цагаар, шөнө ажиллуулсан бол, эсхүл зөвшөөрөгдсөнөөс илүү хүнд ачаа өргөж зөөлгөсөн бол ажил олгогч нөхөн төлбөр төлж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээдэг. Хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгаа ажил олгогч хөдөлмөрийн хяналтын төрийн байгууллагад 10 хоногийн дотор мэдэгдэх үүрэг хүлээх зохицуулалт бий.
-Судалгааны нэг онцлог нь хүүхэд гэрийн ажилд хэрхэн оролцож байгааг тодорхойлсон явдал гэж харсан. Үүнийг судлахын ач холбогдол юу вэ. Эцэг, эх, асран хамгаалагчдын олонх нь хүүхэд гэрийн ажилд оролцох нь хэвийн зүйл гэж тайлбарлах байх.
-Хүүхэд гэрийн ажил, өрхийн үйлдвэрлэлд оролцох нь тухайн айлын амьжиргааны түвшинтэй шууд холбоотой байна. Өөрөөр хэлбэл, ам бүл хэдүүлээ амьдардаг, асаргаа шаардлагатай хүн хамт байдаг уу, олон дүүтэй юү гэдэг нь нөлөөлдөг. Өрхийн үйлдвэрлэлд ч, гэрийн ажилд ч 15-17 насны хүүхдүүд хамгийн олон цагаар оролцдог гэсэн дүн гарлаа. Ихэнхдээ хүнс, барааны дэлгүүрт худалдагчаар ажиллах, гар урлалын бүтээгдэхүүн хийх, хувцас засвар, оёдолд оролцох, хүнс, модон эдлэл үйлдвэрлэх, ногоо тарих, хураах, бараа, бүтээгдэхүүн зарах, зөөх, хүргэх зэрэг ажлыг ямар нэгэн цалин хөлсгүйгээр эрхэлдэг. Түүнчлэн 5-11 насныхан ч өдөрт ес болон түүнээс илүү цагийг гэрийн ажилд зарцуулж байна. Энэ нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэж судлаачид дүгнэлээ.
-Хүүхэд гэрийн ажилд ойролцоогоор хэдэн цаг зарцуулах ёстой вэ. Олон улсад үүнийг зохицуулсан дүрэм, журам байдаг юм уу?
-Олон улсын зөвлөмж бий. НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хүүхдийн гэрийн ажилд оролцох цагийн хязгаарыг 2020 онд тодорхойлсон байдаг. Тодруулбал, хүүхдийн насыг 5-11, 12-14, 15-17 гэж ангилаад, эдийн засгийн үйл ажиллагаа болон гэрийн ажилд оролцох цагийн хязгаарыг заасан юм. Бага, дунд насны хүүхдүүд гэрийн ажилд өдөрт гурван цаг зарцуулах ёстой. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд цагийн хязгаар тавиагүй. Ер нь хүүхдэд ажлын дадал, дүй, бие даах чадвар олгох зорилгоор гэрийн ажилд оролцуулж болно. Гэхдээ энэ нь хүүхдийн сурч боловсрох, хөгжих боломжийг хязгаарлахгүй, саад учруулахгүй байх ёстой. Тиймээс цагийн хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж олон улсад үздэг. Бид судалгааны үр дүнд тулгуурлан саналаа боловсруулж, хариуцсан яам, төрийн байгууллагуудад танилцуулсан. Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2022 онд 122 дугаар тушаал гаргаж, Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг баталлаа. Мөн 123 дугаар тушаалын хавсралтаар 13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг журамласан. Уг журамд зааснаар хичээлтэй үед хүүхэд гэр ахуйн ажилд өдөрт нэг, долоо хоногт таван цаг зарцуулж болно. Харин амралтын хугацаанд өдөрт хоёр, долоо хоногт найм хүртэл цаг зарцуулж болохоор заасан нь эрх зүйн хувьд ахиц дэвшил гэж харж байна.
-Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад юу юуг багтаасан бол?
-Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг өмнө нь 2016 онд баталсан байдаг. Үүнд зөвхөн ажлын байруудыг нэрлэсэн. Харин энэ удаа ажлын байрыг жагсааснаас гадна хүүхэд эрхэлж болохгүй хөдөлмөрийн шинж чанар, нөхцөлийг тусгаснаараа илүү өргөн хүрээтэй, шинэлэг байлаа. Тодруулбал, хүүхдийн аюулгүй байдал, биеийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, ёс суртахуунд нь сөрөг нөлөөтэй, мөлжлөгийн хэлбэртэй хөдөлмөр эрхлүүлж болохгүйг заасан. Түүнчлэн албадлага, хүч хэрэглэсэн, хүчирхийлэлд өртөх магадлалтай, хорт бодис, физик, биологи, эргономикийн эрсдэлтэй ажил хийлгэж болохгүй. Уг журамд 14 салбарын 96 төрлийн ажил, мэргэжлийг хүүхдээр хийлгэхийг хориглосон юм. Жишээ нь, газар хагалах, ургац хураах ажлыг механикжсан өөрөө явагч тоног төхөөрөмжөөр гүйцэтгэх, барилга буулгах, нураах, үнэт металл гар аргаар олборлох, ачаа өргөж зөөх, өвлийн улиралд морины уралдаанд оролцох, тоосго цохих, арьс, шир идээлэх, хатаах, тамхи, архи, пиво, ундааны үйлдвэрлэлд ажиллуулах зэргийг хориглохоор тусгалаа. Мөн эрсдэл өндөртэй найман төрлийн 36 ажил, мэргэжлийн шинж чанарыг нь харгалзан хүүхдээр хийлгэхийг хориглохоор заасан. Жишээлбэл, хавдар үүсгэх эрсдэлтэй, их дуу чимээтэй нөхцөлд, газрын түвшнээс хоёр метрээс өндөрт хүүхэд ажиллах ёсгүй. Энэ жагсаалт, журмыг боловсруулахдаа Олон улсын хөдөлмөрийн байгууллагын экспертүүдийг ажиллуулж, ХЭҮК, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, иргэний нийгмийн, мэргэжлийн хяналтын байгууллагуудтай зөвлөлдөж, олон талын оролцоог хангасан юм. Мөн зөвхөн жагсаалт өөрчлөх байдлаар хандаагүй, судалгааны үр дүнд тулгуурлан агуулгын хувьд шинэчлэн журамласнаараа онцлогтой.
-Гэрийн ажилд юуг оруулах талаар нарийвчлан тусгасан уу?
-Аяга, таваг, шал угаах, гэр бүлийн гишүүнээ асрах, гэрээ цэвэрлэх, хоол, цай бэлтгэх, хэрэгцээт зүйлс худалдаж авах, усанд явах, түлш бэлтгэх, хувцас угаах, индүүдэх зэргийг үүнд хамааруулан ойлгож болно. Харин журамд нарийвчлан тусгаагүй.
-Хөдөлмөрийн чанарын судалгаанд оролцогчдоос хэд нь гэрийн ажилд стандартаас давсан хугацааг зарцуулж байсан бол?
-Судалгаанд оролцсон хүүхдийн 80 орчим хувь нь 6-8 насандаа гэрийн ажил хийж эхэлдэг гэжээ. Мөн 56 хувь нь өдөр тутам гэрийнхээ ажилд оролцдог гэсэн байна. Гэрийн ажилд 7-8 цаг зарцуулдаг хүүхдүүдийн 90, есөн цаг зарцуулдаг хүүхдүүдийн 80 хувь нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, 15-17 насны охид байх жишээтэй.
-Гэрийн ажилд хэтэрхий их хугацаа зарцуулаад байгаагаа хүүхэд ээж, аав, асран хамгаалагчдаа хэллээ гэж бодъё. Гэтэл манай уламжлалт хандлага, ойлголттой холбоотойгоор олонх эцэг, эх үүнийг ойлгохгүй байх. Ийм тохиолдолд яах ёстой вэ?
-Ийм асуудлыг танин илрүүлэх, арга хэмжээ авах боломжтой хүмүүс нь багш, нийгмийн ажилтан. Мэдээж багш дангаараа асуудлыг шийдэж чадахгүй учраас холбогдох байгууллагын бусад ажилтан, хүүхдийн байцаагч, хөдөлмөрийн хяналтын байцаагчтай хамтран ажиллах учиртай. Эдгээр байцаагч чиг үүргийн дагуу хяналт тавьж, хариу арга хэмжээ авах ёстой.
