-Уран бүтээлийн олз арвин уу. Үзэсгэлэнгээ дэлгэснээс хойш шинэ уран бүтээл туурвив уу?
-Үзэсгэлэнгээ дэлгэснээс хойш 12 ордын шинж чанаруудыг шингээсэн, тэдгээрийг илэрхийлэх хүүхэлдэйнүүд урлаж эхэлсэн.
-Та багаасаа зурах дуртай байсан уу. Гэр бүлийнхэн дунд нь гарын уртай, уран бүтээлч хүн бий юү?
-Аав минь зураач, урчууд дундаа Погжий Ганбаа нэрээр танигдсан Ч.Ганбаатар гэж уран бүтээлч хүн бий. Багадаа аавынхаа зурахыг хараад л суудаг хүүхэд байлаа. Аавыг дагаж галерей ордог, дэлгэсэн үзэсгэлэн бүрийнх нь нээлтэд очиж, бусад хүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцах нь их гоё мэдрэмж төрүүлдэг байлаа.
-Та монументаль буюу чимэглэх урлагийн чиглэлээр сургууль төгссөн юм билээ. Хүүхэлдэй урладаг шалтгаан тань юу вэ?
-Хүмүүс миний бүтээлийн санаа, өгүүлэмжээс алдагдсан мэдрэмж, нандин байсан өнгөрсөн үеэ хараасай гэж хүсдэг. Ер нь бусдад эерэг мэдрэмж төрүүлэхийг гол шалтгаанаа болгож хүүхэлдэйгээ урладаг даа.
-Урлагийн энэ төрлийн юу нь тийм онцгой санагдаж, өөрийг тань татсан юм бол?
-Санаагаа биетээр илэрхийлж болдог нь онцгой бөгөөд татагдсан гол шалтгаан. Нөгөө талаас төсөөлөл, мөрөөдөл, мэдрэмждээ хөглөгдөж, хүүхэлдэйгээ бүтээдэг. Содон загвартай, мөн эмэгтэй хүний дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнг илэрхийлэхийг хичээдэг.
-Дүрслэх урлагийн өөр ямар төрлөөр уран бүтээл хийдэг вэ?
-Арьсан урлалаар мөн уран бүтээл хийдэг.
-Oлон жил тээж явсан ч хийж амжаагүй бүтээл танд бий юү?
-Дээр дурдсан 12 ордыг хүүхэлдэйгээр илэрхийлэх санааг их удаан бодож явсан. Шинж чанар, онцлог, донжийг нь гаргах хамгийн чухал. Саяхнаас л эхэллээ.
-Анх эхэлсэн үетэйгээ харьцуулахад одоо таны уран бүтээлийн өнгө аяс өөрчлөгдсөн үү?
-Анхны бүтээлүүд бүгд өөрөө өөртөө хийсэн сургалт гэхэд хилсдэхгүй. Шинэ хүүхэлдэй хийх бүртээ туршлага хуримтлуулдаг. Ашигласан материалын хувьд ч, санаа зохиомжийн хувьд ч тэр. Одоо бол цаашид дагнах донж төрх, өнгө аясаа олсон.
-Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ давхар ажил эрхэлдэг үү?
-“Цэнхэр мод” ТББ-аар дамжуулан уран зураг болон гар урлалын чиглэлээр сургалт явуулдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд завсарласан. Ирэх зунаас дахин сургалтаа хичээллүүлнэ.
-Туурвисан бүтээлээ хэсэг хугацааны дараа энд тэндээс харах, олох тохиолдол гарч байв уу. Тийм тохиолдолд ямар сэтгэгдэл төрдөг бол?
-Ганц л удаа тэгж таарсан юм байна. Бүтээлээ дахин харахад сайхан байсан ч “Илүү ажиллах ёстой байж дээ” гэж бодсон.
-Өнгөрсөн сард дэлгэсэн “Heaven zone” үзэсгэлэнгийн онцлог юу вэ?
-“Heaven zone” үзэсгэлэнг чимэглэх урлагийн дээд, доод гурван төгсөлтийн төгсөгч уран бүтээлч хамтран дэлгэсэн. Ингэхдээ шил, даавуу, мод, тусгай зориулалтын баримлын шавар зэрэг олон төрлийн гадаргуу дээр өөр өөрсдийн арга ажиллагаагаар бүтээлээ урлаж, чимэглэх урлагийн хэв маягийг нэг дор харуулснаараа онцлог байлаа.
