-Та хэзээнээс гэрэл зураг авахаар хорхойсож эхлэв. Хэрхэн дурласан юм бэ?
-Хүүхдийг ивээх сангийн байранд жижгэвтэр номын сан байлаа. 14 бил үү, 15-тайдаа би тэр номын санд “Та ч Эйнштейн шиг сэтгэж чадна” гэдэгномыг уншиж эхэлсэн юм. Хэд хоногийн дараа нөгөө номоо уншиж дуусгах гээд очтол тэнд гэрэл зургийн дугуйлан хичээллүүлэх гэж буй, шалгалт нь эхлэх гэж байхтай таарсан. Сонирхол төрөөд шалгуултал тэнцчихлээ. Тэгж л анх камераар зураг авч, хальсаа боловсруулж, цаашлаад улам л сонирхолтой санагдах болсон юм. Тус дугуйлан Монголын урлагийн зөвлөл байгуулагдаад удаагүй байхдаа дээрх сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн анхны төслүүдийнх нь нэг “Хүүхэд ба дуран” байсныг сүүлд мэдсэн. Уг дугуйландаа аравдугаар ангиа төгстөл суралцсан даа.
-Төгсөөд л ажлын гараагаа “Гамма” агентлагаас эхэлсэн юм уу?
-Дээрх дугуйланд хамт суралцаж байсан найз түрүүлээд “Гамма”-д ажилд орчихсон байсан юм. Тэднийх дахин хоёр хүн ажилд авах гэж буйг тэр найзаасаа сонсоод шууд л очсон, 2007 онд.
-Дугуйланд суралцаж байх үедээ хальсанд буулгасан анхны зургуудаасаа хадгалдаг уу. Мэдээж хувийн архивтай байж таарна.
-Архив бий бий. Гэхдээ тэр үеийн зураг цөөхөн үлдсэн байх. Архивт тэр үеийн хальснууд мэр сэр харагддаг л юм.
-Тэр үед ихэвчлэн ямар төрлийн зураг авдаг байсан бэ?
-Тэр үеийн зургуудаас “Энэ л сайн болсон” гээд хэлчихээр ньцөөхөн. Ихэвчлэн ангийнхаа хүүхдүүд, гудамж, талбай, байшин барилгын зураг л авдаг байсан санагдана. Хүссэн үедээ хальс аваад зургаа авчихдаг, хальсаа боловсруулах лабораторитой байсан болохоор дураараа л авдаг байж.
-Гэхдээ тэр үеийн зургуудаа чамлаж буй нь таныхаар л биз дээ?
-Тийм ээ, би л тэгж бодож, голж байгаа юм. Гэрэл зураг гэдэг гэрэл, сүүдрээр “зурдаг”, хавтгай боловч орон зайтай, өөрийн гэсэн хэлтэй урлаг шүү дээ. Гэтэл миний тэр үеийн зургуудад тийм зүйл дутмаг, зохиомж муу, өгүүлэмжгүй. Туршлагагүй байсных гэх үү, өөрийн онцлог, арга барилыг олоогүй явсан гэх үү, хэлж мэдэхгүй юм. Гэхдээ тэгж янз бүрээр зураг авч, туршиж явахдаа их зүйл сурсан л даа.
-Өнөөдрийг хүртэл хэчнээн үзэсгэлэнд бүтээлүүдээ дэлгэсэн бол?
-Хамтарсан үзэсгэлэнд нэлээд олон удаа оролцсон. Тоолж байсангүй.
-Яагаад бие даасан үзэсгэлэнгээ гаргахгүй байгаа юм бэ?
-Өөрийгөө голоод байгаа юм. Уг нь үзэсгэлэн дэлгэхээр хэмжээний сайн бүтээл хангалттай бий ч өөртөө болон уран бүтээлдээ өндөр шаардлага тавьж, шүүмжлэлтэй ханддаг зангаасаа болоод гаргахгүй л яваад байгаа. Сэтгэл хөдлөлөөр хандаж, хоёрын хооронд зүйл хиймээргүй байна. Нөгөө талаас үзэсгэлэн дэлгэхийн тулд ямарваа нэг сэдвээр дагнаж юм уу, сонирхолтой байдлаар зохиомжилбол зүгээр. Гэтэл миний зургуудыг тэгж дэглэж, “базах”-д жаахан хэцүү. Би өөрөө хийвэл нэг л эмх цэгцгүй, эрээвэр хураавар болчих мэт санагддаг. Харин тэгж чадах гэрэл зургийн чиглэлийн куратор, арт директортой хараахан таараагүй л байна.
-Гадаадад үзэсгэлэнгүүдэд оролцсон уу?
