-Дүн өвлөөр иргэд жагсаж байна. Шалтгааныг нь та юу гэж харж байна вэ?
-Энэ бол системийн хямралын илрэл болохоос ганц удаагийн хулгайг эсэргүүцэж буй хэрэг биш юм. Бид 1990 онд ардчилсан хувьсгал хийсэн гэж ярьдаг ч бодит байдал дээр тухайн үеийн Зөвлөлтийн “блок”- ийн систем л нурсан юм шүү дээ. Нэг сайн тал нь бид шилжилтээ энхийн замаар, цус урсгаагүй хийсэн боловч муу тал нь гэвэл өнөөгийн эрх чөлөө, ардчилал бидэнд үнэгүй олджээ. Хүмүүс үнэгүй олдсон юмыг үнэлдэггүй. Тэр үеэс хойш бид эрх баригчдыг давраачихсан юм. Эрх баригчид энэ хугацаанд огт өөрчлөгдөж, сайжирсангүй. Бүхэл бүтэн 30 жилийн туршид хэдхэн хүн ээлжлээд төр, засгийн эрхийг барилаа. Завсраар нь цөөн хүн нэмэгдсэн ч тэдэнд ч, төр, засгийн түвшинд ч чанарын өөрчлөлт гарсангүй. АН гэж байгуулагдсан ч нам болж төлөвшиж чадсангүй. Иргэний хөдөлгөөний шинжийг агуулсан, улс төрийн намын заримдаг шинж чанартай байгууллага байсаар хагарч, нурлаа. МАН-д эхнээсээ л намын бүтэц, хөрөнгө, гишүүнчлэл гээд бүх зүйл байсан. Задрах гэж их удлаа. Одоо бас л задарч байна.
30 жил бол хүн нас биед хүрэх хугацаа шүү дээ. Бид энэ хугацаанд юу хийж бүтээв, юуг алдаж, юуг олов гэдгээ онол, практикийн түвшинд шинжилж, цаашид ямар замаар, яаж хөгжих вэ гэсэн бодитой хэрэгжихүйц, хоорондоо ялгаатай загварууд гарган, хэн нь ч хэлэлцэж, дүгнэсэнгүй. Тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг гэх мэт сайхан зүйлс бүгд ердөө л онол, санаа юм. Харин тэдгээрийг Монголд хэрхэн бодитоор хэрэгжүүлэх вэ гэдэг талаар өөр хоорондоо ялгаатай, биелүүлэх тодорхой хугацаа, хариуцах эзэнтэй төлөвлөгөө алга. 20 жилийн дараа манай улс яг ийм болно гэсэн төсөөлөл аль ч намд байхгүй. Үүний оронд тусгаар тогтнол, ардчилал гэх бидний эрхэм зүйлсийг хоёр нам хувьчилж аваад, ардчилсан улс тусгаар тогтносон байж болдоггүй, тусгаар тогтносон улс ардчилсан байж болдоггүй мэт хоосон, утга учиргүй хэнээрхэл, хийрхлийн уралдаан болгосон.
Харин одоо хүмүүс сэрж байна. Монголд одоо л дөнгөж иргэний нийгэм бүрэлдэж эхэлж байгаа нь хамгийн олзуурхууштай. Эрх нь зөрчигдөж байна гэдгийг хүмүүс чин сэтгэлээсээ мэдэрч байгаа учраас хэн нэгний турхиралтаар биш, мөнгөний төлөө бус, эсвэл үгэнд дурлан талбай дээр ирсэнгүй. Ажилтай боловч завсраар нь талбай дээр ирж, жагсаалд оролцож байгаа нь ухамсрын маш том өөрчлөлтийн илэрхийлэл. Гэхдээ одоо бидэнд хугацаа алга. Тиймээс богино хугацаанд улс орноо зөв чиглүүлж, замд нь оруулахгүй бол тусгаар тогтнолд бодит аюул учирлаа.
-Улс төрийн намуудыг онцлоод байгаагийн учир юу вэ?
