-Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох үеийн нөхцөл байдал ямар байсан бэ. Дипломат харилцаа тогтоох түүхэн шаардлага, нөхцөл хэрхэн бүрдэж байв. Тухайн үед манай улс ардчилсан тогтолцоонд хараахан шилжээгүй байсан шүү дээ.
-Манай хоёр улсын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтсон огноо гэвэл 1987 оны нэгдүгээр сарын 27 юм. АНУ нь манайхтай дипломат харилцаатай 100 дахь улс болж байлаа. Тэр үеийн нөхцөл байдлыг цөөн үгээр тодорхойлох амаргүй. Дэлхийн II дайнаас хойших бүхий л үеийн турш хүйтэн дайн буюу социалист, капиталист хоёр лагерийн сөргөлдөөн нэг үе ширүүсэж, заримдаа арай намжиж ирсэн байдаг. Монгол Улс гадаад бодлогоо Москвагийн заавраар л эрхэлж явуулдаг байсныг хэн хүнгүй сайн мэднэ. Харин 1970-1980-аад оны заагт сүрхий хурцдаж байсан олон улсын байдал М.Горбачевын шинэ сэтгэлгээ, өөрчлөн байгуулалтын ачаар намсхийсэн юм уу даа. Москвагийн “хориг” тавигдаж, олон жилийн турш манайхны мөрөөдөж, зүтгэж байсан тэр цаг тохиосон нь энэ гэж бодож байна.
-Дипломат харилцаа тогтоосны ололт, амжилтыг та хэрхэн дүгнэх вэ?
-30, 35 жил гэдэг бол нэг хүний амьдралын хувьд багагүй хугацаа. Харин улс хоорондын харилцааны хувьд тийм ч удаан хугацаа биш байх. Энэ утгаар нь бодвол Монгол, Америкийн харилцаа өнгөрсөн хугацаанд үнэхээр амжилттай, үсрэнгүй хөгжсөн гэж хэлж болно. Үүний гол шалтгаан, хөдөлгөгч хүч нь 1990 оноос эхэлж манайд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт. Чухамхүү энэ үеэс манай хоёр улс, ард түмний нийгэм, улс төрийн үнэт зүйлс ижилсэж, улмаар харилцаа, хамтын ажиллагаа цаашид тогтвортой, удаан хугацаагаар өргөжин хөгжих үндэс бүрэлдсэн юм. Энэхүү ижилсэл, өөрөөр хэлбэл, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл зэрэг ойлголт нь Монголын нийгмийн ухамсар, ухамсарт үйлдлийг тодорхойлогч болсон. Ингэсний үндсэн дээр Монгол, Америкийн харилцааны стратегийн үндсэн зорилтуудыг хоёр тал адилхан томьёолж ойлгож ирсэн, ойлгож байгааг би хамгийн чухал ололт гэж хэлмээр байна.
-Хэдийгээр хоёр улс дипломат харилцаа тогтоосон нь 1987 он боловч үүнээс ч өмнөх хамтын ажиллагааны баялаг түүхтэй гэдэг байх аа?
-Хоёр орон, ард түмний хооронд хэлхээ холбоо тогтоож, хөгжүүлэх сонирхол бүр XIX зууны эцэс, XX зууны эхнээс тодорч, цаг үеийн хувьслын аясаар өөрчлөгдөж ирсэн байдаг. Харилцаа тогтоох талаар Богд хааны Засгийн газраас илгээсэн захидал, Америкийн консул Сокобин, Рокхиллийн үйл ажиллагаа, “Американ дэнж”, “Монголор”, Эндрюсийн экспедиц гээд түүхэнд үлдсэн баримт цөөнгүй бий. АНУ-ын Ерөнхийлөгч хоёр Рузвельтийн хандлага, Дэд Ерөнхийлөгч Х.Уоллесийн 1944 оны айлчлал, “гадаад Монголын статус-кво”-г зөвшөөрүүлж, НҮБ-д 1961 онд элссэн зэргээр ХХ зууны дийлэнх үеийн Монголын түүхийн бүхий л нугачааг манай хоёр орны харилцаа даван туулсаар ирсэн. Чингэхдээ үргэлж эерэгжсэн.