-Хэд хэдэн үзэсгэлэнд оролцожбайлаа. Япон, Орос, Чехэд зохион байгуулсан олон улсын үзэсгэлэнгүүдэд бүтээлээрээ оролцсон. Ер нь гадаадынхан миний зургуудыг илүү гоё хүлээж авдаг. Бүтээлээрээ томоохон тэтгэлэг ч авч байлаа. Дэлхийн гэрэл зургийн анхны агентлаг “Магнум”-аас жил бүр тэтгэлэг олгодог. Хэн дуртай нь шалгаруулалтад нь оролцдоггүй, босго өндөртэй. Надад 2016 онд оролцох завшаан олдсон. 100-гаад орны 1000 орчим гэрэл зурагчинтай өрсөлдөж, шилдэг 15-д нь тэтгэлэг олгоход би багтсан. Миний мөрөөдлийн нэг хэсэг байсан юм.
-Хамгийн сүүлд та өнгөрсөн хавар Японд үзэсгэлэнд оролцсон. Эл үзэсгэлэнгийн талаар дурдвал?
-Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “100 жилийн өмнөх ба дараах монголчууд” сэдэвтэй гэрэл зургийн үзэсгэлэн, үүнд зориулсан ном гаргалаа. Японы угсаатан судлалын үндэсний музейд хоёр сар орчмын хугацаанд дэлгэсэн. Эл үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийн 80 орчим хувь нь миний зургууд.
-Тухайн үйл явдал, агшныг нүдээр үзэх, камерын дуран шагайж харах хоёрт ялгаа бий юү?
-Ялгаатай санагддаг. Тухайн үйл явдал болоод л, урсаад л өнгөрнө. Харин гэрэл зураг тус агшныг хадгалаад үлдэнэ. Гэхдээ тэр агшин тухайн үйл явдлыг бүрэн илэрхийлэхгүй. Ямар өнцгөөс, хэрхэн харуулахыг хүссэнээс шалтгаалаад хальсанд яаж ч буулгаж болно. Гэхдээ л тэр зургийг харах бүрт тухайн үеийн дурсамж санагдана. Энэ л хамгийн сайхан нь.
-Гэрэл зураг яагаад таныг ингэж татдаг юм бэ?
-Олон зүйл бий. Юуны түрүүнд сая хэлсэн дурсамж. Би тухайн зургийг хараад хэрхэн авсан, тэр үед болсон үйл явдлыг бүгдийг нь нэхэн санаж чадна. Тэр үерүү эргээд аялна. Бас гоё, сайн зураг авсны дараа төрдөг мэдрэмж.
-Тэр мэдрэмжийг тайлбарлавал?
-“Цаанаас ирж яваа хүнийг яг тэнд, энд ирэхэд, хөлөө ингэж, тэгж тавихад нь би зургийг нь авна” гэж бодно. Би зургаа авахаар тэр хүнийг тосож, отож, бас төлөвлөж, анаж байна. “Яг над руу харах нь. Дараа нь ийм, тийм үйлдэл хийх байх. Тэр үед нь амжиж авна” гэх зэргээр бодно, төлөвлөнө, зохиомжоо төсөөлнө. Тэгж авсны дараа нэг тийм сэтгэл ханах гэх үү, “Би чадчихлаа” гэж бодох гэх үү, эсвэл тухайн авсан зургаа ойлгох гэх үү, тайлбарлахад жаахан хэцүү юм. Ямартай ч маш таатай мэдрэмж.
-Сая хэлсэн шиг анаж байсан гоё агшнаа авч чадалгүй алдчихвал яадаг бол?
-Жаахан гонсойно. Гэхдээ өөр зөндөө гоё агшинтай таарна гэж бодоод л өнгөрдөг.
-Сонирхолтой үйл явдал, гоё агшинтай камергүй явж байхдаа таарвал ямар санагддаг вэ?
-Би нэг хэсэг бэлтгэл хийдэг байлаа. Бэлтгэл гэхэд хаашаа ч юм. Нэг хэсэг хугацаанд хөгжим хөөгөөд гэрэл зургаас жаахан хөндийрсөн. Гудамжинд, хаа нэгтээ гоё агшинтай таарна. Тэр үед яг л камераар зураг авч буй мэт төсөөлчихөөд цааш явчихдаг байсан.
-Баримтат гэрэл зургийн төрлөөр дагнаж буй нь ямар учиртай вэ?
-18-тайгаасаа хойш жилийн маш цөөхөн хоногийг гэртээ өнгөрүүлсэн байх. Ихэвчлэн хөдөө аялж, зургаа авна. Тэр үеэс л баримтат, гудамжны болон хөрөг зураг илүү сонирхсон. Одоо ч хэвээрээ. Баримтат гэрэл зургаас нэг тийм сүнслэг байдал мэдрэгддэг юм. Мөн сэтгүүл зүй рүү ч, урлаг руу ч хөрвөх боломжтой төрөл. Басарт документари гэж төрөл бий. Жишээ нь, замын гарцан дээр нэг бүсгүй зогсож байна гэж төсөөлье. Түүний зүүсэн ороолтны үзүүр салхинд дэрвэж, гарцны цагаан шугамын үргэлжлэл мэт үзэгдэнэ. Элмөчийг хальсанд буулгавал их сонирхолтой харагдана даа. Энэ мэтчилэн тавилттай мэт хэрнээ санамсаргүй гоё агшныг анзаарч, зохиомжилж авах дуртай. Гэхдээ сүүлийн дөрвөн жил орчим зураг маш бага авсан.