-Монгол Улсыгдоройтуулж буй гол хүчин зүйл бол ямар ч үзэл баримтлалгүй, ёс суртахуунгүй, гэмт бүлэглэлүүдийг төлөөлдөг фракцуудтай намууд юм. Барим тавим хэлэх нотолгоо байхгүй ч тэдгээрийн үйл ажиллагаанд гадаадын тусгай албадын нөлөө орсон байж болзошгүй нөхцөл бүх талаар бүрдчихээд байгаа юм. Тэднийг төсвөөс санхүүжүүлэхгүй байхад хэн нэгнээс мөнгө авах нь тодорхой биз дээ. Намын өдөр тутмын санхүүжилтээс гадна орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал гэх зэрэг тэр их мөнгийг хаанаас аваад байна вэ. Гишүүний татвар, хураамж нь юунд ч хүрэхгүйг бүгд мэдэж байгаа шүү дээ. Бүртгэлтэй гэх 300 мянган гишүүн нь сард 1000 төгрөг хураалгаад, түүгээр нь МАН үйл ажиллагаа явуулдаг гэдэгт хэн итгэх вэ. Бараг ихэнх нь төлдөг ч үгүй. Тиймээс тэр их мөнгийг дотоодын гэмт бүлэглэлүүдээсээ авдаг нь тодорхой. Үүнийг энгийн гишүүд байтугай томхон дарга нар нь ч мэддэггүй, боддог ч үгүй. Тэгвэл тэдгээр бүлэглэл нь хаанаас олсон мөнгөөр “хандив” өргөдгийг мэддэг хүн бий юү. Жишээ нь, МАН-ын шатсан байрны оронд сүндэрлэсэн Тусгаар тогтнолын ордны санхүүжилтэд хийсэн аудит гэж ер нь байна уу. Дотоодын хандивлагч гэх иргэд, байгууллагуудын өгсөн мөнгөний эх үүсвэр нь гадаадын аль нэгэн улсаас биш гэдгийг хэн нотолж байгаа юм бэ. Өгсөн мөнгөөрөө дамжуулан Монголын өнөөгийн төрийн бодлогод нөлөөлөх боломжтой юу гээд энгийн логик дарааллаар бодоход л хөврөх асуултууд биш гэж үү. Танаас асууя, эрх ашгийг тань аль нам төлөөлдөг юм бэ.
-Мэдэхгүй.
-Энэ ярилцлагыг уншиж байгаа хүн энэ асуултыг өөртөө тавих хэрэгтэй. Аль намыг дэмждэг нь хамаагүй, таны эрх ашгийг аль нам төлөөлдөг вэ гэдгийг бодоод үз. Харамсалтай нь, тийм нам байхгүй. Тэд фракцуудаа л төлөөлдөг. Фракц нь гэмт бүлэглэлүүдийг төлөөлдөг болохоос таныг лав биш. Хотын иргэдийг төлөөлдөг учраас “Хотын фракц” МАН-д байгаа юм биш. Хотын захиргаа хавиар “хулгай” хийдэг хүмүүс нийлээд л энэ фракцыг үүсгэчихсэн. АН-ын “Алтангадас”, эсвэл “Шонхор” фракц нь ард түмний аль хэсгийг төлөөлдөг юм бэ. Фракцыг хэн санхүүжүүлж байна вэ гэдэгт л хамаг асуудал бий. Бүр лавлан асууя, тэр санхүүжүүлдэг хүмүүсийг хэн санхүүжүүлдэг вэ. Нүүрсний хулгайн мөнгө ч эндээс л олдох вий.
-Таныхаар хэн санхүүжүүлж байна вэ?
