-Бичдэг хүмүүс байдаг. Харин сургуульд нь суралцаж дүүргэсэн, өөрөөр хэлбэл, энэ урлагийн европ дэг сургуультай нь гэвэл цөөн. Болгарын академийн багш минь Василий Леонтьев. Харин Монголд надад заасан хүн бол миний багш Д.Цэрэнпил. Профессор Васил Йонтьев, манай Д.Цэрэнпил багштай гурван ч удаа уулзаж, зааж байсан юм билээ. Одоогийнхоор мастер класс хичээл өгсөн гэж ойлгож болно. Тэгэхээр бид хоёр нэг багшийн шавь болж байгаа юм. Би хэдийгээр график дизайн, үсгийн урлагийн чиглэлээр төгссөн, уран зургийн хичээлийг арай цөөн цагаар заалгаж байсан ч зурах дуртай. Өнгөрснөө эргээд бодоход би зураг зурахад цаг хугацаа илүү зарцуулсан байдаг.
-Та бүтээлүүдээ цуглуулдаг уу, эсвэл тухай бүрт нь худалддаг уу?
-Янз янз. Бэлэглэх нь ч элбэг. Ер нь голдуу бүтээлүүдээрээ үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Миний зурсан зураг хаанахын хэнд ч байж мэдэх юм билээ. Авсан нэг нь бусдад дамжуулдаг юм болов уу. “Петровис”-ынхон цуглуулгын уран зургуудаараа ном гаргаж л дээ. Түүнд миний хоёрбүтээл байна лээ. Тийш нь хэн өгсөн юм бүү мэд (инээв). Бас манай улсад олон жил ажилласан герман эмэгтэй “Монголын зураачдын, шилжилтийн үеийн зурагт хуудаснууд” гэдэг зузаан гэгчийн каталог гаргасан. Түүнд миний 1973, 1987 онд гаргасан зурагт хуудсыг оруулсан байсан (дэлгэж харуулав).
-Энэ “Эрх чөлөө” гэдэг зурагт хуудас тань гоё юм байна. 1973 онд эрх чөлөөний талаар дуугарч байжээ?
-Чилид төрийн эргэлт гарах үед манайд улс төрийн сэдэвт зурагт хуудасны уралдаан зарлахад нь оролцсон бүтээл л дээ.
-Эндээс харахад та социализмаас татгалзах ёстой гэжнэлээд түрүүнд үзэж байсан уран бүтээлч юм шиг.
-Магадгүй. 1987 онд сургууль төгсөж ирээд мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. Цагаан даавуу, эсвэл цаасан дээр улаанаар намын уриа, лоозон сайн бичвэл л магтуулж, магадгүй алдаршиж болох үе байлаа шүү дээ. Тийм зураач нар сайнд тооцогдоно. Гэтэл арай өөр орчноос ирсэн бидэнд тэр үзэл, хандлага тохирохгүй байсан юм. Тухайн үед Болгар нь социалист орон байсан ч гэлээ, Польш, Унгар, Югославын дэргэд “жижиг” ч гэсэн, Монголын байтугай, Зөвлөлтийн хажууд өөр орчин байсан юм. Зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн байлаа. Өнөөдрийн манай бужигнаан тэр үеийн Болгарыг санагдуулаад байгаа юм даа.
-Европ дэг сургуулиар график, дизайнер мэргэжилтэй болсон залуу ажил, амьдралын гараагаа яажэхлэв?
