Шугарын Лхагва Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул юм. Нас нь 70 гарсан түүний намтарт тэр бүр хүний туулаагүй зам, мөр цөөнгүй бий. Тэрбээр ах, эгч хоёроо дагаж зургаан настайдаа сургуулийн босгоор алхаж, 13-тай байхдаа модны үйлдвэрт мужаанаар ажиллаж байжээ. 1950 хэдэн онд хөдөө сумд зургаан настай хүүхэд сургуульд орно гэдэг ёстой “зүүдэнд оромгүй явдал” байлгүй яах вэ. Хүүхдийг зургаатайдаа сургуульд орохыг манай улсад хэдхэн жилийн өмнөөс албан ёсоор зөвшөөрсөн гээд бодоход. Ш.Лхагва ийм насандаа сурагч болсон Монголын анхны хүүхэд ч байж мэднэ. Тэр үед 14 настай “дэнхийсэн эр” нэгдүгээр ангид орж байсан гээд бод. “Мужаан” гэдгийн тухайд бол холбогдох байгууллагын даргын шийдвэрт л ийм “мэргэжилтэй” болгож бичсэнээс биш уг нь мод зүсэж банз бэлтгэлцдэг л байсан юм билээ.
Цаашдаа Лхагвааг дандаа дарга хийж байсан гэж хэлж болохоор. Ажил муутайгаас “ташуур” авсан Түнэл сумд ХЗЭ-ийн үүрийн даргаар очиж удирдах, хүнтэй ажиллах дөр суусан байна. Хүүхдүүдийг, долдугаар анги төгсөгчдөөс илгээлтээр малчин болгох хөдөлгөөн өрнөж байсан үетэй Лхагвагийн даргаар ажилласан цаг давхцав. Илгээлтийн эздийг бригад болгон зохион байгуулж, хадлан хадах, хашаа хороо бариулахаас эхлээд ажил их, залуучуудын байгууллагын дарга борви бохис хийх завгүй, морин дэл дээр л явах.
Жилд 30-40 тонн хадлан, хужир бэлтгэж малчдын сууриар тараана. Энэ бүхний хажуугаар урьд нь хүний хийгээгүйг хиймээр, шинэ соргог юм санаачилмаар адын бодол Лхагвад бас төрөөд байх. Энэ бодол түүнээс ер салаагүй бололтой байдаг. Бүрэнтогтох сумаас хээлтэй 10 тарвага аваачиж үржүүлэв. Хэдхэн жил өнгөрөхөд тарвага ч хааяагүй давхиж явах болж, Түнэлийнхэн тахал өвчин тараадаг амьтан гэж цэрвэлгүй, боодог хийгээд хүндтэй зоогны нэг гэцгээх болсон байна. Лхагвааг энд ажиллаж байхад “ташууртай” сумаас МХЗЭ-ийн XVI их хуралд нэг залуу төлөөлөгчөөр сонгогдож, аймгийн хөдөлмөрийн аварга хоёр ч төрөв.
Лхагва ажиллах, суралцах хоёрыг хослуулж, эчнээгээр Тосонцэнгэлд VII, Мөрөнд Х анги төгсөж, улмаар 1974-1976 онд Намын дээд сургуульд суралцав. Төгсөөд аймагтаа ажлаараа сүүл мушгиж явсан Төмөрбулаг сумд нарийн бичгийн даргаар 1980 он хүртэл ажиллалаа. Эндхийн хүмүүс гашуун нясуун юманд нэлээд хорхойсдог, үүнээс үүдээд хэрэг зөрчил их гардаг, төрийн байгууллагынхнь ажил хангалтгүй гэгдэж байжээ. Хоёр жил болоход гэмт хэрэг нь 80 хувиар буурав. Түүгээр ч барахгүй сумаараа таван жилийн гавшгайч болж, ажлаараа аймагтаа тэргүүн байрторлоо. Ийм амжилтад хүрэхэд Лхагва ҮЭ-ийн байгууллагын орон тооны бус даргаар хавсран ажилласан нь ихээхэн нөлөөлсөн аж.