-Ихэвчлэн нэг бүлэг эзэдтэй, гэр бүл, найз нөхдийн харилцаатай, бизнесийн хамааралтай, дундаа нэг банк, барилгын компани, эсвэл уурхайтай, 3-4 том компани нэгдэж, бүлэглэл үүсгээд байгаа юм. Монголд ийм 2-3 том бүлэглэл бий. Тухайлбал, “сахал” Д.Эрдэнэбилэг гэж шуугиулаад, чимээгүй болсон хүн бол ийм гэмт бүлэглэлийн тод төлөөлөл юм. Тэр бүлэглэл нь АН, МАН гээд аль алинд нь нэг нэг фракц “хувьчлаад” авчихсан байдаг. Үүнийг нам дамнасан бүлэглэл гэж хэлээд байгаа юм. Сонгуулиар аль нам ялах нь хамаагүй, фракцаараа дамжуулан төрийн эрхэд хүрч, улсын төсвийн хуваарилалтаас авхуулаад хамаг зүйлд нь хутгалдаад явж байдаг гэсэн үг.
СҮҮЛИЙН 20 ЖИЛИЙН ХУГАЦААНД ТӨРИЙН АЛБЫГ УСТГАЧИХСАН
-Эрх баригчид тогтолцооны өөрчлөлт хийнэ хэмээж буй. Хэр үр дүнтэй гэж бодож байна вэ?
-Системийг нам дангаараа бүрдүүлдэггүй. Нам бол ердөө нэг том дэд систем нь. Сонгууль бол энэ дэд системийн үүсгэсэн бас нэг дэд систем л дээ. Тиймээс сонгуулийн, төрийн албаны гээд бүх дэд системийг өөрчлөх ёстой. Жишээ нь, миний яриад байгаа гэмт бүлэглэл сүүлийн 20 жилийн хугацаанд төрийн албыг устгачихсан. Эдүгээ Монгол Улс маань нэн эгзэгтэй үедээ ирээд байна. УИХ-ыг хэд ч бай гишүүнтэй болгоод, тэдгээр нь хамгийн төгс, шилдэг хүмүүс байлаа ч тэндээс баталсан бодлогыг хэрэгжүүлэх системийг үгүй хийчихлээ шүү дээ. Гойд сайн тархитай байлаа гээд гар, хөл нь саажилттай, хөдлөхгүй бол ямар үр дүн гарах юм бэ. Бид нам, УИХ, сонгуулийг өөрчилье гээд байгаа нь зөвхөн “тархи”-ийг л тойрч яриад байгаа хэрэг. Хөдлөхөө байчихсан хөл, гарыг нь асар богино хугацаанд хэрхэн сэргээх вэ гэдэг том сорилтын өмнө бид мөн тулж ирээд байна. Энэ бүхэн бол нүдэнд ил үзэгдэж буй учир шалтгаан нь юм. Харин үл үзэгдэх өөр нэгэн том шалтгаан бий.
Хэн ч ярихгүй байгаа тэршалтгаан нь неолиберализмын онол юм. Зөвхөн хар амиа хичээ, бусдыг нь зах зээлийн “үл үзэгдэгч гар” аяндаа гоё болгочихно гэдэг номлол шүү дээ. Үүнийг бид 1990 онд хүлээгээд авчихсан юм.
-Хар амиа хоохойлох үзэл яг ямар үр дагаварт хүргэж байгаа гэж?
-Нэг талаас гэмт бүлэглэлүүд толгойгоо өндийлгөх суурь нь болсон. Намуудад зөвхөн муу хүмүүс л элсээд байгаа юм биш. Системийн дизайн нь өөрөө адгийн муу байна. Ямар ч хүний дотор сайн, муу чанар бий. Өнөөгийн нам бол хүний мууг нь ил гаргаж, улам муу байхыг шаарддаг систем л дээ. Чиний үнэн зөв байх ямар хамаатай юм бэ, үүнийг хийчихвэл чи албан тушаал ахина, мөнгөтэй, эрх мэдэлтэй болно гэж систем нь шаардаад буй учраас хүмүүс дагаж эвдрээд байгаа юм. Төр, засгийг удирдаж байгаа хүмүүс ерөнхийдөө “Төр нурдаггүй юм, аль ч үед байдаг. Чи эндээс тэрбум төгрөг авлаа гээд улс орон дампуурдаггүй юм” гэх логикоор бодож, хандаад байна. Буруу сэдэлтэй хүмүүсийг ингэж зоригжуулаад байгаа хэрэг.
