-Овог тань бараг л Анир болжээ. Та ямар мэргэжилтэй вэ?
-Хөгжим бүжгийн коллежийг нарийн бүрээч мэргэжлээр 1994 онд төгссөн. ДБЭТ, Улсын филармонид хөгжимчнөөр ажиллаж байгаад Польш улсын Краковын Консерваторт суралцахаар явсан юм. Сургуулиа хөгжмийн зохиолч, удирдаач мэргэжлээр төгссөн. Ирээд 2001 онд дуу бичлэгийн “Анир” студийг байгуулсан.
-Хөгжмийн найруулга голдуу хийж байв уу?
-Гол төлөв найруулга хийж ирсэн. Гэхдээ студийн ажил мундахгүй тул янз бүрийн юм хийсэндээ. Студиэ одоогийн түвшинд хүргэх гэж техник, технологи талд ч суралцлаа.
-Хүчин чадлыг юугаар хэмждэг вэ. Танайх дэлхийн томоохон студиудтэй харьцуулбал хаахна явдаг бол?
-Яг адилхан шүү дээ. Тоног төхөөрөмж, акустикийн хэмжээ, бичлэгийн чанар, ажилтнуудын ур чадвар яг л дэлхийн түвшнийх. Тийм биш бол ажиллаж чадахгүй. Дэлхий хавтгай гэдэг шиг өнөөдөр хөгжмийн нэг зохиолыг өөр өөр орноос холбогдон, хамтраад гаргачихдаг болсон цаг үе. Хэрэглэдэг программ нь адилхан юм чинь. Ямар нэгэн зохиолыг симфони найрал хөгжмөөр тоглох боллоо гэж бодоход утсан хөгжмийн тоглолтыг Хятадад, гуулин үлээврийнхийг манайх, модон үлээврийнхийг нь Германд, төгөлдөр хуурынхыг Японд ч юм уу бичээд, мастерингийг нь Орост хийлгүүлж болно. Эцсийн дүнд тэр хөгжим хаана ч тоглосон, нэг газарт тоглож, бичсэн юм шиг дуугардаг. Ноот, танхимын акустик зэрэг нь нэг стандарт байдаг гэсэн үг. Би өөрийн хөгжмийн зохиомжийн бүтээлээ Америкт, магадгүй Филадельфийн оркестроор тоглуулмаар байлаа гэж бодъё. Тэгвэл өнөөдөр ноотоо явуулаад, төлбөрөө хийвэл маргааш, нөгөөдөр гэхэд тэд яаж тоглож байгааг сонсож болно. Гадаадынхан “Танайд Морин хуурын гээд гоё чуулга байдаг. Түүгээр бүтээлээ тоглуулмаар байна” гээд ноотоо явуулбал бид хүлээж аваад, чуулгын, зэмсгүүдийн онцлогтой холбоотой бага зэргийн засвар гарахаар бол зөвшилцөж засаад л тоглуулчихна. Орчин үед ийм л болоод байна.
-Студийн үйл ажиллагаа, соёл өндөр түвшинд хөгжжээ гэж ойлголоо.
-Бид хоцрохгүйг хичээж явна.
-Хөгжмийн зохиолч мэргэжлийнхээ дагуу гараас гаргасан бүтээл хэр олонтой вэ?
-Бий, бий. Хамгийн сүүлд өвөр монгол нөхдийн бүтээсэн 70 гаруй ангитай “Хубилайхаан” киноны хөгжмийг бичсэн. “Чингис хаан” гээд, жүжигчин Баасан гол дүрд нь тоглосон киног бүтээсэн баг “Хубилай”-г бэлэн болгоод байгаа юм. Олон нийтэд хүргэхийн даваан дээр цар тахал гарсан тул азнасан. Одоо ер нь гаргах дөхсөн байх.
-Хөгжмийн томоохон бүтээл туурвисан байна шүү дээ.
-Гадаадад дуу гаргасан ганц, хоёр гэлтгүй хөгжим бий. “Сэтгэлийн гуйлга” гэж байгалиа хайрлах үзэл санаа, агуулгатай найрал дууны акапелла төрлийн бүтээлийг минь урд хөршийн Гуан жоу хотын найралдуучид Латвиул сад болсон олон улсын А зэрэглэлийн уралдаанд сойгоод гранпри шагнал хүртсэн. Би өөрөө сонсоогүй, хараагүй байхад хөгжмийн зохиолчийн шагнал гэж ирсэн. Тэр алдартай найраллдаа. Тийм болохоор яаж найруулж, сонсгохоо мэдэж байгаа. Гэх мэтчилэн хийсэн зүйл бий.
-Тэр дуучид бүтээлийг тань танаас авсан биз дээ?