-АНУ-тай дипломат харилцаа тогтоосноор манай улсын аль аль салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэл авчирсан бэ?
-Хоёр талын харилцааг ямар чиглэлээр хөгжүүлэх талаар нэгдсэн нэг ойлголт бүрэлдсэн гэж би өмнө дурдсан. Үүнийг маш товчхон тайлбарлахад, нэгт, Монголын ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, хоёрт, чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, гуравт, манай улсыг дэлхий нийтийн болон бүс нутгийн улс төрийн бодлого, эдийн засгийн интеграцад түлхүү оруулах явдал гэж тодорхойлж болох юм. Өнгөрсөн хугацаанд Монгол, АНУ-ын улс төр, дипломат харилцаа эрчимтэй хөгжиж, өндөр түвшинд хүрсэн. Худалдаа, эдийн засгийн харилцаа аажмаар боловч урагшилж байна. Батлан хамгаалах, шинжлэх ухаан, соёл, боловсрол зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаа ч бас өргөжсөөр байгаа. Ер нь хоёр талын хамтын ажиллагаа манай төр, нийгмийн амьдралын ихээхэн өргөн хүрээнд илэрдэг болсон. Ялангуяа Монголын залуу гэлтгүй үе үеийнхний оюун санаа, өдөр тутмын амьдралд Өрнөдийн буюу америк хүчин зүйл шаггүй нөлөөтэй болсныг та, бид бэлхнээ харж байгаа шүү дээ.
-Таныг Элчин сайдаар ажиллаж байх үеийн хоёр орны харилцааны нөхцөл байдал, давуу тал, хүндрэл бэрхшээл нь юу байв?
-Миний хувьд АНУ-д Элчин сайдаар ажиллах нь өндөр хариуцлагатай, нэр хүндтэй алба байлаа. Хоёр талын харилцаа бүхий л чиглэлээрээ, иж бүрэн түншлэлийн түвшинд идэвхтэй хөгжсөн. Дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал намайг Элчин сайдаар ажиллаж байх үед хамгийн их хийсэн санагддаг. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден нарын 2011 оны айлчлалыг дурдаж болно. Эдгээр айлчлалд бэлтгэх, харилцан тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох гээд багагүй ажил ундарч байлаа. Ерөнхий нөхцөл байдал тун сайн, хоёр талаас, засаг захиргаа, удирдлагын түвшинд ч, олон нийтийн зүгээс ч харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад ихээхэн ач холбогдол өгч дэмжсэн. Бэрхшээл гээд байх онцын зүйл тэр үед байгаагүй гэж би үздэг. Одоо ч тийм л байх.
-Тухайн үед манай улсын эдийн засгийн огцом өсөлтийн үе таарсан. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд хийе гэж зорьж байв. Ямар ололт, амжилтууд гарсан гэж үзэж байна вэ?
-Бид тэр үед гадаад харилцаагаа “эдийн засагжуулах” гэж их ярьдаг, тийм бодлого баримталдаг байсан шүү дээ. Манай ЭСЯ-ны хувьд намайг очсоны дараа хамгийн түрүүнд тулгарсан ажил бол Мянганы сорилтын сангийн шугамаар Монголд үзүүлэхээр болоод байсан тусламжийн багцыг “аварч”, хэрэгжүүлэх явдал байв. Төмөр замын асуудлаас болж уг тусламж бүхэлдээ “унах” магадлал өндөр байсан юм. Үүнээс сэргийлэх үүргээ бид амжилттай биелүүлсэн. Улмаар Монгол, Америкийн худалдаа, эдийн засгийн харилцааны эрх зүйн орчныг сайжруулах, бизнес хөгжүүлэх байнгын механизм бүрэлдүүлэх зэрэгт анхаарч байлаа. АНУ-ын Худалдааны департамент болон бусад түнштэйгээ ойр дотно харилцан ажилласны дүнд тус улсын бизнесийн хүрээнийхэн манайхыг багагүй сонирхдог болсон. Хамтарсан бизнес форумын үйл ажиллагаа тогтмолжиж, “АмЧам” худалдааны танхимыг байгуулж, “Пийбоди”, “Голдман сакс”, “Катерпиллар”, “Жон Дийр”, “Боинг” зэрэг томоохон групп, компанийн үйл ажиллагаа Монголд идэвхэжсэн. Зөвхөн 2011 онд л гэхэд хоёр талын худалдаа 500 гаруй сая ам.долларт хүрсэн юм. Америкийн талаас 120 гаруй сая долларын хөрөнгө оруулсныг санаж байна.
