-МХБ-ийг хувьчилна гэж 10 гаруй жил ярьсан. Банкууд IPO хийж буй энэ цаг үед биржийг хувьчлах нь цаг хугацааны хувьд хэр оновчтой вэ?
-Сүүлийн жилүүдэд дотоодын хөрөнгийн зах зээл идэвхжихийн хэрээр үүний үндсэн дэд бүтцийн байгууллага болох бирж нь үйл ажиллагааны үр ашгаа дээшлүүлэх, техник, технологио тасралтгүй сайжруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, төрлөө нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж, эл зах зээлийн хөгжлийг улам эрчимжүүлэх шаардлага үүсээд байна. Хэдийгээр макро эдийн засгийн орчин амаргүй, бодлогын хүү өссөн энэ цаг үед банкуудын IPO-гийн дараа болон өмнө нь биржийн IPO-г хийх нь цаг хугацааны хувьд эрсдэлтэй мэт боловч дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамж, хөрөнгө оруулагчдын эрэлт хангалттай бий гэж үзэж байгаа.
IPO-г амжилттай зохион байгуулахын тулд тухайн компанийн үйл ажиллагааны тогтвортой байдал, хувьцааны бодит үнэлгээ, ирээдүйн үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжих боломж зэрэг нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц байх шаардлагатай байдаг. МХБ-ийн хувьд 31 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн гол байгууллага бөгөөд сүүлийн жилүүдэд арилжаа, ашигт ажиллагаа, үйл ажиллагааны ололтын хувьд үүсгэн байгуулснаас хойших түүхэн дээд өсөлт, амжилтууд гаргасан, цаашид ч улам эрчимжих хандлагатай байгаа тул биржийн IPO амжилттай явагдана гэдэгт эргэлзэхгүй байна.
-Ер нь өнгөрсөн хугацаанд биржийн хувьцааг авахаар сонирхлоо илэрхийлсэн хөрөнгө оруулагч хэр олон байв?
-Өмнө нь дэлхийн нэр бүхий зарим биржээс хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байсан ч тухайн үед төр, засаг холбогдох шийдвэрийг гаргаагүй тул энэ ажил хэрэгжээгүй.
-Бирж хувьцааныхаа 34 хувийг санал болгож байгаа. Цаашид эл хувь нэмэгдэх үү?
-“Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт”-ыг Засгийн газрын 2022 оны зургадугаар сарын 29-ний 244 тоот тогтоолоор баталсан. Энэ жагсаалтын нэгдүгээрт “МХБ ТӨХК-ийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 66 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган биржээр арилжиж, түүнээс олох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах” гэж тодорхой тусгасан байдаг. Иймээс МХБ нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгож байгаа. Энэ хувь хэмжээг нэмэгдүүлэх, эсэхийг төр, засаг шийдвэрлэнэ. IPO амжилттай болж, цаашид үр дүн сайн байх тохиолдолд олон нийтэд эзэмшүүлэх хувийг нэмэгдүүлэх шийдвэр гаргах боломжтой гэж бид үзэж байгаа.
-Нэмж гаргаж буй хувьцааны 90 хувий гстратегийн хөрөнгө оруулагчдад өгөхөөр тусгасан нь юутай холбоотой вэ. Яагаад тэдэнд давуу байдал олгож байгаа вэ. Энэ талаар зарим хүн “Олон нийтэд төдийлөн хүртээмж гүй, барагхаалттай байдлаар явуулах нь, нэг намын лидерт зориулж хийх гэж байгаа” хэмээн хардаж буй. Мөн биржийн барилгыг нураагаад олон давхар байшин бариад, нэг давхарт нь биржийг оруулчих юм биш биз дээгэх хүнч байна. Стратегийн нэг хөрөнгө оруулагч хамгийн ихдээ 17.5 сая ширхэг буюу биржийн хувьцааны тав хүртэлх хувийг худалдан авах хязгаар тогтоосон гэсэн. Гэвч нэгдмэл сонирхолтой этгээдүүд хяналтын хувьцааг эзэмшихгүй байх баталгаа бий юү?