Харин зөв сэдэлтэй хүмүүсийг “Чи урдах ажлаа л сайн хий, бусад хүн, улс, нийгмийн амьдрал чамд хамаагүй. Хүн бүр өөрийнхөө хариуцсан ажлыг л зөв хийгээд байвал аяндаа бүх зүйл сайхан болно” гэж номхруулж, “Хэнийг ч бүү хайрла. Өөрийгөө л хайрла” хэмээсээр амиа бодсон бэртэгчин болгодог. Өөрөөр хэлбэл, бузар булхайг эсэргүүцэх зорилгогүй, гудамжинд элэг нэгтэй ахан дүүс чинь өлсөж, үхэж байсан ч чамд хамаагүй болгож, “зэвсэг”-ийг нь хурааж авч, иргэний нийгмийг устгадаг. Зангидсан гар шиг байгаа хүмүүсийг ямар нэгэн байдлаар эзлэх нь маш хэцүү. Харин амиа хичээсэн, увайгүй хүмүүс хэчнээн олон байхаас үл хамааран эзлэгддэг. Орчин үед цэргийн хүчээр эзлэх тухай ойлголт үндсэндээ байхгүй болсон. Манай хойд хөрш Украин руу цэргийн хүчээр довтолсныхоо төлөө ямар их гадуурхагдаж, тусгаарлагдаж буйг ертөнц даяараа харж байна. Үүний оронд эдийн засгийн аргаар эзэлдэг үе ирээд буй. Бид хэдийн эзлэгдчихсэн. Манай улсын эдийн засгийн 95 хувь Хятадаас хамаарч байна.
МАНАЙД СЭХЭЭТЭН БАЙХГҮЙ БОЛСОН НЬ ХАМГИЙН ТОМ ГАМШИГ
-Та түрүүнд хугацаа алга гэж хэллээ. Системээр нь харж, цогцоор нь шийдвэрлэхийн тулд яах ёстой вэ?
-Энэ ажлыг хийж байгаа. Зарлаж болохгүй. Нэг ёсны “дайн” болж байна. Ийм стратегиар дайснаа дарах гэж байна гэдгээ хэлчихвэл утгагүй биз дээ. Ямар ч гэсэн нийгэмд сайн өөрчлөлтүүд бий болж байна. Гэхдээ бэлэн болоход асар хол зай бий. Замынхаа таван хувьд ч хүрээгүй байна.
Монголын хамгийн том аюул нь намууд ч бас биш юм. Манайд сэхээтэн байхгүй. Энэ бол хамгийн том гамшиг, эмгэнэл, сүйрэл. Сэхээтэн гэдгийг социализмын үеэс хавтгайруулан буруу ойлгож ирсэн. Оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хүнийг сэхээтэн гээд байдаг нь буруу. Тэднийг англи хэлээр illuminati гэдэг. Оросын интеллигенция буюу оюуны хөдөлмөр эрхлэгч биш юм. Сэхээтэн байхын тулд дөрвөн шалгуурыг давах ёстой. Хамгийн түрүүнд бусдын төлөө сэхээрсэн хүнийг л сэхээтэн гэдэг. Ер нь бусдын төлөөх үзэл нь үндэстнийг бий болгодог. Сэхээтэнгүй үндэстэн гэж байдаггүй юм. “Үндэсний санаа” гэж зүйл байж гэмээнэ үндэстэн бий болдог. Харин үндэсний санааг сэхээтэн л бий болгодог. Түүнээс биш, үндэстэн гэх ойлголт 18 дугаар зууны сүүлчээр үүсэхээс өмнө ард түмэн л гэдэг байсан юм. Бид нэг цустай байх албагүй. Орос, хятад хүн ч монгол үндэстэн байж болно. Гагцхүү би энэ үндэстний нэг хэсэг мөн гэж өөрийгөө бодож, итгэж, бахархаж, бас бусдыгаа хүлээн зөвшөөрөх нь л чухал. Хүчээр нэг үндэстэн болох боломжгүй. “Бид нэг үндэстэн мөн” гэж бодож байж л цул болж нэгддэг. Өөрөөр хэлбэл, бусдыгаа гэсэн сэтгэл зүрх нь сэхээтний ч, үндэстний ч суурь шалгуур байдаг. Хоёрдугаарт, сэхээтэн байхын тулд бусдыгаа дагуулах мэдлэг, туршлагатай байх учиртай. Зөвхөн онолын мэдлэг биш юм шүү. Гуравдугаарт, сэхээтэн хүн иргэний зоригтой байх ёстой. Зориг байхгүй бол тэр хүн сэхээтэн биш, дуулгавартай иргэн юм. Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ гэж чухам үүнийг хэлж байгаа хэрэг. Дөрөвдүгээрт, сэхээтэн байхын тулд төлөвшсөн байх ёстой. Тийм хүнийг эргэн тойрныхон нь хүлээн зөвшөөрч, дагадаг. Мэдлэгтэй, зоригтой, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байж болно. Гэхдээ ойворгон, бодол нь тогтоогүй бол сэхээтэн байж чадахгүй. Харийн түрэмгийлэгчдийн хувьд хамгийн аюултай этгээд нь тухайн үндэстний сэхээтэн нь байдаг учраас тэднийг нэн тэргүүн ээлжид устгахыг зорьдог. Тийм ч учраас манай сэхээтнүүдийг эхлээд манжууд, дараа нь Зөвлөлтийн коммунистууд устгасан түүхтэй. Үүний улмаас бид 1990 оныг сэхээтний хомсдолтой угтсан юм.
Бид эдүгээ үндэстнээ дахин байгуулах, үүний тулд сэхээтнээ бий болгох хэрэгтэй. Ард түмний оршихуйн дээд эрэмбэ нь үндэстэн, доод эрэмбэ нь хүн ам байдаг. Иргэний үнэмлэхээ харуулаад л тооллого, бүртгэлд хамрагдах төдий хүмүүсийг хүн ам гээд байгаа юм. Энэ бол үндэстэн биш. Манайхан зам дээр машинаа яаж барьж байгааг л харчих. Үндэстэн ингэж аашилдаггүй юм. Тэр жолооны ард чамтай адил монгол ахан дүүс чинь л яваа, түүнийг урдуураа оруулаад, араас нь явчих. Монгол хүмүүс үндэстэн болж нэгдэхийг би нэг л удаа харсан. 2008 онд олимпын аваргатай болсон тэр шөнө миний зүрх сэтгэлээс хэзээ ч арилахгүй. Монгол хүн монгол хүнээ тэр л үед жинхэнээсээ хайрласан, хүндэлсэн. Энэ бол үндэстэн юм.
Үндэстнийг агуу удирдагч бий болгодоггүй. Чингис хаан олон улсыг эзэлснээрээ агуу болоогүй. Эхлээд монгол түмнийг, дараа нь дэлхийн үндэстнүүдийг нэгтгэсэн. Зэвсгийн хүчийг гарцаагүй үед л хэрэглэж байснаас бус, давын өмнө алж, хядсан түүх үгүй. Pax Mongolica буюу монгол ертөнцийн үед “Толгой дээрээ алт дүүрэн бортоготой, онгон бүсгүй энэ их гүрний нэг захаас нөгөө зах хүртэл алхахад аюулгүй” хэмээн барууны түүхчид бичиж үлдээсэн нь бий. Мөн тэнгэрт нэг нар, газарт нэг хаан гэдэг агуу ихийн хэнээрхэл байгаагүй юм. Олон хаад, ноёд эвдрэлцэж, тэмцэлдээд байгаа учраас жирийн иргэд дайны хөлд үрэгдэж, үгээгүй болж байна. Тиймээс нэг л хаантай байх хэрэгтэй гэсэн онол бий болжээ. Энэ л санаагаа гүйцэлдүүлэх гэж Чингис хаан болон түүний дагагчид нь бүх насаараа байлдсан. Тэр хүний монгол түмнийг, улмаар хүн төрөлхтнийг сайхан амьдруулъя гэсэн энэ агуу санааг дагаж, ард түмэн нь үндэстэн болж нэгдсэн. Засаг төр, сэхээтэн хоёр бол арга, билиг буюу үндэстнийхээ эцэг, эх нь юм. Сэхээтэн бол эх нь, төр, засаг бол эцэг нь мөн. Одоо манай нөхцөл байдлыг харвал ээж нь нас бараад, аав нь архинд орж, хүүхдүүд нь золбирч, гудамжинд гарчихсан аятай л байна.
