-“Холын хүнээс үг дуул” гэдэг. Асуулт олон байна. Та хэзээ соёлын элч болсон бэ?
-Гадаад харилцааны яамнаас одоогоос 10 гаруй жилийн өмнө орон, оронд, амьдарч буй улсдаа үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг, чадвартай хүмүүсийг Монгол Улсын соёлын элчээр өргөмжлөн томилох шийдвэр гаргасан. 2014 онд Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас надад “Соёлын элч болно уу” гэсэн санал тавихад нь баяртайгаар хүлээж аваад, дараа жил нь өргөмжлөгдсөн. Би тав дахь соёлын элч. Өмнө нь Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, Хакүхо М.Даваажаргал, олимпын аварга Н.Түвшинбаяр, дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нарыг өргөмжилсөн байв. Соёлын менежерүүдээс намайг анхлан элчээртомилсон юм билээ. Одоо бол соёлын элч 40 гаруйдхүрсэн.
-Та Англид хэзээнээс амьдарч байна вэ?
-1998 оноос хойшамьдарч байна. Анх дипломат судлалаар магистрын зэрэг хамгаалахаар очсон юм. Зорьсон хэргээ бүтээсэн.
-Соёлын менежер, зүтгэлтэн болох замаа хэзээнээс тавив?
-Дипломат судлал дундаа соёлын харилцааг илүүтэй сонирхож ирсэн. Би Булган аймагт дунд сургууль төгссөн. Сурагч байхад дуу хөгжмийн хичээлийн багш Батсайхан бидэнд сонгодог хөгжим байнга сонсгож, дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийн талаар, намтар, түүхээс нь ярьж өгдөг байсан юм. Тэр үеэс улс орнууд, хүмүүс, улмаар соёлын тухай сонирхож эхэлсэн юм билээ. Хүүхэд болохоор өөрийгөө төдийлөн анзаардаггүй байжээ. Яваандаа гадаад хэл сонирхсоор, тухайн үеийн Гадаад хэлний дээд сургуульд элсэж байлаа. Оюутан байхдаа “Эрмитажийн үзмэрүүд” сэдвээр оросоор задлан бичих ажил их хийж байсанминьнөлөөлсөнүү, уран зурагт дуртай болчихсон. Яван явсаар гадаад хэл, соёл, дипломат харилцаа судлаач мэргэжилтэй болсон. Хүн бага наснаас дурласан зүйлдээ зүрх сэтгэлээсээ хайртай болдог, хэзээ ч салдаггүйг ойлгосон.
-Зүрх сэтгэлээ өгсөн мэргэжил тань өгөөж хэр өгсөн бол?
-Магистр хамгаалсныхаа дараа, оюутан байхдаа хагас цагаар ажилладаг байсан орчуулгын товчоондоо уригдсан юм. Засгийн газартаа орчуулга хийдэг тэр байгууллагын бичгийн болон шүүхийн орчуулгын хэлтсийн даргаар нь тав, зургаан жил ажилласан. Удалгүй өөрөө хэл, соёлын чиглэлээрзөвлөгөө өгдөг аутсорсинг компани байгуулсан. Оргил үедээ буюу 2006, 2007 онд дэлхийн 200 гаруй хэл, аялгыг хамруулан, 2000-аад орчуулагч, редакторыг зохион байгуулан ажиллаж байлаа.
-Ямар олон юм бэ. Учрыг нь олох амаргүй байсан болов уу.