-Тийм ээ. Бүх Хятадын Найрал дууны холбооны дарга нь Энхбаяр гэж өвөрмонгол уран бүтээлч байдаг юм. Н.Жанцанноров гуайн шавь тэр хүн найрал дуугаар дэлхийд алдартай. Сонгосон, дуулуулсан бүхэн нь томоохон уралдаануудад нэг, хоёрдугаар байраас буудаггүй.
-Та “нууц ноёнтон” шиг санагддаг. Бүхий л хамтлаг, дуучдын хөгжим, дуунуудыг найруулж, бичиж, фонограмм болон цомгийг нь хийж өгдөг хэрнээ бараа нь харагддаггүй, нэр нь ч бараг дурдагддаггүй.
-Яах вэ. Манайхыг зорьж ирсэн хүмүүст сэтгэлд нь хүртэл үйлчлэхээ л боддог.
-Өнгөрсөн хугацаанд том, жижиг хэр олон бүтээл дээр ажиллав?
-Цомог бол 400-гаад, харин нийтэд нь буюу рок, поп, нийтийн дуу, Дуурийн театр, мэргэжлийн урлагийн нийслэл дэх болон орон нутгийн бусад байгууллагын тоглолт, дуулалт жүжгүүд, төрийн концертыг оруулбал бараг 10 мянгаад бүтээл дээр ажилласан байна лээ. Монголын хөгжмийн урлагийн хөгжлийн нэгэн үеийг дуу, хөгжмийн уран бүтээлчидтэй бужигнаж өнгөрөөжээ. Жавхлан, Баясгалан гээд л гаргаж ирж байлаа.
-Хоёр ч үе гэхээр юм биш үү?
-Тийм ээ. Би Польшоос, Т.Сэр-Од маань Шанхайгаас ирж, хоёулаа хамтарч ажиллаж байлаа. Намайг ирэхэд дуучин Энхзул моодонд орчихсон байв. Хүмүүс цомог гэж мэддэггүй шахам байхад дуучин Эрдэнэбат ахыг “Сэнгүр горхины эгшиглэн” гэдэг CD-тэй болгож байлаа. Ариунаа, Сарантуяа, Ариунбаатар гээд хамтарч ажиллаагүй дуучин бараг үгүй дээ. Дуучид, хөгжимчдийн бүтээлүүдийн сацуу өөрийн юмнууд нэлээд бий. Эдгээрийг хадгалаад байлгүй“салхи оруулъя”, олны хүртээл болгоё, эдийн засгийн эргэлтэлд оруулъя гэж бодсон. Хөгжмийн бүтээлүүдийг хүмүүст хүргэхэд, мөн бодож байсанчлан хөгжмөөр дамжуулж соён гэгээрүүлэх ажил хийхэд найрал хөгжим хэрэгтэй учраас “Анир” поп оркестр байгуулаад байна.
-Хувийноркестр байгуулсныг тань онцолж буй юм. Зөвхөн өөрсдийн ажлыг хийх бус, бусдын хүсэлтээр тоглох, өөрөөр хэлбэл, цаг үеийн шаардлагаар байгуулав уу?
-Цаг үеийн шаардлага юм даа. Манай улсын хөгжим, дууны уран бүтээлчдийн 60-70 хувь нь чөлөөт байна шүү дээ. Тэд хэдий болтол зориулалтын бус фонограмм гэдэг юм тавьж дуулах вэ. Оркестр хүрэлцдэггүй. Дор бүрнээ ажилтай болохоор цаг нь олддоггүй. Бас уран бүтээлийн хэв маягийн зөрчил үүсдэг. Цахилгаан хөгжимтэй, хөнгөхөн тогловол зохих бүтээлийг дуурь, балет тоглодог оркестроор тоглохоор арай өөр болоод байхаар хэв маягийн буюу стиль жанрын зөрүү гардаг, улмаар үл ойлголцол үүсдэг л дээ. Энэ мэтийн шаардлагаар оркестр байгуулсан. Поп гэж байгаа боловч хамрах хүрээ бол энтертайнмент юм. Үндэсний бус, харин симфони суурьтай бол хөрвөх чадвар сайтай гэсэн үүднээс нийтлэг зориулалттай байлгахаар бодсон. Танилцуулах тоглолтоо өнгөрсөн наймдугаар сарын 27-нд “Хүн” театрт, албан ёсны нээлтийн тоглолтыг аравдугаар сарын 1-нд “Корпорэйт конвеншн центр”-т хийсэн. Түүнээс хойш тасралтгүй ажилласаар байна. Уран сайхны бодлогоо би хариуцдаг. Менежментийн баг тусдаа ажилладаг. Үйл ажиллагааны үндсэн гурван чиглэлтэй. Олон нийт рүү чиглэсэн, тогтмол өдөрт явуулдаг уран бүтээлийн тоглолттой байх юм. Үзэгчид нь хүлээж байдаг хөгжмийн тоглолттой болно гэсэн үг. Мөн уран бүтээлчдийн захиалгаар тоглоно. Бас нэг чухал чиглэл бол хүүхдийн уран бүтээл. Олон нийтийг хөгжмийн боловсролгүй байна гэж үглэж суух биш, харин өөрсдөө санаачилгатай ажиллаж, үзэгчдийн арми бий болгохыг зорьж байна. Социализмын үед симфони хөгжмийн тайлбартай, маш гоё тоглолтууд явуулдаг байсан. Түүнээс хойш олон жил өнгөрөхөд өнөөдөр дан хөгжмийн тоглолтод зорьж ирдэг цөөн хэдэн хүнтэй л байна шүү дээ. Цаашид ийм байлгаж болохгүй.