-Хаа нэгтээ цаг бүртгүүлж, цалин авч ажиллая гэж бодоогүй. Тийм болохоор уран бүтээл “хөөе” гэж шийдсэн. Угаасаа ч Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөнийхөө дараа дөрвөн жил ажиллахдаа нэгэн бодлын залхуу юм шиг, үгүй бол нэг их уран бүтээлч хүн шиг юу хүссэнээ хийх хандлагатай болчихсон байлаа. Болгарт сураад иртэл бүр “эсэргүү” болчихсон байв. Нийгмийн байдал нэг л биш. Юм юм болохгүй байгаа юм шиг санагдахаар бухимдаж байлаа. Европт суралцаж байхдаа амсаагүй архиа, энд 40 нас хүрээд ууж үздэг юм байна. Дараа жилээс нь тамхинд орсон. Нийгмийн бухимдлын шуурганд өртсөн гэх үү дээ. Адуу шуурганд уруудахаараа тогтдоггүй. Хотын хүүхэд байж нэг удаа адуу уруудаж явахтай таарсан юм. Хүчтэй шуурганаар жижиг жижиг чулуунууд үсрээд, нүд сохолчих гээд хэцүү юм билээ. Тийм байхад л адуу хар хурдаараа шуурга сөрөөд давхиад байдаг. Би нэг хэсэг яг л шуурганд уруудаж яваа юм шиг болж ирсэн. Гэхдээ тэр чигтээ явчихаагүй, сөрж зогссон. Хэрвээ би тэр чигтээ явсан бол нэлээд алдартай нэгэн болчихсон байсан болов уу. Гэхдээ энэ нь миний мөн чанар биш. Над шиг үзэл бодолтой залуус цөөнгүй байсан. Амьдарч байсан нийгмээ хүлээн зөвшөөрөхгүй байснаараа манай улсын, өөрийн гэсэн үзэл бодолдоо үнэнч, тууштай, хэлмэгдсэн сэхээтнүүдийн дэргэд бол бид юу ч, хэн ч биш л дээ. Жаахан хүүхдүүд. Зүгээр л аялдан дагалдаж амьдрахыг тунхаглагчдын дэгдээсэн шуурганд уруудагсадтай үзэл бодлоор таарахгүй байсан хэрэг. Тийм ч болохоор хэсэг нөхдийн хамт орчин үеийн арга барилаар туурвидаг уран бүтээлчдийг нэгтгэсэн “Ногоон морь” нийгэмлэгийгбайгуулалцаж, гишүүнньболжбайлаа. Дараа нь “Хөх нар”-ынзөвлөхгишүүнболсон. Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, хашхирахыг хүссэн. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч сэтгэлгээгээрээ нийгмээ сөрж зогссон нь тэр. Ингэснээрээ орчин үеийн урлагийн тухай ойлголт бараг байгаагүй тэр үед зураач найз нөхдөдөө ч ад болсон доо. “Та нарын хийгээд байгаа чинь юу юм, зураг мөн юм уу, ер нь юу хийгээд байгаа юм бэ” гэсэн хүн чгарч ирсэн. Тэр бүү хэл, зарим нөхөдтэйгөө барилцаж авсан удаатай.
-“Ногоон морь”-ийнхон урлагт, нийгэмд ч, аливааг өөр өнцгөөс харах тал бас байдаг юм шүү гэдгийг хүмүүст ойлгуулж өгсөн гэжбоддог.
-Байгуулсан зорилго тэр юм. Бас хорвоо нь бодит болон бодит бус амьдралын нийлбэр юм гэдгийг хэлэх гэсэн санаа ч агуулж байсан. Хийсвэр гэж ярьдагбодит бус ертөнцөд юу болж байдгийг ч үзүүлэхийг зорьж байлаа.
-Бодит бус ертөнц гэдгийг тайлбарлаж өгөх үү?
-Та санал хэр нийлэх юм бол. Сүнс байдаг, тэр нь тэдэн грамм жинтэй гэж гадаадын эрдэмтэд баталдаг гэдгээс эхэлнэ. Энэ талаар ярьж эхэлбэл дуусахгүй тул азнах уу.
-Та нэг хэсэг дүрслэх урлагийн “Анима” сургуулийн захирлаар ажилласан. Түүнийг анхнаас нь байгуулалцсан уу?
-Тийм ээ. Сургуулийн захирлаар ажилласан. Гандан хавьцаа нэлээд хэдэн жил амьдарсан шүү. Амьдралд юу эсийг туулах вэ. Гэр бүлийн байдал наанатай, цаанатай үе ч байлаа.
-Одоо бол “Корпорэйт арт” галерейдаа л ажиллажбайна уу?
-Тийм. Байгуулаад удаагүй ч уран бүтээлчдийн зургаан үзэсгэлэн гаргаад амжсан.
-Өөрийнхөө үзэсгэлэнг гаргах бодол бий юү?
-Хааяа л зурдаг болохоор хамтарсан үзэсгэлэнд бүтээлүүдээ тавьчихдаг. Харин сүүлийн үед үсгийн урлаг төрөлдөө татагдах гээд байна.