-Өмнө нь ажиллаж байсан болохоор туршлага хуримтлуулсан байлаа л даа. Компани байгуулахдаа би өөртөө нэг зорилго тавьсан юм. 1998 онд Англид очоод, тэнд Монголын талаарх ойлголт их муу гэдгийг мэдсэн. Хүмүүстэй уулзахад “Танайх Өвөр Монгол юм уу, Ар Монгол уу” гэж их асуудаг байлаа. Тэгэхэд нь “Монгол гэж тусгаар тогтносон улс байдаг шүү дээ” гэхэд толгой дохиод “Их л хол байх даа” гэдэг байв. Энэ нь хэлц үгтэй холбоотой. Англид хэн нэгэн хол явах гэж байгаа тухай өөрөөс нь сонсохдоо “Өө, чи гадаад Монгол руу явах гэж байгаа юм уу” гэж асуудаг. Эсвэл “Чи гадаад Монголоос ирсэн юм уу” гэж асуудаг. Одоо ингэж хэлэх нь багасаж байгаа ч жижиг хотуудын, тосгонд амьдардаг, үзэж харсан нь бага, мэдлэг, мэдээлэл дулимаг хүмүүс ингэж ярьдаг хэвээр. Тэгэхээр тухайн үндэстэнд монголчууд гэдэг нь маш хол, магадгүй ертөнцийн хязгаарт амьдардаг, бүдүүлэг ч юм уу хүмүүс байдаг гэсэн уламжлалт ойлголт амь бөхтэй байдаг юм шиг санагдсан. Монгол хүн болж төрснөөрөө, Монголоороо бахархдаг хүн чинь тэр үеэс тухайнулсад эхорноотаниулахын төлөө ажиллах ёстой юм байна гэж бодсон. Компанийнхаа ашгийн 20 хувийг Монгол Улсаа сурталчлахад зориулна гэж өөртөө амласан. Ингээд 2009 оноос гэр бүлээрээ улсаа сурталчлах арга хэмжээнүүд зохион байгуулж эхэлсэн дээ. Анхны ажил зураачдын үзэсгэлэн байлаа. Түүнээс хойш концертууд, кино үзүүлэх зэрэг олон төрлийн ажил хийсэн. Удалгүй Монголоос “Алтан ураг” хамтлагийн менежерээр ажиллаач гэсэн хүсэлт тавихаднь хүлээж авснаар хамтлагийг олон улсын хөгжмийн наадмуудад тоглуулах гэрээ, хэлэлцээрүүдийг хийдэг болсон. Тухайн үед “Алтан ураг” их нэр хүндтэй байсан юм. Аль хэдийн гадаадынорнуудад тоглоод эхэлчихсэн байсан болохоор ажиллахад амар байлаа. Би өөрийгөө их азтай гэж боддог. Яагаад гэхээр Монголынхоо шилдэг уран бүтээлчидтэй ажиллах завшаан тохиодог. Шилдгүүдийг танилцуулахад, ярихад амархан, урамтай байдаг. Манай улсын шилдэг хамтлаг, дуучин, зураач, дизайнер гэхэд сонссон хүмүүс өөрсдийнхөө шилдгүүдтэй дүйцүүлж ойлгодог. “Тамгагүй төр” бол манай улсын театрт тавигдсан шилдэг жүжиг гэхээр яг л өөрийнхөө, театрын шилдэг уран бүтээлүүдтэй нэг түвшинд авч үздэг. Тийм болохоор манайхан ч гэсэн шилдэг гэсэн үнэлгээнд тохирох стандартыг хангаж, хадгалж байх ёстой. “Алтан ураг”-ийн тухайд нэг бус чиглэлд хамтарч ажилласан. “Netflix”-ийн “Марко Поло” кинонд хөгжмийг нь ашиглуулах гэрээг хийж өгч байлаа. Энэ киноны анги бүр нь “Алтан ураг”-ийн хөгжмөөр төгсдөг юм.
-Гэрээ дэлхийн түвшнийх болж чадсан уу?