ҮНДСЭН ХУУЛЬ МУУ БИШ, ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ХҮМҮҮС НЬ Л УВАЙГҮЙ
-Тэгэхээр та бүхний зориод буй зүйл, “Сууриар нь өөрчилье” гэж яриад байгаа өнөөгийн эрх баригчдын бодлоготой ямар нэгэн байдлаар огтлолцож, нэг нэгэндээ дэм болох юм биш үү?
-Болно. Гэхдээ тэр ажил асар удна. Нэгдүгээрт, ямар ч сайн хуулиас тойрч, бултах хүсэл байвал арга нь олддог. Зарим хүн ямар ч гэрээгүйгээр, гар бариад л хэдэн тэрбум ам.долларын бизнес хийж болдог. Харин анхнаасаа яаж нэгнээ хуурах вэ гэсэн бодолтой хүмүүс хэчнээн олон гэрээ байгуулаад ч ажил нь урагшилдаггүй. Өөрөөр хэлбэл, хуулийг ямар санаатайгаар баталж, хэрэгжүүлж байна вэ гэдэг нь чухал. Нэгийг бодож бичсэн хуулийг нөгөө талаар тайлбарлаж, мушгин гуйвуулах боломж ямагт байдаг. Жишээ нь, манай өнөөгийн Үндсэн хууль муу биш. Гагцхүү хэрэгжүүлж байгаа хүмүүс нь увайгүй. Үндсэн хуулийн цэц гэхэд л ийм хүмүүсээр дүүрчихсэн. Цэц дотор гурав, дөрвөн увайгүй хулгайч байхад л хангалттай, бүгдийг харлуулна. Юуны төлөө, ямар нийгэм байгуулах вэ гэсэн санаа бидэнд алга. Жишээ нь, манайулсынтэргүүлэх чиглэлийн нэг салбар нь аялал жуулчлал. Тэгвэл энэ салбар өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэр хөгжив. Сая жуулчин авчирна гэчихээд хөдөөгийн замд амралтын ганц ч цэг байгуулсангүй. Дэлхийн аль ч улсад 100-200 км тутамд машинтайгаа зогсож амрах цэг байдаг. Хэдэн дарга л урлагийнхныг дагуулж энд, тэндхийн хурал, үзэсгэлэнгээр хэсэж, 30 жил зугааллаа. Энэ хугацаанд аялал жуулчлалын хэдэн хөтөч бэлтгэсэн юм бэ. Тэднээс англиар ярьдаг нь хэд юм. Үүх түүх, газар усаа мэддэг нь хэр олон юм бэ. Дэлгүүрт нь орж ирсэн жуулчинтай англиар яриад үйлчлэх худалдагч байгаа юм уу гээд асуулт тавихаар нэг нь ч бэлэн биш. Бидэнд баялгийн хараал хэдийн тусчихсан. Магадгүй манайд нүүрс, зэс байгаагүй бол Монгол Улс иймдээ тулахгүй байлаа. Намыг эзэлж авах эдийн засгийн сонирхол гэмт бүлэглэлүүдэд төрөхгүй байх байсан биз.
-Ингэхэд та юу хийж байгаа вэ. ХҮН намын гишүүн хэвээрээ юү?