-Өнгөрсөн намар олон дуучны бие даасан тоглолтод танайх үйлчиллээ. Цаашид ч захиалга тасрахгүй болов уу.
-Оркестр байгуулсан сургаар дотроо бодол тээж явсан хүмүүс олноор хандсан. Ийм юм хиймээр байна гэсэн хүн олон бий.
-“Анир” поп оркестрт Дуурийн театрын, бас Филармонийн оркестрын хөгжимчдөөс сууж харагдана лээ.
--Манайх үндсэн 20 гаруй хөгжимчинтэй. Тоглолтын төрлөөс хамаараад ДБЭТ болон Филармонийн хөгжимчдөөс урьж, нийт 30 гаруй хөгжимчний бүрэлдэхүүнтэйгээр тоглож байна. Улсын байгууллагынхан аж¬лын бус ца гаар тоглодог. Энтертайнмент бүрэлдэхүүн нэлээд чадварлаг хөгжимчдийг шаардана. Жаазаас шууд сонгодог руу хөрвөж тоглож чадах хөгжимчид гэдэг бол мэргэжлийнхэн л байна. Дуучинтай бол түүний алдаа, оноо, амьсгааг тааруулж чадах, мэргэжлийн томоохон уран бүтээл тоглох бол “ноцолдох” боломжтой, ху вирч, хөрвөж чадах тийм хөг¬жимчид ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, манайх сонирхогчийн түвшний оркестр байх эрх¬гүй. Тэгэхээр дот роо бодож, харж явсан цахилгаан хөгжимчид, модон болон гуулин үлээврийнхнийг урьсан. Утсан хөгжимчид яах аргагүй цөөдөөд байгаа болохоор мэргэжлийн урлагийн байгууллагынхантай ажлын бус цагаар тоглох гэрээ хийсэн. Ийм ажил эхлүүлээд байна даа. Байгуулахаар зориглосондоо баяртай байгаа. Бид оркестр байгуулаагүй байсан бол хийлч Ч.Дэлгэрцэцэг энтертайнмент тоглолт санаснаар хийж чадахгүй байлаа. Манай хөгжимчин бүр микрофонтой. Флейтийнх гэхэд бөгжилдөг байх жишээтэй. Сайн харвал манай хөгжимчдийн дунд энд тэнд гозойсон микрофон байхгүй. Зориулалтын тоноглолуудыг тохируулдаг техникчдийн баг ажилладаг.
-Орчин үеийн оркестртой болжээ гэж ойлголоо. Ойрын ирээдүйд үзүүлэх, сонсгох уран бүтээлээсээ танилцуулаач.
-Ирэх оны нэгдүгээр сард захиалгатай тоглолтууд бий. Тэдгээрийн сацуу Архангай аймагт Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багшийнхаа “Тунгалаг Тамир” мюзиклийг хоёр бүлгээр нь тавихаар ярилцаж байна. Тус аймгийн театр санаачилсан юм. Багш маань энэ бүтээлээ дуусгаж чадалгүй өөд болсон тул төгсгөлийг нь би хийсэн. Өмнө нь нэг удаа фонограммаар явуулж үзсэн. Одоо оркестроор тоглуулах гэж байна. Хоёр, гуравдугаар сард хүүхдэд зориулсан уран бүтээлүүдтэй. Хүүхдийн тоглолтыг яг л хүүхэд сонирхох түвшинд хийнэ. Тэд өнөөдөр юу үзэж, дурлаж байна, түүнийх нь хөгжмийг сонсгоё гэж байгаа юм. Томчууд төдийлөн анзаардаггүй болохоос биш, хүүхдүүд өөрсдөө зурагтаар, интернэтээр юу үзэхээ хэнээр ч заалгахгүй олчихдог. Байнга үздэг киноных нь хөгжмийг монгол хөгжимчид “амьд”-аар тоглож сонсговол дуртай хүлээж авна даа.
-Гадаадад оркеструуд ихэвчлэн хувийн байдаг жишгээр манай улсад ийм найрал хөгжимтэй болсныг хэн хүнгүй олзуурхаж байгаа биз ээ. Олон улсад тоглох бодол бий юү?
-Байлгүй яах вэ. Төлөвлөсөн ажил их байна.