-Чадсан. Тийм болохоор тухайн хөгжим хаа нэгтээ эгшиглэх бүрийд уран бүтээлчдэд хувь очдогболсон. Мөн жил бүрийн зураачдын үзэсгэлэнг урлаг, соёлд ойр, ойлгодог иргэд, тухайлбал Холливудын болон Английн театр, киноны одод оршин суудаг дүүргүүдэд зохион байгуулж ирсэн. Зорилтот бүлэг хэн бэ гэдэгт их анхаардаг. Зүүн Лондонд ч юм уу гаргавал үзээд өнгөрөххүмүүс байна уу гэхээс цааш нь сонирхох нь ховор тул ажил үр дүнгүй болох талтай. Монголынхоо урлаг, соёлыг танилцуулж, сурталчлах бүрийдээ үзэж, сонссон хүмүүс манай улс руу аялаасай, эх оронтой минь танилцаасай, уран бүтээлчдийг үнэлээсэй, бүтээл туурвилаас нь авдаг байгаасай, шүтэн бишрэгчид нь болоосой гэж хүсдэг. 2009 онд зураачдын хамтарсан үзэсгэлэн гаргахад нэг үзэгч “Танайд мэргэжлийн уран бүтээлчид байдаг юм уу” гэж асуусан юм. Тэр хүн уран зураг цуглуулагч юм билээ. Удаа дараагийн үзэсгэлэнд ирснээр эцэст нь “Танай дараагийн үзэсгэлэн хэзээ вэ, Нурмаажавын зураг байгаа юу. Би авмаар байна” гэдэг болсон. Одоо бол манайхаас зохион байгуулсан арга хэмжээ болгоныг зорьж ирдэг 150-200 орчим хүнтэй.
-Тэд нэг ёсондоо мэдээллийг түгээгчид үү?
-Тэгж үзэж ч болно. Үзэсгэлэнгээ чанаржуулснаар экспонуудад оролцуулдаг болсон. Оксфорд хотод болдог нэр хүндтэй үзэсгэлэнд цар тахлаас өмнө дөрвөн жил дараалан оролцсон. Манай улсын Элчин сайдын яамныхан ирдэг, оролцдог уламжлалтай. Энэ нь бидний зохион байгуулдаг арга хэмжээнүүдийг хүлээн зөвшөөрдөг, итгэл хүлээлгэдэг болсны илрэл юм болов уу гэж бодож, талархдаг. Зөвхөн Монголын гэлтгүй гадаадын бусад орны уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг болохоор тэднийг ч гэсэн үзэсгэлэндээ оролцуулж, тэд Монголыг сонирхвол нааш нь илгээх, аялуулах ажлыг зохион байгуулдаг. Оксфордын энэ үзэсгэлэнд гурван жил дараалан оролцсоны дараа багаараа хоёрдугаар байр эзэлж, цом авч байлаа.
-Их өргөн хүрээнд ажилладаг юм байна.
-Зураач Д.Батбилэг гэдэг залуутай хамтарч ажилласнаа ярья гэж бодлоо. “Дэлхийн хөгжим” гэсэн чиглэлээр туурвисан бүтээлүүдээрээ Монголдоо үзэсгэлэн гаргасан даа. Тэр “Күин” хамтлагийн 40 жилийн ойд зориулж том хэмжээтэй дөрвөн хэсэг зураг бүтээсэн юм. Дээд хэсэгт нь контемпорари маягаар маш гоё энергитэй, хөдөлгөөнтэйгөөр зурж, доогуур нь хамтлагийн 40 жилийн түүхийн тухай дуу, хөгжим, аялал зэргээс нь сэдэвлэн өгүүлж бичсэн. Тэр зургийг “Күин”-ий шүтэн бишрэгчид болон хамтлагийн менежер, гишүүдэд үзүүлсэн. Зургийг таван жилийн хугацаанд хэрхэн бүтээсэн талаар гурван ч удаа илтгэл тавьсан. Мюзиклийн театрт удаан хугацаагаар байршуулж байлаа. Энэ бүхний дүнд “Күин”-ий сая сая шүтэн бишрэгч монгол зураачийн бүтээлийг үзэж сонирхсон.
-Одоо Ардын жүжигчин болоод буй баритон Э.Амартүвшинтэй та 2015 онд дуурийн дуулаачдын олон улсын “BBC Car¬diff singer” уралдаанд оролцох үеэр нь хамтарч ажилласан. Дуучныг тэр уралдаанд оролцуулсан уу?
-Үгүй ээ. Тэр үед BBC-гээс санал тавьснаар Э.Амартүвшинг дэмжиж хамтарсан юм. Харин 2016 онд “Festival of voice”-д оролцуулж, соёлын элчийн хувиар бие даасан тоглолтыг нь Англид зохион байгуулсан.