-ХҮН, эсвэл МАН гэх намуудад ямар ч ялгаа байхгүй. Санхүүжилтийнх нь системийг засаагүй, гишүүнчлэлийг нь хасаагүй цагт аль ч нам адилхан. Эзнээ алдаг, хоёр метр хүртэл урт болдог аскарида гээд цагаан хорхой байдгийг мэдэх үү. ХҮН нам бол нэг см биетэй цагаан хорхой. Томорч амжаагүй гэсэн үг. МАН бол хоёр метр хүртлээ томорчихсон учраас улс орныг сүйрүүлж байна. ХҮН намыг эрх баригч болгочихвол энэ үйл явц дахиад л давтагдана. Яагаад гэвэл Монголын намуудын дизайн нь нэг юм. ХҮН намын санхүүжилт нь хаанаас гардгийг мэдэх юм уу.
-Мэдэхгүй, гэхдээ хамгийн“эрүүл”, ил тод нам гэж ойлгодог.
-Үгүй, Т.Доржханд гэдэг хүний л нам шүү дээ. “Буян”-гийн Б.Жаргалсайханы Бүгд найрамдах нам, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын Эх орон нам гэдэг шиг Т.Доржхандын нам нь ХҮН юм. Үүнийг намынхан нь одоогоор сайн мэдэхгүй байгаа биз. Тиймээс бүх намын санхүүжилтийг улсаас гаргаж, зөв болгох ёстой.
-Яаж зөв болгох вэ?
-Юуны түрүүнд, нам өмчгүй байх ёстой. Өмч байгаа цагт баян, ядуугийн ялгаа гарч, илүү өмчтэй нь бярдаад эхэлдэг. Санаагаараа биш, өмчөөрөө өрсөлдөх уралдаан эндээс “мэндэлдэг”. Угтаа төв талбайн хажуудах МАН-ын байранд бүх намыг багтаачихаж болно. Байрыг нь хурааж авах нь хувийн хөрөнгөд халдсан хэрэг биш юм. Цаашлаад намуудыг татан буулгах ёстой. Мөн намд тавьдаг босгыг өндөр болгох шаардлагатай. УИХ-ын сонгуулиар бие даан нэр дэвшигч 800 хүний гарын үсэг цуглуулах болдог. Гэтэл улс төрийн нам байгуулахад бас л 800 хүний гарын үсэг шаардлагатай. Намыг дэмжиж гарын үсэг зурсан этгээдийг баттай бүртгэх ёстой. Сонгуулийн санал хураалтад гадаадад байгаа болон талийгаач болсон хүмүүсийг “оролцуулдаг”, нэг хүнийг хэд хэдэн газарт санал өгүүлдгээрээ МАН, АН-ынхан гарамгай шүү дээ.
УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ӨӨР АРГА ЗАМ ХАЙЖ, СОНГООД ЯВЖ БАЙНА
-Үнэнийг хэлэхэд, намуудыг татан буулгаад, хөрөнгийг нь хураана гэхээр нэг л бодитой “бууж” өгөхгүй байна.
-Тийм. Тийм учраас л нөхдийн хамт улс орноо хөгжүүлэх өөр арга зам хайж сонгоод явж байна. Одоо муу, муухайтай тэмцэхэд урт удаан хугацаа шаардлагатай. Тэвчээр, мөнгө ч хэрэгтэй болно. Гарах үр дүн нь ч бага, магадлал ч муу. Үүний оронд сайн сайхан зүйлийг байгуулах гэж явах юм бол үр дүнтэй, хурдан хэрэгжих юм. Бидний ажлын үр дүн 10-15 жилийн дараа маш бодитой харагдана. Эхний үр нөлөө нь 3-4 жилийн дараа гэхэд л шууд мэдэгдэнэ. Ер нь 30 жил гэдэг ямар урт хугацаа болохыг хүмүүс одоо л ойлгож байгаа болов уу. Улс төрийн нам, Үндсэн хуулийг өөрчлөөд ч дахиад 30 жилийн дараа нөхцөл байдал сайжрах, эсэх нь асар эргэлзээтэй. Учир нь намууд өөрсдөө тарахгүй л болов уу. Тараах гэж бөөн тэмцэл болно. Намаас амьжиргаа нь бүрэн хамааралтай болчихсон, өөр юу ч хийх чадваргүй бүхэл бүтэн давхарга үүссэн. Тиймээс тэд амь нь тэмцэж, эсэргүүцэх болно. Тэднийг тараах гэж байгаад улсаа тараачихвал яана. Тэгээд ч ямар ч үр өгөөжгүй тэмцэлд залуу нас, мөнгө, мэдлэг, эрүүл мэндээ үрэх хэрэг бий юү. Хэн нэгнийг хариуцлагад татах гэж тэмцэхээс илүү монголчуудыгаа Монголдоо сайхан амьдруулахын төлөөх тэмцэлд ухаан, хүчээ зарахыг зорьж байна.