Тухайн үед ажил урагшлуулдаг нэг гол хүч нь социалист уралдаан гэж үздэг байв. Үнэндээ ч их түлхэц болдог ажил байлаа. Энэ уралдааныг Лхагва энд чухам өрнүүлж өгчээ. Үзүүлэлт нь өндөр, дүгнэх зарчим нь хатуу шударга. “Ар, өврийн хаалга” гээч юм ч тэр үед байсангүй. Төмөрбулагт хийсэн ажил нь үнэлэгдэж аймгийн захиргаанд дэвшиж 1980-1985 онд сумд хариуцан ажиллажээ. Энэ үеэсээ “Ардын төр” сэтгүүл болон төв, орон нутгийн хэвлэлд мэдээ, сурвалжилга нийтлүүлж, идэвхтэн бичигч болж шагнал урамшуулал ч авч байлаа.
1985 онд Дархадын хотгорт Цагааннуур сумыг үүсгэн байгуулах ажилд Лхагва биечлэн оролцов. Энэ бол дархад, цаатнуудын нутаг. Дараа жил нь тус сумыг удирдах томилолт авч очлоо. Цаатаниргэдийг нийгэмшүүлэх шаардлага ид тавигдаж байсан цаг. Ойрхны ч гэлээ түүх сөхвөл уул тайгад бараг “зэрлэг” гэмээр аж төрж, Монгол, Тувагийн хооронд нүүж явсан цаатан хүмүүсийг Монгол Улсын иргэнээр бүртгэж, нэг улсын харьяалалтай болгон бөөгнүүлж, хамтын хөдөлмөр эрхлэх болгосон аж. Тэднийг сумын иргэдийн гүнд оруулна гэдэг хичээл зүтгэл шаардсан айхтар ажил байлаа. Амьжиргааны нь эх үүсвэр болсон цаа буга нь ядахдаа паразит өвчнөөр хорогдож их цөөрсөн байв. ХБНГУ-аас Монголд ажиллаж байсан мэргэжилтэн Тайнерийг сумдаа урьж аваачин “Ивомек” гэдэг тариа цаанд хийлгэсэн нь үр дүнгээ өгч 500 гаруйхан байсан энэ амьтан 1990 онд 1270 толгой болж, 1000 цааны баяр хийлээ. Цаачдын амьдрал ч өөд татагдаж, өнгө зүс нь сэхээд ирэв. МҮЭ-ийн Х, МАХН-ын XVlll их хуралд цаатнытөлөөлөгч оролцож, зарим нь Оросын Хар далайд амарч, 11 цаатан эмэгтэйг Улаанбаатарт зочлуулж, тухайн үеийн төр, засгийн удирдагч Ж.Батмөнхтэй уулзуулав. Цаатан найман залууг Тувагийн Багшийн дээд сургуульд суралцуулж, дотоодын их, дээд сургуульд 30-аад залууг оруулж, үндэстний цөөнхийн дотроос мэргэжилтэй ажилтан болгосон нь одоо хэр нь сумдаа ажиллаж, залгамж халаагаа бэлтгэж байна. Цаатан иргэдээ хилийн цаана үлдсэн ах, дүү нартай нь уулзуулах ажлыг бас сэдэж байв.
Лхагва ер нь шинийг эрэлхийлж, санаачилж, үүсгэж бий болгож, түүнийхээ үр шимийг олон түмэнд хүртээж явдаг хүн. Тус сумд булга үржүүлдэг байж. Ер нь түүнийг түшиглэж тусдаа сум байгуулсан ч гэж хэлэхэд болно. Лхагва нөгөө л санаачилга гаргадаг зангаараа Хэнтийн нуруу, Хөвсгөлийн тайгаас ойн булга барьж үржүүлэв. Жилд 1500 булганы арьс бэлтгэж гадаадад гаргана. ХБНГУ, ОХУ-д цааны цусан эвэр худалдана. Ингэж Цагааннуур Монголбанканд валютын данстай ганц сум болж байв. Булгыг нохойгоор хөөлгөж модонд гаргаад модноос буулгалгүй нохой манаад байж байхад нь буудаж агнана. Загасыг Архангайн Тэрхийн цагаан, Увсын Хар нуураас хүртэл бариулдаг байлаа. Ер нь Цагаан нуурынхан эртнээс загас агнаж байсан, “мэргэжлийн” гэхээр загасчидтай нутаг. Энд 1956 онд загасны аж ахуй байгуулсан байна. Хөвсгөлийн алдарт цагаан загасыг хүндтэй зочдод зоог болгохоор нийслэл рүү нисэх онгоцоор зөөдөг байв.