-Өнгөрсөн оны эхээр Английн эзэн хааны театрт дуурьт тоглохыг нь сонсоход сэтгэл хэр хөдлөв?
-Маш гоё байсан. Дуучны амжилтаар бахархахгүй байхын аргагүй. Хоёр ч удаа нулимс унагасан. Ховор боломж тохиосон тул дуучинтай ярилцаж байгаад монголчуудаа боломжийн үнээр үзүүлэх ажил зохион байгуулсан. Байгалиас заяасан авьяас, өгөгдөлтэйн сацуу маш их хөдөлмөрийн үрээр өөрөө өөрийгөө бүтээсэн уран бүтээлч шүү дээ. Түүнээс биш хэн нэгний дэмжлэг, эсвэл ямар нэгэн хүчний тусламжаар өндөр амжилтад хүрсэн юм биш. Кардиффт 14 хоног хамт ажиллахдаа ажилсаг, зорьсондоо хүрдэг, тууштай хүн юм гэдгийг ньмэдсэн.
-Одоо бас нэгэн ажил, төслийн талаар ярих уу. “Тамгагүй төр” жүжгийг Британид тоглуулах бэлтгэл ажлын явц ямар байгаа вэ?
-Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, Б.Баатар найруулагч физикл драм гэж тодотгон, шинээр тавьсан “Тамгагүй төр” жүжгийг Лондонд тоглуулах ажил урагштай байна. ГХЯ, Соёлын яам, Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яам, мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч танилуудаас энэ төсөл дээр ажиллаач гэсэн санал ирсэн юм. Жүжигчин А.Баярцэцэг бид хоёр ярилцаад, хамтран байгуулсан продакшныхаа хүрээнд цуг ажиллая, оролцъё гэсэн хариу өгсөн. Ингээд өнгөрсөн оны зургадугаар сараас “Тамгагүй төр” жүжгийг Лондонд тоглуулах ажил өрнүүлж байна. ЖүжгийгАнглид тавих продюсеруудыг манай баг сонгон шалгаруулалтаар шийдсэн бөгөөд тэд манай улсад ирж уг жүжгийг үзээд, “Ер нь болох юм байна. Тайз, гэрэл, дуу гээд засах юм их бий. Хамтраад янзлаад явна гэвэл хийе. Санаа, агуулга, Монголын түүх, соёлын өвийг олон талаар, археологийн олдворуудаар баталгаажуулсан байдлаар харуулсан зэрэг нь таалагдлаа” гэсэн хариу сонссон цагаас хойш ханцуй шамлаад орчихсон. Театрын эх орон Английн “Уэст энд” гэдэг, Америкийн Бродвей шиг, театрын дүүрэгт тавихын тулд уг жүжгийг барууны стандартад тохируулах шаардлага гарсан. Үүний тулд юуны өмнө зохиолыг англи хэлээрорчуулах, дараа нь түүндээрээажиллаххэрэг гарсан. Адаптейшн хийх гэдэг дээ. Ингэхдээ мэргэжлийн хүмүүстэй ажиллах саналыг найруулагчид тавьсан юм. Олон жилийн өмнөөс таних монгол судлаач, зохиолч, “Монголын эзэнт гүрэн”, “Чингис хаан”, “Хубилай хаан” зэрэг ном бичсэн Жон Маннаар зохиолыг орчуулуулъя гэдэг санал тавихад хүлээж авсан.
-Э.Содонтогосынорчуулгаар явуулж болохгүй байсан уу?