-Та хүүхэлдэйнүүдээ ихэвчлэн хаанаас, юунаас сэдэвлэн бүтээдэг вэ?
-Оршин буй газар, хүмүүсийн хандлага, харилцаа, дуу хөгжмөөс, тэр ч бүү хэл, зүүднээсээ сэдэвлэн бүтээдэг. Мартахыг хүсээгүй зүүдээ хүүхэлдэй болгож мөнхлөх нь бий.
-Өөрийн харсан бодит дүрүүдийг бүтээх амттай юу, эсвэл төсөөллөөрөө “амилуулах” гоё уу?
-Төсөөллөөс “ургасан” дүр илүү амттай санагддаг. Хүмүүст хүрэхдээ ч содон, сонирхолтой. Төсөөлөл хязгааргүй учраас тийм байдаг болов уу.
-Бүтээлүүддээ олон, тэр дундаа тод олон өнгө ашиглажээ. Xүүхэлдэй урлахад заавал тод өнгөөр “тоглох” ёстой юу?
-Хүүхэлдэйн зохиомжид санаанаасаа хамаараад өнгөө сонгодог. Харин бүтээлдээ ашиглах дургүй өнгө бол цагаан. Яагаад ч юм бэ цагаан өнгийг ашиглах гунигтай. Толбо болохдоо амархан, бусад өнгөтэй холилдож замхран алга болдог. Гэхдээ гэрэл гэгээтэй өнгө гаргах, илэрхийлэхэд чухал үүрэгтэй болохоор эл өнгийг байгаад баярладаг.
-Уран бүтээлчдэд өөрийн мэдэлгүй бариад авдаг, байнга ашигладаг өнгө байдаг юм билээ. Таны хувьд тэр нь ямар өнгө бол?
-Цэнхэр өнгөнд дуртай. Бүтээлдээ энэөнгийгашиглаагүй тохиолдолд жижиг деталь хэсэгт нь заавал оруулж өгдөг.
-Xүүхэлдэйнүүдээ хэр хугацаанд туурвидаг вэ?
-Хүүхэлдэйнүүдийнхээ бүх жижиг хэрэглэл, оёдол, хатгамал бүрийг гараар урладаг. Хүүхэлдэйн эх биеийг бүтээсний дараа эсгүүр гаргаж, хувцас, чимэглэлийг нэгбүрчлэн оёдог. Хамгийн сүүлд нүдийг нь зурах дуртай. Нүд зурсны дараа хүүхэлдэй бүрэн дуусаж буйгаа илтгэж, өнгө ороод ирдэг. Санаагаа удаан бодож, мөн жижиг чимэглэл хэсэг, туслах дүрээ судалсны дараа зохиомжоо гаргадаг. Харин урлахдаа 5-10 хоног л зарцуулдаг.
-Таны хамгийн удаан хугацаа зарцуулж туурвисан нь ямар бүтээл вэ. Яагаад тэгж удсан юм бол?
-Сая хэлсэнчлэн санаагаа нэг, хоёр сар, тэр ч бүү хэл, хагас жил бодно. “Балын амт” гэж бүтээлээ хамгийн удаан урласан. Ер нь хосуудын харилцааг бүтээлээр илэрхийлэх их хэцүү санагдсан.
-Уран бүтээл тань анх төсөөлсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдол байдаг уу. Тийм тохиолдолд хэрхдэг вэ?
-Бүтээлээ өөрт таалагдах хүртлээ хийдэг. Бүрэн гүйцэд болоогүй мэт санагдах, таалагдахгүй болоод эхэлбэл зүгээр орхиод өөр сэдэв рүү ордог доо.
-Бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж амжсан уу. Хамтарсан хэчнээн үзэсгэлэнд оролцсон бэ?
-Бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж амжаагүй. Гэхдээ төлөвлөж байнаа. Монголын урчуудын эвлэлээс зохион байгуулдаг эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн, “Алтан бийр”-т тогтмол оролцох дуртай.