-Сайн сайхан, баяр жаргалтай мөчийг гэрэл зургийн хальснаа үлдээхээс гадна сэтгэл шимшрэм, өр өвдөм мөчүүдийг ч нүдээр харж, мэдэрсэн байх.
-Мэдээж олон газраар аялж, зураг авч явахад янз бүрийн л орчин, нөхцөл, байдлыг харна. Ер нь нийгмийн эмзэг сэдэв зурагт илүү хүчтэй буудаг.
-Таны уран бүтээлүүдэд хар, цагаан зураг голлодог уу. Өнгө хэр чухал вэ?
-Мэдээж чухал. Гэхдээ зохиомжоосоо хамаарна. Жишээ нь, Нарангийн энгэрийн хогийн цэгт хог түүдэг 10-аадхан настай жаалтай нэг сэтгүүлч уулзаад гарыг нь барьж буй агшныг би авсан юм. Зурагт зөвхөн тэдний гарны л хэсэг харагдана. Том хүний гар, хүүхдийн халтар гар. Эл зургийг өнгөтэйгөөр нь харахад цаана нь байх хог, гялгар уутны тод өнгүүд анхаарал татаж, гол зүйлээс сатааруулаад нэг л биш. Харин хар, цагаан болгоход зургийн өгүүлэмж улам тодорсон.
-Жилийн цөөхөн хоногийг гэртээ өнгөрүүлдэг байсан гэлээ. Монгол орноороо хэр их аялж, зураг авсан бэ?
-Ховд, Увсаас бусад аймагт очсон. Ихэнхийнх нь бүх сумдаар явсан. Гэхдээ байгалийн зураг авдаггүй. Надад нийгэм, аж байдал, хүн л илүү сонирхолтой.
-Таны хөрөг зургууд бас их сонирхолтой юм билээ. Зургийг нь заавал авмаар санагдах хүнтэй гудамжинд таардаг уу?
-Зөндөө.
-Тийм тохиолдолд шуудхан л “Би таны зургийг авмаар байна” гээд хэлчихдэг үү?
-Тэгж хэлсэн хүмүүсийнхээ олонхынх нь зургийг авсан шүү. Гайхна, инээнэ, уурлана гээд янз бүрээр л хариу үйлдэл үзүүлдэг. Уурлахаар нь инээлгэнэ, ярилцана. Яаж ийж байгаад л авчихдаг. Гэхдээ зургийг нь авмаар санагдсан хүмүүс энгийн хэрнээ нэг л өөр. Харин сонин нь, тамхи татаж буй, эсвэл буу барьсан хүний зураг надад олон байдаг юм билээ. Тоглоомон буугаар тоглож буй хүүхэд, жинхэнэ буу агссан залуу гэхчлэн.
-“Гамма” агентлагаас зохион байгуулж буй цуврал үзэсгэлэнд та оролцож байгаа. Үзэсгэлэнгээ яагаад кофе шопт гаргасан юм бэ?
-Энийг би шийдээгүй ээ. “Гамма”-гаас 21 хоног тутам гэрэл зурагчид, уран бүтээлчдийн бүтээлүүдийг цувралаар олон нийтэд толиулах, мөн гэрэл зураг сонирхогчдын клубийнхэн 14 хоног бүр цуглан эл урлагийн талаар яриа өрнүүлэх боломжийг олгож буй юм. Ингээд миний “Дотуур байр” сэдэвт үзэсгэлэнгээр эхэлсэн юм. Нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ. Яах вэ, хүмүүс мэргэжлийн гэрэл зурагчин, сонирхогч гэхчлэн ярьдаг. Мэргэжлийн гэдгийг тухайн гэрэл зурагчны ажилладаг газар, академик боловсрол, эсвэл олон улсын уралдаанд оролцсон байдал гэх зэргээр тодорхойлдог байж магад. Харин минийхээр гэрэл зурагт зориулсан цаг хугацаа болон бусад үнэт зүйл, бүтээл нь хэлээд өгөх болов уу. Ер нь гэрэл зургийг өөрийнхөө амьдралын салшгүй нэг хэсэг гэж үзэж байна уу, эсвэл зүгээр л чөлөөт цагаа өнгөрүүлэх хобби маягаар хандаж байна уу гэдгээс авхуулаад андашгүй байх. “Би зурагчин хүн” гэдгээ мэдэрч, тийм сэтгэлээр зураг авах, зүгээр л гоё харагдсанаа дарах ялгаатай шүү дээ.
Бэлтгэсэн А.Тайшир