-Хүүхэд хөдөлмөр эрхлэх явцад эрх нь зөрчигдлөө гэхэд илрүүлэх, арга хэмжээ авах хяналтын тогтолцоо манайд хэр сайн бүрдсэн бол?
-Хяналтын тогтолцоонд асуудал бий. Нэгдүгээрт, өмнө дурдсанаар улсын хэмжээнд мэдээллийн бааз, сан бүрдээгүй. Хоёрдугаарт, хяналт тавьж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд харилцан уялдаатай ажиллах хэрэгтэй байна. Жишээ нь, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хөдөлмөрийн хяналтын, цагдаагийн, иргэний нийгмийн байгууллага гээд оролцогч бүх тал ажлаа уялдуулах ёстой. Нөөцөө зөв төлөвлөж, хуваарилж байж л эрсдэлт бүлэг рүүгээ чиглэсэн, оновчтой үйл ажиллагаа явуулж, зөрчлийг цаг тухайд нь илрүүлэн, таслан зогсоож чадах юм.
-Манай улс хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулсан журамтай боллоо. Цаашид юу хийхээр төлөвлөв?
-Дээр хэлсэн хяналтын тогтолцоог сайжруулж, үр дүнтэй арга хэмжээг цаг алдахгүй авдаг болох ёстой. Суурь мэдээллийн бааз нь сайн бол цагдаа, хөдөлмөрийн хяналтын болон хүүхдийн байцаагч, багш, иргэний нийгмийн байгууллага гээд үүрэг хүлээгч нар хяналтаа тавиад, шуурхай арга хэмжээ авах боломжтой. Дараагийн нэг зүйл нь хурдан морь унадаг хүүхдүүдийн эрх зөрчигдсөн, эсэхийг олон нийтийн оролцоотой хянадаг болох шаардлагатай. Үүнийг зөвхөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хариуцах ажил гэж үзэх нь өрөөсгөл. Судалгааны ярилцлагын хүрээнд багш, нийгмийн ажилтнуудтай уулзахад аль хүүхэд бусдын морийг унаж уралддаг, тэр нь сурлага, хүмүүжилд нь яаж нөлөөлдгийг маш сайн мэдэж байна. Зарим багш хүүхдийн хичээлийг тасалдуулахгүйн тулд араас нь хөөцөлдөж, морь унуулах гэсэн хүмүүстэй нь муудалцсанаа ч дурдсан. Тиймээс ХЭҮК-оос энэ жил үүрэг хүлээгч төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, бүх талын оролцоотой хяналтыг сайжруулах, хариу арга хэмжээ авах тогтолцоо бүрдүүлэх үйл ажиллагааг дэмжинэ. Үүний хүрээнд үүрэг хүлээгч байгууллагынхантай уулзаж, судалгааны үр дүнг ажил хэрэг болгон, хууль тогтоомжийг таниулахаар төлөвлөсөн.
-Судалгааны үр дүнд ХЭҮК-оос холбогдох байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлсэн үү?
-Хууль, эрх зүйн орчныг сайжруулах 16, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, аюултай хэлбэрийг хориглох, устгах талаар 15, хурдан морь унадаг хүүхдийн хөдөлмөртэй холбоотой ес, нийт 40 санал, зөвлөмжийг судалгааны тайланд тусгалаа. ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 21 дэх илтгэлдээ хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг дэд сэдэв болгон оруулсан юм. Уг илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 49 дүгээр тогтоолыг УИХ-аас 2022 онд гаргасан. Үүнд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй бүх хэлбэрийг устгах бодлого, үнэлэх шалгуур үзүүлэлт, хэрэгжилтийг хянах тогтолцоо бий болгох, шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхээр тусгалаа. Мөн уралдаанч хүүхдийг сургуулиас завсардуулсан уяач, эцэг, эх, асран хамгаалагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий болгох, өвлийн улиралд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулж, хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох, хянах эрх зүйн зохицуулалт бий болгохоор заасан. Эдгээрээс гадна хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэглэлийн стандартыг өөрчлөхөөр тусгаснаараа ач холбогдолтой. Засгийн газраас эдгээрийг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгох, үр дүнд хүргэх нь чухал.
Бэлтгэсэн М.Оч