-Э.Содонтогосынорчуулснаар Монголд тоглох үед англи хэлтэй үзэгчид, зочид чихэвчээр сонсож, ойлгох боломжтой болсон юм билээ. Орчуулга ч аятайхан. Нэгэнт “Уэст энд”-д тавих гэдэг нь стандарт шаардах болж байгаа юм. Угбүтээлийгангличуудад үзүүлнэ. Тиймучраас монгол хүн шиг мэдэхгүй соёлын ойлголтуудыг англичуудяаж хүлээж авах вэ гэдэг талаас эх хэлээрээ ярьдаг хүнээр орчуулуулах нь зүйтэй гэж үзсэн. Жишээлбэл, үнэг хайчилж домнох тухай ойлголт англичуудад байхгүй. Тэгэхээр монгол соёл, өв, уламжлалыг ямар хэлбэрээр хүргэх тухайд адаптац хийх хүмүүстэй ярилцах хэрэг гарч байгаа юм. Ийм шаардлагын үүднээс найруулагч Б.Баатар нь зохиолч Б.Лхагвасүрэн гуайн шавь нар болон манай улсын нэрт зохиолчид, редакторуудтай хамтарч ажиллан янзалсан. Шинэчилсэн байдлаар Монголдоо гуравдугаар сард дахин тавина.
-Англи хэлээр үү?
-Тийм. “Уэст энд”-д тавих хувилбараар тоглоно гэсэн үг.
-Бэлтгэл сургуулилалт болох юм байна даа.
-Үнэн. Очиж сургуулилалт хийх болбол асар өндөр зардал гарна. Гол дүрийн долоогоос гадна бүжигчид, циркийнхэн гээд 70 уран бүтээлч, техникийн ажилтнууд, менежер, продюсерууд нийлэхээр 100-гаад хүний бүрэлдэхүүнтэй баг явах юм.
-Жүжигчид маш богино хугацаанд англиар ярьж тоглоход бэлэн болжээ.
-Бүр англи дуудлагаар ярьж сурч байгаа. Монголчууд гадаад хэл сурах авьяастай гэж ярьдаг. “Тамгагүй төр”-ийн уран бүтээлчдийн багийнхан үүнийгнотлон харуулж байна. Жүжигт дээдсийн буюу хатан хааны англи хэлээр ярих шаардлагагүй. Англи хэлний төв дуудлагаар ярихад болно. Мөн монголчууд учраас үг, хэллэгийг өөр өөрсдийнхөөрөө буюу хошигнож хэлэхэд монголиш маягаар хэлэхэд асуудал үүсэхгүй. Яагаад ч өөрчилж болохгүй язгуур чанар гэж бий. Энэ мэтийг хүлээж авах боловсролтой үзэгчид үзэх учраас айх юмгүй. Гэхдээ Англи бол театрын орон учраас энэ урлагт өндөр ач холбогдол өгч, тун хүндэтгэлтэй ханддаг тул хаанахын хэн, ямар жүжигтэй ирэх нь вэ гэж бараг л хүлээж байдаг. Тийм өндөр хүлээлтийг хайш яйш англи хэлээр ярьжжүжиглэнүргээж болохгүй. Энэ бол түрүүнд дурдсанстандартын шаардлагуудын нэг. Товч хэлэхэд, Монголын театрын урлагийн уран бүтээлчид театрын соёл өндөртэй англичуудаас “Тамгагүй төр” жүжгээрээ зохиол, найруулга, тайз, жүжигчдийн ур чадвар гээд бүхий л үзүүлэлтээр “Таван од” гэсэн үнэлгээ авахын төлөө хичээцгээж байна.
-Таны ажил аяндаа ундарч байдаг гэхээр юм.
-Тийм ээ. Монголчууд бидэнд гадаадынорнуудад улсаа сурталчлах, өв, соёлоо таниулах, Монголынхоо аялал жуулчлалын хөгжилд нэмэр болох гээд маш их ажил бий. Хийсэн ажлуудаа дүгнэж, хийхээ төлөвлөж байна. Бас нэг зорилт тавьсан. Докторын зэрэг горилох судалгааны ажил эхлүүлсэн.
-Сэдвийг нь сонирхож болох уу?
-Хийсэн ажлын туршлагадаа үндэслэн “Соёлын бүтээлч салбарынхны бүтээгдэхүүнийг Монгол Улсыг дэлхийд сурталчлахад ашиглах нь” сэдвээр судалгаагаа гүнзгийрүүлж байна.