-Өнөөгийн эрх баригчид 2050 он гэхэд амьдрал овоо сайхан болчихно гээд байгаа шүү дээ.
-Тэдний хувьд тийм. Хүүхдүүд нь том болж, орыг нь залгамжлаад, аав, ээжийгээ шоронд оруулахгүйгээр, хулгайг нь үргэлжлүүлнэ. Харин бидний хувьд бол үгүй. 2020 он гэхэд ямар болчихно гээд 2000 онд хэн, юу ярьж байсныг нь эргээд нэг санаад үзэхгүй юү.
-Тэгвэл та яг юу хийж байгаагаа хэзээ зарлах юм бэ?
-Зарлахгүй, аяндаа мэдэгдэнэ ээ.
-Сониныхоо энэ оны хамгийн сүүлчийн дугаарт Тантай ярилцаж байна. Ирэх оныгхэрхэн төсөөлж, юу хүлээж буй гаа хуваалцахгүй юу?
-Бүх хүнд шинэ оны мэнд хүргэе. Өнөөгийн системийн хямралыг би 2009 онд олж харсан юм. Тухайн үед дотор маш их харанхуйлж, ямар ч ирээдүй харагдахгүй болж билээ. Харин 2016 онд анх гарц, гаргалгааг нь олж харснаас хойш шийдлийнхээ системийн дизайн хийж эхлэхээр бүх юм гэрэл гэгээтэй болсон. Гарц, шийдэл олно гэдэг чинь тухайн асуудлын 50 хувийг шийдчихэж байна гэсэн үг. Монгол Улс цаг нь ирэхээр асар хурдан хөгжинө. Юуны түрүүнд, Паретогийн “20/80”-ийн зарчмаар тооцвол болж бүтэхгүй байгаа хүчин зүйлсийн хорьхон хувийг олж засахад бидний амьдрал 80 хувиар сайжрах болно. Монголын амьдрал үнэхээр маш хүнд хэмжээнд хүрчихсэн учраас түүнийг 80 хувь сайжруулж чадвал чанарын өөрчлөлт байх болно. Хоёрдугаарт, монголчууд бид өөрсдийгөө маш дутуу үнэлдэг. Нүүдэлчдийн дасан зохицох чадвар асар хурдан, гайхалтай учраас тэр нь бидний хувьд давуу, бас сул тал болдог. Жишээ нь, хулгайн системд дасан зохицоод, хэн нь илүү муу байж чадах вэ гэдгээрээ одоо уралдаж, улам дордож байгаа юм. Харин сайн байхыг нь сайн цалин, ашиг орлогоор урамшуулдаг систем байгуулчихвал түүнийгээ дагаад монгол хүн маш хурдан дасаж, өөрчлөгдөх чадвартай. Монгол хүн Германд очихоороо герман, Японд очихоороо япон хүн болчихдог шүү дээ. Түүнийг амжилттай хэрэгжүүлж үзүүлмэгц бидний энэхүү нийгэм-эдийн засгийн уламжлалт бус ардчилсан засаглалын шинэ загварыг олон улс “Монголын загвар” хэмээн хүлээн авч, туршин нэвтрүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.