-Хоёр орны харилцаа нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд хөгжиж буй. Өөрөөр хэлбэл, Монгол АНУ-ыг гуравдагч хөршөө гэж үздэг. Энэхүү бодлого одоо ямар түвшинд байна гэж та дүгнэх бол?
-Олон улсын харилцааны онол, практикт гадаад харилцааг тэнцвэржүүлэх гэдэг ойлголт байдаг. Энэ ойлголт манайх шиг газар зүйн байршилтай, бага буурай улсын хувьд нэн чухал. Чухамдаа гуравдагч хөршийн бодлого маань үүнд л тулгуурлаж байгаа юм. 2019 онд манай Төрийн тэргүүн АНУ-д айлчилж, хоёр тал хамтарсан тунхаглал гаргасан. Үүнд манай хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд шилжиж байгааг зарлаж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон билээ. Хэдийгээр “Ковид-19” хэмээх цар тахал ихээхэн гай тарьж байгаа боловч өнөөдөр Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа уг тунхаглалд заасны дагуу амжилттай урагшилж байна гэж хэлж болно. Шувтарч байгаа энэ 2022 онд л гэхэд хоёр талын улс төрийн яриа хэлэлцээ эрчимжин, Мянганы сорилтын корпорацын тусламж хэвийн үргэлжилж, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Энх тайвны корпусын тусламж нэмэгдлээ. Бизнесийн яриа хэлэлцээ, зорчигчдын болоод бусад солилцоо сэргэж байна. Ер нь АНУ-ын улс төрийн болон бусад хүрээлэлд Монголын ач холбогдлыг ойлгох, манай улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарах нь өсөн нэмэгдсээр байгаа. Энэ бол чухал үзүүлэлт шүү дээ.
-Хоёр улсын харилцааны өнгөрсөн хугацааны ололт, амжилтыг дээр дурдлаа. Харин үүнээс авах сургамж, түүнд тулгуурлан цаашид хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсийг та хэрхэн тодорхойлох вэ?
-Ганц л зүйл байна. Аливаа улс хоорондын харилцааны үндэс нь эдийн засгийн бодит ашиг сонирхолдоо байдаг гэдэг. Гэтэл Монгол, Америкийн харилцааны хувьд хамгийн сул тал нь чухамдаа энд байгаа юм. Дэлхийд тэргүүлэх эдийн засаг буюу АНУ-тай манай өнөөдөр хийж буй худалдаа гадаад худалдааны нийт эргэлтийн гурав хүрэхгүй хувийг эзэлдэг. Нэлээд тэнцвэргүй. 1990 оноос хойш манайд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын дөнгөж дөрвөн хувь нь АНУ-д ногддог гэсэн статистик мэдээ бий. Байдал тодорхой, шаардлага ч бас ойлгомжтой. Монголын хөгжил, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, үйл ажиллагаа туйлбаргүй, эрх зүйн орчин тогтворгүй, авлигын түвшин өндөр гэж америкчууд шүүмжилдэг. Ийм системийн шинж чанартай дутагдлуудыг арилгаж байж л Монгол, Америкийн стратегийн түншлэл, улмаар манай улсын гуравдагч хөршийн бодлогод бүхэлдээ ахиц гарч, амжилттай хөгжинө гэж бодогдож байна.