Лхагвааг очсоноос хойш Цагааннуурын туслах аж ахуй жилд 500 000-760 000 төгрөгийн ашиг олдог, өргүй сум болжээ. Лхагва 1990 онд 100 мянган төгрөг өвөртлөөд Өмнөговь аймгийг зорьж тэндээс 100 шахам тэмээ аваачжээ. Монголчууд говьд л өсгөж, үржүүлсээр, унаган нутаг нь говь л гэж үзсээр ирсэн тэмээг өмнийн хязгаараас умардын хангайд өсгөж үржүүлэхээр зориглов. Бид Сэлэнгэ аймаг долоон тэмээтэй юм гэнэ лээ гэж шоолох өнгөөр ярилцдаг байв шүү дээ. Хангай нутгийн хувьд Сэлэнгээс Хөвсгөлийг ялгах юун. Илүү ч хангай байж мэднэ. Тэмээ Монголын аль ч нутагт идээшиж үржинэ гэж Лхагва одоо чам бардам ярина. Харин уналга, ачилганд хэрэглэхийг нь илүүтэй бодсоноос дан ат авсан нь миний алдаа байсан хэмээн бас ний нуугүй хэлнэ лээ. Галт сумаас хувь хүнээс бор туулай авч үржүүлж, мах, арьсыг нь ашиглав. Энд үржүүлсэн намгийн минж гэдэг амьтны мах тарваганых шиг амттай. Махыг нь идэж, арьсаар нь минжин малгай хийж духдуулна. Энэ бүхнийг тухайн үед дээд газраас гаргасан махны нөөцийг нэмэгдүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд хийж байлаа. Таван хошуу малыг арван хошуу амьтан болгох бодол ч түүний толгойд байсан байж магадгүй.
Аль ч нутагт ажил сайтай, магтаал сайшаал сонссоор түүндээ эрдэж бардаж явдаг, баргийн хүний үгийг тоохоо байсан хүн цөөн ч гэсэн байдаг даа. Цагааннуурт ч ийм хүн хэд байх. Тэднийг нийтээр дайчлан хөдөлгөх ажилд хойрго хандаад байхаар нь Лхагва дарга торгож орхиж. Энэ арга хэмжээ олонхийн санаанд сүрхий нийцэж, “ийм л юм дутагдаад байсан юм” гэцгээж байлаа. Торгуулсан хүмүүсийн дундаас хожим нь Хөдөлмөрийн баатар болсон нэг нь “Намайг хүмүүжүүлсэн хүн энэ Лхагва” гэж хэлж байсан гэдэг.
Дархадын хотгорт Ш.Лхагва долоон жил ажиллав. Энд халх хүн даргын ажилд ер тогтдоггүй байж. Бөөрөнхий, эрс шийдвэр гаргаж чаддаггүй, дүлэгнэсэн хүнд дархадууд дургүй аж. Лхагвагийн түс тас араншин, зоримог шийдэмгий ажлын арга барил эдний таалалд их нийцдэг байжээ. Зөрүүд ч гэмээр зан гаргаж, хэлсэндээ хүрдэг, ам буцдаггүй байснаас нэр хоч өгөхдөө айхавтар дархадууд Лхагвааг “заазуур” гэх болсон байна. Намын дарга байсан түүний томилолтын хугацаа нь дуусахад сумын дарга болгосон нь Цагааннуурынхны хүсэлт байсан хэрэг. Уг нь намын даргаас сумын дарга болсон нь тушаал буурч байгаа ч сумыг нь, аж ахуйг нь хөтөлж, хөгжүүлж чадах хүнээ авч үлдэх гэсэн иргэдийн арга энэ байлаа. Ямар сайндаа л “Албан тушаал чинь багадаад байвал АИХ-ын депутат болгоод өгье” гээд 1990 онд Лхагвааг шинэ Үндсэн хууль хэлэлцэн батлуулахаар төр рүү илгээж байх вэ. Дараа жил нь Ш.Лхагвагийн энгэрийг төр “Алтан гадас”-аар мялаав.