-Нэмж гаргах хувьцааны 90 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгохыг андеррайтер компаниас санал болгосон. МХБ-ийн журамд зааснаар стратегийн хөрөнгө оруулагч гэж компанийн үйл ажиллагаанд давуу тал бий болгох, зургаагаас доошгүй сарын хугацаанд үнэт цаасаа тусгаарлуулах буюу арилжихгүй байх хөрөнгө оруулагчийг хэлдэг. Олон улсын жишигт хөрөнгийн биржийн гол хувьцаа эзэмшигчид нь хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компани, санхүүгийн бусад байгууллага байдаг. Ингэснээр зах зээлийг цаашид тэлэх, хөгжүүлэхэд нөлөөтэй бодлогын чухал шийдвэр гаргахад хамтран ажиллаж, синержи үүсгэх ач холбогдолтой байдаг шүү дээ. Эдийн засгийн амаргүй цаг үед IPO хийж буй тул санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг стратегийн хөрөнгө оруулагчдыг түлхүү оролцуулбал зүйтэй байх. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар хөрөнгийн биржийн хувьцааг улс төрд нөлөө бүхий, түүний хамаарал бүхий этгээд, мөн аливаа нэг этгээд тав болон түүнээс дээш хувийг нь эзэмших боломжгүй. Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохицуулагч байгууллага хяналт тавьж ажиллана. Иймээс таны асуултад дурдсанчлан аливаа нэг улс төрийн нөлөө бүхий этгээд, эсвэл нэг хүн дангаар биржийн хувьцааг эзэмших боломжгүй гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн МХБ-ийн барилга нь Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилгад тооцогддог тул үүнийг хамгаалж, аливаа архитектур загварын өөрчлөлт оруулахгүй байж, биржийн зориулалтаар нь ашиглаад явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг.
-Нэгж хувьцааг 100 төгрөгөөр арилжина гэсэн. Эл дүнг хэрхэн тооцсон бэ?
-Бизнесийн үнэлгээний аргачлалаар ирээдүйд олох орлого, зарлагын төсөөлөлд үндэслэн тогтоосон. МХБ-ийн хувьд зах зээлийн хөгжлийг дэмжихийн тулд арилжааны шимтгэл, хураамжаа бууруулах замаар эргэлтийг нь нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлснээр бий болох орлогын төсөөлөл болон хөрөнгө оруулалтуудын зардлыг бодитоор төлөвлөсөн. Ийнхүү биржийн 2023-2027 оны стратеги төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хийж гүйцэтгэснээр нэгж хувьцааны бодит үнэ цэн 104.8 төгрөг болж байгаа. Бид хувьцааныхаа үнийг 4.8 хувиар хямдруулан 100 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна.
-Бирж нээлттэй, олон нийтийнх болохын ач холбогдлыг тодруулна уу. Ямар өөрчлөлтүүд гарна гэсэн төсөөлөлтэй байгаа бол?
-Бирж олон нийтийнх болсноор бусад төрийн өмчит компанийг нээлттэй компани болгох процессыг түүчээлж, тэдний засаглал, ил тод байдлыг сайжруулж, өнөөгийн нийгэмд шүүмжлэл дагуулаад буй төрийн өмчит компаниудтай холбоотой авлига, хээл хахуулийн асуудлыг цэгцлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж харж байна. Улмаар эдийн засагт өгөх үр өгөөж нь нэмэгдэх ач холбогдолтой.
-Хөрөнгө оруулагчид проспек тусыг сонирхох нь мэдээж. МХБ-ийн 2021 оны санхүүгийн тайланд дурдсанаар өр төлбөр 941 сая төгрөг байжээ. 2020 онд 3.02 их наяд байсан зах зээлийн үнэлгээ 2021 онд 5.97 их наядад хүрсэн. Өдгөө эл дүн 6.7 орчим их наяд болоод байгаа. Ер нь хөрөнгө оруулагчдын заавал анхаарах санхүүгийн үзүүлэлтүүд хэр байгааг та тодруулна уу. Мөн 11.9 тэрбум төгрөгийг юунд зарцуулахаар төлөвлөв?
-Аливаа компанийн санхүүгийн үзүүлэлтийг харахдаа өөрийн хөрөнгийн, нийт хөрөнгийн, нэгж хувьцааны өгөөж зэргийг тооцох хэрэгтэй. МХБ-ийн хувьд 11.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, үүний 64 хувийг арилжааны системээ сайжруулах, 11 хувийг нь мэдээллийн аюулгүй байдалд, зургаан хувийг нь дотоод үйл ажиллагааг цахимжуулах, үлдэх 20 орчим хувийг хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулахаар төлөвлөсөн.