-Мэргэжил тань болохоор аргагүй байх л даа. Энэ гоё урлаг юм аа. Хөгжүүлмээр санагдажбайна. Далай лам “Жинхэнэ сайн найз гэдэг бол хүний сайхан сэтгэлтэй л нөхөрлөдөг” гэжхэлснийг та эшлэл болгож бичжээ. Жаазлаад бэлдэхэд хүмүүс авах л юм байна.
-Авдаг. Энэ нь европ буюу латин, грек, кирилл үсгийн, өөрөөр хэлбэл, хөндлөн бичгийн уран бичлэг юм шүү дээ. Бие даасан, томоохон соёл. Манай босоо бичгийн каллиграфтай хольж хутган ойлгож болохгүй. Үндэс нь XV зуунаас эхтэй. Тухайн үед гаргасан дүрэм, журмыг мөрдөж бичдэг. Энэ чиглэлээр үзэсгэлэн гаргаж үзээгүй. Одоо гаргая гэж бодоод байгаа. Монгол бичгийн Д.Баттөмөр маань энх тунх байхдаа “Хамтаръя”, “Нэмэх” гэдэг нэртэй үзэсгэлэн гаргая” гэдэг байлаа. Босоо болон хөндлөн гэсэн утгаар тэгж хэлж байхгүй юу. Түүнээс хойш шавь нь намайг шавдуулж байтал цар тахал гарчихсан. Иймэрхүү л байдалтай байна. Төмөр, хулсан үзэг, өдийг бэх, усан будагт дүрж бичдэг.
-Энэ таны хөрөг үү?
-Тийм ээ. Сүүлийн үед өөрийгөө зураад байгаа.
-Аль ч үед зураач нар өөрийгөө зурах нь элбэг байсан юм билээ.
-Сэтгэл, зан төлөвийн байдал, өөрчлөлт нүүрэн дээр минь яаж илэрч буйгхарах гээд байгаа. Дөрөв, таван янзаар үзлээ. Гэтэл аль аль нь ямар нэгэн юманд сэтгэл дундуур байдалтай гараад байх юм.
-Бухимдалтай юм шиг үү?
-Ерөөсөө л сэтгэл ханамжгүй байдал харагдаад байна. Өмнө нь, олон жилийн тэртээ зурж байхад ийм байгаагүй. Баяр баясгалан мэдрэгддэг байлаа.
-Нийгмийн байдлын тусгал юм болов уу?
-Тийм л байх. Тэглээ гээд улс төр яриад байлтай биш.
-Та Хөдөлмөрийн баатар жолооч Ц.Самбуу гуайн хүү. Ах тань олны танил “Танхимын” хэмээх С.Дэмбэрэл. Мөн “Корпорэйт”-ын эзэн Т.Ганболд таны дүү.
-Т.Ганболд бол том эгчийн минь хүү. Би багад нь бүүвэйлж, тэвэрч байсан ах нь. Мань хүн энэ гэрт хүн болсон юм шүү дээ.
-Одоо таны ажил олгогч болжээ.
-Тийм ээ. Надад цалин өгдөг дарга болсон (инээв).
-Та нар аав, ээжээс олуул юм билээ. Танаас өөр урлагийн хүн бий юү?
-Би л ганцаараа энэ замаар замнасан. Багаасаа зурах дуртай байлаа. Ээж минь авьяасын хэлтэрхий байгааг олж харсан байж. Хөгжим бүжгийн дунд сургуульд оруулах гэхэд нь би дургүйлхээд, шалгалтад нь очоогүй. Ах нар уурлаад эгээ л зодоогүй. Тэр үед би “Дүрслэхийн сургуульд бол орно шүү” гэж томорч байсан хүн дээ. Энэ манай аавын гэр. Би бага хүү нь болохоор голомтоо сахиж суугаа минь энэ. Цонхныхоо тавцан дээр будаг найруулах зэргээр дураар дургиж өссөн орчин минь юм.
-Таныг үсгийн урлагийн ховор мэргэжилтэн гэдгийг мэдээд, энэ чиглэлд юу хийжбайдаг юм бол гэжсонирхож, ярилцахыг хүссэн юм. Үзэсгэлэн гаргахаар төлөвлөснийг тань сонсоход таатай байна. Амжилт хүсье.
-Бодож л байна. Би 1980 онд Болгар луу анд нөхөр Б.Баатархүүтэйгээ хамт очсон юм. Бид цуг төгсөж ирсэн. Маш сайн зураач бий.