Лхагва 1992 онд төрөлх Жаргалант сумандаа ирэв. Улиран барин сонгогдож энд найман жил дарга хийлээ. “Картын бараатай байхад” гэж бидний ярьдаг улс даяараа хөрөнгө нимгэн байсан (1993 он) үе тохиосон ч Хөнжлийн гол дээрээ 72 метр урт гүүр бариулав. Нааш цааш явахад аятайхан болсон гэж юу гэх вэ. Иргэд амсайтай Лхагва аж ахуй хөтлөх ухаанаа гаргаж хорих ангитай гэрээ байгуулж энэ ажлын ард гарлаа. Гүүрийг ашиглалтад оруулахад ажлын далимаар УИХ-ын дарга Н.Багабанди ирж тууз хайчилсан гэдэг. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн хандиваар сүм байгуулж, нээлтэд нь БНЭУ-ын Элчин сайд асан Бакула Ринбүүчи очиж оролцжээ. Сумын зардлаар сургаж, дөрвөн хүнийг их эмч болгож, сумынхаа иргэдийн хүчээр Соёлын төв барилаа. Архангай аймгийн Тариат сумаас 96 километр урт шугам татаж, иргэдээрээ 2000-аад шон бэлтгүүлж, 2000 онд сумаа гэрэл цахилгаантай болгов. 2003 онд сум нь ажлаараа аймагтаа гуравт орлоо. Сумынхаа морин спорт, уяачдын холбоог тэргүүлж, түмэн адууны баяр хийв. Өөрөө ч уяач болов. 1996 онд хувийн хэвшлийн модон эдлэлийн “Ажил-Бүтээл-Л” ХХК байгуулж 100-гаад өрхийг гэртэй болгож, 1000-аад гэрийн мод үйлдвэрлэв. “Цалинтай малчид” гэгдэж амин хувийн аж ахуйгаа л бөөцийлж явах болсноос ад үзэгдэх дөхөж байсан багийн дарга, малын эмч, байгаль хамгаалагч нарыг “байранд нь тавьж”, морь, мотоцикл унаатай төрийн ажилтан болголоо.
Хүмүүсийн урмыг сэргээж, нэг зүгт чиглүүлж, зохион байгуулж чадвал тэд хаана ч, юуг ч бүтээж, сум орноо хөгжүүлэхэд юугаа ч харамладаггүй юм гэж Лхагва ярьдаг.
Сайн юманд садаа мундахгүй гэгчээр ялангуяа социализмын үед хуучинсаг зарим удирдах ажилтан, атаач жөтөөч хүн түүнийг намын дарга байж аж ахуйн ажлаар хэт хөөцөлдөж байна гэж “оролдож” байсан удаа бий гэсэн. Үүнээс болж зэм хүлээж байсан ч, түүний тэр “аж ахуйн” гэх хөдөлмөр зүтгэлийнх нь үр шимийг амталж мэдэрсэн хүмүүс Лхагвад хир халдаадаггүй юм билээ.
Шугарын Лхагва гэдэг цуцашгүй хөдөлмөрч, ширгэшгүй эрч хүчтэй хүний ажил, амьдралын нь зах зухаас өгүүллээ. Улсад 43 жил ажиллаж, үүний 37-д нь төрдөө зүтгэсэн, хаа ч явсан бүтээж, босгож ирсэн түүний тухай бүрэн хэлэхэд хэдэн боть ном хэрэгтэй болох биз.
Ганц Цагааннуур сумд л гэхэд улсаас хөрөнгө нэхэлгүй 30 хүн ажиллах контор, 10 ортой зочид буудал, 42 айлын орон сууц, 10 ортой эмнэлэг, 50 дугаартай АТС, спортын заал, 320 хүүхдийн хичээлийн, 72 хүүхдийн дотуур байр бариулж бүхэл бүтэн бүтээн байгуулалт хийж, цаатнуудыг богино долгионы холбоотой болгосон хүн юм билээ.
Бэлтгэсэн Ц.РЭНЧИНХАНД