-Бирж олон нийтийнх болсноор арилжааны хэмжээ ямар түвшинд хүрэх, хувьцаа эзэмшигчдийн хувьд шийдвэр гаргахад хэрхэн оролцох гэх мэтчилэн гарах өөрчлөлт юу байх бол?
-Бирж ирэх онуудад үйл ажиллагааны төрлөө нэмэгдүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн борлуулахаас гадна ЗГҮЦ-ыг дахин арилжиж эхлэхээр төлөвлөсөн. Үүний үр дүнд 2023 онд нийт 3.5 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас, зургаан сая тонн нүүрс арилжихаар төлөвлөсөн бөгөөд 2027 онд үнэт цаасны арилжааг 5.7 их наядад хүргэхээр төлөвлөсөн. Хувьцаа эзэмшигчид МХБ-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, эзэмшиж буй хувьцааны тоо ширхгээр санал хураалтад оролцох эрхтэй байх юм.
-Биржийн түүхэнд та бараг хамгийн удаан хугацаанд гүйцэтгэх захирлаар ажилласан байх. Үйл ажиллагааны алдаа, оноог дүгнэвэл юу гэх вэ. Урт хугацаандаа үйл ажиллагаа ямар байна гэж харж байгаа вэ?
-Дэлхийд хөрөнгийн зах зээл үүсэж, хөгжөөд хэдэн зуун жил болсон. Хөгжингүй зах зээлийн жишгийг нутагшуулан нэвтрүүлэхэд зах зээлийн зохицуулагч, дэд бүтцийн болон бусад оролцогч байгууллага нэгдмэл байр суурьтай, хурдтай ажиллах нь чухал байдаг. Үүний үр дүнд манай зах зээлд 2018 оноос хойш маш олон ололт, амжилт, ахиц дэвшил гарсан. Цаашид ч энэ жишгээр нягт хамтран ажилласнаар дотоодын хөрөнгийн зах зээлийг бүс нутагт өрсөлдөхүйц болгох бүрэн боломжтой гэж харж байна. Жишээлбэл, хөрөнгийн зах зээлд олон улсын стандартуудыг нэвтрүүлэх талаар 2017 оноос эхлэн идэвхийлэн ажилласны үр дүнд энэ онд Британийн индекс, судалгааны тэргүүлэх компани болох “FTSE russell” Монголын зах зээлийг frontier буюу “хөгжиж буй зах зээл” ангилалд албан ёсоор оруулсан. Тус ангилалд Вьетнам, Эстони, Латви, Литва, Болгар, Казахстан зэрэг 30 орчим орны зах зээл багтдаг. Мөн өөр олон ололт, амжилт гарсныг та бүхэн мэдэх биз ээ.
-Төрийн өмчит, хувьчлах 25 хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Тэдгээрээс бирж анхлан нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих нь. Цаашид бусад компани хэзээ нээлттэй болох бол?
-Засгийн газрын тогтоолоор төрийн өмчит 25 компанийг 2022 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн 2023 оны дөрөвдүгээр улиралд багтаан хувьчлах шийдвэр гарсан бөгөөд хөрөнгийн бирж бусад компаниа түүчээлэн хамгийн түрүүнд нээлттэй компани болох гэж байна. Дараа дараагийн компаниуд тогтоосон хугацаанд нээлттэй компанийн хэлбэрт шилжиж Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээд явна гэж харж байгаа.
-“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний 30 хувийг ирэх оны нэгдүгээр сарын1-нээс МХБ-ээр арилжина гэсэн. Үүний ач холбогдлыг тодруулна уу.
-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас боловсруулсан Экспортын нүүрсийг цахимаар нээлттэй арилжих журмыг баталсан. Энэжурмын дагуу Уул уурхайн биржийн тухай хуулийг батлах хүртэл экспортын нүүрсийг МХБ-ээр дамжуулан нээлттэй арилжих юм. Бирж шинээр байгуулна гэдэг нь хөрөнгө хүч, цаг хугацаа асар их шаардах ажил. Иймээс уул уурхайн биржийг улсын төсвөөс зардал, чирэгдэл гаргахгүйгээр богино цаг хугацаанд МХБ-д тулгуурлан байгуулах бүрэн боломжтой.
-2018 онд анхны давхар бүртгэлтэй компанитай болсон. Өөр компаниуд давхар бүртгүүлэх санал ирүүлж байна уу?
-Одоогоор хүсэлт ирүүлсэн компани байхгүй. Удахгүй нэмэгдэнэ гэж найдаж байна.